Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 432

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогчийн өмгөөлөгч Л.Дашравдан, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Г,  нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 дүгээр магадлалтай, Г.Г-д холбогдох 201626021367 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяжих овогт Г-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцэлд “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлгээр Г.Г нь амь хохирогч Н.Э-тэй хамгийн сүүлд хамт үлдсэнээс хойш буюу 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн сураггүй алга болсон болох нь тогтоогдсон. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н.Э нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшингаас нас барсан байдалтай олдсон бөгөөд хэргийн газрын болон цогцост хийсэн үзлэг зэрэг баримтуудаар амь хохирогч Н.Э нь цэнхэр өнгийн “Виз” гэсэн бичигтэй хантааз өмссөн байсан болох нь тогтоогдсон. Дээрх хантаазыг Г.Г нь Н.Э-ийг нас барахаас өмнө барьж явсан талаар гэрчийн мэдүүлгүүд авагдсан ба энэ талаар гэрч Б.Г, Д.Э нарын мэдүүлгүүдээр Г.Г нь амь хохирогч Н.Э-ийг нас барсан байдалтай олдох үед өмсөж явсан цэнхэр өнгийн “Виз” гэсэн бичигтэй хантаазыг барьж явсан, түүнчлэн Н.Э-тэй хамт байсныг нотолдог бөгөөд дээр дурдагдсан цаг хугацаанаас хойш амь хохирогч Н.Э- нь сураггүй алга болсон байдаг.

Амь хохирогч Н.Э нь анх 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн нарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотроос гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ба доорх цусан хураа, тархины баруун дух болон суурийн хэсгийн эдийн няцрал, дух хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун зулай, чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан байдалтайгаар олдохдоо цэнхэр өнгийн “Виз” гэсэн бичигтэй хантаазыг өмссөн байсан нь энэ бүх цаг хугацааны туршид талийгаач нь Г.Г-той хамт байсан болох нь тогтоогдож байна. Ус цаг уурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх авсан цаг агаарын мэдээнээс усархаг бороотой, цастай өдрүүд байсан талаар мэдээлсэн байдаг. Амь хохирогчийн цогцос олдоход хувцас нь чийгтэй, эзэнгүй байшин дотор чийгтэй байсан талаар хэргийн газрын үзлэгээр нотлогддог.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 942 дугаартай цогцост задлан шинжилгээ хийсэн акт, шинжээч эмч Н.Т-ийн мэдүүлгээр цогцост үүсгэгдсэн гадна шинж тэмдгүүдээр нь нас барсан хугацааг тогтооход талийгаач нас бараад 20-22 цагийн хугацаа өнгөрсөн байна гэж үзсэн. Үүнээс их хугацаа өнгөрвөл талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй болдог. Учир нь бүх шинж тэмдгүүд арилдаг. Тухайн үед орчны температур сэрүүн байсан бол цогцос ялзрахгүй байх боломжтой ... гэж мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

Амь хохирогч Н.Э-ийн цогцос олдох үед өмсөж байсан хувцас болон бусад гэрчүүдийн мэдүүлэгт шүүх эцэслэн шийдвэр гаргахдаа ач холбогдол өгөөгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Г.Г нь амь хохирогчтой хамгийн сүүлд хамт байсан болох нь тогтоогдсон, амь хохирогч Н.Э-ийн цогцос анх олдох үед түүний өмсөж явсан гэх цэнхэр өнгийн “Виз” гэсэн бичигтэй хантаазыг Г.Г нь хамгийн сүүлд барьж явсан талаар шүүгдэгч өөрөө мэдүүлдэггүй боловч бусад гэрчүүдийн мэдүүлгээр эд мөрийн баримтаар тооцогдсон цэнхэр өнгийн хантаазыг барьж явсан талаар хангалттай нотлогддог. Шүүгдэгч Г.Г-ын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэнийг шүүх анзаарч үзээгүй. Тухайлбал, насанд хүрээгүй гэрч Г.Б, гэрч Д.Б, М.Б, Н нарын мэдүүлэг, яллагдагч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн илт зөрүүтэй худал мэдүүлгүүдээс харагдаж байгаа бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, цагаатгах тогтоолд энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд Г.Г-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх тул мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар үнэлэх боломжтой байхад шүүхээс Г.Г-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ямар нэг нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж эргэлзээгүй, нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргаагүй юм. Эдгээр нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд Н.Э нь 2016 оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө амь хохирсон байх үндэслэл тогтоогдож байх ба энэ хугацаанд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн нарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотроос олон тооны амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан байдалтай олдсон байдаг. Н.Э-ийн биед учирсан гэмтэл нь гадны хүч үйлчилсний улмаас үүссэн болохыг шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг нотлох ба шүүгдэгч амь хохирогч Н.Э-тэй хамгийн сүүлд байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Иймээс прокуророос Г.Г-ын дан ганц өөрийнх нь мэдүүлгээр бус бусад нотлох баримттай уялдуулан харьцуулсны үндсэн дээр Н.Э-ийн нас барсан нь Г.Г-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй. Шүүхийн цагаатгах тогтоолд “нотлох баримтуудын агуулгаас дүгнэхэд гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдүүдээс хэн нь ч Г.Г нь амь хохирогч Н.Э-ийг зодсон талаар мэдүүлээгүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь “хүнийг алах” гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн болохыг хангалттай нотолж чадаагүй” гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг заавал шууд үзсэн, харсан гэрчтэй байхыг шаардаж байгаа нь “нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн журмыг анхан шатны шүүх ноцтой зөрчиж байна.

Мөн шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон бөгөөд уг гэмтлийг хэн учруулсан болон шалтгаант холбоотой эсэхийг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх нь мөрдөгч, прокурор, шүүгчийн чиг үүрэг учраас “шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдсэнийг нотлохгүй, талийгаач Н.Э-ийн гэмтэл авсан цаг хугацаа, түүний нас барсан цаг хугацаа зэрэгтэй нийцээгүй байна” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт 8 дахь заалтад эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхийг тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх заалтыг буюу шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтыг удирдлага болгосон нь уг хуулийг зөрчсөн тул энэхүү заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Дашравдан хэлсэн саналдаа “2016 оны 05 дугаар сарын 07-ноос хойш хохирогчтой харьцсан хүн байхгүй цогцос бол 15-нд олдсон. Шинжээч эмч нар хэрвээ цогцос амь үрэгдсэнээс хойш 72 цагаас хойш олдвол бид хэзээ амь хохирсныг нь тогтоох боломжгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг. Тэгэхээр хохирогчийн амь хохирсон цаг хугацааг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ямар ч боломжгүй болсон. Хохирогчийн зүгээс энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Прокурорын саналыг дэмжиж байна” гэв.

Мөн хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Г хэлсэн саналдаа “Цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурор 8 зүйлээр үндэслэл гаргаж маргасан. Цагаатгах тогтоолд цагаатгасан үндэслэлээ маш тодорхой дурдсан. Шүүгдэгч Г.Г тухайн хэргийг үйлдээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. 2016 оны 05 дугаар сарын 07-ноос хойш цогцос олох хүртэлх хугацаа буюу 15-ныг хүртэл хаагуур явсныг тогтоогоогүй. Харин миний үйлчлүүлэгчийн явсан газар буюу маршрут нь маш тодорхой тогтоогдсон. Хохирогч нь Н-н Э бөгөөд 2 удаагийн яллах дүгнэлтэнд Г.Э гэж бичигдсэн байсан. Дээрхээс харахад өөр хүн тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Хэргийн газрын үзлэгээр шинжээч эмч Туяа оролцоод 20-22 цагийн өмнө тухайн хүн нас барсан байна гэж дүгнэсэн. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргажээ. Энэ нь шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагааны тухай заалт бөгөөд харин хэн нэгэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон заалт биш байна. Хэм хэмжээ тогтоож, хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон хуулийн заалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль нэг тохирох заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр өөрөө хууль зүйн үндэслэлгүй, хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байгаа учраас гэм буруугийн асуудлаарх маргааныг шийдүүлэх зорилготой эсэргүүцлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн боломж бүрдэхгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Г-г 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22  дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотор гэр бүлийн хамтын харилцаатай байсан Н.Э-ийг зодож гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ба доорх цусан хураа, тархины баруун дух болон суурийн хэсгийн эдийн няцрал, дух  хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун зулай, чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх  хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-ын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг шалгаж үнэлэх хуулиар тогтоосон журмын дагуу  харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж тэдгээрийн хэргийн хамаарал, ач холбогдлыг үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадахгүй байгаа талаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шаардлагад нийцэж байна.

Харин шүүх шүүгдэгч Г.Г-ыг цагаатгасан үндэслэлийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-1.8-д заагаагүй “нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрлэжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 дүгээр магадлалд:

“Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

                        

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН