Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 762

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч Н.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Бд холбогдох эрүүгийн 2005 00878 0432 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Б,

Н.Б нь 2020 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 19 тоотод байрлах өвлийн байшин дотор хүү Б.Б эхнэр Э.Н хардсаны улмаас зүүн гарт нь хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд гүн хатгагдаж зүсэгдсэн шууны мэдрэл таслагдаж гэмтсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Н.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, 26 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан устгаж, Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндорж бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй талаар талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзнэ. Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийг зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан байна. Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ..барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялыг хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 19 тоотод байрлах өвлийн байшин дотор хүү Б.Б эхнэр Э.Н хардсаны улмаас түүний зүүн гарын шуунд хутгалж, эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд гүн хатгагдаж зүсэгдсэн шууны мэдрэл таслагдаж гэмтсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бы “...Тэр үед аав агсам тавиад орилоод байсан. ...Би гэрлээ асаагаад харахад аав баруун гарандаа гал тогоонд байсан хар иштэй хутгыг барьчихсан байсан. ....Тэгээд миний зүүн гарын шуу хэсэгт хутгалсан. ...” /хх 23-24/,

гэрч Э.Нарантуяагийн “...Хамтран амьдрагч Н.Бгийн хамт гэртээ орж уугаад сууж байтал гаднаас Б.Б нүүрс оруулж ирээд бид гурав нийлж 1 шил архи уусан. Н.Б гэнэт согтоод намайг өөрийнхөө хүү Б.Бтай унтаж хэвтдэг гээд агсам тавиад байсан. Б.Б “...ааваа та юу яриад байгаа хүн бэ, унтаач” гэхэд Н.Б орилж, хэл амаар доромжилж байгаад ширээн дээр байсан хутга аваад “намайг ална” гэсэн чинь Б.Б “ааваа та боль” гээд намайг өмөөрч байгаад гараа зүсүүлсэн. ...” /хх 17/,  

яллагдагчаар Н.Бгийн өгсөн “... хүү Б.Б, эхнэр Э.Нарантуяа нартай хамт гэртээ ирээд 1 шил архи уусан. ...Би 00 орчихоод буцаж байшин руугаа явж байхад цонхоор харахад манай хүү Б.Б, хойд эх болох Э.Н хэвтэж байх шиг байсан. Би уурлаад ороод “үнсэлцсэн үү” гэж асуугаад агсам тавьсан. ...Тэгээд намайг унт гээд хэвтүүлээд гэрэл унтраачихаар нь уур хүрээд унтаж чадахгүй байсан болохоор гал тогооны шургуулганаас хутга аваад очсон чинь манай хүү Б.Б гэрэл асаасан. Тэгэхээр нь би айлгах гээд хутгаараа чичсэн чинь зүүн гарын шуу хэсэгт нь хутга орчихсон. ...” /хх 40-42/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2881 дугаартай “...Б.Бы биед зүүн гарын шуунд гүн хатгагдаж зүсэгдэн шууны мэдрэл таслагдаж гэмтсэн шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /хх 28-29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, уг нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бгийн өөрийн хүү болох Б.Б эхнэр Э.Н хардсаны улмаас түүний зүүн гарын шуунд хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Прокурор эсэргүүцэлдээ “...Н.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна ” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заажээ.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  “торгох ял”-аас өөр сонголтгүй гэж зөв дүгнэсэн боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй буюу цалин хөлс, бусад орлого олох боломжгүй гэдэг байдлаар шүүхээс түүнд оногдуулж байгаа торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь дээрхи хуулийн заалттай нийцэхгүй бөгөөд шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг ойлгомжтой, тодорхой тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах нь зүйтэй.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж зааснаар торгох ялын хугацааг хэдий хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан заалтыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал үүсч байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Н.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд прокурор С.Цэрэндоржийн бичсэн “...Н.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлүүдээр зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.