Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг

хохирогч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005008780432 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1... оны .. дугаар сарын ...-нд ...аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Т. овогт Н.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Б 2020 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны .. тоотод байрлах өвлийн байшин дотор төрсөн хүү Б.Быг эхнэр Э.Н тайгаа хардсаны улмаас зүүн гарт хутгалж түүний биед зүүн гарын шуунд гүн хатгагдаж зүсэгдсэн шууны мэдрэл таслагдаж гэмтсэн шарх учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хүүгээ хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйл байхгүй. Тухайн үед би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байгаа юм гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр орой аав, хойд ээж, бид гурав архи уусан. Тэгээд аав нилээд согтоод, гарч 00 орж ирснээ намайг хойд ээжтэй хардаж миний зүүн гарын шуу хэсэгт хутгалсан. Одоо бол миний бие зүгээр, зүүн гар мэдээ орсон, атгаж болж байгаа. Би аавдаа гомдохгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Ер нь бол аав, хойд ээж, бид гурав хамт нэг гэрт амьдардаг юм. Би харин удахгүй тусдаа гарах гэж байгаа. Би одоо 35 настай. Гэр бүл зохиож үзээгүй. Өмнө нь намайг аав дарамталсан асуудал байхгүй гэв.   

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2005008780432 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг судалвал:

хохирогч Н.Бгийн Б “… би төрсөн эцэг Н.Б, хойд эх Н нарын хамт амьдардаг. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэртээ хэвтэж байсан юм. Аав Н.Б хамаатны айл руу явчихаад 20 цагийн үед согтуу ирсэн. Ингээд аав гэрт байсан архийг задлаад уусан. Би архинаас нь 3-4 хундага татсан. Ээж Н архинаас бас уусан. Ингээд аав 00 орохоор гадагшаа гарсан. Би зүүн талын ор нь дээр хэвтэж байсан. Ээж Н баруун талын ор нь дээр хэвтэж байсан. Тэгтэл аав 00 орчихоод орж ирээд надад хандаж “чи хойд эхтэйгээ сая үнсэлцсэн, чи эхтэйгээ унтаж хэвтдэг” гэх мэтээр харааж орилсон. Тэгэхээр нь би босоод аавыг унт гээд хоёр удаа зүүн хацар хэсэгт нь алгадсан. Тэгээд гэрлээ унтраагаад аавыг орон дээр нь хэвтүүлсэн. Тэр үед аав агсам тавиад орилоод байсан. Нэг харахад аав орноосоо босоод миний хажууд ирчихсэн байсан. Би гэрлээ асаагаад хартал аав баруун гарандаа гал тогоонд байсан хар иштэй хутгыг барьчихсан байсан бөгөөд намайг хутгалах үйлдэл хийсэн. Би гараараа хаасан чинь зүүн гарын шуу хэсэгт хутга нь яваад орчихсон. Ингээд их хэмжээний цус гарсан бөгөөд Н 102, 103 дуудсан байсан. Эхлээд цагдаад ирээд аавыг баривчилсан. Удалгүй 103 ирээд намайг аваад гэмтэл орж оёдол тавиулсан. Миний гарны мэдрэл таслагдсан байна гэсэн. Би гэмтэлд очиж зүүн гарандаа хагалгаа хийлгэж оёдол тавиулсан. Өөр ямар ч газар эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэг санал гомдол байхгүй” /хх-н 23-24/ гэж,

гэрч Эрдэнэпүрэвийн Н “... 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би хамтран амьдрагч Н.Бгийн хамт гэртээ орж уугаад сууж байхад Б гаднаас нүүрс оруулж ирээд бид гурав нийлээд 1 шил архи уусан. Тэгтэл Н.Б гэнэт согтоод намайг өөрийнхөө хүү Б гэгчтэй унтаж хэвтдэг гээд агсам тавиад байсан. Б ааваа та юу яриад байгаа хүн бэ, унтаач гэхэд Н.Б орилж орилон хэл амаар доромжилж байгаад ширээн дээр байсан хутга аваад намайг ална гэсэн чинь Б ааваа та боль гээд намайг өмөөрч байгаад гараа зүссэн. Тэгээд би шууд 103 руу залгаад түргэн дуудсан” /хх-н 17/ гэж,

яллагдагч Намнандоржийн Н.Б “... би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад гадуур гарч архи ууж байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Ингээд гэрт 1 шил архи байхаар нь задлаад уусан. Ингээд манай хүү Б, эхнэр Н нар хамт архи уусан. Нилээд орой болсон байсан бөгөөд би гарч нойл орчихоод буцаж байшин руу явж байхад цонхоор харахад манай хүү Б хойд эх Нтай хэвтэж байх шиг байсан. Би уурлаад явж ороод үнсэлцсэн үү гэж асуугаад агсам тавьсан. Тэгээд намайг унт гээд хэвтүүлээд гэрэл унтраачихаар нь би уур хүрээд хэвтэж чадахгүй байсан учир гал тогооны шургуулганаас хутга аваад очсон чинь хүү Б гэрэл асаасан. Тэгэхээр нь би айлгах гээд хутгаараа чичсэн чинь зүүн гарын шуу хэсэгт нь хутга орчихсон” /хх-н 39-40/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хохирогч Б.Бы гэмтэлтэй холбоотойгоор “Б.Бы биед зүүн гарын шуунд гүн хатгагдаж зүсэгдсэн шууны мэдрэл таслагдаж гэмтсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарнагэсэн 2881 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 28-29/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Н.Б хохирогч Б.Бы төрсөн эцэг байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэдэгт хамаарна.

 

Гэвч хохирогч болох Б.Б одоо 35 настай, нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн хүүгээ төрсөн эцгийнх нь зүгээс байнгын хүчирхийлэлд байлгадаг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.Б “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, ...” гэж хуульчилсан. Эдгээр ялын төрлөөс шүүгдэгч Н.Бд торгох ял оногдуулахаар сонгов.

Учир нь, шүүгдэгч Н.Б 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 60 нас хүрсэн байх ба түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэсэн заалттай харшилдана.

 

Шүүгдэгч Н.Б эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, тэтгэврийн насны хүн гэх боловч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахад “торгох ял”-аас өөр сонголтгүй байна.

 

Эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй буюу цалин хөлс, бусад орлого олох боломжгүй гэдэг байдлаар шүүгдэгч Н.Бд шүүхээс оногдуулж байгаа торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Архи, согтууруулах ундаа хэрэглэдэг шүүгдэгч Н.Б шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээс гадна шүүхээс шүүгдэгчид торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх боломж олгохгүй байгаа байдал нь “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Б эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй 26 см урттай, 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

        ТОГТООХ нь:

 

1. Тэнгэр овогт Намнандоржийн Н.Бг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Н.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Н.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, 26 см урттай 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