Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 226/МА2021/00006

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр          Дугаар 226/МА2021/00006                      Хэрлэн сум

 

  Э-ын  нэхэмжлэлтэй,

Н-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2021/00011

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болортуяа,

Нэхэмжлэгч Э-, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан

Хариуцагч Н- нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны  өдрийн 156/ШШ2021/00083 дугаар шийдвэртэй Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н-д холбогдох “гэм хорын хохиролд 2617826 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э-ын  давж заалдах гомдлоор 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамт  Хурх тосгоноос  2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр приус 30 маркийн машинаар Чингис хотын чиглэлд бороотой үед 30-40 км/ц хурдтай буцаж явах замд хажуугийн жалганаас цэнхэр өнгийн “портер” маркийн автомашин гэнэт гарч ирэн маш хүчтэй мөргөж, /машин ойролцоогоор 130 градус эргэж харсан/ их хэмжээний хохирол учруулсан. Машин дотор бага насны хүүхдүүд зорчиж явсан. Энэ ослын улмаас манай машинд учирсан эд материалын хохирлоо нөхөн төлүүлэхээр Н-ын жолоочийн даатгалын материалыг нь бүрдүүлж Хэнтий аймаг дахь Номин даатгалд хандсан  боловч цагдаагийн тодорхойлолт дутуу гэдгээр даатгалын мөнгө олгогдоогүй юм. Н- ноолуурын мөнгөөр төлнө гэсэн боловч төлөөгүй тул тэдний өвөлжөө, хаваржаа, зуслангийн газарт 3 удаа очсон ойролцоогоор 70-80 км газар явж бензин шатахууны зардал гарсан. “Вендо” хөрөнгийн үнэлгээний газраар автомашинд учирсан хохирлын үнэлгээг  тогтоолгосон юм. Иймд эд ангийн эвдрэлийн үнэлгээ 1451900 төгрөг, засварчны хөлс 850000 төгрөг, мөн хот явж машиныхаа хэрэгцээтэй сэлбэгийг авчрахад гарсан зардал 150000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу хөдөө Н-той уулзахаар явсан бензиний зардал 80000 төгрөг нийт. 2531900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Н-  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  бие   2019 оны 7 дугаар сарын 23 ны өдөр  портер машинтайгаа Өмнөдэлгэр сум орохоор явж байгаад Саригийн голын баруун судаг өгсөөд явж байхад приус 30 маркийн авто машин урдуур орж мөргүүлсэн. Тухайн үед газар дээрээсээ хоёулаа хөдөлсөн. Сүлжээгүй газар байсан тул цагдаа дуудах боломжгүй байсан. Би  тохиролцоё гэхэд Э- тэгье гэж зөвшөөрөөд хөдөлсөн. Араас очиж уулзаарай гэсэн тэгээд уулзахад 4000000 төгрөг, хот хоорондын зардал нэмэгдээд нийт 5000000 төгрөг их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Э-ын нөхөр маргааш өглөө нь 18 цагийн өмнө 4000000 төгрөгөө яаралтай шилжүүл өгөхгүй бол цагдаад өгнө гэж айлгаж сүрдүүлсэн. Тэгээд цагдаагийн газарт очсон боловч хэргийн газраас хөдөлсөн бол бидэнд хамаагүй гэж хэлсэн юм. Цагдаа хэргийн газар очоогүй тул намайг буруутай гэж үзээгүй, манай машинд хохирол гарсан түүнийгээ өөрсдөө янзалсан. Намайг буруутай хэмээн үзэж их хэмжээний мөнгө залилан луйвардахыг санаархаж урдуур орж мөргүүлсэн тул би буруугүй. Учир нь жолооны дүрэмд зааснаар  судаг жалгаар явж буй машинд зам тавьж өгөх үүрэгтэй гэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.                                                    

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны  өдрийн 83 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн  497 дугаар  зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-ос  гэм хорын хохирол 2617826  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч  Э-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55926 төгрөгийг улсын орлогод хэвээр  үлдээж, Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.1-д  зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид  дутуу төлсөн 910 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод  оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

            Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Э- давж заалдах гомдолдоо: 2019 оны 07 дугаар сарын 23-нд  газрын тогтоцын хувьд үзэгдэх орчин  болоод аль ч машины  хөдөлгөөнд саад  учрах дов жалга,  бартаа  саадгүй газарт  40 км/ц-с  бага хурдтай  явж  байх үед  жолооч  Ж.Н-ын анхаарал болгоомжгүйгээс  гарсан зам тээврийн  осол нь: баруун  гар талаас төв замаар  ирж буй  машинд зам тавьж өгөөгүй, дан кабинтай “портер” машины кабинд зорчигчийн тоо хэтрүүлсэн /4 хүнтэй/  улмаас  нэг хүүхэд нь салон дээгүүр  тэгнэн унтаж  явсан учир  үзэгдэх  орчноо  хязгаарласан байсан зэрэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 2 заалтыг зөрчсөн гэдэг нь  тодорхой  байна. / зураг  болон ярианы  бичлэгт/ . Тухайн осол  болсон газар утасны  сүлжээгүй байсан учир цагдаа  дуудаж чадаагүй, хэргийн газар  дээрээс  хөдөлсөн ч  хэрэг болсон газрын  зургийг гар утсаар хангалттай  сайн авсан. Бүх зүйл  нь тодорхой, өөрийнхөө  бурууг  хүлээн  зөвшөөрч нөхөн  олговор  олгуулахаар өөрийн гараар өргөдөл  бичиж  даатгалын компанид материал бүрдүүлж  өгөөд  дараа нь  надад  гэрээгээр  хохирол барагдуулж  өгнө гэж  хэлээд  худал ярьсан хүнийг анхан шатны шүүх  буруугүй гэж үзсэнд  гомдолтой байна.  Ж.Н-ын  бичсэн өргөдөл материалууд  Хэнтий аймаг дахь Номин даатгал  компанид    хадгалагдаж  байгаа болно.Шаардлагатай бол хавтаст хэрэгт  хавсаргах  ёстой.  Н- нь  жил гаруй хугацаанд  худал  хэлж  яваа нь  залилангийн  гэмт хэргийн  шинжтэй   гэжээ.

                                          

ҮНДЭСЛЭХ нь:

           

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э- нь хариуцагч Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 2617826 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н- “ цагдаагийн байгууллага зам тээврийн осолд хэн буруутайг нь тогтоогоогүй тул би буруугүй, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар судаг жалгаар явж буй машинд зам тавьж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

             Анхан шатны шүүх “ослын талаар зохигчдын хэн нь буруутай болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын  дүгнэлт гараагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Зам тээврийн осол гарахад зохигчдын хэн нь  буруутай болох нь тогтоогдоогүй, уг   маргааныг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардсан, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байхад анхан шатны шүүх өөрийн санаачлагаараа шинжээч томилох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т  заасан  “ Хэрэг хянан шийдвэрлэхэд ...техникийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

  1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 02 ны өдрийн 156/ШШ2021/00083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                                                    ШҮҮГЧИД                            Г.БОЛОРМАА

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.