Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 765

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1905 00000 0546 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.О, 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 19 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн өөрчлөлтөөр 2 жилийн хорих ялыг дүйцүүлэн хассанаар суллагдсан,  

М.О нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таун” баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд М.Амгаланбаттай бүлэглэн халдан иргэн М.Б хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэн үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт,

олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч М.Оын эдлэх ялыг нийт 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.От оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй отвёрка 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэрэг нь М.От холбогдох үндсэн хэрэгт байгааг тус тус дурдаж, М.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч М.Бд эмчилгээний зардлыг өгч, уучлалт гуйсан ба бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байтал шүүхээс надад нийт 8 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд надад оногдуулсан хорих ялын хугацаа болон хорих ангийн дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолыг миний үйлчлүүлэгч М.О эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг, зөрчил болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахаас илүүтэйгээр хуульд заасан боломжоо эдлэх талаар гомдлоо гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт нь 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт 8 жилийн хорих ял шийтгэсэн байдаг. Хэрэгт авагдсан нөхцөл байдлаас үзэхэд М.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх гэх нөхцөл байдал харагддаг. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуульд зааснаас бага хэмжээгээр оногдуулах боломжтой. Шүүхээс хорих ангийн дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4, 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Хэдийгээр шүүгдэгч нь урьд өмнө ял шийтгэгдэж байсан боловч ялаа биечлэн эдэлж дууссан байдаг тул хүндрүүлэх хувийн байдал болохгүй юм. Түүнчлэн хохирогч Баян-Эрдэнэ “М.О надаас уучлал гуйсан, миний хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад тус тус заасныг хэрэглэж, хаалттай дэглэмийг нээлттэй дэглэмээр сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд хохирогч, хохирогчийн эрхийг тус тус хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхийг заасан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч М.Б биечлэн оролцохдоо “өмгөөлөгчтэй оролцъё, эрхээр минь хангаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Тухайн үед хохирогчийн өмгөөлөгч зэргэлдээ танхимд өөр шүүх хуралдаанд оролцож байсан бөгөөд тэр нь дуусаагүй байсан. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж “хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагагүй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авч, хохирогчийн хүсэлтийг хүлээж аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй, маргаантай. Харин хайчаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед буюу хэрэг учрал болох үед хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон үйл явдал нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан буюу нийтийн хэв журам зөрчсөн гэх шинжгүй байна гэж хууль зүйн үүднээс дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн диспозици нь “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” гэж хууль тогтоогч хуульчилж өгсөн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах талаар хүсэлт гаргасан. Учир нь, үндсэн хэрэг болох н.Амгаланбатад холбогдох хэрэг Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхэд шилжин ирсэн байсан. Шүүх М.Оыг зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр ялласнаас биш хууль зүйн үүднээс үнэн зөв дүгнэлт хийсэн гэхэд эргэлзээтэй байна. Улсын Дээд шүүхээс ирсэн хэрэг анхан шатны шүүхэд байх үед өмгөөлөгчийн зүгээс “заавал прокурорын шатанд буцаахгүйгээр шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой байх тул нэгтгэн шийдвэрлүүлье” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн 1 дүгээр хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч М.О, хохирогч М.Б, гэрч Баярбат, Батхүү, Тулга нарын мэдүүлгүүдийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг үйлдэлтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл хүсэлт гаргасан байна. Гэвч тус заалтыг хэрэглэх боломжгүй. Өмгөөлөгч Г.Ганбадрахын тайлбарын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар тухайн үйл баримт зүйлчлэгдэж шүүхэд шилжсэн. Уг үйлдэлд шүүхээс дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хорих ял, нийт 8 жилийн хорих ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 7 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 4 жилийн хорих ял, нийт 11 жилийн хорих ялын санал гаргасан. Шүүх хохирол төлсөн нөхцөл байдал, бусад шинж чанарыг харгалзан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч Г.Ганбадрах тус хэргийг үндсэн хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх ёстой байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч М.Оын үйлдлээс болж хэрэг тусгаарлагдах нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх асуудал яригдаж байгаа боловч үндсэн хэргээс тусгаарлагдсан хэрэг нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 485 дугаартай шийтгэх тогтоолоор М.Амгаланбатад холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар М.Амгаланбатыг М.Отай бүлэглэн үйлдсэн гэж үзсэн. Энэ шийтгэх тогтоолоор бүлэглэн үйлдсэн гэж асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос М.Оыг 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таун” баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд М.Амгаланбаттай бүлэглэж халдан иргэн М.Б хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэн үйлдэх явцдаа бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт,

мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  М.Оыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч М.О нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таун” баарны үүдэнд иргэн М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн болох нь:

хохирогч М.Баян-Эрдэнийн “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн өглөөний 10-12 цагийн орчим намайг гэртээ байхад найз Намхай “хүрээд ирээч, ярих ажил байна” гэхээр нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Галакси” нэртэй бааранд очсон. Намайг очиход бааранд зүс таних Амгаланбат, түүний найз гэх нүүрэндээ хөндлөн сорвитой Отгонбаатар гэх залуу, манай найз Намхай, Тулга “галакси” баарны эзэн гэх залуу, огт танихгүй 2 залуу байсан. Тэд нар согтууруулах ундаа хэрэглэж байсан. ...Би үргэлжлүүлэн тухайн хүмүүстэй архи ууж байсан чинь Амгаланбат агсараад байхаар нь “би явлаа” гээд баарнаас гарсан бөгөөд баарны гадна үүд хэсэгт очсон чинь араас хүн цохих шиг болсон. Энэ үед миний ухаан балартан газар доош харан унасан. Нэг сэрсэн чинь Отгонбаатар миний зүүн чих хэсэг рүү хайчаар нилээн олон удаа хатгаад байсан. Отгонбаатар надаас уучлалт гуйн эмчилгээний 1.500.000 төгрөг өгсөн. Би Отгонбаатарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 8-9, 10-12, 13-15, 155-158/,

гэрч Н.Анхцэцэгийн “...Нөхөр М.Баян-Эрдэнийн гар утаснаас дуудлага ирэхээр нь гар утсаа авахад дүү Золжаргал аваад “агаа бөөн цус болоод ороод ирлээ, яаралтай ирээрэй” гэхээр нь би маш хурдан 5-10 минутын дотор гэртээ яваад очиход нөхөр Баян-Эрдэнэ нь ванны өрөөн дотор цусаа гойжуулаад тогтоох гээд зогсож байсан. Би яасан юм бэ гээд цусыг нь тогтоох гээд гар нүүрийн алчуур, хүүхдийн трикогоор боосон боловч зүүн талын чихний дээрээс, чихний доторхи нарийн нүх, зүүн гарын мөрний хэсгээс маш их цус гараад тогтохгүй байсан. ... Дуудлагаар 3 эмч, 3 цагдаа орж ирээд эмч нь манай гэрт нөхөр Баян-Эрдэнийн чих рүү мэдээ алдуулагч хийгээд шууд оёдол тавьсан. Тэгтэл нөхрийн чихний нарийн нүхнээс цус гараад байсан. ...” /1хх 17-18/,  

гэрч Б.Баярбатын “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 11-12 цагийн орчимд байх Амгаа, эмнэлгээс эхнэр Шүрээ 2 ирсэн. Араас нь Намхай, Баянаа, Мак, өөр танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэгээд бид нар 1 шил архи уухаар болоод ширээнд бөөндөө суусан. Тухайн үед ер нь их гайгүй сууж байхад Амгаагийн эхнэр Шүрээ явсан. Тэгээд 2 дахь шил архиа ууж байхад танихгүй нэг залуу нь манай пабаар босож яваад Вип өрөөний хаалгыг цохиод гал тогооны өрөө рүү ороод, гараад яваад байсан чинь Амгаа “чи одоо яагаад байгаа юм, дүү нар дээрлэхээд байгаа юм уу гэж хэлээд нөгөө залуутай маргалдсан. Манай пабын Ганаа Амгааг боль гээд суулгасан. Тэгээд тэр залуу нь Амгаатай ширээний наана цаанаас маргалдаад байж байхад Мак гэх залуу нь дундуур нь ороод хэрэлдээд зодолдох гээд байсан. Нөгөө танихгүй залуу нь тэгвэл бөөндөө гарч байгаад зодолдъё гэж хэлэхээр нь би “чи наашаа гараад ир” гээд нөгөө залууг дагуулаад гарсан. Нөгөө залуу нь гар утсаараа яриад хүн дуудаад яваад өгсөн. Би буцаад паб руугаа орсон чинь тэд нар хоорондоо хэрэлдээд зогсож байхаар нь би та нар боль, манай газар зодоон хийхгүй шүү гэхэд нэг нь танай газар байхаар яадаг юм гэхээр нь би түрээд гаргах гэтэл хаалганы үүднээс Баянаа, Мак, Намхай, Амгаа 4 хоорондоо зууралдаад зодолдоод гарсан. Би голоор нь ороод Амгааг салгаад буцаагаад дотор оруулсан. Амгаа нь намайг тавь гээд над руу дайраад байхаар би тавихгүй, чиний толгой гэмтэлтэй байгаа гэж хэлээд пабын гадаа гарахад Макын гар, хувцас нь цус болчихсон надтай зөрөөд орсон. Би гадаа гарахад Баянаа гараа барьчихсан нил цус болсон зогсож байхаар нь би яаж байгаа юм гээд очиход Баянаа нь “гар руу шаачихлаа” гээд гараа барьсан зогсож байсан. Би буцаж ороод Мак гэх залуутай чи одоо яаж байгаа юм гээд хэрэлдсэн. Тэгээд буцаад гарахад Баянаа байхгүй явчихсан байсан. Удаагүй цагдаагаас бүрэлдэхүүн ирээд шалгасан.” /1хх 24-25, 63-65/,

