Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0763

 

Гаврил Кафкиосын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Грек улсын Гаврил Кафкиосын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суилигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр:  Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 18.1, Компанийн тухай хууль /1999 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.2,15.2.2, 15.2.3, 15.4, 15.6-д заасныг тус тус баримтлан “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэл тус компанид хөрөнгө оруулагч Грек улсын иргэн Габрил Кафкиосын уг компанийн 90 хувийн хувьцаа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, тус компанийг бүртгэсэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9011038128 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх ямар бичгийн баримтыг үндэслэж 2 гишүүнтэй болохыг тогтоосон бэ? Монгол Улсын Компанийн тухай хуулиар хэрэв дотоодын ч бай гадаадын ч бай хуулийн этгээдийн охин компани дотоодын охин компаниар бүртгэгдэх бөгөөд Компанийн тухай /1999/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Компанийн тухай /2011/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт охин компанийн эрх зүйн байдал, түүнд эзэмших толгой компанийн хувь хэмжээг маш тодорхой зааж өгсөн байдаг. Дээрх компанийг үүсгэн байгуулах толгой компанийн хурлын шийдвэрт “Мандала-Олимпус” ХХК-ийн охин компанийг байгууулсугай, дүрмийн санг 5.000.000 төгрөгөөр тогтоосугай, гүйцэтгэх захирлаар А.Ариунболдыг томилсугай...” гэж заасан болохоос өөр баримт бичигт “тэр тэр тэдэн хувь эзэмшинэ” гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Габрил Кафкиосын эрх зөрчигдөөгүй харин ч толгой компанид эзэмшдэг хувиараа баталгаатай өдийг хүртэл байгаа. Манай талын маргадаг 104 дугаартай итгэмжлэл дуусгавар болсон хууль бус. Бид олгосон байгууллага дээр маргаагүй. Харин хүчин төгөлдөр эсэх дээр маргаж байгаа. Түүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад маргадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэх эрхгүй этгээд хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Грекийн Иргэний хуулиар итгэмжлэл нь хүчин төгөлдөр байна гэсэн зохицуулалт хавтас хэрэгт хаана байна, Афины хуульч гэх хүн хуульч мөн гэсэн албан ёсны баримт хаана байна, Захиргааны шүүх нотлох баримтыг хэрхэн яаж цуглуулдаг журмаа зөрчсөн, мөн зохих ёсоор үнэлээгүй байна. “Мандала-Олимпус” ХХК нь бие даасан компани байгаад хэн хэн нь эзэмших хувь тодорхой байсан юм бол яагаад А.Ариунболдод 104 дугаартай итгэмжлэл шиг бие даасан итгэмжлэл олгоогүй юм бол, одоо маргаад байгаа шиг маргаан гарах байсан уу, анхнаасаа тийм зүйл байгаагүй бөгөөд хувийн сэдэл, шуналд хөтлөгдөж байгаа хүний үйлдлийг дэвэргэсэн зүйл болоод байна. Захиргааны шүүх ямар бичиг баримтыг, ямар хуулийг үндэслэн компанид эзэмших хувь хэмжээг тогтоодог болчихвоо. Захиргааны шүүх бие даасан иргэний шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, иргэний шинжтэй маргааныг хянан шийдвэрлэдэг болсон бэ? Ингэж үндэслэлгүйгээр хууль зөрчиж болдог юм уу. Техникийн шинжтэй алдааг бидний зүгээс засах бүрэн боломжтой тул дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т зааснаар Гаврил Кафкиосын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суилигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Грек улсын иргэн Гаврил Кафкиосын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Грек улсын иргэн Мария Суилигийн олгосон итгэмжлэлээр иргэн Б.Эрдэнэбаяр нь “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэл нь тус компанид хөрөнгө оруулагч, Грек улсын иргэн Гаврил Кафкиосын  компанийн 90 хувийн хувьцааг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Грек улсын иргэн Гаврил Кафкиос-оос Грек улсын иргэн Мария Суили-д олгосон гэх 104 дугаартай итгэмжлэл хүчин төгөлдөр эсэхийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.  

           Тодруулбал, “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” 1961 оны конвенц нь Бүгд найрамдах Грек улсад 1985 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс, Монгол улсад 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг конвенцийн 2 дугаар зүйлд “Хэлэлцэн тохирогч улс бүрт энэхүү конвенц үйлчлэх бөгөөд нутаг дэвсгэрт нь хэрэглэх баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг хална. Энэхүү конвенцийн хүрээнд “баталгаажуулалт” гэж баримт бичигт зурсан гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг тухайн баримт бичиг хэрэглэгдэх орны дипломат буюу консулын төлөөлөгч нотлон гэрчлэх албан ёсны үйлдлийг хэлнэ”, 3 дугаар зүйлд “Гарын үсэг жинхэнэ эсэх, гарын үсэг зурсан этгээд нь ийм эрх мэдэлтэй эсэх, шаардлагатай тохиолдолд баримт бичигт дарсан тамга, тэмдэг үнэн зөв болохыг нотлон гэрчлэхийн тулд тухайн баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас 4 дүгээр зүйлд заасан гэрчилгээг олгох шаардлага тавигдана” гэж зааснаас үзвэл гадаадын албан ёсны баримт бичигт Апостиль /Apostille/  гэрчилгээ олгогдсоноор тухайн баримт бичиг хэрэглэгдэх улс орон дипломат буюу консулын баталгаа хийх шаардлагагүйгээр хүчин төгөлдөрт тооцно.

          Гэтэл хэрэгт авагдсан Тайланд улсын Бангкок хотноо, Грек Улсын Тайланд дахь Элчин сайдын яамны Консулын газрын захирал нотариатын үйлдэл хийсэн Гаврил Кафкиосоос Мария Суилид олгосон 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Апостиль /Apostille/ гэрчилгээ олгогдоогүй байх ба дээрх конвенцийн 1 дүгээр зүйлийн с-д нотаритын үйлдэл гэж нарийвчлан заасан байх тул уг зүйлийн “Гэхдээ энэхүү конвенц дараах баримт бичигт үйлчлэхгүй а/ дипломат болон консулын төлөөлөгчийн үйлдсэн баримт бичиг” гэдэгт  нотариатын үйлдэл хийсэн итгэмжлэл хамаарахгүй гэж үзнэ.

           Түүнчлэн, “Мандала-Олимпус” ХХК 2006 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч тал “Мандала-Олимпус” ХХК-ийг бүртгэхдээ хууль зөрчсөн үйлдэл нь Грек Улсын иргэн Гаврил Кафкиосын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас авсан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн лавлагаанаас мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг атлаа 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр 2006 оны бүртгэлийн улмаас Гаврил Кафкиосын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай нэхэмжлэл гаргасан, “Мандала-Олимпус” ХХК үүсгэн байгуулагдахаас өмнө, хувь хүн, хуулийн этгээд болон бусад аж ахуйн нэгжтэй хамтран аливаа хэлбэрийн компани байгуулж ажиллах, төлөөлөх бүрэн эрхийг Мария Суили-д олгосон итгэмжлэлийн грек хэлээр үйлдэгдсэн эх хувийг хавсаргаагүй, гагцхүү Бүгд найрамдах Грек улсын Гадаад хэргийн яам грек хэлнээс англи хэл рүү орчуулсан баталгаат орчуулгыг хавсаргаж өгсөн байхад дүгнэлт хийлгүйгээр Мария Суили-гийн 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын иргэн Б.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэлд үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй....этгээд нэхэмжлэл гаргасан” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг  зөрчжээ.

         Ийнхүү олон улсын конвенцид зааснаар гадаадын албан ёсны баримт бичигт баталгаажуулалт хийгдээгүй, “Мандала-Олимпус” ХХК-ийн бүртгэлтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг Грек Улсын иргэн Гаврил Кафкиос-оос олгоогүй байхад шүүх Грек улсын Афин хот дахь Хуульчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийн гаргасан эрх зүйн дүгнэлт гэх эх сурвалж нь тодорхойгүй баримтыг үнэлж, итгэмжлэлийн хэлбэр хугацааг аль улсын хуулиар тодорхойлохыг зохицуулсан Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8-д заасныг буруу хэрэглэж Б.Эрдэнэбаярыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

          Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд Грек Улсын иргэн Гаврил Кафкиос нь өөрөө болон тус улсад хүлээн зөвшөөрөгдөх итгэмжлэлийн үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг тэмдэглэв.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

            1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Грек улсын иргэн Гаврил Кафкиосын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суилигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох  “ Мандала-Олимпус ХХК-ийн улсын бүртгэлийн улмаас тус компанид хөрөнгө оруулагч, Грек улсын иргэн Гаврил Кафкиосын уг компанийн 90 хувийн хувьцааг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 ШҮҮГЧ                                      С.МӨНХЖАРГАЛ  

ШҮҮГЧ                                      Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                      О.НОМУУЛИН