Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 135/2019/00753/И |
Дугаар | 001/ХТ2022/01076 |
Огноо | 2022-11-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2022/01076
2022 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 001/ХТ2022/01076 |
Б.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 727 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 109 дүгээр магадлалтай,
Б.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй
С.Золжаргалд холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үнэ 72.000.000 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг Баян-Өлзийт хаягт байрлах Ү-2004000191 улсын бүртгэлийн дугаартай 1120 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдсан болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар нь хариуцагч С.Золжаргалд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үнэ 72,000,000 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг Баян-Өлзийт хаягт байрлах Ү-2004000191 улсын бүртгэлийн дугаартай 1120 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч С.Золжаргалаас 72,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарт олгож, үлдэх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах-худалдан авах гэрээний үнийг 100,000,000 төгрөг болохыг тогтоолгох тухай шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 29,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамид төлсөн 613,150 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978,850. төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 542,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарт олгож шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 109 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг дараах байдлаар өөрчилж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын хариуцагч С.Золжаргалаас 72,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Золжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, 23,000,000 төгрөгийг Б.Хүрэлбаатараас гаргуулж С.Золжаргалд олгож, үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээний үнэ 100,000,000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 50,000,000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22,000,000 төгрөгийн Б.Хүрэлбаатар, С.Золжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, худалдах, худалдан авах гэрээний үнэ тогтоолгох шаардлага гаргахад төлсөн 70,200 төгрөг болон илүү төлсөн 25,000 төгрөг нийт 95,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарт буцаан олгож, хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч С.Золжаргалын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн нийт 1,049,050 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул 272,950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хүрэлбаатараас гаргуулж хариуцагч С.Золжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдаагүй хэсэгт оногдох 110,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөг болон илүү тооцож төлүүлсэн 594,950 төгрөг нийт 665,150 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч С.Золжаргалд буцаан олгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг 4 гэж, 3 дугаар заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,521,800 төгрөгөөс 1,410,850 төгрөгийг хариуцагч С.Золжаргалд шүүгчийн захирамжаар буцаан олгож үлдэх 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх 109 дугаартай магадлалыг гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Үүнд: Шүүхийн магадлалын хянавал хэсэгт Хэрэгт авагдсан бичгийн хэлбэртэй, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээнд хөрөнгийн үнийг 5,000,000 төгрөг гэж тодорхойлжээ...Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан 72,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл шүүхэд гаргаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө ийнхүү баталгаажуулсан гэж тайлбарладаг. Хариуцагч энэ талаар маргадаг. Худалдах- худалдан авах гэрээний үнийг талууд эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс багаар бичиж гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээний үнийг өөр байдлаар баталгаажуулах явдал амьдралд тохиолддог. Гэвч нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний журмаар баталгаажуулсан гэх тайлбарыг хариуцагч тал маргаж байгаа тохиолдолд шүүх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдлыг худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй юм... Иймд талууд гэрээгээр бичгээр 5,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч 28,000,000 сая төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний хэлбэрээр 72,000,000 төгрөгийн үлдэгдэл тохиролцсон хэмээн шийдвэрлэхэд хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар түүний үндэслэл үлэмж маргаантай байдал саад болж байна.Тийм учраас худалдах-худалдан авах гэрээний үнэ 72 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзлээ гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж 72,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны болсон. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл шүүхэд гаргаагүй" гэх үндэслэлээр 72,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна гэж дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй байдаг. Хариуцагч С.Золжаргал нь нэхэмжлэгчээс маргаан бүхий зоорийг нийт 100,000,000 төгрөгөөр худалдан авахаар талууд хэлэлцэн тохирсон. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ татвар бага төлөх үүднээс гэрээний үнийг 5,000,000 төгрөгөөр байгуулсан. Давж заалдах шатны шүүхээс ч Хариуцагч энэ талаар маргадаг. Худалдах-худалдан авах гэрээний үнийг талууд эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс багаар бичиж гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээний үнийг өөр байдлаар баталгаажуулах явдал амьдралд тохиолддог гэж дүгнэсэн байдаг.
Ингээд хариуцагч С.Золжаргал нэхэмжлэгчид нийт 28,000,000 /1 хх-127-144/ төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 72,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үлдэгдэлтэй гэдгээ баталж 2 удаагийн Зээлийн гэрээг өөрийн биеэр нотариат орж байгуулсан боловч төлж барагдуулахгүй явсаар нэхэмжлэл гаргах үндэслэл бий болсон. Талууд маргаан бүхий зоорийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар хэлэлцэн тохиролдож, урьдчилгаа 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 72,000,000 төгрөгт худалдагчийн хүсэлтийн дагуу Зээлийн гэрээ байгуулж төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан, мөн татвар бага төлөх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ гэрээний үнийг багасгаж 5,000,000 төгрөгөөр байгуулсан зэрэг бодит үйл баримт нотлох үүргээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хангалттай хэрэгжүүлсэн.
Хэргийн материалд нэхэмжлэгч С.Золжаргалаас Б.Хүрэлбаатарт удаа дараагийн гүйлгээгээр нийт 28,000,000 төгрөг шилжсэн дансны хуулга, 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсах 50,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 22,000,000 төгрөгийн Зээлийн гэрээнүүд тус тус авагдсан. Хариуцагчийн зүгээс уг 28,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө худалдсаны төлбөрт шилжүүлснээ хүлээн зөвшөөрдөг, нотариат дээр ч өөрийн биеэр очиж 2 удаагийн зээлийн гэрээг байгуулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгчийн дарамт шахалтанд орж нотариат орсон гэх үйл баримтаа нотолж чадаагүй. Нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага иргэний шүүхэд, хууль бусаар дарамтанд оруулж гэрээнд гарын үсэг зуруулсан асуудлаар цагдаад хандаж байгаагүй.
Талууд маргаан бүхий зоорийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар хэлэлцэн тохиролцсон нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх Иймд талууд гэрээгээр буюу бичгээр 5,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч 28,000,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хэлбэрээр 72,000,000 төгрөгийн үлдэгдэл тохиролцсон хэмээн шиийдвэрлэхэд хариуцагчийн тайлбар түүний үндэслэл үлэмж маргаантай байдал саад болж байна гэх ойлгомжгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч зоорийг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм бол яагаад нотариат дээр сайн дураараа 2 удаа очиж нийт 72,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, яагаад нийт 28,000,000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр нэхэмжлэгчид шилжүүлсэн зэрэг хариуцагчийн бусдад төлөх төлбөртэй хүсэл зоригоо илэрхийлсэн нотлох баримтуудыг няцаах, үгүйсгэх ямар ч хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагчийн яг ямар тайлбарын ямар үндэслэл эдгээр үйл баримтыг няцааж үлэмж маргаан дагуулсан дээр ч давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
Хариуцагчийн зүгээс зоорио буцаан шилжүүлж авахын тулд төлбөр шиилжүүлсэн, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зоорийг барьцаалсан 21,000,000 төгрөгийг төлчихөөд зоорио өөрсдийн нэр дээр болгож ав гэсэн гэх зэрэг тайлбарыг шүүхэд гаргадаг байдаг боловч 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зоорийн төлбөрийг Б.Хүрэлбаатарын дансанд үргэлжлүүлэн шилжүүлсээр байсан үйл баримтаар уг тайлбар нь үгүйсгэгддэг. Мөн уг үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар огт нотлогддоггүй.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалынхаа Хянавал хэсэгт Шүүх ... зээлийн болон барьцааны гэрээнүүдийг худалдах-худалдан авах гэрээний үнийг тогтоох баримтад үнэлжээ гэжээ. Уг маргаан бүхий зоорийг Дэвжих нэхий ХХК, Б.Хүрэлбаатар нар 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Барьцааны гэрээ байгуулан 32,000,000 төгрөгөөр /хх-184/, Хаан банк, Г.Цогт, Ц.Тэнүүнтавилан нар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан 125,000,000 төгрөгөөр /хх- 105/. Болорзоос ББСБ, Г.Цогт, Ц.Тэнүүнтавилан нар 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалж байсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дан ганц эдгээр барьцааны гэрээнүүдийн үнийг үндэслэж талуудын хооронд 100,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдсан гэж дүгнээгүй /Шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудас/ бөгөөд талуудын хооронд бичгээр хийгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ гэх бичгийн баримт болон хариуцагч С.Золжаргалын 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх нийт 7 удаагийн дансны гүйлгээрээр 28,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт зэргийг үндэслэж хариуцагчаас нэхэмжлэгчид 72,000,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцсэн.
