Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2021/00022

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 1 сарын 08 156/ШШ2021/00022

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00902/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, ******* сум, 4 дүгээр багт оршин суух,******* овогт*******ийн******* /РД:./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймаг, ******* сум, 4 дүгээр багт оршин суух,******* овогт С.н******* /РД:./-д холбогдох,

7,024,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгч,

хариуцагч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 7,024,000 төгрөгийн бараа дутагдуулсан юм. Бараа дутагдуулсан төлбөрөө өөрөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна.

Иймд С.Л.ээс дутагдуулсан барааны үнэ 7,024,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд Ц. эзэнтэй Э. давхарлага дэлгүүрт худалдагчаар ажилласан юм. Энэ дэлгүүрт 5 сар ажиллах хугацаанд нэг ч удаа тооллого хийгдээгүй, өдөр өдөртөө орлогын мөнгөө авдаг байсан. Анх ажилд ороход ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тохиролцоогүй, 5 сар ажиллахад нэг ч удаа цалин аваагүй юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооллого хийж миний нэр дээр 8,297,550 төгрөгийн өр гарсан. Үүнээс 5 сар /1 сарын 400,000 төгрөг/ ажилласны 2 сая төгрөгийн цалингаас зарим зээлтэй хүмүүсийн мөнгийг өөрөө олж аваарай гээд хассан, надад гар дээр нэг ч төгрөг өгөөгүй. Одоо нэхэмжилж буй 7,024,000 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ам бүл 6-уулаа, 4 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. А дансандаа 200 гаруй толгой малтай, айлын давхар мал малладаг, оюутан хүүхэдтэй. Би өөртөө машин аваагүй, шинэ гэр бариагүй байхад ийм өндөр төлбөр гарах учиргүй гэж үзэж байна. Би цөөн хэдэн малаараа амьдралаа болгож явааг нутгийн ард иргэд бүгд мэднэ. Ноднин оюутан охиныхоо төлбөрийг төлж чадалгүй өнжсөн. Энэ дэлгүүр нь хяналтын камергүй учир шалгах боломжгүй. Манай нөхөр хөдөөнөөс ирээд тоолъё гэсэн боловч бараа оруулчихсан, гүйлгээ хийчихсэн байсан болохоор боломжгүй байсан. 7,024,000 төгрөгийг ажилласан 5 сарын хугацаандаа хуваахад өдөрт 47,000 төгрөг гарч байна. Намайг төлбөрөө барагдуулах талаар бичиж өг гээд байсан, сүүлд нь ийм зүйлд ашиглах гэж байсныг би мэдээгүй.

Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Ц.ын Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х. хүнсний дэлгүүрт хариуцагч С.Л.худалдагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 28,304,200 төгрөгний, дараа нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 11 дүгээр сарын 02, 16-ны өдрүүдэд, 12 дугаар сарын 7, 14, 21-ний өдрүүдэд, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 95,799,800 төгрөгний, нийтдээ 124,104,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн болон бусад жижиглэнгийн барааг гарын үсэг зурж хүлээн авсан байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнээ... гэж заасан байх ба зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ хийгдэж, хоёр тал үүрэг хүлээсэн байна гэж дүгнэлээ.

Хариуцагч С.Л. дээрх 124,104,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн болон бусад жижиглэнгийн бараанаас 25,288,050 төгрөгний барааг нэхэмжлэгчийн өөрт нь буцаан хүлээлгэн өгсөн, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дэлгүүрийн үлдэгдэл бараанд толлогоо явуулж 35,698,000 төгрөгний барааг, мөн хариуцагч С.Л. 5 сарын хугацаанд худалдагчаар ажиллахдаа нэхэмжлэгч М.Ц.д 54,880,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар орлого хэлбэрээр тушаасан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан бараа хүлээлцсэн дэвтрийн бүртгэл болон С.Л.с авсан бэлэн мөнгө болоод барааны зарлага гэсэн гарын бичмэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч С.Л.с нэхэмжлэгч М.Ц.д хүлээлгэж өгсөн үлдэгдэл бараа 35,698,000 төгрөг, буцаан татан авсан 25,288,050 төгрөгний бараа бүтээгдэхүүн, бэлнээр болон бэлэн бусаар тушаасан 54,880,000 төгрөг, мөн С.Л.н авах ёстой байсан цалин 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М.Ц.с хариуцагч С.Л.д хүлээлгэж өгсөн 124,104,000 төгрөгнөөс хасаж тооцоход 6,237,950 төгрөгний бараа дутсан болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй... гэж заажээ.

Иймд хариуцагч С.Л.с дутагдуулсан барааны үнэ 6,237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц.д олгож, илүү нэхэмжилсэн 786,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Л.ээс дутагдуулсан барааны үнэ 6,237,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ц.д олгож, илүү нэхэмжилсэн 786,050 /долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,334 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Л.с 6,237,950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 114,757 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН