Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 298

 

Ө.Г нарын нэр бүхий 14 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0371 дүгээр магадлалтай, Ө.Г нарын нэр бүхий 14 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Ө.Г, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Р Д, Б.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5, 17.6, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.10, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М, М.К, Ү.Ү нараас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0371 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэсний дагуу хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгосон. Дээрх заалтууд нь Төрийн захиргааны төв байгууллага, өөрийн гэсэн хамгаалалтын захиргаатай байх ба хамгаалалтын захиргааны саналыг авахаас бус сум дүүргийн Засаг даргын саналыг авна гэсэн үг биш юм.

Энэхүү Байгаль орчны яамны сайдын 3 тушаалын 2 нь Өртөө өвөлжөө гэдэг газар олгогдсон бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А-271 тоот тушаалаар олгогдсон газар Өртөө өвөлжөө гэдэг газраас 3-4 км-ийн цаана байгаа юм. Иймд энэхүү а-271 тоот тушаалаар олгогдсон газар нь нэхэмжлэгч талын иргэдийн эрх ашиг хөндөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч С.М-д Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас олгогдсон 1999 оны гэрчилгээ нь гэрчилгээний хугацаа болох 5 жилийн хугацаа дууссан, мөн сунгуулах талаар хамгаалалтын захиргаанд ямар нэгэн өргөдөл гаргаагүй болно. Иргэн С.Г нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин суудаг мөртлөө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын манай хороонд амьдардаг гэсэн тодорхойлолт гаргуулсан нь улсын бүртгэлийн газраас тухайн нэхэмжлэгч талуудын гаргасан тодорхойлолттой зөрчилдөж байна. Нэхэмжлэгч талын ихэнх иргэд Улаанбаатар хотод оршин суудаг, бас Налайх дүүргийн өөр хороонд бүртгэлтэй.

Иргэн С.Г нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн 3 дугаар бүлгийн 17 дугаар зүйлийн 3-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих;”, 4-т “батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах;”, 7 дугаар бүлгийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэсэн заалтуудыг үндэслэл болгон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн а-271 дүгээр тушаалууд гарсан, хууль журам, хууль ёсны зөвшөөрөлтэй этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0371 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Хан хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийж, нэхэмжлэгч нар гэрчилгээ солиулах болон газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулалгүй, нэхэмжлэгч Ө.Г, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М, Г.Б, М.М, М.А, М.Р, Б.Л нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь, эдгээр нэхэмжлэгч нарын зарим нь газар ашиглах гэрчилгээгээ солиулахаар кадастрын зургийн хамт Хан хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өгсөн боловч одоо болтол сольж өгөөгүй гэж, зарим нь газар ашиглах хүсэлтээ газрын кадастрын зургийн хамт өгсөн боловч одоо хүртэл шийдвэрлээгүй атлаа яамны албан хаагчдад газар ашиглуулсан нь хууль бус гэж маргаж байхад анхан шатны шүүх зөвхөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичигт /4 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/ үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Мөн “шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 466 дугаар магадлалд заасан ажиллагааг бүрэн хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгч нараас зөвхөн Ү.Ү, Д.Ц нарын ашиглаж буй гэх газрын зураг болон маргаан бүхий актаар газар ашиглах эрх олгосон иргэдийн газрын зураг авагдсан байгаа нь хангалтгүй /4 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/, харин нэхэмжлэгч нар нь тус бүртээ чухам хаана байршилтай газрыг бодит байдал дээр ашиглаж байгаа болон ашиглахыг хүссэн, тэр нь хариуцагч байгууллагын албан хаагчдад олгосон газартай давхцаж буй эсэх, нэхэмжлэгч нарын өвөлжөө, хаваржаа яг аль бүсэд байгаа, олгогдсон газар нь бэлчээрийг ямар хэмжээгээр хязгаарлаж байгаа зэргийг тогтоох зайлшгүй шаардлагатай.

Түүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан /М.Р, М.Д гэсэн хүмүүс нэхэмжлэл гаргасан байхад шийдвэрийн Үндэслэх хэсэгт М.Р, Д гэж, Тогтоох хэсэгт М.Р Д гэж бичин, нэхэмжлэгч М.Д-н шаардлагыг орхигдуулсан/, мөн хэрэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээд нарыг оролцуулаагүй процессын алдаа гаргасан байна.

Учир нь, маргаан бүхий актуудаар яамны болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 131 албан хаагчдад газар ашиглах эрх үүссэн, гэрчилгээ олгосон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын хувьд эдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байжээ.

Анхан шатны шүүхээс дээр дурдсан процессын ажиллагааг зайлшгүй хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0371 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