Шүүхийн магадлалын хянавал хэсэгт /магадлалын 8 хуудас/ харин зөвхөн өмчлөх эрх нь хэлбэрийн төдийд Б.Хүрэлбаатарт шилжсэн бөгөөд уг эрхийг шилжүүлэн авах бүртгэлийг өөрчлөх зорилгоор зоорийг худалдах-худалдан авах гэрээг 5 сая төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан гэх тайлбар, татгалзал нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Б.Хүрэлбаатар нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч байснаа шүүхэд зөвхөн улсын бүртгэл, гэрчилгээгээр тодорхойлсон боловч өмчлөх эрхийн агуулга болох эзэмшил, ашиглалт өөр этгээдэд буюу С.Золжаргал түүний компанийн үйл ажиллагаанд зориулагдсан байгаа болон мөн үйл ажиллагаанаас олсон үр шим ашиг хуваарилалт, хөрөнгийг арчлан хамгаалахтай холбоотой гарсан зардал болон хөрөнгөтэй холбоотой төлсөн татвар, хураамж, зардал, төлсөн байдлаа шүүхэд нотлоогүй... Өмчлөх эрхийн агуулга нь зөвхөн захиран зарцуулахаас гадна эзэмших, ашиглах, өмчлөлийн зүйлийн үр шимийг хүртэх, эрсдлийг үүрэх, хөрөнгөтэй холбоотй засвар үйлчилгээний зардлыг хариуцах мөн хөрөнгийн татвар, хураамж, төлбөрийг xaриуцах гэх мэт эрх зүйн үр дагвартай олон ойлголт багтаадаг. Нэхэмжлэгч тал өмчлөгчийн хувьд дээрх эрхүүдээ хэрэгжүүлсэн болон үүргээ биелүүлж байсан талаар баримтаар нотлоогүйгээс гадна хөрөнгийн эзэмшил ашиглалт С.Золжаргал болон түүний гэр бүлд хууль ёсны дагуу эсхүл хууль бусаар шилжсэн талаарх баримтыг гаргаж мэтгэлцээгүй байна. Иймд шүүх зөвхөн өмчлөх эрхээ буцаан авч бүртгүүлэхийн тулд хийсэн хэлцэл гэх хариуцагчийн тайлбарыг ундэслэлтэй гэж үзлээ гэжээ.
Иргэний хуулийн 91 дүгээр 91.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол, тус хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн буртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 182 дугаар зүйлийн 182.1-т "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж тус тус заасан бөгөөд өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээрээр нотлогддог бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэнд эзэмшүүлж, ашиглуулах нь өмчлөгчийн эрхийн асуудал юм.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтын дагуу Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх Харин зөвхөн өмчлөх эрх нъ хэлбэрийн төдийд Б.Хүрэлбаатарт шилжсэн... Б.Хүрэлбаатар нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч байснаа шүүхэд зөвхөн улсын бүртгэл, гэрчилгээгээр тодорхойлсон... Өмчлөх эрхийн агуулга нь зөвхөн захиран зарцуулахаас гадна эзэмших, ашиглах, өмчлөлийн зүйлийн үр шимийг хүртэх, эрсдлийг үүрэх, хөрөнгөтэй холбоотой засвар үйлчилгээний зардлыг xapицах мөн хөрөнгийн татвар, хураамж, төлбөрийг xapицах гэх мэт эрх зүйн үр дагавартай олон ойлголт багтаадаг. Нэхэмжлэгч тал өмчлөгчийн хувьд дээрх эрхүүдээ хэрэгжүүлсэн болон үүргээ биелүүлж байсан талаар баримтаар нотлоогүй... гэх мэт авцалдаагүй, хуульд нийцээгүй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 23,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ магадлалын хянавал хэсэгт /магадлалын 8 хуудас "..Дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу 5 сая төгрөгийг хариуцагч тал , нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул илүү төлсөн 23,000,000 төгрөгийг буцаан гаргуулбал зохино гэсэн өмнөх үндэслэлээ үгүйсгэсэн, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Б.Хүрэлбаатарыг уг зоорийг хэлбэрийн төдий өмчилж байсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэчихээд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд бүр үнийн дүн 5 сая төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэсэн авцалдаагүй, шударга бус дүгнэлтийг хийсэн нь харамсалтай.
Мөн давж заалдах шатны шүүх "... энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан хэргийн 1 дүгээр хавтасны 33-35, 36-41, 23-30, 2 дугаар хавтаст авагдсан гэрч Б. Чимэдбаатарын мэдүүлэг зэрэг нъ зөвхөн 2005, 2006 оны баримт байх бөгөөд энэ онуудад Б.Хүрэлбаатарыг лууван худалдан авч зооринд хадгалж ашиг олохоор хамтран ажиллаж байсан талаар хариуцагч маргаагүй байна гэсэн дүгнэлтийг хийж Б.Хүрэлбаатарыг өмчлөх эрхийг хэлбэрийн төдий шилжүүлэн авсан байжээ гэсэн өнгөц дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцээгүй бөгөөд зөвхөн хариуцагчийн хариу тайлбарыг хөтөлбөргүй үнэн мэтээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Анх "Цогт-Ану ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сундуйжав нь Б.Хүрэлбаатарт зоорийг зээлийн барьцаанд алдах гэж байгаа тул худалдан авч ажиллуулах талаарх саналыг тавьсны үндсэн дээр 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Цогт-Ану ХХК болон Б.Хүрэлбаатар нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Хүрэлбаатар худалдан авч, өмчлөлдөө шилжүүлэн авсан байдаг./хх 83-87/ Өмнөх гүйцэтгэх захирал С.Золжаргал нь буруутай үйл ажиллагааныхаа улмаас компанийн үйл ажиллагааг доголдуулсан шалтгаанаар 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр Н.Сандуйжавт Цогт-Ану ХХК-ийн эрх үүргийг бүрмөсөн шилжүүлэн өгсөн /хх 80/ байсан. 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд энэ талаар хэн ч маргадаггүй. Хариуцагч тал удаа дараа байгуулсан худалдах худалдан авах гэрээгээ хууран мэхлэгдсэн, дүр үзүүлсэн, дарамтанд орсон гэх мэтээр тайлбарладаг боловч үүнийг нотолсон баримт байхгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага ч гаргаж байгаагүй байдаг.
Ингээд Б.Хүрэлбаатар нь тус зоорины хууль ёсны өмчлөгч болсноос хойших хугацаанд зоорийг барьцаалан Хаан банк, Дэвжих нэхий ББСБ, Худалдаа хөгжлийн банкнаас тус тус зээл авч өөрийн Дархан Мөнх трейд ХХК-ийн үйл ажиллагааг явуулан эзэмшиж, ашиглаж байсан. Б.Хүрэлбаатар нь 2005 онд их хэмжээний лууван ногоочдоос авч түүнийгээ зарж борлуулах үйл ажиллагааг эрхэлж, харин хариуцагч С.Золжаргал, түүний аав Сандуйжав, Хуягаа, Отгоо, Батсайхан нар нь борлуулалт хариуцан ажилд нь тусалж зоориндоо амьдардаг байсан. Мөн тухайн үед Б.Хүрэлбаатар луувангаа зооринд тушаасан ногоочдын дунд хонжвортой сугалааг зохион байгуулж 1 тн лууван тутамд 1 сугалаа өгч хонжворуудыг тодруулж байсан. /1 хх 153-154/ Эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрч Р.Марууш, Б.Өнөрбат, С.Энхсувд, Б.Чимэдбаатар. Д.Батжаргал нарын мэдүүлгүүд болон тухайн үеийн анхан шатны баримтуудаар тогтоогддог. /хх 176-196/
Н.Сундуйжав, түүний охин нэхэмжлэгч С.Золжаргал нар гэр бүлийн хамт нь 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө болон дараа нь тус зооринд амьдарч байсныг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй. Учир нь өөр амьдран суух газар байхгүй гэхээр нь хөөж чадалгүй байрандаа байлгаж байсан ба Дархан Мөнх трейд ХХК-ийн 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай тушаалаар 1000 зоорины эрхлэгчээр Н.Сандуйжавыг томилж 1-р хх-170/ зоорийг хариуцуулан ажиллуулж байсан. Тиймдээ ч уг маргаан бүхий зоорь нь урт хугацааны туршид хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан юм.
Н.Сандуйжав, С.Золжаргал, түүний нөхөр Хуягаа нар нь тухайн үед урьд жил лууван их үнэтэй байсан энэ жил лууван авч хадгалбал ашигтай, зээлээ төлөх боломжтой гэх зөвөлгөөг өгч их хэмжээний лууванг ногоочдоос авахыг ятгасан байдаг. Ингээд 2005 оны намар их хэмжээний лууван худалдан аваад 2006 оны хавар лууван бага хэмжээгээр борлогдож, 2006 оны 6,7 cap гэхэд лууван бүхэлдээ ялзарч муудаж борлуулах аргагүй болсон байсан. Б.Хүрэлбаатар тухайн үед хоригдлууд авчруулан цэвэрлүүлж, тэдэнд ажлын хөлс олгож байсан баримтууд ч хэргийн материалд бүгд авагдсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр ч нотлогддог. Худалдан авсан бүх лууван ялзарч муудаж Б.Хүрэлбаатарын явуулсан бизнес дампуурч банкны их хэмжээний зээлийн төлбөрт унан цаашид уг үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн Б.Хүрэлбаатар нь ар гэрийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод ажилд орсон зэрэг шалтгааны улмаас Н.Сундуйжав өөрийн хүүхдүүдийн хамт зоорийг сахиж, үргэлжлүүлэн амьдарч ирсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх 2006 оноос хойш уг зоорь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан учраас Б.Хүрэлбаатарыг өмчлөх эрхийг хэлбэрийн төдий шилжүүлэн авсан байжээ гэж өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчин хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр үндэслэлгүй дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх С.Золжаргалаас Б.Хүрэлбаатарт ямар зориулалтаар , удаа дараагийн гүйлгээгээр нийт 28 сая төгрөгийг /2018.01.14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018.01.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.01.29-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.03.14-ний өдөр 7,000,000 төгрөг, 2018.03.28-ний өдөр 6,000,000 төгрөг, 2018.04.04-ний өдөр 7.000.000 төгрөг, 2018.05.14-ний өдөр 1,000,000 төгрөг/ шилжүүлсэн зэрэг ач холбогдол бүхий байдалд огт дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талын тайлбарыг үндэслэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. /1 хх-127-144/ Иймд магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар нь хариуцагч С.Золжаргалд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 100,000,000 төгрөг болохыг тогтоолгох, тус гэрээний үлдэгдэл төлбөрт 72,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ Талууд 2018 онд ... эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000191 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, ... татвар бага төлөх зорилгоор гэрээнд 5,000,000 төгрөг гэж бичсэн ... 28,000,000 төгрөгийг 1-7 сая төгрөгөөр 6 удаа цувуулж төлсөн, ... үлдэгдэл 72,000,000 төгрөгийг авах эрхээ 50 ба 22 сая төгрөгөөр хоёр удаа зээлийн гэрээ хийх замаар баталгаажуулсан. гэж тайлбарласан байна.
7. Хариуцагч С.Золжаргал шаардлагыг эс зөвшөөрч, ... үл хөдлөх эд хөрөнгийг 2002 онд Г.Болдхуяг гэж хүнээс миний үүсгэн байгуулсан Цогт-Ану ХХК 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ... хууль ёсны өмчлөгчийн хувьд 17 жил бүхий л төлбөр, ашиглалтын зардал, татварыг би төлж байна. ... анх хамтран ажиллах зорилгоор Б.Хүрэлбаатарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. ... энэ нь миний эцэг Н.Сандуйжавыг залилж, хуурч мэхлэх замаар хийгдсэн шилжүүлэг байсан, тохирсон 10,000,000 төгрөгөө ч өгөөгүй. ... бие муу байсан тул энэ талаар шүүх, цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. ... 2018.02 сард Б.Хүрэлбаатар надад их хэмжээний өрөнд орсноо тайлбарлаж, өрийг төлөөд зоорио ав гэж хэлсэн. ... бусдад түүний тавьсан өр 21,000,000, нэмж мөнгө нэхсэн тул нийт 28,000,000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ олж авсан. ... гэрчилгээ шилжүүлэх өдөр гарын үсэг зурахгүй бол гэрчилгээгээ шилжүүлэхгүй гэж хэлсэн тул аргагүйн эрхэнд 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ...түүний дараа сэтгэл зүйн хямралтай байдлыг далимдуулан, татварт өрөнд орсон гэж шүүхийн шийдвэр үзүүлэн 22,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг гуйсан. гэж маргасан байна.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсний зэрэгцээ дээр дурдсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэхэмжлэгчид төлсөн 29,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ. Шаардлагаа үндсэн нэхэмжлэлийг эсэргүүцсэн татгалзлаар дэмжиж тайлбарласан бол нэхэмжлэгч сөрөг шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн үндэслэлээр эс зөвшөөрөн мэтгэлцсэн байна
9. Анхан шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 28,000,000 төгрөгийг төлчихсөн байх тул үлдэх 72,000,000 төгрөгийг төлөх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж, харин сөрөг шаардлагыг бүхэлд нь болон худалдах, худалдан авах гэрээний үнэ 100,000,000 төгрөг болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний үнийг тогтоох шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тус шаардлага нь онцгой ажиллагааны журмаар тогтоолгох эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал биш гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийжээ. Харин сөрөг шаардлага болох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх агуулгаар бус харин мөнгөн хөрөнгө бодитой шилжүүлээгүй байх тул гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ гэх агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч С.Золжаргалаас 72,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, худалдах худалдан авах гэрээний үнийг 100,000,000 төгрөгөөр тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус 72,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл байх тул хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв гэж дүгнэжээ. Харин 72,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд үүссэн нөхцөл байдал үлэмж маргаантайн зэрэгцээ өмчлөлийн зүйлийг удаан хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаж, өмчлөгчийн эрхүүдийг хэрэгжүүлж, төлбөр, татвар, зардлыг төлж байсан байдал, өмчлөх эрх нэгээс нөгөөд шилжиж байсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж үзвэл зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээг 5,000,000 төгрөгөөр байгуулсан гэж дүгнэх үндэстэй гэсэн байна. Улмаар энэ үндэслэлээр сөрөг шаардлагаас 23,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг үр дагавар үүсгээгүй байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11. Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараар зохигчийн хооронд 2018.04.09-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2004000191 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын өмчлөлөөс хариуцагч С.Золжаргалын өмчлөлд 2018.04.11-ний өдөр шилжсэн үйл баримтын тухайд зохигч маргаагүй.
Харин уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих шалтгаан болсон худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл буюу үнийн талаарх тохиролцоо хэрхэн тогтсон талаар маргаан өрнөжээ. Худалдагч буюу нэхэмжлэгч Б.Хүрэлбаатар энэ үнийг 100,000,000 төгрөгөөр тогтсон гэж үзсэн бол хариуцагч нэхэмжлэгчийн бусдад төлөх ёстой 28,000,000 төгрөгийг төлөх замаар өмчлөх эрхийг олж авсан гэж маргасан.
12. Дээрх маргааны зүйлийн тухайд анхан шатны шүүх 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж, давж заалдах шатны шүүх гэрээний үнийг 5,000,000 төгрөг гэж тус тус дүгнэсэн байна. Хоёр шатны шүүхийн худалдах худалдан авах гэрээ буюу үүргийн хэлцлийн талаар өгсөн дүгнэлтийг аль алиныг нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, зохигчийн хооронд 100,000,000 төгрөгийн хэлцэл байгуулсан гэх тайлбараа нэхэмжлэгч талаас 2018.04.09, 2019.03.25-ны өдөр гарын үсэг зурсан гэх зээлийн гэрээ болон уг гэрээний дагуу огт мөнгө шилжээгүй, гэрээ бодитой хэрэгжээгүй бодит байдлаар нотлогдоно гэж мэтгэлцсэн. Улмаар ийнхүү зээлийн гэрээг давхар болон хожим нэмж байгуулсан шалтгаанаа үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зайлсхийх зорилготой гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн уг тайлбар үндэслэл бүхий гэж үзэхэд хэт эргэлзээтэй болжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, түүнийг барьцаалж авсан зээл, барьцааны гэрээний үнэлгээ зэргээс үзвэл уг хөрөнгө нь 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэхүйц гэж дүгнэвэл өрөөсгөл болно. Гэвч нөгөө талаас нэхэмжлэгч уг хөрөнгийг өмчлөх эрхдээ олж авсан түүх, эд хөрөнгийг өнгөрсөн хугацаанд ашиглаж байсан бодит байдал, зохигч тус бүрийн эд хөрөнгийн талаар бодитой хэрэгжүүлж байсан эрх мэдлийн тухайд гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл гэрээний үнийн дүнг 100,000,000 төгрөгөөр тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дүнг 100,000,000 төгрөгөөр тохирч байгаагаа хуурмаг зээлийн гэрээгээр баталгаажуулахаас өөр аргагүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэв талууд аль аль нь гэрээг 100,000,000 төгрөгөөр байгуулах үнэнхүү хүсэл зоригтой байсан бол нэхэмжлэгчийн шаардах эрхийг зээлийн гэрээнээс бусад аргаар баталгаажуулах боломжтой байсан. Эдгээр нөхцөл байдлууд нь зохигчийн хооронд зээлийн гэрээ 100,000,000 төгрөгөөр байгуулагдсан гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хуурмаг зээлийн гэрээг үндэслэн хамгаалуулахыг хүсэж байгаа эдийн засгийн ашиг сонирхол гэх ойлголт нь татварын хууль тогтоомжийг сахин биелүүлэх иргэн, хуулийн этгээдийн үүргээс зайлсхийсэн хууль бус үйлдэл болохыг дурдах нь зүйтэй.
13. Хариуцагч С.Золжаргал нь зохигчийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг 5,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохирсныг бодит байдал гэж тайлбарлаагүй, харин нэхэмжлэгчийн тухайн үеийн бодит хүсэл зориг нь бусдын өмнө хүлээсэн 21,000,000 төгрөгийн үүргээ биелүүлүүлэх явдал байсан талаар тайлбарлаж, энэ төлбөрийг өгснөөс хойш нэмж мөнгө шаардсаныг тухайн үедээ зөвшөөрөн шилжүүлсэн гэжээ. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн гаргасан 100,000,000 төгрөгийн талаарх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн тул зохигчийн хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 21,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах, улмаар хожим зөвшөөрөн нэмж мөнгө шилжүүлснээр нийт 28,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.
14. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага хэлбэрээр тодорхойлсон худалдах худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр байгуулсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус 72,000,000 гаргуулах шаардлагын үндэслэл гэж үзэн тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
15. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд байгуулсан үүргийн хэлцлийн үнийн дүнг 5,000,000 төгрөг гэж алдаатай дүгнэсний улмаас сөрөг шаардлага болох 28,000,000 төгрөгөөс 23,000,000 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу гаргуулсныг дээр дурдсан (тус тогтоолын хянавал хэсгийн 11-д заасан) үндэслэлээр зөвтгөх боломжгүй байх тул Б.Хүрэлбаатараас 28,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Золжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
16. Анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ бодитой биелэгдээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ба давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэний үр дагавар тодорхойгүй гэж дүгнэн бие даасан шаардлага байх боломжгүй талаар дурджээ. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагын талаар өгсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргах нь тус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагатай нягт уялдах бөгөөд ингэснээр ийм төрлийн хэлцлийн улмаас зөрчигдсөн эрх бодитой сэргэх юм.
Маргаан бүхий тохиолдолд зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэл байх тул энэ талаар өгсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
17. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр байгуулсан болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 2020.04.09-ний 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019.03.25-ны өдрийн 22,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг шаардлагуудыг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримталсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь эдгээр нь үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагуудын үндэслэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тухайлан хүчингүй болгох, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй гэж үзнэ.
18. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг 5 сая төгрөг гэж үзэн, 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдсэн нь буруу дүгнэлт болсон гэх агуулга бүхий гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 109 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1, 2, 3 дахь хэсгийг нэгтгэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын хариуцагч С.Золжаргалаас 72,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч С.Золжаргалын нэхэмжлэгчээс 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 дэх хэсгийн 4.2-ыг Хариуцагч С.Золжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 978,850 төгрөгөөс илүү төлсөн 675,900 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч С.Золжаргалд олгон, 302,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 гэсэн дугаарыг 2 гэж, 4.1, 4.2 гэснийг 2.1, 2.2 гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.11.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай