Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2020/00804

 

 

 

 

 

156/ШШ2020/00804

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00741/И

******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Боржигон овогт Мишигдоржийн Байгалмаа /РД:СЭ59081424/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, Боржигин овогт Буурын Байгалмаа /РД:СЮ63071406/-д холбогдох,

12 890 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.Байгалмаа, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,

хариуцагч Б.Байгалмаа, түүний өмгөөлөгч Б.Жавхлан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Байгалмаа би мөнгөний хэрэг гараад Б.Байгалмаагаас 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 12 сая төгрөгийг бэлнээр зээлийн гэрээг бичгээр байгуулалгүй, харилцан ярилцаж сарын 12 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай байхаар тохиролцон хүлээж авсан.

Үүнээс хойш М.Байгалмаа би өөрийн эзэмшлийн 5956023399 тоот данснаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 016 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1 440 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 968 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1 100 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 360 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1 680 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 200 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 700 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 800 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 200 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 40 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 60 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 750 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 50 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 150 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 50 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 785 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 800 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 730 000 төгрөг, нийт 27 329 000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн 5935004337 тоот данснаас: 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 330 000 төгрөгийг тус тус шилжүүлэн нийт 1 080 000 төгрөгийг хоёр дансны нийлбэр дүнгээр 28 409 000 төгрөгийг Б.Байгалмаад дансаар шилжүүлсэн байна.

Үүнээс гадна өндөр настай эцэг, эх бага насны хүүгээсээ санаа зовохдоо нөхөртөө зэмлүүлж, байнга мөнгө нэхэж гэрт ирдэг байсан болохоор бага ч гэсэн мөнгө цувуулан төлж байсан. Бэлнээр төлсөн болон бараа материалаар төлсөн, ээмэг бөгж барьцаанд тавьсан төлбөрийг оруулан тооцоогүй болно. Бид анх 12 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 12 хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцож авсан учир сарын 1 440 000 төгрөгийг 3 сард тооцож 4 320 000 төгрөг, үндсэн мөнгө 12 000 000 төгрөг дээр нэмж нийлбэр 16 320 000 төгрөгийг төлөх ёстой үүрэгтэй гэж үзэж байна.

Өмнө нь би хоёр ч удаа зээл аваад хугацаандаа төлж байсан. Өмнө нь би Байгалмаагаас 10,000,000 төгрөгийн зээл аваад 1 сарын хугацаанд төлж байсан. Дараа нь 7,000,000 төгрөг аваад 8,800,000 төгрөг болгож төлөөд, 8,800,000 төгрөгөө 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлчихөөд дараа нь 12,000,000 төгрөг зээлж авах санал тавьсны үндсэн дээр энэ мөнгийг Байгалмаагаас авсан юм. Өмнөх мөнгөө 12 хувийн хүүтэй өгч байсан болохоор 12,000,000 төгрөгийг ч мөн адил энэ хүүгээрээ өгөх байх гэж бодоод тохиролцож авсан. Эхний үед өөрийнхөө харилцах данснаас анх гэрээ хийснээр 1,440,000 төгрөгийг би хугацаандаа өгч чадалгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,016,000 төгрөгийг би өөрийнхөө 5956023399 тоот данснаас шилжүүлсэн. Дараа сарын буюу 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 1,440,000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хоногийн алданги хүүтэй нь 1,968,000 төгрөгийг гэх мэт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийтдээ 27,329,000 төгрөгийг энэ хугацаанд төлж дуусгасан. Мөн өөрийн эзэмшлийн 5935004337 тоот харилцах данснаас нийтдээ 28,409,000 төгрөгийг Б.Байгалмаад шилжүүлж өгсөн. Дээрх байдлаар 12 сая төгрөгийг 12 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай харилцан тохиролцож авсан учраас сарын 1,440,000 төгрөгийг 3 сард тооцож, 4,320,000 төгрөг үндсэн 12 сая төгрөг дээр нэмж 16,320,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа учраас одоо 28,409,000 төгрөгөөс 16,320,000 төгрөгийг суутгаад 12,890,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч М.Байгалмаа би үүргээ зохих ёсоор Б.Байгалмаад гүйцэтгэсэн, дуусгавар болсон учир мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй олж авсан мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.Байгалмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Байгалмаа нь надаас мөнгө зээлээч гэж утсаар хэд хэдэн удаа ярьсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай гэрийн гадаа ирээд надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, надад мөнгө зээлж туслаач гэсний дагуу түүнд үнэхээр мөнгө хэрэгтэй байгаа юм байна, тусалъя гэсэн үүднээс мөнгө зээлүүлсэн юм.

Тухайн үед би бүр сайн танил биш ч гэсэн М.Байгалмааг нэг нутаг усны, нутаг орондоо тодорхой хэмжээний нэр хүнд, байр суурьтай Баялаг хурах нэртэй хувийн компанитай, хувийн бизнес эрхэлдэг учир түүнд итгэж 13 440 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулж, өөрсдөө гарын үсэг зурж түүнд зээлүүлсэн.

Ингээд М.Байгалмаа нь надаас мөнгө зээлдэж авсныхаа дараанаас эхлээд л анх хэлсэн ёсоороо биш мөнгийг увуулж, цувуулан хийх болсон. Анх авсан 13 440 000 төгрөгийг өгөөгүй бөгөөд сарын хүү гэж л над руу мөнгө хийдэг байсан. Түүнээс үндсэн мөнгөө хүүгийн хамт авъя гэж удаа дараа очиход элдэв шалтгаан хэлж надад мөнгөө төлнө гэж удаа дараа баталгаа бичиж өгдөг байсан боловч тэрхүү амлалтдаа хүрээгүй өдийг хүрсэн.

М.Байгалмаа нь хамгийн сүүлд өөрийн гараар надад үндсэн мөнгө болон хүүгийн нийт 25 840 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж өөрийн гараар бичиг бичиж өгсөн. Тэрхүү мөнгөө 2018 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр бичгээ бичиж өгсөн. Би бол хүнд мөнгө илүүчлээд байхаар тийм мөнгөтэй хүн биш бөгөөд Байгалмаад зээлүүлсэн мөнгө бол миний Соёолж дэлгүүрт барилгын материалын тасгийн худалдагчаар ажиллаж байхдаа өөрийн хэдэн төгрөгөөрөө дэлгүүрийг Хятадаас бараа татахад нь бараа захиж, түүнийгээ дэлгүүрийн барааны хажуугаар зарж, өсгөж, эргэлдүүлдэг байсан мөнгө бөгөөд 2 жилийн турш бага мөнгөнөөс нь тийм хэмжээний болтол өсгөж авсан мөнгө, миний ганц орлогын эх үүсвэр маань байсан. Соёолж дэлгүүрийн эзний эхнэр нь манай дүү байсан тул ингэж бараа татахыг надад зөвшөөрдөг байсан. Урьд нь би ийм маягаар мөнгөө нэг улиралд 70 хувь шахуу өсгөдөг байсан. М.Байгалмаа нь өөрөө л миний дансанд зээлийн төлөлт гэж хийдэг байсан. Надад Байгалмааг албадаж, сүрдүүлж, ямар нэгэн хууль бусаар хандсан зүйл байхгүй. М.Байгалмаа нь нягтлан мэргэжилтэй, насаараа нягтлан хийж, хувийн бизнес эрхэлж байсан, одоо ч эрхэлсээр байгаа хүн бөгөөд надад хийсэн мөнгийг тооцоогүйгээр хийнэ гэж байхгүй, өөрийн хэлсэн амласан ёсоороо бичиж өгсөн бичиг, баталгаандаа л тулгуурлаж, мөнгийг над руу тооцож өөрөө сайн дураараа хийдэг байсан.

Намайг зээлүүлсэн мөнгөө авъя гээд очихоор Байгалмаа нь зээлээ сунгая гээд элдэв шалтгаан хэлээд өгдөггүй байсан. 4, 5 жилийн хугацаанд олон шалтгаан хэлж байсан. Хотод 2 өрөө байр зарах гэж байгаа, зээл хөөцөлдөж байгаа, хүүхдүүд ажил хөөцөлдөж байгаа, зээлийн барьцаа хүрэхгүй байна, өвчин зовлон туслаа гэх мэтээр элдвийн шалтгаан хэлдэг байсан. Байгалмаа надаас зээл авсан мөнгөө төлөөгүй, хүүг нь төлж байгаа гэдгээ баталж бичсэн бид хоёрын гарын үсэгтэй баримтууд байгаа. Сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр баримт бичиж өгсөн. Тэр баримт дээр 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэхэд үндсэн мөнгөө зээлийн хүүгийн хамт 25,840,000 төгрөгийг төлнө гэж гарын үсгээ зураад баталж өгсөн. Гэвч хэлсэндээ хүрээгүй. Би хэдэн жилийн ажлын үр шим хадгалж байсан мөнгөө Байгалмаад найдаж өгсний төлөө дараа нь өөртөө ямар ч эргэлтийн мөнгөгүй болсон. 2016 онд би автомашинаа зарсан. 2017 онд эргэлтийн мөнгөтэй болохын тулд зээл төлөлтөө багасгах зорилгоор хүнээс 8 сая гаруй төгрөг зээлдэж аваад Хас банкныхаа зээлийн үлдэгдлийг төлөөд дахиж зээл авсан. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 8,700,000 төгрөг төлсөн баримт маань байгаа.

Би Байгалмааг миний авсан мөнгийг 4, 5 жил эргэлдүүлж, өөртөө ашиг орлого олж, зохих хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсон байх гэж бодож байна. Анх надаас мөнгө авахдаа өчнөөн сайхан зүйл ярьж, миний итгэлийг төрүүлж авсан. Энэ хүнд итгэснээсээ болж би одоо өөрөө хохироод явж байна. Энэ асуудлаас болж манай гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж, амгалан тайван амьдрал маань үгүй болсон. Өнгөрсөн хугацаанд банкны зээлээ төлөхийн тулд банк бусаас зээл авч, ломбардад өөрийнхөө эд зүйлийг тавьж байсан. 2016-2019 оны хооронд хүмүүсээс авч байсан мөнгөнүүдийн хүү нь нийлээд 14,493,000 төгрөг болсон байна лээ. Энэ мэтчилэнгээр намайг маш их хохироосон. Манай нөхөр хуваариа юм хийдэг байсан. Сүүлд ажлаа хийж чадахаа байсан, мөнгөтэй болох зорилгоор тааралдсан ажлаа хийгээд одоо эрүүл мэндийн хувьд муудсан. Миний хувьд бас эрүүл мэндийн тал дээр өөрчлөлтүүд гарсан. Намайг дарамталж надаас мөнгө авсан гэж ор үндэсгүй зүйл ярьж байна. Би ганц ч удаа уурлаж загнаж байгаагүй. Мөнгөө авъя л гэж очдог байсан. Намайг тэгж бичсэн байсан. Ямар учраас тэгж бичсэнийг би ойлгохгүй байна. Би энэ хүний гэрт нь ганц ч удаа очиж үзээгүй. Нэг удаа гэрт нь очиж уулзаж байсан.

Иймд М.Байгалмаа нь өөрийн хэрэгтэй үедээ надаас тус дэм авч мөнгийг маань авч байсан, энэ 4 жилийн хугацаанд өөрийн надад учруулсан хор хохирлоо тооцож мэдэхгүйгээр өөрийгөө хохирсон мэтээр ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Мишигдоржийн Байгалмаа нь Буурын Байгалмаад холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12 890 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүхийн зүгээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын маргаагүй байдлаар нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд М.Байгалмаагаас Б.Байгалмаад нийт 27 329 000 төгрөг, мөн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 1 080 000 төгрөг, нийт 28 409 000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан нь, харин хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд М.Байгалмаа нь Б.Байгалмаагаас анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13 440 000 төгрөгийн зээл авсан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 5-34 дүгээр хуудаст авагдсан М.Байгалмаагийн ХААН банкны харилцах 5956023399 дансны хуулгаар нэхэмжлэгч М.Байгалмаагаас хариуцагч Б.Байгалмаа руу 24 383 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Энд дурдагдсан баримтыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд нотлох баримтаар няцаагаагүй болно.