гэрч Э.Тулгын “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр найз Намхай гар утсаараа намайг хүрээд ир гээд дуудахаар нь би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2 дээр ганцаараа ирээд Намхайтай уулзсан. Тэгтэл Намхай нь Баян-Эрдэнийг дуудсан. Тэгээд бид 3 нийлээд “Галакси” нэртэй буудал руу орж, Намхай нь зочид буудлын эзэнтэй уулзсан. Би тэр эзэн гэх хүнийг мэдэхгүй. Тэгээд бид 3 гараад Намхай нь цаашаа явсан. Баян-Эрдэнэ бид 2 гаднаас 1 том пиво аваад “Галакси” пабад орж, пиво ууж байсан. Тэгээд 1 цагийн дараа Намхай гаднаас Амгаа, Бороо гээд 4-5 танихгүй залуучуудын хамт орж ирсэн. Тэд нар орж ирсэн цагаас эхлээд Амгаа гэх залуу нь өнөөдөр хүн дутуу хутгалчихлаа, өнөөдөр гүйцээж хутгална гээд томроод байсан. Тэгээд Баян-Эрдэнэ бид 2 руу муухай хараад “та 2 хаанаас ирсэн хулгайчууд вэ, биеэ чангалаад байгаа юм уу, яагаад байгаа юм” гээд хэл амаар өдөөд ална шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй, ямар нэгэн асуудалд ормооргүй байна, асуудал гаргамаар байвал хоёулаа гараад эр хүн шиг үзье гэж хэлэхэд Амгаа гэх залуу нь ногоон өнгийн шилэн бариултай отвёртка хаанаас ч юм бэ гаргаж ирээд миний нүдэнд харагдахаар тавихаар нь би “намайг ер нь отвёрткаараа хусах юм байна” гэж бодоод ширээнээс босоод хажууд сууж байсан хүмүүсийн урдуур нь гараад хоёулаа гараад эр хүн шиг зодолдъё, илүү дутуу зүйлгүй гэж хэлсэн. Тэр Амгаагийн хажууд Баян-Эрдэнэ сууж байхад Амгаа нь Баян-Эрдэнэтэй юм яриад дарамтлаад байх шиг байсан. Тэгээд би гараад явсан. Миний араас Намхай, Баян-Эрдэнэ 2 гарч ирээд согтуу хүмүүс байна, гайгүй биздээ буцаад оръё гэхээр нь би орохгүй гээд явсан. Тэгээд маргааш Намхай над руу залгаад чамайг гарсны дараа Баян-Эрдэнэ, Амгаатай маргалдаад Баян-Эрдэнийг хутгалчихлаа, нилээн их цус гараад байсан гэсэн. 4 хоногийн дараа Баян-Эрдэнэ над руу залгаад найз нь хутгалуулаад хоолой боогдоод шоконд ороод ярьж чадахгүй байлаа, чамайг гарсны дараа би Амгаатай маргалдаад намайг баахан хутгалчихлаа гэж хэлсэн.” /1хх 29-30/,

