Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 226/МА2021/00005

 

 

 

 

 

 

 

 

 

Ц-ын нэхэмжлэлтэй,

Л-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00003/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгч Ц-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Хариуцагч Л-,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ШШ/2021/00022 дугаар шийдвэртэй Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л-д холбогдох “7024000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Л-гийн давж заалдах гомдлоор 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Л- нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 7024000 төгрөгийн бараа дутагдуулсан юм. Бараа дутагдуулсан төлбөрөө өөрөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. Иймд Л-гээс дутагдуулсан барааны үнэ 7024000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Л- шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд Ц- эзэнтэй “Э” дэлгүүрт худалдагчаар ажилласан юм. Энэ дэлгүүрт 5 сар ажиллах хугацаанд нэг ч удаа тооллого хийгдээгүй, өдөр өдөртөө орлогын мөнгөө авдаг байсан. Анх ажилд ороход ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тохиролцоогүй, 5 сар ажиллахад нэг ч удаа цалин аваагүй юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооллого хийж миний нэр дээр 8297550 төгрөгийн өр гарсан. Үүнээс 5 сар /1 сарын 400000 төгрөг/ ажилласны 2 сая төгрөгийн цалингаас зарим зээлтэй хүмүүсийн мөнгийг өөрөө олж аваарай гээд хассан, надад гар дээр нэг ч төгрөг өгөөгүй. Одоо нэхэмжилж буй 7024000 төгрөгийг би төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ам бүл 6-уулаа, 4 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. А дансандаа 200 гаруй толгой малтай, айлын давхар мал малладаг, оюутан хүүхэдтэй. Би өөртөө машин аваагүй, шинэ гэр бариагүй байхад ийм өндөр төлбөр гарах учиргүй гэж үзэж байна. Би цөөн хэдэн малаараа амьдралаа болгож явааг нутгийн ард иргэд бүгд мэднэ. Ноднин оюутан охиныхоо төлбөрийг төлж чадалгүй өнжсөн. Энэ дэлгүүр нь хяналтын камергүй учир шалгах боломжгүй. Манай нөхөр хөдөөнөөс ирээд тоолъё гэсэн боловч бараа оруулчихсан, гүйлгээ хийчихсэн байсан болохоор боломжгүй байсан. 7024000 төгрөгийг ажилласан 5 сарын хугацаандаа хуваахад өдөрт 47,000 төгрөг гарч байна. Намайг төлбөрөө барагдуулах талаар бичиж өг гээд байсан, сүүлд нь ийм зүйлд ашиглах гэж байсныг би мэдээгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

   Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Л-гээс дутагдуулсан барааны үнэ 6237950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц-д олгож, илүү нэхэмжилсэн  786050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127334 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л-гээс 6237950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 114757 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагч Л- давж заалдах гомдолдоо: Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “х” хүнсний дэлгүүрт 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдагчаар ажилд орсон. Анх намайг ажиллахад Ц- нь урьд ажиллаж байсан худалдагчаас бараа хүлээж ав гэсний дагуу би, худалдагч, Ц- бид нар өөр өөрсдийн дэвтэр дээр бичилт хийн бараагаа хүлээлцсэн.

            Ажиллаж байх хугацаандаа би өдрийнхөө орлогыг бичиж тэмдэглээд, орлогоо данс руу нь хийдэг, Ц-ыг өөрөө ирсэн үед нь өөрт нь өгдөг, Ц-ыг хөдөө байх үед охин Энхжаргалд нь өгдөг байсан. Ингээд сүүлд тооллого хийгээд Ц- надад хандан “7024000 төгрөгийн бараа дутагдуулсан байна, төл” гэхээр нь би “дутах ёсгүй дээ” гэж хэлсэн. Ц- намайг “дутагдуулсан бараагаа бичиж тэмдэглээд, ямар аргаар төлөхөө бичиж өг” гээд шахаж шаардаад байхаар нь аргагүйн эрхэнд бичиг хийж өгсөн. Ц- тэр бичгийг ашиглаж шүүхэд хандсан байсан.

            Би ажиллаж байх хугацаандаа бараа дутагдуулаагүй орлогоо хүлээлгэн өгдөг байсан. Дутагдуулсан гээд байгаа барааны үнэ гэх 7024000 төгрөг бол бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү болохоос “дутагдуулсан барааны тоо хэмжээ, нэр , төрөл” биш юм. Гэтэл шүүхээс бараа дутагдуулсан, тухайн барааны үнийн зөрүү гэж тооцсон нь үндэслэлгүй байна.