Харин хэрэгт авагдсан М.Байгалмаагийн ХААН банкны харилцах 5956023399 дансны хуулгаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1 016 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 730 000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдохгүй бөгөөд мөн М.Байгалмаа өөрийн ХААН банкны харилцах 5935004337 данснаас мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулгаа шүүхэд гаргаж өгөөгүй тул нийт 28 409 000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байх ба дээрх байдлаар 24 383 000 төгрөг шилжүүлжээ гэж үзлээ.

Хариуцагч Б.Байгалмаа шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 11, 2016 оны 04 дүгээр сарын 20, 2016 оны 07 дугаар сарын 20, 2017 оны 04 дүгээр сарын 20, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд бичигдсэн гар бичмэл бүхий баримтыг гаргаж өгчээ. Уг баримтуудын агуулгаас харахад, нэхэмжлэгч М.Байгалмаа нь хариуцагч Б.Байгалмаагаас мөнгө зээлж талууд гарын үсэг зурж, хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт дүнгийн 0,2 хувь алданги тооцохоор тохиролцсон бөгөөд хариуцагч уг баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчээс үндсэн зээл болон хүү авах эрхтэй гэж маргана.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн хүү тогтож болно... гэж заасан ба зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр буюу тухайн үйлдсэн баримтаар ямар нэгэн хүү тогтоогоогүй байна.

Ийнхүү хуульд хэлбэрийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байжээ.

Гэхдээ нэхэмжлэгч М.Байгалмаа хариуцагч Б.Байгалмаагаас 13 440 000 төгрөгийн зээл авсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 11, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар нотлогдохоос гадна талууд уг зээлийг анх 3 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй авсан гэдэгт маргаагүй тул эхний 3 сарын байдлаар М.Байгалмаагаас Б.Байгалмаад үндсэн зээл 13 440 000 төгрөгийн хамт 3 сарын хүү 4 838 400 төгрөг төлж байсныг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч Б.Байгалмаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...Би М.Байгалмаад мөнгө зээлснээс хойш буюу 3 сарын дараа үндсэн зээлээ буцаан авах талаар хандаж байсан, гэвч М.Байгалмаа төлж чадахгүй гэж хугацаа сунгах санал тавьсан... гэж тайлбарласан. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д ...зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ..., 284 дүгээр зүйлийн 284.1-д ...зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй... гэж тус тус зааснаас үзэхэд Б.Байгалмаа хуульд заасан эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн байгууллагад хандаж эрх, ашгаа хамгаалуулах бүрэн боломжтой байсан бөгөөд хүү тогтоогоогүй атлаа үндсэн зээлээс 1 дахин хүү төлүүлж авч байсан нь шударга ёсонд нийцээгүй байна.

Мөн хавтаст хэргийн 47 дугаар хуудаст авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн баримтад, 13 600 000 төгрөгийг хэзээ хүлээлгэж өгсөн нь тодорхой биш буюу уг баримт нь 2018 оны 04 дүгээр сарын 12-нд үйлдэгдэж, 13 600 000 төгрөг бүхий зээлийг 10 хувийн хүүтэй 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар бичигдсэн агуулгатай байгаа нь энэхүү хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй өөр бусад үйл баримтыг харуулж байна гэж дүгнэлээ.

Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч зээлийн хүү төлөх үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч М.Байгалмаа нь хариуцагч Б.Байгалмаагийн өмнө үндсэн зээлээс гадна өөр байдлаар мөнгөн төлбөрийн үүрээг хүлээгээгүй байхдаа 6 104 600 төгрөг илүү (М.Байагалмаа нь Б.Байгалмаад дансаар нийт 24 383 000 төгрөг шилжүүлсэн, анх зээлж авсан мөнгө 13 440 000 төгрөг бөгөөд 12 хувийн 3 сарын хүү нь 4 838 400 байна. Иймд 13,440,000+4,838,400=18,278,400 24,383,000-18,278,400=6,104,600) хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6 104 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6 785 400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Буурын Байгалмаагаас 6 104 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мишигдоржийн Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 785 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Мишигдоржийн Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Буурын Байгалмаагаас 112 623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН