Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2021/00083

 

156/ШШ2021/00083

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  156/2020/00850и

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Тасхын, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ..оршин суух, Б. овогт Н.Э. /РД:./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг, Т. оршин суух, Х. овогт Ж.Н. /РД:./-д холбогдох гэм хорын хохирол 2,617,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Б.Марина илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У.,  нэхэмжлэгч Н.Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б., хариуцагч Ж.Н., иргэдийн төлөөлөгч М.Ү. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Э. нь гэр бүлийн хамт Батширээт суманд болсон наадамд оролцоод Хурх тосгонд эгчийндээ хоноод 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр приус 30 маркийн ... ХЭА улсын дугаартай машинаар Чингис хотын чиглэлд бороотой үед 30-40 км/ц хурдтай буцаж явах замд хажуугийн жалганаас цэнхэр өнгийн . ХЭА улсын дугаартай портер маркийн машин гэнэт гарч ирэн маш хүчтэй мөргөж, их хэмжээний хохирол учруулсан. Машин дотор бага насны хүүхдүүдтэйгээ зорчиж явсан. Энэ тохиолдолоос надад үүссэн эд материалын хохирлыг нөхөн төлүүлэхээр Ж.Н.ын жолоочийн хариуцлагын даатгалтай Хэнтий номин даатгалд хандан бичиг баримтыг нь бүрдүүлэхэд тусласан боловч даатгалын компани төлөхөөс татгалзсан. Шүүхэд хандалгүй Ж.Н.ыг ноолуур гартал хүлээн өдий хүрлээ. Энэ хугацаанд тухайн айлын өвөлжөө, хаваржаа, зуслангийн газарт ойролцоогоор 70-80 км газарт 3 удаа очсон боловч мөн төлсөнгүй. Эд ангийн эвдэрсэн гэмтэлийн үнэлгээг В. Авто үнэлгээний газраар гаргуулсан үнийн дүнгээр 1,451,900 төгрөгийн эд ангийн эвдрэлийн үнэлгээ, засварчны хөлс 850,000 төгрөг, мөн хот явж машиныхаа хэрэгцээтэй сэлбэгийг авчрахад гарсан зардал 150,000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу хөдөө Ж.Н.ой уулзахаар явсан бензиний зардал 80,000 төгрөг. Эдгээр баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн нэхэмжлэлд хавсарган бүрдүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж орохгүйгээр 2,531,900 төгрөг болсон ба энэхүү хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Ж.Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ж.Н. миний бие . ХЭА улсын дугаартай портер машинтайгаа Өмнөдэлгэр сум орохоор явж байгаад Саригийн голын баруун судаг өгсөөд явж байхад приус 30 маркийн авто машин урдуур орж мөргүүлсэн. Тухайн үед газар дээрээсээ хоёулаа хөдөлсөн. Сүлжээгүй газар байсан тул цагдаа дуудах боломжгүй байсан. Миний бие тохиръё гэж хэлсэн. Н.Э. тэгье гэж зөвшөөрөөд хөдөлсөн. Араас очиж уулзаарай гэсэн тэгээд уулзахад 4,000,000 төгрөг, хот хоорондын зардал нэмэгдээд нийт 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Н.Э.н нөхөр маргааш өглөө нь 18 цагийн өмнө 4,000,000 төгрөгөө яаралтай шилжүүл өгөхгүй бол цагдаад өгнө гэж айлгаж сүрдүүлсэн. Би буруугүй гэж бодож байгаа. Учир нь жолооны дүрэмд судаг жалгаар явж буй машинд зам тавьж өгөх үүрэгтэй гэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч М.Ү. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Э, Ж.Н. нар нь авто машины осол гаргасан гэж ойлгож байна. Н.Э. Ж.Н.с 2,000,000 гаран төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Аль алиных нь машин эвдэрсэн байна. Гэмтэл эд материалын хохирлын талаар сайн мэдэхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э. нь хариуцагч  Ж.Н.д холбогдуулан гэм хорын хохирол 2,617,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Э. нь . ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хариуцагч  Ж.Н. нь . ХЭА улсын дугаартай тээврийг хэрэгслийг тус тус жолоодож яваад Хурх тосгоноос Хэнтий аймгийн чиглэлийн шороон зам дээр мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. Харин талууд замын хөдөлгөөний дүрмийг хэн нь зөрчсөн талаар маргалдаж, бие биеэ буруутган мэтгэлцлээ.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авч, цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй байна.

Гэтэл талууд осол гарсан цаг хугацаанд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байх бөгөөд эд хөрөнгөд учирсан хохирлын талаар хоорондоо ярилцаж тохиролцоогүйгээр ослын газраас тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөсөн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Энэхүү хуулийн заалтаас үзэхэд бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зохих байгууллагын шийдвэрээр гэм буруутай болох нь тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан байх, уг үйлдэл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил үйлдэгч гэм буруутай болохыг хуулиар тогтоосон байх бөгөөд эдгээр нөхцөлүүд тогтоогдсоноор гэм хор, түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Гэвч уг ослын талаар зохигчдын хэн нь буруутай болохыг тогтоосон холбогдох байгууллагын ямар нэгэн шийдвэр, дүгнэлт гараагүй байна.

Нэхэмжлэгч Н.Э. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хөдөөний шороон зам дээр осол гарсан, утасны сүлжээ барихгүй байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй... гэж тайлбарлах боловч тухайн цаг үед уг ослын талаарх нөхцөл байдлыг бэхжүүлж авах талаар бололцоотой арга хэмжээ авч, төв суурин газарт орсны дараа цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой байсан байна.

Иймд нэхэмжлэгч Н.Э.н нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Н.д холбогдох гэм хорын хохирол 2,617,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг хэргийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э.н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э.н улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 910 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Н.д холбогдох гэм хорын хохирол 2,617,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э.н улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 910 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.