гэрч Х.Намхайгийн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд найз Тулгаа гэх залуутай тааралдсан. Тэгтэл Тулга шартаж үхэхнээ гэж хэлэхэзр нь би манай найзын нэг газар байгаа, тэнд очоод ганц ганц пиво ууя гээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси" гэх нэртэй зочид буудал руу орсон. Тэнд бид 2 пиво уугаад сууж байхад над руу найз Баян-Эрдэнэ залгаад “юу байна” гэхээр нь “пиво ууж байна” гэхэд Баян-Эрдэнэ яваад очъё гээд 11 цагийн орчимд ганцаараа ирсэн. Тэгээд гурвуулаа болоод сууж байгаад зочид буудлын өрөөнөөс гараад явах гэж байтал буудлын коридорт Амгаланбат, Мак, Баяраа гуравтай тааралдсан. Амгаланбат, Баяраа 2 нь шөнөжингөө уусан, ганц шил архи уух уу гэхээр нь тэгье гээд зургуулаа болоод доошоо паб руу ороод 2 шил архи хувааж уусан. Амгаланбат нь шөнө зодоон хийсэн гээд толгойгоо цагаан өнгийн боолтоор боочихсон явж байсан. Тэгээд би юу болоод маргалдсан талаар мэдэхгүй. Амгаланбат, Тулга 2 хоорондоо маргалдсан. Тэгээд Амгаланбат Тулга 2 өөр өрөөнд ороод эвлэрнэ гээд орсон чинь ална гээд бие биенээ хэл амаар доромжлоод Тулга нь бүтэхгүй юм байна гээд түрүүлээд яваад өгсөн. Тэрний дараа хэсэг сууж байгаад тоглоом шоглоомоор ярилцаж байгаад Амгаланбаттай Баян-Эрдэнэ муудалцаад хоорондоо зодолдох дээрээ тулаад бие биетэйгээ зууралдаад босоход хажуу талаас нь Мак нь хайч бариад босож ирэхээр би Макийг боль, манай найз гэж хэлэхэд хажуугаар дайраад Амгаланбат, Баян-Эрдэнэ 2 зууралдсан байхад Мак очсон. Маш их хурдан, нэг мэдсэн чинь Баян-Эрдэнэ Макийн доор нь орчихсон, Мак нь Баян-Эрдэний дээр нь гарчихсан. Баян-Эрдэнэ Макийн гарыг нь гараараа барьчихсан, Баян-Эрдэнийн зүүн гарын бугалга хэсгээс нь цус гарсан байхаар нь би болиочээ гээд Макийн үүрсэн цүнхний оосорноос нь хоолойг нь боож хойш татаж салгасан. Тэгтэл Баян-Эрдэнэ яагаад хутгалж байгаа юм бэ гээд ална гээд бөөндөө пабаас гарсан. Тухайн үед Баяраа бид 2 болиулаад салгаж байсан. Тэгтэл Баян-Эрдэнэ нь гүйгээд яваад өгсөн. Амгаланбатад хутга шөвөг байгаагүй, гараараа зодолдсон. Харин Макад том хайч байсан. Тэр хайчаараа Баян-Эрдэнийг хатгасан. Ямар ч байсан гар руу нь хатгасан бололтой цус гарч байсан. ...” /1хх 35-36/,

яллагдагчаар Э.Амгаланбатын өгсөн “... Баян-Эрдэнэ нь Мак хочтой Отгонбаатарыг танихгүй. Тухайн үед Отгонбаатарт хайчаар хатгуулаад өргөдөл гаргах үедээ намайг таньдаг учраас миний нэрээр өргөдөл гаргасан байсан. ...” /1хх 113-115/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11508 дугаартай “...М.Баян-Эрдэнийн биед зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалганд шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /1хх 41/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч М.Оын хайчаар хатгах, цохих зэргээр хүч хэрэглэн хохирогч М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд зүүн чихний сувгийн урд ханын хугарал, зүүн чамархай ясны хөхлөг хэсгийн гадна ялтсын сэлтэрсэн хугарал учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин түүний 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси таун” баарны үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд М.Амгаланбаттай бүлэглэн халдаж иргэн М.Б хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь дээрхи байдлыг алдагдуулж  байгаагаа ухамсарлан, бусдыг үл тоомсорлон басамжлан доромжлох, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд энэ үйлдлээс бусдын эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж тийм хор уршиг бий болохыг зориуд хүсэж шууд санаагаар хэрэгжүүлэхийг ойлгох бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Галакси таун” баарны үүдэнд шүүгдэгч М.О иргэн М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, хохирогч М.Баян-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр М.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь “...Би хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогч М.Бд эмчилгээний зардлыг өгч уучлалт гуйсан ба бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байтал шүүхээс надад нийт 8 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд надад оногдуулсан хорих ялын хугацаа болон хорих ангийн дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд түүнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан биечлэн эдлэх хорих ялын хэмжээ багассан болно.

Хэдийгээр түүнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан биечлэн эдлэх хорих ялын хэмжээ багассан боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч М.Оын гаргасан давж заалдах гомдлоос “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.