Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2021/00044

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхзул, Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 8 дугаар хэсэг 2-18 тоотод оршин суух, эрэгтэй, одоо ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг   Сайхан сумын ЗДТГ-т газрын даамалд /Сайхан сумын Засаг дарга-д/

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар баг , 17-37 тоотод оршин суух, одоо Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт ахлах нягтлан бодогч ажилтай Боржигон овогт *******гийн ******* / Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт/ тус тус холбогдох

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 125,500,500 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 132,020,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, Ц.******* /онлайнаар/, прокурор А.Баясгалан, иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын хүсэлтээр тухайн суманд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл-д зориулан байрныхаа дор үйлчилгээний төвтэй 198 айлын хоёр 10 давхар орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон байсан. Манай ******* ******* ХХК-нд Сайхан сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн 14 дүгээр байрны зүүн урд талд 3,500м2 газар олгон, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Гэтэл Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт 2011 онд конторын барилга барих зориулалтаар газар олгосон байсан нь манай газрын зарим хэсэгтэй давхацсан. Уг газрыг давхцуулан олгосны улмаас маргаан гарч манай компанид гэм хорын хохирол учирсан гэж үзэж байгаа. Барилгын ажил эхлэхэд гэрээ, барилга барих зөвшөөрөл, кадастрын зургаа хийлгүүлж хэмжилт хийлгэсний дараа барилга барих төсөл, хөрсний шинжилгээ, инженерийн шугам сүлжээний зураг, дулаан, цахилгаан, Барилгын яамны экспедицээр дүгнэлт гаргуулж ажил эхлэх үед улаан шугам татуулж, ажиллах ажилчдаа бэлтгэн аймгийн Барилга, хот байгуулалтын газраас барилгын ажлаа эхлүүлж болно гэсэн зөвшөөрлийн бичгээ 2015 оны 04 дүгээр сард хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн дарга М.******* гэдэг хүн ирж манай газар гэж маргаснаас манай барилгын ажил зогсонги байдалд орсон юм.

Энэ талаар сумын засаг дарга С.Энхтайван дээр орж уулзахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэг нь 2 жил газраа ашиглаагүй учраас бид газрыг нь хурааж танай компанид олгохоор засаг даргын дэргэдэх зөвлөл болон албадын дарга, газрын даамал нартай ярилцаж шийдвэрлэсэн гэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэlийн хэсэг нь 2015 оноос барилгаа барьж манай компанийн барилгын үйл ажиллагаа зогсон манай компанид маш их зардал гарч гэм хорын асар хэмжээний хохирол учирсан. Газар давхцаж олгосноор манай компанид нийт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 132,020,000 төгрөгийн хохирол учирсан нотлох баримтуудыг шүүхэд нэг бүрчлэн гаргаж өгсөн байгаа. Газар давхцуулж олгосон буруугаа засаг дарга хүлээн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан өөр газар олгохоор болсон боловч өнөөдрийг хүртэл газар олгоогүй байгаа гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан тайлбар зэргийг дэмжиж оролцож байна. ******* Хайрхан ХХК нь гэм хорын хохирол болох мөнгөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 29 захирамжаар баталгаажсан байгаа нь 2016 онд шүүхийн шатанд шийдвэр гарсан байдаг. Тухайн газрыг тус компанид олгоогүй гэж нэхэмжлэгч тал сая ярилаа. 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр эвлэрлийн гэрээгээр 100 хувь тухайн газрыг олгосон гэж миний зүгээс үзэж байна.

2014 онд 3500 м.кв газрыг давхардуулж олгосон талаар маргаан яригдаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн маргаж байгаа газар дээр нэмж А зэрэглэлийн бүсэд инженерийн шугам сүлжээнд ойрхон 4220м2 газрыг нэмж олгох тухай эвлэрлийн гэрээ байгуулсан. Би өөрөө 2017 оноос тус сумын газрын даамлаар ажиллаж байгаа. 3500м2 газрыг давхацсан хэсэг дээр очиж нэхэмжлэгч талыг дуудаж эмнэлэг тал руу нь сунгаж өгч, гэрээ хийн гарын үсэг зуруулсан нэхэмжлэгч талд эх хувиараа байдаг.

Шүүгчийн гаргасан Эвлэрлийн гэрээ-нд газрын талаар байршил заасан ямар ч заалт байхгүй. Тухайн үед гэрчилгээ газрын бичиг баримтуудыг авах талаар нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн боловч бичиг баримтуудыг авахгүй гэж хэлдэг байсан. Шүүхийн ард байрлалтай 4220м2 газрыг өнөөдөр очоод гэрчилгээ болон газар зэргийг хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Өмнө нь газраа авахгүй гэж бидэнд хэлчихээд одоо бид нараас мөнгө төгрөг нэхэж байгаа явдал үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн болон хийсэн үйл ажиллагаанаас нь харахад хөрсний шинжилгээг хуульд заасан хугацаан 90 хоногийн дотор өөрсдийн хөрөнгөөр хийнэ гэж заасан байдаг. Одоо байгаа газар нь нэхэмжлэгчийн өөрийн эзэмшилд байгаа, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сайхан сумын засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 51 тоот захирамжаар манай байгууллагад конторын барилга барих зориулалтаар 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байдаг. 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 0177416 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй мөн 2011 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Г131000624 дугаар бүхий газрын гэрчилгээгээр манай байгууллага тухайн газрыг анх авч байсан. 2014 онд манай газар гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгч тал болон засаг дарга хоёрын дунд хууль бусаар газар тохиролцож газар эзэмшүүлсэн гэж манай талаас үзэж байна. 2014 онд нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрээс хүн ирээгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг манай тал үүнийг үгүйсгэж байна. Яагаад гэвэл тухайн үед манай дарга байсан М.******* нь тус газарт хашаа барьж байхад нь очиж уулзаж байсан. Тус газар очиход зөвхөн харуул хамгаалалтын ахлагч нь байсан. Тэгээд манай дарга тухайн хүнийг дагуулж засаг дарга дээр орж аман шаардлага тавьж байсан. Мөн манай байгууллага нь 2016 онд барилгын үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэхэмжлэгчийн ярьж байгаа газрын яг хажууд манайх барилга барьсан. Харин бэлэн зүйл дээр нь ирээд барилга барьсан зүйл огт байхгүй. Манай талаас 2015 онд нэхэмжлэгч талтай уулзаж байсан. Цагдан хорих байранд ямарваа нэгэн хязгаарлалт тогтоож өгөөгүй мөн тухайн нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлүүд нь манайд огт хамааралгүй, хариуцагч гэж үзэхгүй байна. Уг компанид орон сууцны барилгаа барих боломж байсан. Тийм учраас манай байгууллагыг хариуцагчаас хасч өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2/553 дугаартай Дүгнэлт хүргүүлэх тухай:

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон ******* ******* ХХ-ийн эзэмшил газар давхацсан гэх мэдээллийн дагуу тус суманд ажиллуулахаар кадастрын мэргэжилтэн /Д.Алтантамир/-г шинжээчээр томилогдон 2016 оны 09 дүгээр сарын 12-13 өдөр газар дээр нь ажиллаа. Шинжээч нь дараах дүгнэлт гаргасныг үүгээр хүргүүлж байна.

1.Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 900м2 газар эзэмшүүлсэн боловч хээрийн хэмжилт хийхэд газар дээрээ 1047.37м2 болгон тэлж ашигласан байна.

2.******* ******* ХХК-нд тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны А/357 тоот захирамжаар 3500м2 газар олгосон бөгөөд тус газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олгосон газартай давхцаж байгаа нь хэмжилтийн үр дүнгээр тогтоож байна гэжээ. /хх-ийн 1-62-63 тал/

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-ээс:

...Тэмдэглэх нь: Барилгын инженер геологийн судалгааны ажлыг Экогидрогео ХХК барилгын зураг төслийг Төгс шугам констракшин ХХК гүйцэтгэсэн байна. Төгс шугам констракшин ХХК-ийн боловсруулсан DL-18/14 шипртэй зураг төсөлд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 346/2015 дугаартай техникийн магадлал хийгджээ.

******* ******* ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-аас БУ-03/2015 дугаартай барилгын угсралтын ажлыг эхлүүлэх ба үргэлжлүүлэх зөвшөөрлийг авчээ. Барилгын тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай актыг 2015 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр Эйр сурвей ХХК гүйцэтгэж актыг баталгаажуулсан байна. Өнөөгийн байдлаар 40х20метрийн хэмжээтэй суурийн нүх газар шорооны ажил хийгдсэн, ул бетон цутгасан байна.

...1.Монгол Улсын Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 2 дугаар бүлэг /Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх байгууллага, түүний ажилтны эрх, үүрэг, цагдан хорих нөхцөл, журам/-ын 6 дугаар зүйл /Баривчлах, цагдан хорих байрны тогтолцоо/-ын 6.1-д Нийслэлд цагдан хорих төв, аймгуудад цагдан хорих, баривчлах байр байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 243 дугаар зүйл /Хорих ангийн техникийн хяналт, хамгаалалт/-ын 243.2-т Хорих ангийн гадна хориотой бүс нь хоригдлын амьдралын бүсээс хот суурин газарт 500м, хөдөө орон нутагт 1000м байна, Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан Хорих ангийн хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журмын 3 дугаар хэсэг /Хорих ангийн хамгаалалтын бүс/ 3.2-т Жирийн дэглэмтэй хорих ангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүсээс 1000-1500м чанга, онцгой дэглэмийн хорих анги, гяндангийн бүсээс 1500-2000м зайд хориотой бүсийг байгуулах ба тэдгээрийг тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна, 3.6-д Цагдан хорих төв нь чанга дэглэмтэй хорих ангитай адил хамгаалалтын бүстэй байна гэж тус тус тусгагдсан байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь хорих ангийн үйл ажиллагаа явуулдаггүй урьдчилан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан Хорих ангийн хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журамд цагдан хорих байрны хамгаалалтын бүсийг хөдөө орон нутагт бүсчилж заагаагүй, цагдан хорих байрны хажууд хүн амьдрах барилга байгууламж барьж болохгүй гэсэн хориглосон заалт тусгагдаагүй байна.

2....Монгол Улсын Газрын тухай хуулийн 32.3-т даасны дагуу материал бүрдүүлж, хүсэлт гарган Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь тус сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай захирамжаар 1-р багийн нутаг 11-р цэцэрлэгийн баруун тал, 14-р байрны урд конторын барилга барих зориулалтаар 900м2 газрыг эзэмшихээр, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 0177410 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, барилга байгууламжаа барьсан нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

3.Уг газар дээр барьсан барилгын суурийг үргэлжлүүлэн барилын зураг төслийн дагуу 10 давхар барилга барьж...болохгүй.

4....Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо заавал мөрдөх Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД3.02.01-16 /Барилгын норм ба дүрэм/-ийн 11.32-т буурийн ажлыг комисс хүлээн авч актад гарын үсэг зурсны дараа суурийн болон газар доорх бүтцүүдийг барих үйл ажиллагааг шууд эхлүүлбэл зохино.

Суурийн ухаасыг ухаж дуусах болон суурь ба газар доорх байгууламжуудыг барих ажлыг эхлүүлэхийн хооронд завсарлагаа гаргахыг хориглоно. Зайлшгүй завсарлагаа хийх нөхцөлд хөрсний байгалийн бүтэц болон шинж чанаруудыг хадгалах ба ухаас гадаргуугийн усанд автах болон хөрс хөлдөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой, мөн 11.33-т буурийн хөрсний байгалийн бүтэц ба шинж чанарыг хадгалахын тулд дараах арга хэмжээг авна:

-суурийн ухааст гадаргуугийн ус орохоос хамгаалах, буурийн хөрс ба ухааст ус үл нэвтрэх /хөрсөн дэх хана, ханан хашлага, өрөмдөн цутгаж суулгах шүргэгч шонт хашлага/ ханан хашлага хийх, ус агуулах дэвсгэр үеүүдээс гүний ус зайлуулах арга хэрэглэн гидростатик даралтыг арилгах, ухаасын ёроолоос ус нэвчих боломжийг хаах, газар шорооны машин, механизм хэрэглэн ухаас хийх явцад дутуу ухалт хийснээр буюу хөрсний хамгаалах үеийн тусламжтайгаар динамик үйлчлэлийн нөлөөг арилгах, буурийн хөрсийг хөлдөлтөөс хамгаалах зэргийг багтаана гэж заасан байдаг. Иймээс дээрх арга хэмжээ авагдаагүй, бууринд ус тогтож хөлдсөн тул хөрсний байгалийн бүтэц өөрчлөгдсөн гэжээ. /хх-ийн 1-59-61тал/

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Д.Банзрагчийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...******* ******* ХХК, кадастарчин Ц.Энхжаргал нарт газар олгохоор зааж өгч байхдаа газар давхцаж байгаа эсэхээ...би мэдэж байсан. Тухайн үед би газар давхцаж байгааг нь засаг даргад танилцуулсан байгаа. Тэгээд засаг даргын шийдвэрээр олголтыг хийгээд ******* ******* ХХК-ийг гэрчилгээжүүлсэн. Газар давхцаж байгаа талаар ******* ******* ХХК-ийн Батсайхан гэдэг хүнд хэлсэн. Гэтэл дарга наана чинь 2008 оноос хойш ашиглаагүй юм байна. Захирамжийг нь хүчингүй болгочихно, эхлээд энэ газрыг өгөөд орон сууцыг нь бариулаадахъя гэсэн шийдвэр гаргасан. Би мэдэж байсан. Тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн газар байгаа. Гэрээ, гэрчилгээ давхацсан байна гэж мэргэжил аргазүйн зөвлөгөөг засаг даргад өгсөн. Тухайн үед ******* ******* компанийн захирал нь хажууд байсан. Өөрөө мэдэж байгаа. Засаг дарга тухайн орон сууц барина гэсэн газрыг нь олгочих. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг юм хийх болоогүй. Газрын тухай хуулиар 2 жил ашиглаагүй бол хураагдана гэсэн зүйл заалт байдаг. Энэ заалтыг үндэслээд олгочихъё гэсэн. Газар эзэмших гэрээнд заалтаар нь оруулж өгсөн байгаа. Бүх газар мэдэж байх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг газрын төлбөрөө төлөөгүй. Газраа ашиглаагүй байсан гэжээ. /хх-ийн 2-24-25 тал/

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч С.Энхтайваны шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...Т.******* нь өөрөө Сайхан суманд 198 айлын орон сууц барих гэж байна, газар олгооч гэсэн саналыг тавьсан. Түүний дагуу тухайн үед газрыг 14 дүгээр байрны урд талд мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн зүүн урд талд байрлах газар олгосон. Тухайн үед газар олгохдоо газрын даамал Д.Банзрагчтай хамт очоогүй. Т.******* болон кадастарчин Ц.Энхжаргал нартай хамт очиж газрыг зааж өгөөгүй. Харин газрын даамал Д.Банзрагч нь өөрийн ажил үүргийнхээ дагуу газрыг давхцалгүйгээр олгосон. Харин кадастарчин Ц.Энхжаргал нь Дархан-Уул аймгаас дуудлагаар ирж кадастрын зургийг гаргаж өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэг, иргэн Т.******* нарт олгосон газрыг захирамж гаргахдаа давхцуулж олгоогүй. Тухайн үед гаргасан 2014 оны 8 дугаар сарын 27-ны А/357 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаа дээрх байгууллагатай олгосон газар, иргэн Т.*******од олгосон газар ******* *******-нд өгсөн газар хоёрын хооронд нэг машин явах хэмжээний завсар байсан. Газрын даамал Д.Банзрагч нь давхцуулж болохгүй гэж анхааруулж байсан учраас би сайн санаж байна. Энэ газрууд давхцаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт Иргэн Т.*******од газар олгохоос өмнө 2011 онд газрыг олгосон байсан. Улсын төсөвт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн конторын барилга барих төсөв тухайн оны улсын төсөвт хууль болон суусан байсан. Хэнд нь түрүүлж газар олгосныг хамаарахгүйгээр газрыг давхцуулж олгоогүй учраас тэдний дунд маргаан байхгүй байх, хоёулаа хүчин төгөлдөр байгаа. Хэрэв хөрөнгө орлого нь байсан бол энэ хугацаанд Т.******* барилгаа барих боломж нь бүрэн байсан. Миний бие өөрийн хариуцсан сумандаа бүтээн байгуулалт хийх гэж ирж байхад хэн нэгнийг хохироох шаардлага байгаагүй. Харин ч газар олгох хүсэлтийг нь түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн. Газрыг нь давхцуулж олгоогүй учраас санаандгүй болоод санамсаргүй үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна. Цаг хугацаандаа олгосон газарт маань бүтээн байгуулалтаа хийж чадаагүй нь бидний буруу бишээ гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Б.Гэрэлмаагийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 777 дугаартай Шинжээч томилох захирамжийн дагуу Барилгын техникийн улсын байцаагч Б.Гэрэлмаа, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч У.Энхбат, байгаль орчин, газар геодези зураг зүй хяналтын улсын байцаагч Б.Баярмаа нарын бүрэлдхүүнтэй очиж үзсэн. Тэнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ажилтан Ц.*******, ******* ******* ХХК-ийн захирал Т.******* нар очсон. Тухайн үед очиход 40х20 хэмжээтэй суурийн нүхийг ухсан, ул бетон цутгагдсан, тэр нь цасанд дарагдсан байсан. ******* ******* ХХК-ийн барилгын гадна тал гэсэн зүйл байхгүй, очиход 40х20 хэмжээтэй суурийн нүхийг ухсан, ул бетон цутгагдсан байсныг бэхжүүлсэн. Би очоод өөрийн чиг үүргийн дагуу буюу шүүгчийн захирамжид дурдсан асуултын хүрээнд шалгасан.

...2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17-07-21/01 дугаартай дүгнэлтийн...тэмдэглэх гэх хэсэгт...******* ******* ХХк нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас БУ-03/2015 дугаартай барилгын угсралтын ажлыг эхлүүлэх ба үргэлжлүүлэх зөвшөөрлийг авчээ...гэж тусгагдсан байгаа...Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас БУ-03/2015 дугаартай зөвшөөрлийг олгоход дээрх холбогдох баримтыг бүгдийг нь шалгаж байж олгогддог. Бу-03/2015 дугаартай зөвшөөрөл дээр жагсаалтаар тусгагдсан бүх зүйл дурдагдсан байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөнд шинээр баригдаж байгаа барилга байгууламжийг шалгах талаар тусгагддаг. Өмнөх жил нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газраас Бу-03/2015 дугаартай зөвшөөрөл ирсэн. Дараа жил нь төлөвлөгөөний дагуу шалгахаар очиход барилгын ажил зогссон байсан. Барилгын ажил зогссон байсан учраас угсралтын чанарын шалгалтын ажил хийгдээгүй, уг нь тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байсан. Ямар учраас барилгын ажил зогссон тухай ажил үүргийн хувиар хамааралгүй учраас шалгах боломжгүй.

Шүүгчийн захирамж дээр тавигдсан асуултыг нэг бүрчлэн хэргийн материалтай танилцаад, холбогдох байгууллагаас шаардлагатай баримтыг авдаг. Нэг улсын байцаагч нэг салбарыг хариуцдаг учраас тухайн салбарын байцаагчийн хяналтад асуултад заагдсаны дагуу бүрэлдхүүн томилдог. Шүүгчийн захирамж дээр бүх асуултуудыг тавьсан байсан. Хэрвээ шүүгчийн захирам жид тусгайлан дүгнэлт гаргах хүсэлт байсан бол улсын байцаагч хариуцсан чиглэл бүрээрээ шинжээчийн дүгнэлт тус тусдаа гарах боломжтой байдаг...гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга, Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 125,500,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 32,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* ******* ХХК нь 2014 онд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл-д зориулан 198 айлын хоёр 10 давхар орон сууцыг барьж ашиглалтанд оруулахаар тус сумын Засаг даргатай харилцан тохиролцож, ******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу Сайхан сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн 14 дүгээр байрны зүүн урд талд 3,500м2 газрыг 30 жилийн хугацаатай олгон, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000308721 дугаартай гэрчилгээ, мөн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Сайхан сумын 1 дүгээр баг 11 дүгээр цэцэрлэгийн баруун талд 14 дүгээр байрны ард конторын барилгын зориулалтаар 900м2 газрыг 30 жилийн хугацаатай олгон, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0177410 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 35 дугаартай Хүсэлт гаргах тухай, Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8/19 дугаартай Газрын зөвшөөрөл авах тухай хүсэлтүүд, Сайхан сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын А/357, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжууд, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000308721, 0177410 дугаартай гэрчилгээнүүд, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №999, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №1169 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний хуулбарууд зэргээр нотлогдож байна.

Гэтэл ******* ******* ХХК нь 198 айлын орон сууц барихаар үйл ажиллагаагаа 2014 оны намар эхлүүлэхэд Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс газрын талаар маргаан гаргаснаас үүдэн барилгын үйл ажиллагаа зогсонги байдалд орж цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон нь ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Сайхан сумын засаг дарга, ******* ******* ХХК-ийн захирал Т.******* нар нь ...******* ******* ХХК нь...3500м2 газар дээрээ нэмж 4225м2 буюу /65х65/ талбай бүхий А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахыг хүсэлт гаргасныг Сайхан сумын засаг дарга зөвшөөрч...мөн засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг даалгуулах шаардлага...талууд харилцан тохиролцсоноор... шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт тус сумын засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Сайхан сумын 1 дүгээр баг 11 дүгээр цэцэрлэгийн баруун талд 14 дүгээр байрны ард конторын барилгын зориулалтаар 900м2 газар, ******* ******* ХХК-нд Сайхан сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн 14 дүгээр байрны зүүн урд талд 3,500м2 газар олгож зарим хэсэг газар нь ******* ******* ХХК-нд олгосон газартай давхацсан нь:

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2/553 дугаартай Дүгнэлт хүргүүлэх тухай: ...Сайхан сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 900м2 газар эзэмшүүлсэн боловч хээрийн хэмжилт хийхэд газар дээрээ 1047.37м2 болгон тэлж ашигласан байна. ******* ******* ХХК-нд...Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны А/357 тоот захирамжаар 3500м2 газар олгосон бөгөөд тус газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олгосон газартай давхцаж байгаа нь хэмжилтийн үр дүнгээр тогтоож байна гэх мэдүүлэг, газар давхацсан талаарх кадастрын зураг,

2014 онд Сайхан сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан гэрч Д.Банзрагчийн шүүхэд өгсөн ...******* ******* ХХК,...газар олгохоор зааж өгч байхдаа газар давхцаж байгаа эсэхээ...би мэдэж байсан. Тухайн үед би газар давхцаж байгааг нь засаг даргад танилцуулсан байгаа...засаг даргын шийдвэрээр олголтыг хийгээд ******* ******* ХХК-ийг гэрчилгээжүүлсэн...дарга наана чинь 2008 оноос хойш ашиглаагүй юм байна. Захирамжийг нь хүчингүй болгочихно, эхлээд энэ газрыг өгөөд орон сууцыг нь бариулаадахъя гэсэн шийдвэр гаргасан...Тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн газар...Гэрээ, гэрчилгээ давхацсан байна гэж мэргэжил аргазүйн зөвлөгөөг засаг даргад өгсөн...******* ******* компанийн захирал нь хажууд байсан...Засаг дарга тухайн орон сууц барина гэсэн газрыг нь олгочих. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг юм хийх болоогүй. Газрын тухай хуулиар 2 жил ашиглаагүй бол хураагдана гэсэн зүйл заалт байдаг. Энэ заалтыг үндэслээд олгочихъё гэсэн...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг газрын төлбөрөө төлөөгүй. Газраа ашиглаагүй байсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул төрийн байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж гэм хорын хохирол учирсан гэж үзэж байна.

2014 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга нь ******* ******* ХХК болон Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт газар олгохдоо газрын зарим хэсэг нь давхацсан байгаагаас үндэслэн тус компанид гэм хорын хохирол учирсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж 198 айлын орон сууц барихад гаргасан зардлын зарим хэсгийг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан баримтуудыг үндэслэн гаргалаа. Үүнд:

Хөрсний шинжилгээ хийлгэсэн 2,000,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2014.11.06/, Эко гидро гео ХХК-нд инженер геологийн судалгаа хийсэн төлбөр 2,000,000 төгрөг /Бэлэн мөнгөний орлогын баримт 2015.02.17/,/ Эко гидро гео ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр төлсөн талаарх тодорхойлолт, Барилгын инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх 007/14 дугаартай гэрээ/, зургийн урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.03.17/, 10,000,000 төгрөг /ХААН банк Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2014.10.09/,Төгс шугам консракшин ХХК Барилгын зураг төсөл боловсруулсан тухай 2020.02.08, Зураг төсөл боловсруулах талаар байгуулах гэрээ 2012.06.05/, А-176/2015 Барилгын эксперт 5,363,650 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.04.20/,Зураг төслийн баримт бичиг магадлал хийх ажлын гэрээ А-176/2015/, гаднах инженерийн шугам сүлжээ зургийн үлдэгдэл 2,000,000 төгрөг /Бэлэн мөнгөний зарлагын баримт 2014.12.20/, гаднах инженерийн зургийн 3,000,000 төгрөг /ХААН банк Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2014.03.12/, /Зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ 2014.12.02-20 /2014/ зургийн төлбөр 2,000,000 төгрөг /Зургийн төслийн нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ 2015.02.15-01/2014/, улаан шугам тэг тэнхлэг суурьлуулсны хөлс 700,000 төгрөг /Бэлэн мөнгөний зарлагын баримт 2015.04.01/, Эйр сурвэй ХХК Барилгын тэг тэнхлэг тавьсан тухай тодорхойлолт 2020.03.24/ /хх-ийн 1-168-180, 1-181-189 тал/, камер суурьлуулсан урьдчилгаа 1,800,000 төгрөг /Бэлэн мөнгөний орлогын баримт 2015.04.28/, /******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хөтөл Сайхан сумын нутагт байрлах барилгын хашаанд камерийн системийн ажлын гэрээ 2015.04.26-15/04/001/, /Шонхор секьюрити ХХК, /******* ******* ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл барилгын талбайд камер хяналтын систем суурилуулах ажлын гүйцэтгэл /хх-ийн 1-202-206 тал/, гадна цахилгааны урьдчилгаа төлбөр 1,500,000 төгрөг /Бэлэн мөнгөний зарлагын баримт 2015.04.18/ цахилгааны төлбөр 2,028,000 төгрөг /ХААН банк Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/, /хх-ийн 1-209-210 тал/, шороо тээвэрлэлтийн төлбөр 500,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2014.05.05/ /хх-ийн 1-212 тал/,

суурь ухах урьдчилгаа төлбөр 2,500,000 төгрөг Бэлэн мөнгөний зарлагын баримт 2015.05.14/, ЭКСКЭ төлбөр 1,000,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.05.01/,мөн 500,000 төгрөг /ХААН банк мөнгөн шилжүүлэг 2015.05.05//хх-ийн 1-215-217/, тээврийн урьдчилгаа 500,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.02.27/, реклам зар сурталчилгаа 448,700 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.06.13/, будаг багсны төлбөр 92,850 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг/, боржурын төлбөр 300,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.03.28/, барилгын тоног төхөөрөмжийн үнэ 6,200,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2014.05.21/, хайрга, дайргын үнэ 4,261,100 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2014.10.02/, дайрга 3,000,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2014.09.18/, квадрат төмрийн төлбөр 157,400 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.06.13/, барилгын хашаа 1,000,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.03.19/, квадрат төмрийн төлбөр 3,810,600 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.04.18/, тээврийн төмрийн төлбөр 55,500 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.06.13/, хашаа өнгөт төмөр 1,000,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.03.20/, төмрийн үлдэгдэл төлбөр 2,685,200 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.04.21/, сэлбэгийн үнэ 150,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.03.03/, нэгж тал хув хэрэг 8,430 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.02.17/, гэрчилгээний үнэ 5,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.02.17/, техникийн нөхцөлийн төлбөр 200,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.03.26/, улсын тэмдэгтийн хураамж 6,000 төгрөг /ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.02.17//хх-ийн 1-232-250 тал/

кадастрын зураг 2,860 төгрөг / ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2015.02.17/, шаврын тэрэгний үнэ 449,000 төгрөг / ХААН банк Мөнгөн шилжүүлэг 2014.05.21/ /хх-ийн 2-1-2 тал/, техникийн нөхцөл 560,000 төгрөг /Кассын орлогын ордер 2015.02.10/, хэвлэл мэдээллийн төлбөр 1,300,000 төгрөг /Голомт банк Орлогын мэдүүлэг 2015.06.02/, хэвлэлийн багийн урьдчилсан төлбөр 600,000 төгрөг / Голомт банк Орлогын мэдүүлэг 2015.05.27/ орчуулгын хөлс 400,000 төгрөг Енгэд ХХК-ийн /2020.08.13-№08/007 тодорхойлолт/ /хх-ийн 2-168-170, 172 тал/ эд хөрөнгөнд учирсан гэм хорын зардал нийт 75,370,81 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан ******* ******* ХХК-нд олгох,

нэхэмжлэлээс үлдэх 56,649,019 төгрөгийн буюу кадастрын төлбөр 160,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.04.01/ /хх-ийн 1-195 тал/, 380х120шит төлбөр 2,000,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.04.20/ /хх-ийн 208тал/, цементийн үнэ 2,320,000 төгрөг /мөнгөний урьдчилгаа тайлан 2015.05.09/ шороо, тээвэр хайрганы төлбөр 3,500,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.05.09/ /хх-ийн 1-213-214 тал/, ажилчдад олгосон цалин 9х900,000 төгрөг нийт 81,000,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.05.01. 9ш баримт/, 5 ханатай гэрийн түрээсийн төлбөр 200,000 төгрөг, 15 хүний хоолны зардал 2,500,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.05.01/, тээврийн зардал 2,000,000 төгрөг, хөтөл цемент хайрга, дайрга 3,000,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.05.20/ /хх-ийн 1-218-229 тал/, хөрс солих хуурай хайрга 2,900,000 төгрөг мөнгөний урьдчилгаа тайлан 2015.05.04/, элс 3 машин 528,510 төгрөг/ мөнгөний урьдчилгааны тайлан 2015.05.29/, сууринд 25 тн цементний төлбөр 5,000,000 төгрөг/ мөнгөний урьдчилгааны тайлан 2015.05.03/, хашаа гагнах гагнуурын хөлс 1,000,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2015.04.04/,/хх-ийн 2-3-6 тал/, рекламны үнэ 500,000 төгрөг /Бэлэн мөнгөний орлогын баримт 2015.05.13/, реклам сурталчилгаа 100,000 төгрөг / Бэлэн мөнгөний орлогын баримт 2015.04.06/, зар 30,000 төгрөг / Бэлэн мөнгөний орлогын баримт 2015.04.15/, зарын үнэ 8 хоног 30,000 төгрөг/ Бэлэн мөнгөний орлогын баримт 2015.04.09/ /хх-ийн 2-164-167/, ТЭЗҮ төлбөр 3,000,000 төгрөг /мөнгөний урьдчилгааны тайлан 2016.06.25//хх-ийн 2-171 тал/ авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан газар давхцуулан олгосноос эд хөрөнгөнд гэм хор учирсан гэх нэхэмжлэл гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Сайхан сумын 1 дүгээр баг 11 дүгээр цэцэрлэгийн баруун талд 14 дүгээр байрны ард конторын барилгын зориулалтаар 900м2 газрыг 30 жилийн хугацаатай олгон, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0177410 дугаартай гэрчилгээ олгон, уг газрыг олгосноор тухайн байгууллага нь Цагдан хорих байр болон конторын барилга барьж ашиглалтад оруулсан нь Газрын тухай хуульд заасан Газар эзэмших эрх дуусгавар болох /39/, Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох /40/, Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх /41/-д тус тус заасан үндэслэлээр Сайхан сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газраас зохих арга хэмжээ аваагүй байгаа нь Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт тус тус холбогдох Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 132,020,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 75,370,981 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,649,019 төгрөгийн шаардлага, мөн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /2019.04.23 №04331-2019/00045/ /хх-ийн 1-38-39/, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /2017.01.26-001/ХТ2017/00083/ /хх-ийн 1-76-80/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг ******* ******* ХХК-нд /2018.01.25/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Материал буцаах тухай /2018.03.14-01/332/, ******* ******* ХХК Гомдол гаргах нь, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай /2018.04.02 4/651/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга Хариу хүргүүлэх тухай /2018.04.19 1/170/, ******* ******* ХХК Хүсэлт гаргах нь /2019.04.24 112/, Сэлэнгэ аймаг Сайхан сумын засаг дарга Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хүсэлт гаргах нь /2018.05.23№1/210/, ******* ******* ХХК Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил танаа Хүсэлт гаргах нь /2019.05.24/, Сэлэнгэ аймгийн засаг дарга ******* ******* ХХК-нд /2019.06.06 №1/454/,Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сайхан сумын засаг дарга О.Буянаа танаа Албан тоотын хариу өгөх тухай 2018.06.12 №86, 2018.01.23 №1/120/Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт Хариу хүргүүлэх тухай /2018.06.25 №-100/, ******* *******ХХК Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа Д.Дамдинцэрэн танаа Гомдол гаргах нь /2018.10.220№122/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар шийдвэр гүйцэтгэх алба Өргөдөл шийдвэрлүүлэх тухай /2018.10.29 №4/2227/, Сайхан сумын сум дундын эмнэлэг Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд /2019.01.18 №10/, Сайхан сумын засаг дарга О.Буянаа танаа /2019.01.18 №09/ /хх-ийн 3-153-166 тал/зэрэг бичгийн баримтыг тус хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтын хүрээнд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,450+119,270 нийт 904,720 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас 75,370,981 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 534,805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 75,370,981 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,649,019 төгрөгийн шаардлага, мөн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 904,720 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас 534,805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

Л.СОЁЛМАА