Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 48

 

Грек Улсын иргэн Гаврил Кафкиосын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0763 дугаар магадлалтай, Грек улсын иргэн Гаврил Кафкиосын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, 16.1.3, 18.1, Компанийн тухай хууль /1999 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.2,15.2.2, 15.2.3,15.4, 15.6-т заасныг тус тус баримтлан “Мандала-Олимпус” ХХК-ийн улсын бүртгэл тус компанид хөрөнгө оруулагч Грек улсын иргэн Габрил Кафкиосын уг компанийн 90 хувийн хувьцаа эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоож, тус компанийг бүртгэсэн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9011038128 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/763 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Грек улсын иргэн Гаврил Кафкиосын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суилигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Мандала-Олимпус ХХК-ийн улсын бүртгэлийн улмаас тус компанид хөрөнгө оруулагч, Грек улсын иргэн Гаврил Кафкиосын уг компанийн 90 хувийн хувьцааг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүхээс “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гаргахад нөлөөлсөн ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянах тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчин хэргийг бүхэлд нь хянаж шийдвэр гаргаснаа зөвтгөжээ.

Гэтэл магадлалд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны яг ямар журам хэрхэн зөрчсөн талаараа ямар ч үг үсэг оруулаагүй нь ерөөс хэргийг гомдолд дурдаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо цайруулах оролдлого гэж үзэж байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц болох “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай” 1961 оны конвенцийг буруу тайлбарлаж, түүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж ойлгожээ.

Тухайлбал, магадлалын үндэслэх хэсэгт “хэрэгт авагдсан Тайланд Улсын Бангкок хотноо, Грек Улсын Тайланд дахь Элчин сайдын яамны Консулын газрын захирал нотариатын үйлдэл хийсэн Гаврш Кафкиосоос Мария Суили-д олгосон 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Апостиль гэрчилгээ олгогдоогүй байх ба дээрх Конвенцийн 1 дүгээр зүйлийн “с”-д нотариатын үйлдэл гэж нарийвчлан заасан байх тул уг зүйлийн “гэхдээ энэхүү конвенци дараахь баримт бичигт үйлчлэхгүй а/ дипломат болон консулын төлөөлөгчийн үйлдсэн баримт бичиг” гэдэгт нотариатын үйлдэл хийсэн итгэмжлэл хамаарахгүй гэж үзнэ” хэмээн конвенцийг илт буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дэлхийн аль ч улс оронд гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар өөрийн иргэдийн хооронд нотариатын үйлдэл хийдэг олон улсын иргэний эрх зүйн практик байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхийн тайлбараар бол тухайн консулын газрын хийсэн нотариатын үйлдэл нь консулын төлөөлөгчийн үйлдсэн баримт бичигт хамаарахгүй юм бол хэний үйлдсэн ямар баримт бичигт хамаарч энэхүү конвенцийн үйлчлэлд хамаарах вэ гэдэг асуулт ойлгомжгүй болж байна.

Уг Конвенцийн 1 дүгээр зүйлийн “с”-д заасан “нотариатын үйлдэл" гэдэг нь тухайн улсын дотоодод үйлдэгдсэн нотариатын үйлдлийг гадаадад албан ёсоор баталгаажуулах шаардлага тавьж байгаа болохоос гадаад улсад байгаа төрөө төлөөлж байгаа консулын газрын үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүй гээд өөр ямар төрийн байгууллагаар баталгаажуулах ёстой гэж үзээд байгааг ойлгохгүй байна.

Нэгэнт төрөө төлөөлж гадаад улсад суугаа дипломат байгууллага нь өөрөө төрийн эрх бүхий байгууллагад тооцогдох тул тэдгээрийн аливаа үйлдсэн баримт бичигт дахиж баталгаажуулалт шаардлагагүй тул нэмж “апостиль” шаардах нь уг конвенцийн ач холбогдлыг үгүйсгэх бөгөөд ийм үндэслэлээр дипломат төлөөлөгчийн газрын үйлдсэн баримт бичигт баталгаажуулалт шаарддаггүй билээ.

Конвенцид “дипломат болон консулын төлөөлөгчийн үйлдсэн баримт бичиг” гээд үүнд нотариатын үйлдэл хамаарахгүй гэсэн тусгайлсан заалт байхгүй байхад давж заалдах шатны шүүх ингэж олон улсын гэрээ конвенцийг өөрийн өнгөц ойлголтоор буруу тайлбарлаж хэрэглэж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Тухайн итгэмжлэл нь Грек Улсын хуулийн дагуу олгогдсон гэдэг нь тодорхой төдийгүй грек хэлээр олгосон гэсэн үг үсэг байхгүй байхад заавал грек хэлээр үйлдэгдсэн байх ёстой. Грекийн дипломат консулын газар англи хэлээр итгэмжлэл үйлдэж болохгүй, учир тэд англи хэл мэдэхгүй мэтээр бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын дипломат төлөөлөгчийн газрын үйлдсэн хууль ёсны итгэмжлэлийг Монголынхоо хуулийн дагуу тайлбарлаж, тухайн итгэмжлэлд хэрэглэх ёсгүй Монгол Улсын хуулийг хэрэглэж, давж заалдах шатны шүүх магадлалаа гаргажээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8 дахь заалтыг зөв хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх уг хуулийн заалтыг буруу хэрэглэж, Грекийн хуулийг тайлбарласан Грек Улсын Афин хот дахь Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчийн гаргасан эрх зүйн дүгнэлт гэх эх сурвалж нь тодорхойгүй баримтыг үнэлж” үзлээ хэмээн анхан шатны шүүхийг буруутгаж түүний шийдвэрийг хүчингүй болголоо. Нэгэнт Грек Улсын хуулиар олгосон итгэмжлэлийг Грекийн хуулийг баримтлаж, тухайн хуулиар тусгай зөвшөөрөлтэй хуульч тайлбарлана уу гэхээс Монголын давж заалдах шатны шүүх “бүхнийг мэдэгчийн дүрээр” ганцхан Монголын хууль, эрх зүйн практикийг баримталж тайлбарлах нь зохимжгүй юм.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг эрхгүй этгээд гаргасан гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон магадлалынхаа үндэслэлийг шүүх хуралдааны эцэст амаар тайлбарлахдаа 2016 оны 07 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэ хуулийн 27 дугаар зүйлийн “захиргааны ямар маргааныг тодорхой заах” гэсэн заалтыг үндэслэл болгосон хэдий ч магадлалдаа Гаврил Кафкиосоос Мандала-Олимпус ХХК-ийн бүртгэлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгоогүй гэж дүгнэжээ. Гэтэл уг итгэмжлэлд хувьцаа эзэмшигчийн хуулиар эдлэх бүхий л эрхийг олгосон байхад ийнхүү шинэ хуулийн нарийвчилсан заалтыг буцааж үйлчлүүлэн хуулийг буруу тайлбарлаж магадлал гаргасан байна.

Учир нь, нэхэмжлэгч анх захиргааны хэрэг үүсгэх нэхэмжлэлээ 2015 оны 05 дугаар сард гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргахад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуучин хууль үйлчилж байсан. Итгэмжлэл нь иргэний эрх зүйн төлөөллийн үндсэн дээр явагддаг бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “шинээр батласан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэ хууль буцаж үйлчлэхгүй бөгөөд хуучин хуулийн дагуу олгосон итгэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг “хууль өөрчлөгдсөн” гэдэг үндэслэлээр “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хуулийн дээр дурдсан зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээс өөр аргагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгааг анхаарахгүйгээр захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг зөрчжээ.

“Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ. 

Энэ хэргийн нэхэмжлэгч нь Грек улсын иргэн Гаврил Кафкиос, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суили, Мария Суили нь өөрийгээ шүүхэд төлөөлөх эрхийг иргэн  Б.Эрдэнэбаярт олгосон байна.

Б.Эрдэнэбаяраас хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, Мария Суилийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Мария Суилигаас Б.Эрдэнэбаярт 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон, энэ итгэмжлэлийн тухайд маргаангүй болно. 

Харин Б.Эрдэнэбаярт итгэмжлэл олгосон Мария Суилид  Грек улсын иргэн Гаврил Кафкиосоос 2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр олгосон 104 дүгээр итгэмжлэлийн талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, Мария Суилиг маргаж буй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн нь үндэслэл муутай байна. 

Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулах, тухайн төлөөлөл нь итгэмжлэлийн үндсэн дээр хэрэгжих талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдэд тодорхой заасан байна.

Иймээс Грек улсын иргэн Гаврил Кафкиос нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгээ бусдаар төлөөлүүлэн оролцох эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх хуулиар тавигдсан шаардлагыг хангасан байх учиртай.

2003 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Мария Суилид олгосон 104 дүгээр итгэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэгдэх энэ маргаанд Мария Суили нь иргэн Гаврил Кафкиосыг төлөөлөн оролцох бүрэн эрхийг тодорхойлсон итгэмжлэл гэж үзэх боломжгүй.

Тодруулбал, нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх болон бусад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчийн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заагдсан тохиолдолд хэрэгжихийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заажээ.

Дээрх байдлаар итгэмжлэлд тавигдах шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулиар  тодорхой зохицуулсан байх тул  “...итгэмжлэлд захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах...” гэсэн шинэ хуулийн нарийвчилсан зохицуулалтыг буцаан хэрэглэж  магадлал гаргасан ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8 дахь хэсэгт “Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүнийг олгосон улсын хуулиар тодорхойлох ...” гэж заасныг үндэслэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  нэхэмжлэгч Мария Суили нь Грек улсын иргэн Гаврил Кафкиосийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзсэн нь буруу болжээ.

Шүүх ийнхүү дүгнэхдээ эх сурвалж нь  тодорхой бус, Грек улсын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчийн гаргасан эрх зүйн дүгнэлт гэх баримтыг үндэслэсэн нь буруу талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.  

Иймээс “... давж заалдах шатны шүүх Иргэний  хуулийн 548 дугаар зүйлийн буруу тайлбарласан ...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

Харин давж заалдах шатны шүүх “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай“ 1961 оны конвенцийн холбогдох заалтыг

буруу тайлбарлаж, “...итгэмжлэлд Апостиль гэрчилгээ олгогдоогүй, ... баталгаажуулалт хийгдээгүй ...” гэж дүгнэсэн нь буруу, энэ талаар нэхэмжлэгчийн хяналтын гомдол үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр магадлалыг бүхэлд нь үгүйсгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.  

Дээр дурдсанаар Б.Эрдэнэбаярт итгэмжлэл олгосон Мария Суилигийн иргэн Гаврил Кафкиосыг шүүхэд төлөөлөн оролцох итгэмжлэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Мария Суили нь итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхгүй, Б.Эрдэнэбаярыг шүүхэд түүнийг төлөөлөн оролцох эрхгүй гэж үзэхээр байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулах тухай Б.Эрдэнэбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2016/0763 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээстэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                                 Л.АТАРЦЭЦЭГ