Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 126

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч Г.Золзаяа,

            Шүүгдэгч Х.Лхагвадорж, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Х.Лхагвадоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 2800 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Эрдэнэтолгой арцат 14 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ХГ-689 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хөхийнхөн овогт Хүнбишийн Лхагвадорж, РД:ЙР78053111,  

             

Үйлдсэн хэргийн талаар :   

Шүүгдэгч Х.Лхагвадорж нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөн” гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэж өөрийн төрсөн охин Х.Оюунчимэгийг ар шилэн хүзүү орчим нь гараараа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:            

 

           Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:      

Шүүгдэгч Х.Лхагвадорж нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөн” гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, хүч хэрэглэж өөрийн төрсөн охин Х.Оюунчимэгийг ар шилэн хүзүү орчим нь гараараа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- насанд хүрээгүй хохирогч Х.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ээжийн хамт аавтай уулзсан. Аав “одоо буцаж нийлье” гэхээр нь би “одоо буцаж нийлнэ гэж байхгүй та одоо юу яриад байгаа юм” гэтэл аав “ээж чинь юм яриагүй байхад чи юм ярилаа” гэсэн ба би “та одоо яв” гэтэл аавыгаа хөөлөө гээд миний өмссөн байсан саарал өнгийн куртикны арын малгайнаас татаад шилэн хүзүү рүү 2-3 удаа толгой дарж байгаад гараараа цохисон. Баруун хөлөөрөө миний зүүн хөлний өргөн гуяны ар хэсэг рүү нэг удаа гутлаараа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-13-14/,  

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хишигжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Лхагвадорж “ээж чинь юм яриагүй байхад чи юм хэлдэг хэн бэ” гээд Оюунчимэгийн куртикны малгайнаас доошоо дарж байгаад ар шилэн хүзүү рүү нь цохиж байсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд зүүн гуя руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-17/,   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №16049 дугаартай шинжээчийн:...Оюунчимэгийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-30/,

- шүүгдэгч Х.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би байнга эхнэр лүүгээ залгаж ярьдаг байсан ба 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уулзахаар болсон, хөтөлийн автобусны буудал дээр байж байхад эхнэр охин 2 ирсэн ба би дээшээ хүргэж өгөх гээд явж байхдаа би “буцаж нийлье амьдралаа бодъё” гэтэл том охин архичин гэсэн ба хамт амьдрана гэж байхгүй гэхээр нь би “миний охин ингэж хэлдэггүй юм” одоо аав ээжийнхээ амьдралд оролцоно гэж юу байхав дээ гэж хэлтэл миний ноосон малгай газар хаяхаар нь яаж байгаа юм бэ гээд охиныхоо хүзүүний ар дагз хэсэг рүү нь 1 удаа алгадсан ба эхнэр дүүгээ дуудахаар нь би яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-35-39/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Лхагвадоржийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч нь өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хүүхэдтэй хүч хэрэглэсэн бүдүүлэг, хэрцгий аргаар харьцсан, охины хэлсэн үгс нь шүүгдэгчийн өмнөх зүй бус үйлдлээс шалтгаалсан сэтгэл санааны айдас, зовиураас эх үүсвэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, тухайлбал, хохирогчийн...өмнө нь аав намайг ямар ч шалтгаангүйгээр хуванцар сандлаар толгой руу шидэж байсан, таарсан эд зүйлс шидэх зэргээр айлгадаг...мөн ээжийг багалзуурдах, хазах, цохих зэргээр их зоддог байсан...тухай мэдүүлгээр /х-14, 17/ тогтоогдсон байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзсэн болно.     

Шүүгдэгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “Х.Оюунчимэг миний ноосон малгайг газар хаясан эсхүл дэвссэн” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй байна.

Хохирогч тал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна.    

Шүүгдэгч Х.Лхагвадорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.                 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.       

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.        

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Х.Лхагвадоржийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Х.Лхагвадоржийг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.       

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Лхагвадоржийн эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.  

         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Х.Лхагвадоржид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.         

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

 

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Лхагвадоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР