Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0325

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн Д.Э

Нэхэмжлэгч Д.Э

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Э.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 09-ны өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э , түүний өмгөөлөг Л.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө

Гуравдагч этгээд Э.О , түүний өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 123/2021/0038/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э  нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан “Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э ын Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 дугаар захирамжаар Баянгол 3 дугаар багт 4000 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан.

2/. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015-06-26-ны өдрийн A/342 дугаар захирамжаар "Б " ХХК-д амралтын газрын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшүүлэхдээ анхнаасаа "дуудлага худалдаагаар шалгарсан гэх нэрийдлээр газар давхардуулан олгосон" нь хууль бус байсан.

3/.Хариуцагч Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл нь мөн хууль бус. Учир нь, "Зочдын Өргөө” ХХК-д газар эзэмшүүлэхдээ "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтыг удирдлага болгон захирамжилсан байдаг.

4/. Аливаа засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухайд тухайн газар эзэмшигчийн газрын хувийн хэрэгт дуудлага худалдааны үнэ, төлбөр төлсөн баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй, газрын хувийн хэргээс ямар нэгэн баримтыг хариуцагч ирүүлээгүй.

5/. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын албан үүрэг түр хавсран гүйцэтгэгч Ц.Булган шүүхэд гаргасан тайлбартаа: "Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр 4112043476 нэгж талбарын дугаартай "З " ХХК-ийн газрын байршил нь усан сан бүхий газрын 50 метрийн онцгой хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь Монгол Улсын Усны тухай хуулийг зөрчиж гэж албан бичиг ирүүлсэний улмаас тус компани байршил өөрчлүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Газрын хэмжээ байршилд өөрчлөлт оруулах тухай” А/374 дүгээр захирамж гарган захирамжийн дагуу 4112044013, 4112044014, 4114044015 дугаар бүхий 3 нэгж талбар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Уг захирамж гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтууд, үндэслэл нь илт хууль бус байгааг зөвшөөрч байна...” гэжээ.

6/.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дахь талд: “ ...Гурав. Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх зөрчигдсөн эсэх талаар:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 27 дугаар зүйлийн 27.1.1-д Газар өмчлөгч хязгаарын дотор иргэн... хуулиар олгогдсон өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж,

2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д газар эзэмшигч бусдын газар эзэмшигчтэй холбогдсон эрх, хууль ёсын ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэг хүлээнэ" гэж заажээ. Хуульд ийнхүү зааснаар газар эзэмшигч нь бусад иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх бөгөөд газар эзэмшигч "Зочдын өргөө” ХХК нь иргэн Д.Э ын орц гарцыг хааснаар түүний өмчийн газартаа торхон байшин барьж агаар салхинд гарах зэрэг бүхий л эрхийг эрхийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчаас хууль бусаар барьсан хашааг буулгах, орц гарц гаргах асуудлаар "З” ХХК-д мэдэгдэл өгсөн байгааг дурдаж байна" гэж зөв дүгнэсэн атлаа..." Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнийг илт хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэснийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Д.Э д Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжаар тус сумын Баянгол 3 дугаар багт 4000 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн 000283520 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

3.2. Мөн хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/342 дугаар захирамжаар газрын дуудлага худалдаанд шалгарсан гэх үндэслэлээр Б ХХК-д тус сумын Баянгол 3 дугаар багийн Зочны тохой нэртэй газарт 4 га газрыг амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар тус 4 га газрыг Зочдын өргөө ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, 3 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийн 000011425 дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон байна.

3.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 06б/3564 тоот албан бичгээр “...Батсүмбэр сумын нутагт орших 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын байршил нь Усны тухай хуулийн 22.2, 22.3-д заасан усан сан бүхий газрын 50 метр онцгой бүстэй давхцаж байна ...” гэсэн дүгнэлт гарсан тул гуравдагч этгээд “Зочдын өргөө ХХК-иас кадастрын зургийг шинэчлэн мэдээллийн санд оруулах хүсэлт гаргасанд Батсүмбэр сумын Засаг дарга хүлээн авч уг хэргийн маргаж буй 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжийг үйлджээ.

3.4. Тус захирамжаар гуравдагч этгээд “З ХХК-ийн эзэмших эрхэд 40000 мкв газрын байршлыг 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбарын дугаар бүхий 16700 м.кв 15029 м.кв, 8172 м.кв талбай болгон гурван хэсэгт хуваан өөрчилсөн бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн уг захирамжаас нэхэмжлэгчээс орц, гарч хаасан хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” тохиолдолд тухайн захиргааны акт илт хууль бус байх хуулийн зохицуулалттай.

3.6. Гэвч хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Э , гуравдагч этгээд “Зочдын өргөө ХХК-ийн газар эзэмших эрх бүхий талбайн кадастрын болон агаар сансрын зураг зэргээр эдгээр хэргийн оролцогчдод газар эзэмшүүлсэн талбай нь давхцаагүй, иргэн Д.Э ын өмчлөлийн газрын орц гарцыг хааж газар олгоогүй байх бөгөөд маргаан бүхий актад утга агуулгын илэрхий алдаа байхгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэлслэл бүхий байна.

3.7. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар хариуцагчаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, уг актыг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэхээргүй, энэ талаар дахин тодруулах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

3.8. Түүнчлэн хариуцагчийн тайлбарт дурьдсанаар “...Уг захирамж гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтууд, үндэслэл нь илт хууль бус байгааг зөвшөөрч байна...” гэсэн нь захиргааны байгууллага өөрийн гаргасан эрх зүйн актын алдаа, зөрчлийг арилгаж, зөвтгөн гаргах хуульд заасан эрхийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа бөгөөд мөн энэ үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

3.9. Харин гуравдагч этгээд “Зочдын өргөө ХХК нь өөрийн эзэмшилд олгогдоогүй газарт хашаа барьснаар газар өмчлөгч иргэн Д.Э ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тохиолдолд Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д Газар өмчлөгч иргэн ...хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д газар эзэмшигч бусдын газар эзэмшигчтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчсөн үйлдэлд зохих журмаар захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА