Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2022/0006

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Д.Э,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: ЗӨХХК нарын хоорондын Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Т, хариуцагч Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, гуравдагч этгээд ЗӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Иргэн Д.Э тус шүүхэд хандан Төв аймгийн Б сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/342 тоот захирамжаар Буянт-Оюу ХХК-д давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байсан.

1.2. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон 2021 оны 11 сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, ...ЗӨХХК-ийн эзэмшил газрын байршлыг өөрчлөн тогтоох эрх хэмжээ нь сумын Засаг даргад олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлж дуудлага худалдаагаар өгөгдсөн газрыг давхцалтай байхад түүнийгээ хүчингүй болгуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авалгүйгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт дахин газар олголт хийсэн... захирамжид Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг баримталсан, Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 27.2.8 гэж заасан нь утга агуулгын илэрхий алдаатай, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захирамж гаргасан нь илт хууль бус... хэмээн тайлбарлан маргасан байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, үйлдлийн түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Эд Б сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар тус сумын Баянгол 3 дугаар багт 4000 квадрат метр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр с 000283520 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

2.2. Б сумын Засаг даргын 2015 оны 6 сарын 26-ны өдрийн А/342 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаанд шалгарсан гэсэн үндэслэлээр Буянт-Оюу ХХК-д тус сумын Баянгол 3-р багийн Зочны тохой нэртэй газарт 4 га газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн[1].

2.3. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн хэмээн Буянт-Оюу ХХК-ийн 40000 квадрат метр газрыг ЗӨХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, 3 сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийн 000011425 дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 06б/3564 тоот албан бичгээр Б сумын нутагт орших 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын байршил нь Усны тухай хуулийн 22.2, 22.3-т заасан усан сан бүхий газрын 50 метр онцгой бүстэй давхцаж байна гэсэн дүгнэлт гарсан.

2.4. ЗӨХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б сумын Засаг дарга, газрын даамал нарт хандан 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургийг шинэчлэн мэдээллийн санд оруулах хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг Б сумын Засаг дарга хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн ЗӨХХК-д эзэмшүүлсэн 40000 квадрат метр газрын байршлыг өөрчлөн 3 өөр байршилд 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбарт тус тус хувааж 16700 м2, 15029 м2 , 8172 м2 талбайтайгаар ЗӨХХК-д эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

2.5. ЗӨХХК нь Б сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 3 өөр байршилд тус тусдаа байршилтай 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбар бүхий газруудыг нийлүүлж хашаа барьснаар түүний эзэмшилд олгогдоогүй газрыг хашаажуулсан, мөн нэхэмжлэгч Д.Эыг өмчийн газартаа орж гарах боломжгүй болгож орц гарцыг нь хаасан[2].

2.6. Нэхэмжлэгч Д.Э 2021 оны 09 сарын 23-ны өдөр Төв аймгийн Газрын албанд хандан өмчийн газартай давхцуулан Буянт-Оюу ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох тухай гомдол гаргасан, түүнд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй.

2.7. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 07/797 тоот албан бичгээр Б сумын Засаг дарга, газрын даамал нарт 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбаруудыг нийлүүлж барьсан хашааг буулгуулж, нэгж талбар тус бүрээр хашаа бариулахыг даалгасан.

2.8. Нэхэмжлэгчээс ...ЗӨХХК-ийн эзэмшил газрын байршлыг өөрчлөн тогтоох эрх хэмжээ нь сумын Засаг даргад олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлж дуудлага худалдаагаар өгөгдсөн газрыг давхцалтай байхад түүнийгээ хүчингүй болгуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авалгүйгээр дахин газар олголт хийсэн... захирамжид Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг баримталсан нь илт хууль бус... гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ЗӨХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж, гуравдагч этгээд ЗӨХХК-ийн талаас Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг баримталсан нь захирамжийг илт хууль бусд тооцох үндэслэл биш... хашааг буулгах, кадастрын хүрээнд хашаалах асуудал эхэлсэн хэмээн тайлбарлаж маргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх газраа 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өмчилж авсан. Б сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/342 дугаар захирамжаар Буянт-Оюу ХХК-д амралтын газрын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшүүлсэн нь манай газартай давхацсан байсныг 2020 оны 01 сарын 28-ны өдрийн А/51 дугаар захирамжаар ЗӨХХК-д шилжүүлсэн юм байна. Бид 2016 онд хашаагаа барьж, тог цахилгаанаа татчихаад байшингаа барих гээд байж байтал ЗӨХХК-иас над руу утасдаад манайх уг газар дээр аялал жуулчлалын газар хийх гэж байгаа юм. Та нар газраа чөлөөлж өг гэж хэлж байсан. Миний бие 2019 оны 12 сарын 19-ний өдөр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон, Буянт-Оюу ХХК-ийн илүү хашаалсан талбайг яагаад буулгаагүй юм бэ гэсэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн асуултад газрын даамал н.Мөнхбаяр, багийн дарга нар Буянт-Оюу ХХК-ийн хашааг буулгахаар очиход манаач нь ална гээд сүх бариад ирэхээр нь чадаагүй гэх тайлбарыг өгч байсан. Хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газрын хэмжээ байршилд өөрчлөлт оруулах тухай А/374 дүгээр захирамжаар 4112044013, 4112044014, 4112044015 дугаар нэгж талбар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн гэрчилгээ олгосон захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас ЗӨХХК нь 10,0 га газрыг хашиж, 2018 оноос хойш нэхэмжлэгч миний орох гарах гарцыг хааж, эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Хариуцагчийн 2020 оны А/374 тоот захирамж нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг баримталсан нь илтэд хууль бус. Мөн захирамжийн 3 дахь хэсэгт Эзэмшиж авсан газартаа Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 27.2.8-д зааснаар үүрэг хүлээж ажиллах гэж заасан нь илтэд хууль бус байна. Түүнчлэн ЗӨХХК-ийн эзэмшил газрын байршлыг өөрчлөн тогтоох эрх хэмжээ нь сумын Засаг даргад олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлж дуудлага худалдаагаар өгөгдсөн газрыг давхцалтай байхад түүнийгээ хүчингүй болгуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөнд тусгаагүй газарт дахин газар олголт хийсэн...Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин олгогдсон 254 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар Байгаль орчин газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 19-04-024/269 тоот албан шаардлагыг хүргүүлсэн байдаг...ЗӨХХК нь манай өмчийн газрыг тойруулаад хашаа барьж, орох гарах гарцыг хаасан, нийт найман жилийн хугацаанд газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна.... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т зааснаар Б сумын Засаг даргын 2020 оны А/374 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхэд анх Б сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/342 тоот захирамжаар Буянт-Оюу ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Буянт-Оюу ХХК-д олгогдсон газрыг ЗӨХХК-д шилжүүлээд захирамжаа өөрчлөөд, дуудлага худалдаагаар авсан газрынхаа кадастрын зурагт өөрчлөлт оруулаад 2020 оны 06 дугаар сард газрын байршлыг гурван тусдаа болгож салгуулсан байсан. Тэгээд манайх сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар 40000 м2 газрыг 16700 м2, 15029 м2 , 8172 м2 буюу гурван тусдаа газар болгож өөрчилсөн А/374 тоот захирамжийг сумын Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлээд дуудлага худалдаагаар өгөгдсөн газрыг давхцалтай байхад түүнийгээ хүчингүй болгуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаасаа зөвшөөрөл авалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд ЗӨХХК-д газар олгосон. Ингэж газар олгохдоо Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг үндэслэн утга агуулгын илэрхий алдаатай захирамж гаргасан. Хаана ч газар эзэмшүүлж болно гэсэн агуулгаар захирамж гаргасан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тухайн газарт байгаа 4,5 айлын газрыг хашаалж хашаа барьчхаад дээрээс нь тэр хавиар мал, хүн явуулахгүй, 4 га газрыг 10 га газар болгож хашаалчхаад өнөөдрийг хүртэл иргэдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа. Газар дээрээ байшин бариад амьдрах гэхээр оруулахгүй байна. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/797 дугаар албан бичгээр сумын Засаг дарга, газрын даамал нарт чиглэл хүргүүлсэн, Д.Эын гомдлын дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б сумын нутаг 3-р баг Өндөрийн ард гэх газарт хяналтын хэмжилт хийж үзэхэд ЗӨХХК иргэн Д.Эын өмчилсөн 0.4 га газрыг тойруулан хашаа барьж, орох гарах гарцыг хаасан мөн ойн сан болон усан сангийн газрыг хашаалсан. Б сумын Засаг дарга ЗӨХХК-д газар эзэмшүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг үндэслэн 2020 оны А/374 дүгээр захирамж гаргасан байх тул тус захирамжийн үндэслэлийг хангуулах, 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбаруудыг нийлүүлж хашаалсан хашааг буулгуулан нэгж талбар тус бүрээр хашаа бариулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг мэдэгдэж байна гэсэн байдаг. Үүний дагуу гуравдагч этгээдийн хашааг буулгаагүй. Б сумын Засаг дарга хууль хэрэгжүүлэх ажил дээр маш их хангалтгүй ажиллаж ирсэн. Засаг даргын албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Ц.Булган мэдэгдэл хүргүүлээд дийлэхгүй байна. Тийм учраас А/374 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т зааснаар утга агуулгын хувьд алдаатай илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

3.2. Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч Ц.Булган шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн албан бичгээр 4112043476 нэгж талбарын дугаартай ЗӨХХК-ийн газрын байршил нь Усан сан бүхий газрын 50 метрийн онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа нь усны тухай хуулийг зөрчиж гэж албан тоот ирүүлсний улмаас тус компани байршил өөрчлүүлэх хүсэлтээ сумын Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Газрын хэмжээ байршилд өөрчлөлт оруулах тухай А/374 дугаар захирамж гарган захирамжийн дагуу 4112044013, 4112044014, 4114044015 дугаар бүхий 3 нэгж талбар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. Уг захирамж гарахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтууд, үндэслэл нь илт хууль бус байгааг хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 19-04-024-269 албан шаардлагад ЗӨХХК-ийн газартай холбоотой асуудал байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/342 дугаар захирамжаар анх Буянт-Оюу ХХК-д 4 га газар эзэмшүүлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 захирамжаар ЗӨХХК-д шилжүүлсэн. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн албан бичгээр 4112043476 нэгж талбарын дугаартай ЗӨХХК-ийн газар нь Усан сан бүхий газрын 50 метрийн онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа нь Усны тухай хуулийг зөрчиж байна гэж албан тоот ирүүлсний улмаас тус компани байршил өөрчлүүлэх хүсэлтээ сумын Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Газрын хэмжээ байршилд өөрчлөлт оруулах тухай А/374 дугаар захирамж гарч захирамжийн дагуу 4112044013, 4112044014, 4114044015 дугаар бүхий 3 нэгж талбар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна. Иргэн Д.Эын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гомдлын дагуу Газрын харилцаа , барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд 10 дугаар сарын 06-ны өдөр газар дээр нь шалгалт хийсэн бөгөөд тус шалгалтаар Д.Эын орц, гарцыг хаасан байна, мөн усан сан болон, ойн сан бүхий газрыг хашаалсан байна гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/304 дугаар албан бичгээр ЗӨХХК-д мэдэгдэл хүргүүлж, танай компанид сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 тоот захирамжаар газрын хэмжээ байршилд өөрчлөлт оруулан 3 хэсэг газарт буюу 16799м2, 15027м2, 8172м2 болгон тус тус эзэмшүүлсэн бөгөөд газар дээрх талбайн хэмжээ кадастрын зургийн хэмжээнээс зөрүүтэй байна, 10 хоногийн хугацаанд газрыг чөлөөлөхийг албан ёсоор мэдэгдсэн боловч одоо болтол уг компани газрыг чөлөөлөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд ЗӨХХК шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эын нэхэмжлэл үндэслэлгүй байна. Буянт-Оюу ХХК нь Зочны тохой гэх газрыг Амралт сувилалын зориулалтаар эзэмшиж ашиглахаар дуудлага худалдаанд оролцож 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээг хийсэн. Буянт-Оюу ХХК нь Б сумын Засаг даргын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн А/342 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжаар Баянгол 3 дугаар баг Зочны тохойд 4 га газрыг амралт сувилалын зориулалтаар эзэмшсэн. 2015 оны 11 сарын 26-ны өдөр Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнээр кадастын зургыг хийлгэсэн ба аливаа этгээдийн эзэмшил, өмчлөгчтэй ямар нэгэн давхцалгүй эрхийн доголдолгүй байсан. Харин 2016 оны 10 сард Цахилгааны КТПН бариулахаар газрын кадастрын хэмжилт хийхээр шалгахад иргэн Д.Эын 4000м2 буюу 0,4 га газартай давхацсан давхцал гарч ирсэн байсан. Д.Эын өмчилсөн газартай Буянт-Оюу ХХК-ийн эзэмшлийн газар давхцаж буй байдлыг арилгах, тухайн газар ашиглаж, эзэмшиж буй ААН нь Б сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг компани байх ёстой гэсэн Б сумын татварын хэлтсийн шаардлагын дагуу Буянт-Оюу ХХК-ийн эзэмшилд байсан 4 га буюу 40,000 м2 газрыг 2020 оны 01 сарын 28-ны өдрийн А/51 дугаартай Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай Б сумын Засаг даргын захирамжаар ЗӨХХК-д шилжүүлсэн. 2020 оны 04 сарын 27-нд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалын нөөцийн удирдлагын газарт ЗӨХХК нь Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг явуулсан. БОАЖЯ-наас ЗӨХХК-ийн эзэмшилд байх Б сумын 3-р багийн нутагт орших 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын байршил нь Усны тухай хуулийн 22.2, 22.3-т заасан Усны сан бүхий газрын 50 метрийн онцгой бүстэй давхцаж байна гэж албан тоот ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 26-ны 15 тоот албан тоотыг Б сумын Засаг дарга, газрын даамалд хүргүүлэн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/374 тоот захирамжаар газрын байршил өөрчлөн кадастр хийлгэж, зөрчлийг арилган БОАЖЯ-наар хянуулж батлуулан БОНН үнэлгээний дүгнэлт, тайланг хийлгэсэн, мөн иргэн Д.Эын газартай давхцаж буй хэсгээр давхцалыг арилган, кадастрыг өөрчлүүлсэн, газар эзэмших эрхийн 000011443, 000011442, 000011441 тоот гэрчилгээгээр баталгаажсан.Эдгээрээс харвал иргэн Д.Эын Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дүгээр захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэсэнтэй илтэд зөрчилдөж байгаа буюу нэгэнт эрх бүхий этгээдийн санаачилгаар иргэн Д.Эын өмчилж буй газартай давхцаж буй кадастрыг өөрчлүүлэн аливаа давхцал байхгүй. Иргэн Д.Эын ашиг сонирхол зөрчигдөөгүй тул захиргааны актыг илтэд хууль бус болохыг тогтоолгох шаардах эрх байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Буянт-Оюу ХХК болон ЗӨХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөлд хамаарахгүй, илэрхий утга агуулгын алдаатай гэж үзэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах үндэслэлтэй буюу аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх нөхцөлөөр захиргааны актыг дахин гаргах үндэслэлтэй тул иргэн Д.Эын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.... Тухайн хашааг буулгах, кадастрын хүрээнд хашаалах асуудал эхэлсэн. Энэ асуудал дээр төсөв мөнгөө зохицуулсан байгаа. Хашааг буулгах гэхээр ажиллах хүч, цагаан сар, хөлдүү газар гэх мэт асуудлаас болоод одоогоор шийдээгүй байна. Газар гэсээд ирэхээр энэ асуудлыг шийднэ гэжээ.

Гуравдагч этгээд ЗӨХХК-ийн өмгөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны акт олгох үйл явц нь илт хууль зөрчсөн гэж байна. Анх Буянт-Оюу ХХК тухайн газрыг дуудлага худалдаагаар худалдан авахад кадастрын давхцал, Газрын үнэлгээ хийлгэх асуудлыг хийлгэж байж дуудлага худалдаа хийсэн. Дуудлага худалдаагаар газрыг худалдаж авахад нэхэмжлэгчийн газар кадастрын санд бүртгэгдээгүй учир Буянт-Оюу ХХК-д олгогдсон. Үүнээс хойш 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуудлага худалдаагаар авч, үнийг төлж, газрын үнэлгээг хийлгэсэн. Мөн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А/342 тоот Буянт-Оюу ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамж гарснаар цаашид эзэмшиж, ашиглаад авсан. Тэгэхээр 2015 оноос хойш Усны тухай хуультай зөрчилдөж байгаа тул үүнийг засаж залруулах асуудал яригдсан. Харин энэ захирамжийн асуудал хүчинтэй, хүчингүй гэдэг талаар яригдаагүй... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өмчийн газартаа орж чадахгүй, ашиглаж чадахгүй байна гэж байгаа. Энэ нь маргаан бүхий захиргааны акттай хамааралгүй. Энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэж болно. ЗӨХХК-ийн хувьд тухайн газраа эзэмшиж ашиглахад хязгаарлалт тавиагүй. Усны тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар тухайн эзэмшиж байгаа газар орчноо 50 хүртэл метр газрыг хамгаалалттай байлгана гэдэг асуудал байна. Энэ асуудлын хүрээнд гурван газраа нийлүүлж хашаа барьсан ба одоо тухайн газраа салгаж хашаалах нь үнэн. Гэхдээ энэ асуудал нэхэмжлэлийн шаардлагын асуудал биш гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч шүүхэд хандан дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1. Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжид Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг баримталсан, захирамжийн 3 дахь заалтаар эзэмшиж авсан газартаа Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 27.2.8-д заасан үүрэг хүлээж гэж заасан нь илтэд хууль бус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т зааснаар утга агуулгын илэрхий алдаатай,

2. Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжаар ЗӨХХК-ийн эзэмшил газрын байршлыг өөрчлөн тогтоосон нь Б сумын Засаг даргад олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлж дуудлага худалдаагаар өгөгдсөн газрыг давхцалтай байхад түүнийгээ хүчингүй болгуулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авалгүйгээр дахин төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар олголт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус хэмээн тайлбарлан маргасан байна .

Хоёр. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас авс үзвэл:

1. Төв аймгийн Б сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч Д.Эд тус сумын Баянгол 3 дугаар багт 4000 квадрат метр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж[3], газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Эд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 000283520 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон[4].

2. Б сумын Засаг даргын 2015 оны 6 сарын 16-ны өдрийн А/342 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаанд шалгарсан гэх үндэслэлээр Буянт-Оюу ХХК-д тус сумын Баянгол 3-р багийн Зочны тохой нэртэй газарт 4 га газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн хэмээн Буянт-Оюу ХХК-ийн 40000 квм газрыг ЗӨХХК-д шилжүүлэн эзэмшүүлж[5], 3 сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийн 000011425 дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 06б/3564 тоот албан бичгээр Б сумын нутагт орших 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын байршил нь Усны тухай хуулийн 22.2, 22.3-т заасан усан сан бүхий газрын 50 метр онцгой бүстэй давхцаж байна[6] гэсэн дүгнэлт гарсан бөгөөд ЗӨХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б сумын Засаг дарга, газрын даамал нарт хандан 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургийг шинэчлэн мэдээллийн санд оруулах хүсэлт[7] гаргасан.

4. ЗӨХХК-ийн хүсэлтийг Б сумын Засаг дарга хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар ЗӨХХК-д эзэмшүүлсэн 40000 мкв газрын байршлыг өөрчлөхдөө Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбарын дугаар бүхий 16700 м2, 15029 м2 , 8172 м2 газрыг ЗӨХХК-д тус тус эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

5. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 07/863 тоот албан бичигт ...иргэн Д.Эын өмчилж буй 4112030504 нэгж талбарын дугаартай газар нь ЗӨХХК-ийн 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбарын дугаар бүхий газруудтай давхцалгүй байна...ЗӨХХК нь ...эзэмшлийн нэгж талбаруудыг нийлүүлэн өөрийн эзэмшилд олгогдоогүй газрыг хашаажуулж орц гарц хаасан зөрчил илэрсэн...[8] гэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/797 дугаар албан бичгээр ...газарт хяналтын хэмжилт хийж үзэхэд ЗӨХХК нь иргэн Д.Эын өмчилсөн 0.4 га газрыг тойруулан хашаа барьж, орох гарах гарцыг хаасан мөн ойн сан болон усан сангийн газрыг хашаалсан ... 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбаруудыг нийлүүлж хашаалсан хашааг буулгуулан нэгж талбар тус бүрээр хашаа бариулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах[9] тухай мэдэгдлийг Б сумын Засаг дарга, газрын даамал нарт хүргүүлсэн.

6. Нэхэмжлэгч Д.Эын ...Б сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/342 дугаар захирамжаар Буянт-Оюу ХХК-д амралтын газрын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшүүлсэн нь манай газартай давхацсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дугаар захирамжаар ЗӨХХК-д шилжүүлсэн юм байна... гэх тайлбар,

7. Гуравдагч этгээд ЗӨХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Буянт-Оюу ХХК-д анх газар эзэмшүүлэхдээ иргэн Д.Эын газар дээр давхцуулсан байсан ч гуравдагч этгээд хүсэлтээ гаргаад газраа гурав хуваагаад, тухайн хамгаалалтын бүсийг чөлөөлснөөр Д.Эын газартай давхцалтай хэсэг чөлөөлөгдөөд Д.Эыг газраа эзэмшиж, ашиглахад хязгаарлалтгүй болгосон гэсэн тайлбар зэргээр хариуцагч нь 2015 оны 6 сарын 16-ны өдрийн А/342 дугаар захирамжаар иргэн Д.Эын өмчийн газар болон усны хамгаалалтын онцгой бүстэй давхцуулан Буянт-Оюу ХХК-д 40000 мкв газар эзэмшүүлж, уг газрыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар ЗӨХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар ЗӨХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 40000 мкв газрыг 3 нэгж талбарт хувааж, газрын байршлыг өөрчилснөөр маргаан бүхий газар иргэн Д.Эын өмчийн газартай давхцалгүй болсон. Харин ЗӨХХК нь 3 өөр нэгж талбарт байршиж буй эзэмшлийн газруудыг нэгтгэн 1 хашаа барихдаа өөрийн эзэмшилд олгогдоогүй газарт хашаа барьснаар газар өмчлөгч иргэн Д.Эын орц гарцыг хаасан болох нь тогтоогдсон.

Гурав. Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаар:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д Газар өмчлөгч иргэн ...хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж,

2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т газар эзэмшигч бусдын газар эзэмшигчтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ. Хуульд ийнхүү зааснаар газар эзэмшигч нь бусад иргэн хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй байх бөгөөд газар эзэмшигч ЗӨХХК нь иргэн Д.Эын орц, гарцыг хааснаар түүний өмчийн газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Хариуцагчаас хууль бусаар барьсан хашааг буулгах, орц гарц гаргах асуудлаар ЗӨХХК-д мэдэгдэл өгсөн байгааг дурдаж байна.

Дөрөв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:

1. Б сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжийн үндэслэлд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг баримталсан байх боловч ЗӨХХК-ийн эзэмшлийн 40000 м2 газрын байршлыг өөрчилж, 3 нэгж талбарт хуваан эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, харин ч уг актаар хариуцагч Усны тухай хууль болон иргэн Д.Эын газар өмчлөх эрхийг зөрчсөн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/342 дугаар захирамжийнхаа алдааг зассан байх тул тухайн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар ...утга агуулгын илэрхий алдаатай гэж дүгнэх үндэслэлгүй байна.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т Сумын Засаг дарга энэ хуулийн 21.3.2-т зааснаар бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах бүрэн эрхтэй тухай заасан бөгөөд хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар хууль зөрчсөн болон Д.Эын өмчийн газраа эзэмшиж ашиглах эрхийг хөндсөн шийдвэрээ өөрчилж, түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байх тул уг захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасан Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчим-д нийцсэн, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй байна. Иймээс хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнийг илт хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын Б сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-т зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 27 дахь тал,

[2] Хавтаст хэргийн 25, 56-66 дахь тал,

[3] Хавтаст хэргийн 9 дэх тал,

[4] Хавтаст хэргийн 6 дахь тал,

[5] Хавтаст хэргийн 28 дахь тал,

[6] Хавтаст хэргийн 23-р хуудас

[7] Хавтаст хэргийн 22 дахь тал,

[8] Хавтас хэргийн 56-66 дахь тал,

[9] Хавтаст хэргийн 25 дахь тал,