            Худалдагчийн ажлын байр бол байнгын ажлын байр юм. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хийж, хөрөнгө хариуцаж байгаа тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийдэг. Гэтэл Ц- нь намайг анх ажиллуулахдаа ийм төрлийн гэрээнүүдийг надтай байгуулаагүй тул би эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээж, дутагдуулсан барааны үнэ төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

            Миний бие нэхэмжлэгч Ц-ыг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хууль ёсны дагуу авагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж, шүүхээс надад хариуцуулсан 6237950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ц- давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч гомдолдоо “Ц-ын дэвтрийг үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан” гэжээ. Би шүүхэд Л-д хүлээлгэн өгсөн бараа, орлогыг бүртгэсэн, түүний гарын үсэгтэй баримтаа гаргаж өгсөн. Шүүх барааны бүртгэл, орлого, зарлагын дэвтэртэй тулгалт хийж шалгахад дүн нь таарч байсан, үүнийг Л- ч хүлээн зөвшөөрч байсан.

            Гомдолд “7024000 төгрөг бол барааны үнийн зөрүү болохоос дутсан барааны тоо хэмжээ, төрөл биш” гэжээ. Анх барааг тоо хэмжээ, төрөл тус бүрээр үнийг нь бичиж бүртгээд Л-д хүлээлгэн өгсөн. Орлогоосоо зарлагаа хасаад тооцоо хийхэд барааны зөрүү гарч дутсан. Үнийн зөрүү гаргаж мөнгө нэхэмжилсэн гэдэг нь ойлгомжгүй байна.

            Иймд хариуцагч өөрөө дутсан барааны тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн барааны бүртгэл тооцооны баримт хэрэгт авагдсан, 2000000 төгрөгийг өөрөө цалингаараа тооцсон, шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлахдаа “барааны орлого, зарлагыг тулгахад таарсан, зөрүүг төлөхгүй, төлөх чадваргүй” гэсэн болохоос нэхэмжлэлийг баримтаар няцааж нотлоогүй бөгөөд түүнийг би тулган шаардаж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх талуудын тайлбар, нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц- хариуцагч Л-д холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 7024000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Л- нь “Ц- эзэнтэй “Э” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаанд нэг ч удаа тооллого хийгдээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс тохиролцоогүй, тооллого хийе гэхэд бараа оруулчихсан гээд хийгээгүй, намайг төлбөрөө барагдуулах талаар бичиж өг гэхлээр нь бичиг хийсэн үүнийг ашиглан төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хариуцагч Л- нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа 6237950 төгрөгийн дутагдал гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан бараа хүлээлцсэн дэвтрийн бүртгэл болон хариуцагчаас авсан бэлэн мөнгө болоод барааны зарлага гэсэн гар бичмэл зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан “хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай“ заана гэснийг зөрчсөн байна.

          Хариуцагч нь төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн бичиг үйлдсэн /хх-7х/ хэдий ч дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд маргасан тул эд хөрөнгө дутагдуулсан үйл баримт нь эргэлзээгүй тогтоогдох, худалдагч Л-д хүлээлгэн өгсөн барааны орлого, зарлага, дутагдал нь санхүүгийн ямар баримтад үндэслэсэн нь тодорхой бус байна.

Хэрэгт  авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц- нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, ямар хуулийн этгээдийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “хуулийн этгээд төлөөлөгчөөр дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэснийг зөрчсөн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шалган тогтоогоогүй байна.

         Ц- нь “2019 оны 8 дугаар сарын 23, 2020 оны 1 сарын 16-нд  бараа хүлээлцсэн тооллогын 2 ширхэг дэвтрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ. /хх-35х/,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө....бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр  шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэснийг шүүх зөрчсөн эдгээр дэвтэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, шүүх хуралдаанаар ч шинжлэн судлагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна

 Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114757 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ШШ2021/00022 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114757 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БОЛОРМАА

 

                                    ШҮҮГЧИД                                            Б.ДЭНСМАА

                           

                                                                                                    Я.АЛТАННАВЧ