Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2021/00018

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2021/00018

 

 

 

 

******* ХХК-ийн захирал

Т.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2019/00139/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /цахим/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* /цахим/

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд /цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор ******* ХХК-ий нэхэмжлэлтэй *******, ******* нарт тус тус холбогдох Эд хөрөнгөд учирсан хохирол 125.500.500 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 130.020.000 төгрөг гаргуулах тухай 150/2019/00139/И индекстэй, 3 хавтас иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Сөгнөгөр Хайрхан ХХК-ий захирал Т.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын хүсэлтээр тухайн суманд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд зориулан байрныхаа дор үйлчилгээний төвтэй 198 айлын хоёр 10 давхар орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар тохиролцсон байсан. Манай ******* ХХК-нд Сайхан сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Хөтөл 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн 14 дүгээр байрны зүүн урд талд 3,500м2 газар олгон, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Гэтэл Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт 2011 онд конторын барилга барих зориулалтаар газар олгосон байсан нь манай газрын зарим хэсэгтэй давхацсан. ...Газар давхцаж олгосноор манай компанид нийт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 132,020,000 төгрөгийн хохирол учирсан нотлох баримтуудыг шүүхэд нэг бүрчлэн гаргаж өгсөн байгаа. Газар давхцуулж олгосон буруугаа засаг дарга хүлээн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан өөр газар олгохоор болсон боловч өнөөдрийг хүртэл газар олгоогүй байгаа... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сөгнөгөр Хайрхан ХХК нь гэм хорын хохирол болох мөнгөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. ...3500 м2 газрыг давхацсан хэсэг дээр очиж нэхэмжлэгч талыг дуудаж эмнэлэг тал руу нь сунгаж өгч, гэрээ хийн гарын үсэг зуруулсан нэхэмжлэгч талд эх хувиараа байдаг. Шүүгчийн гаргасан Эвлэрлийн гэрээнд газрын талаар байршил заасан ямар ч заалт байхгүй. Тухайн үед гэрчилгээ газрын бичиг баримтуудыг авах талаар нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн боловч бичиг баримтуудыг авахгүй гэж хэлдэг байсан. Шүүхийн ард байрлалтай 4220м2 газрыг өнөөдөр очоод гэрчилгээ болон газар зэргийг хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Өмнө нь газраа авахгүй гэж бидэнд хэлчихээд одоо бид нараас мөнгө төгрөг нэхэж байгаа явдал үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн болон хийсэн үйл ажиллагаанаас нь харахад хөрсний шинжилгээг хуульд заасан хугацаанд 90 хоногийн дотор өөрсдийн хөрөнгөөр хийнэ гэж заасан байдаг. Одоо байгаа газар нь нэхэмжлэгчийн өөрийн эзэмшилд байгаа, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сайхан сумын засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар манай байгууллагад конторын барилга барих зориулалтаар 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн байдаг. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0177416 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй мөн 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Г131000624 дугаар бүхий газрын гэрчилгээгээр манай байгууллага тухайн газрыг анх авч байсан. 2014 онд манай газар гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгч тал болон засаг дарга хоёрын дунд хууль бусаар газар тохиролцож газар эзэмшүүлсэн гэж манай талаас үзэж байна. ...Мөн манай байгууллага нь 2016 онд барилгын үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэхэмжлэгчийн ярьж байгаа газрын яг хажууд манайх барилга барьсан. Харин бэлэн зүйл дээр нь ирээд барилга барьсан зүйл огт байхгүй. Манай талаас 2015 онд нэхэмжлэгч талтай уулзаж байсан. Цагдан хорих байранд ямарваа нэгэн хязгаарлалт тогтоож өгөөгүй мөн тухайн нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлүүд нь манайд огт хамааралгүй, хариуцагч гэж үзэхгүй байна. Уг компанид орон сууцны барилгаа барих боломж байсан. Тийм учраас манай байгууллагыг хариуцагчаас хасч өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 75,370,981 төгрөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,649,019 төгрөгийн шаардлага, мөн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 904,720 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас 534,805 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Сөгнөгөр Хайрхан ХХК-д Хөтөл 2 дугаар багийн нутаг 14 дүгээр байрны зүүн урд талд байршилтай 3.500 м2 газрыг орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай олгосон байдаг. Мөн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Сайхан сумын 1 дүгээр баг, 11 дүгээр цэцэрлэгийн баруун тал, 14 дүгээр байрны урд конторын барилгын зориулалтаар 900 м2 газрыг 30 жилийн хугацаатай олгосон. ******* ХХК нь тус захирамжаар эзэмшиж авсан газартаа барилгын ажлаа эхлүүлсний дараа газрын маргаан гарсан. Уг маргааны улмаас ******* ХХК нь тус сумын Засаг даргын 2011 орны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд талууд дараах байдлаар эвлэрсэн. Үүнд ...******* ХХК-д олгосон 3500 мкв газар дээр нэмж 4225 мкв буюу /65x65/ талбай бүхий А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг олгохоор тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан... байна. Үүнийг баталж Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай захирамж гарсан байдаг. Захиргааны хэргийн уг шийдвэрийг биелүүлж Сайхан сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/302 тоот захирамжаар тус сумын Хөтөл 1-р багийн нутаг дэвсгэр Сум дундын Шүүхийн зүүн талд 4225 м2 газрыг орон сууц барих зориулалтаар Сөгнөгөр Хайрхан ХХК /5350689/-Д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Сумын Засаг даргын зүгээс давхардуулсан газрын зөрчлийг арилгаж шийдвэрлэсэн, мөн нэмж газар олгосон хэдий ч дээрх газруудад олгосон зөвшөөрлийн дагуу орон сууцаа барих боломжтой байхад өнөөдрийг хүртэл барилгын ажлаа зогсоож, *******ХХК нь шүүхэд хандаж гэм хорын хохирол нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1.Төрийн албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас гэм хор учирсан үйлдэл байхгүй. Тодруулбал: тус сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар ******* ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба сумын Засаг даргын захирамжаар ******* ХХК-д олгосон 3500 мкв газар дээр нэмж 4225 мкв буюу /65x65/ талбай бүхий А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2.Тухайн олгогдсон газар дээр тус компани нь барилга барих бүрэн боломжтой байсан. Тодруулбал: ******* ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 57 тоотоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргад хүсэлт гаргасан ба уг албан бичигтээ ...Т.*******: Таны олгосон гээд байгаа 3500 мкв газар дээр одоо барилгын суурийн ажил хийгдээд эхэлсэн байгаа ба энэ суурийн ухсан нүхэндээ өөрчлөлт оруулан 1 барилгаа барьж ашиглалтанд оруулах хүсэлтэй байна. гэсэн байдаг ба нэмж 4225 мкв буюу /65x65/ талбай бүхий А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газрыг авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Мөн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн ярьж байгаа газрын хажууд манайх барилга барьсан. Харин бэлэн зүйл дээр нь ирээд барилга барьсан зүйл огт байхгүй. ...Уг компанид орон сууцны барилгаа бүрэн барих боломжтой байсан... мэдүүлгээс харахад тухайн газар дээр барилгаа хэвийн бариад явах боломжтой байсан гэж үзэж байна.

3.Төрийн зүгээс буруутай үйл ажиллагаа болон шийдвэр гаргаагүй. Тодруулбал: тухайн компанийн барилга барихыг зогсоосон, барилга барих боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн шийдвэр гаргаагүй болно.

4.Т.*******ын 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: /..........манай барьж байсан барилгад борооны ус орсны улмаас дээш нь үргэлжлүүлэн барих боломжгүй болсон тул тус компанид учирсан 125,500,500 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн байдаг. Хууль журмын дагуу эзэмшилдээ авсан газраа арчлах, барилгын суурийг болон газар доорх бүтцийг ус орохоос буюу байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамгаалах зэрэг нь компанийн өөрсдөө шийдвэрлэх асуудал атал 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үүргээ биелүүлэлгүй хайнга хандаж, авсан газартаа зориулалтын барилгаа бариагүй буруутай үйл ажиллагаагаа төрийн байгууллагаас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд зааснаар ******* ХХК нь зайлшгүй завсарлага хийх нөхцөлд хөрсний байгалийн бүтэц болон шинж чанаруудыг хадгалах, ухаас гадаргууг усанд автах болон хөрс хөлдөлтийн эсрэг арга хэмжээ авах ёстой байсан ба суурийн хөрсний байгалийн бүтэц ба шинж чанарыг хадгалахын тулд дараах арга хэмжээнүүдийг авдаг байна Үүнд суурийн ухааст гадаргуугийн ус орохоос хамгаапах, буурийн хөрсний ба ухааст ус үл нэвтрэх /хөрсөн дэх хана , ханан хашлага, өрөмдөн цутгаж суулгах шүргэгч шонт хашлага/ ханан хашлага хийх, ус агуулах дэвсгэр үеүүдээс гүний ус зайлуулах арга хэрэглэн гидростатик даралтыг арилгах, ухаасын ёроолоос ус нэвчих боломжийг хаах, газар шорооны машин, механизм хэрэглэн ухаас хийх явцад дутуу ухалт хийснээр буюу хөрсний хамгаалах үеийн тусламжтайгаар динамик үйлчлэлийн нөлөөг арилгах, буурийн хөрсийг хөлдөлтөөс хамгаалах зэрэг багтана гэж заасан байдаг байна. Иймд дээрх арга хэмжээ авагдаагүй, бууринд ус тогтож хөлдсөнөөс болж хөрсний байгалийн бүтэц өөрчлөгдсөн нь төрийн байгууллагын буруугаас болоогүй гэж үзэхээр байна.

Иймд *******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас бичгээр гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлд зааснаар үнэн зөв, эргэлзээгүй дүгнэгдээгүй, Иргэний хуулийн 495.1, 498.1, 510.1 дэх заалтыг буруу тайлбарласны улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ...гэж үзэж байна. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсье гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч засаг даргын тамгын газрын өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Манай байгууллагыг уг хэргийн хариуцагчаас хасаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий ба ... цалин тавьсан падан болох 59,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаар цугларсан 75,000,000 төгрөгийн хохирлыг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын Тамгын газар болон тус суман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 125.500.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.519.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Сайхан сумын засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг хариуцагч Сайхан сумын засаг дарга эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах гомдлоо ...Нэхэмжлэгч Сөгнөгөр Хайрхан ХХК нь газрын маргаанаа 2016 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж талууд давхацсан 3500 м.кв газар дээрээ нэмж сумын А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон 4225 м.кв буюу /65х65/ талбай бүхий газар авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэрлэсэн нь одоо ч хүчинтэй байгаа. Төрийн байгууллагаас барилгыг зогсоосон шийдвэр гаргаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан... гэж тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь судлан үзвэл:

Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн дарга С.******* нь 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8/19 тоот албан бичгээр тус сумын засаг даргад хандан ....шинээр конторын барилга барих зориулалтаар Сайхан сумын 1 дүгээр багийн 14-р байрны урд 11-р цэцэрлэгийн баруун талд газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, улмаар тус сумын засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот захирамжаар Сайхан сумын 1 дүгээр багт байрлах 14 дүгээр байрны ард 171002049 дугаар бүхий 900 м2 газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт конторын барилгын зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

Үүнээс хойш 3 жилийн дараа буюу 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 35 тоот албан бичгээр ******* ХХК нь *******д хандан ...танай суманд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд зориулсан орон сууц барих тул 14 дүгээр байрны ард талд байрлалтай 3500 м2 газрыг авах хүсэлтэй тул хүсэлтийг хүлээн авна уу гэсэн хүсэлт гаргаснаар тус сумын засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/357 тоот захирамж гарч Сайхан сумын орон сууцны хорооллын 14 дүгээр байрны зүүн урд байрлах 171003963 дугаар бүхий 3500 м2 газрыг орон сууц барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосноор дээрхи 2 хуулийн этгээдэд барилга барих зориулалт бүхий газруудыг нь хөрш залгаа байрлалтай олгогдсон байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь барилгын ажлаа 2015 онд эхлүүлэх үед хөрш залгаа газрын эзэмшилд тодорхой хэмжээний давхцал үүссэн гэж нэхэмжлэгч талаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байх ба захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдон ажилласан Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн 2/533 тоот дүгнэлтээр газрын тодорхой хэсэг нь давхардан олгогдсон болох нь нотлогдсон гэж үзэхээр байна.

Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчид газар эзэмшлийн давхцалын талаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж, Эвлэрлийн гэрээгээр 3500 м2 газар дээрээ нэмж сумын А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээнд ойрхон 4225 м2 буюу /65х65/ талбай бүхий газар авахаар тохиролцсоноор зохигчдын хооронд эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 29 тоот захирамж гарсан байх ба хоёр хуулийн этгээдийн хооронд эзэмшлийн газар давхацсан гэх маргаан шийдвэрлэгджээ.

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм-ийн хавсралтад заагдсанаар 31-51 метр хүртэл өндөртэй буюу 10-16 давхар хүртэлх орон сууцыг өндөр төвөгшилтэй орон сууцны ангилалд оруулж заасан.

Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ,

18 дугаар зүйлийн 18.2-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-ий үндсэн үйл ажиллагаа чиглэлийг барилгын засал чимэглэл, гадаад худалдаа гэж эрхийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасан өндөр төвөгшилтэй барилга буюу 10 давхар бүхий 2 орон сууц барих тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа газар давхцан олгосон шийдвэрээс шалтгаалан 10 давхар бүхий 2 орон сууцны барилгын ажлыг эхлүүлж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн газар давхацсанаас компаний барилга барих үйл ажиллагаа зогссон гэх баримтыг ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн Моност хотхоны танилцуулга, барилгын тэг тэнхлэгийг газар дээр нь байгуулсан тухай 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 15/01 тоот акт, ...нэхэмжлэгч ******* ХХК нь барилга барих ажлыг Бэрэн констракшин энд автомэшин ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон... гэсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар ******* ХХК нь 10 давхар барилга барих эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөлтэй компаниар барилгыг бариулахаар тохиролцсон гэсэн боловч тухайн Бэрэн констракшин энд автомэшин ХХК нь барилгын ажлыг эхлүүлсэн тухай холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул барилгын үйл ажиллагаа явуулахад эрх бүхий этгээдийн алдаатай шийдвэр нөлөөлснөөр барилга баригдаагүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч ******* ХХК-нд өөр байгууллагад олгосон газар дээр Сайхан сумын засаг дарга нь давхардуулан газар олгосноос нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын захирамжаар 2011 онд Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт конторын барилга барих газар олгосон бол тухайн газрын хөрш залгаа газарт 03 жилийн дараа 2014 онд нэхэмжлэгч Сөгнөгөр Хайрхан ХХКомпаний өөрийн гаргасан хүсэлтийн дагуу барилга барих газар олгосон байх ба газар давхцалыг газар эзэмших эрх олгохоос өмнө мөн барилга барих суурь тавихаасаа өмнө цаг хугацааны хувьд нэхэмжлэгч газартай холбоотой бүхий л мэдээллийг бүрэн авах, мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн энэхүү барилга барих газрын давхцалын асуудлаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар Сайхан сумын засаг даргатай нэхэмжлэгч нь эвлэрэн хэлэлцэж шийдвэрлүүлснээр газрын талаар үүссэн маргаан дууссан байна.

Гэтэл анхан шатны шүүх бусдад олгосон газартай давхцуулан ******* ХХК-д газар олгосон Сайхан сумын засаг даргын буруутай шийдвэрээс үүдэн барилгын ажил явуулж чадаагүйгээс компаний эд хөрөнгөд гэм хорын хохирол үүссэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн барилга барихаас өмнөх тусгай зөвшөөрөл авах, барилгын зураг төсөл хийлгэх, зураг төслийн нэмэлт ажиллагаа хийлгэх, тэг тэнхлэг тавьсан акт үйлдэх, газарт бэхэлсэн эргэлтийн цэг тавих, барилгын хашаанд камер суурилуулах, Техник эдийн засгийн үнэлгээ хийлгэх зэрэг урьдчилсан ажиллагаануудтай холбоотой гэрээ, санхүүгийн баримтуудыг хохиролд тооцон нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруу хохирол түүний шалтгаан нөхцөл зэрэгт эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904.720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-д зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол хангагдсан тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 534.805 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагад буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч ******* болон тус суман дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 125.500.500 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.519.500 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 130.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904.720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 534.805 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагад буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГTop of Form