Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 183/2020/03034/И |
Дугаар | 001/ХТ2022/01183 |
Огноо | 2022-11-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2022/01183
2022 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 001/ХТ2022/01183 |
Э.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02627 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2427 дугаар магадлалтай,
Э.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй
*******д холбогдох
2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 183/ШШ2020/02627 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2018.11.27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан болохыг тогтоож, 2019.03.04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг Зайсан Ар зайсан гудамж 100/5 байр 59 тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг *******ы нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Э.Сувд-Эрдэнийн өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 158,800,000 төгрөгийг *******эс гаргуулан *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,351,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,351,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2427 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 183/ШШ2020/02627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,351,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Э.Сувд-Эрдэнийг 2018.11.12-ны өдөр улсын бүртгэлийн газар бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх ба уг өмчлөх эрхийг *******д шилжүүлсэн эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Уг үйл баримтыг тодруулах, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 25.2.3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Тодган нь шүүхийн дуудсанаар хүрэлцэж ирж, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл А.Тодган нь 2020.9.2-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, гарын үсэг зурсан байгаа баримтаас үзэхэд 2020.9.16-ны өдрийн дотор буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа удаа дараагийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориуд ирээгүй аль болох зайлсхийсэн байдлаар зугтаасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Магадлалд ...анхан шатны шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хариуцагчийн хуульд заасан эрхийг хязгаарлаагүй... талаар тодорхой дүгнэж хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хуульд заасан үүргээ биелүүлж хариу тайлбар, татгалзлаа нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь анхан шатны шүүхийн болоод нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа биш юм. Маргааны гол зүйл нь Э.Сувд-Эрдэнийн нэр дээр байсан байрыг хүчин төгөлдөр бус гэрээгээр хариуцагч шилжүүлэн авсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах маргаан байсан. Харин хариуцагч А.Тодган нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан үр дагаврыг ойлгож мэдсэн гэж өөрөө гарын үсэг зурсан ба уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагчийн өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг юм. Дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Сувд-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э.Сувд-Эрдэнийн хувьд гэрээнээс татгалзах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас бус А.Тодганы нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээн дээр маргаагүй. Гэтэл Давж заалдах шатны шүүх үйл баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн, ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг баримталж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаануудыг гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.
6. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 2018.11.27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, 2019.03.04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, шаардлагын үндэслэлээ ... орон сууцыг 238,800,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг 2018.11.27-ны өдөр байгуулсан, ...158,800,000 төгрөг төлсөн, үлдэгдлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн, ... гэрээг цуцлах, татгалзах үндэстэй. ... 2018.03.04-ний гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.
7. Нэхэмжлэгч Э.Сувд-Эрдэнийн 2020.08.06-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, шүүх 2020.08.13-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Хариуцагч 2020.09.02-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргаагүй байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... хариуцагч ийнхүү хариу тайлбараа дурдсан хугацаанд шүүхэд бичгээр ирүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тайлбарыг зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дурджээ. Гэвч хуулийн тус заалтыг хэрэглэхдээ нэхэмжлэлийг гардах, хурлын товыг мэдэгдэх үед зохигчийн шүүхтэй харилцсан байдал болон хэрэгт авагдсан баримтыг анхаарч үзэх шаардлагатай. Тодруулбал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхдөө идэвхитэй байр сууринаас хүсэл зоригоо ойлгомжтой илэрхийлээгүй бол шүүх дан ганц хариу тайлбар ирүүлээгүй нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй.
9. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч *******д байгаа талаар баримт хэрэгт авагдсаныг дурдсан байна. Тодруулбал, маргаан бүхий эд хөрөнгийг өмчлөх эрх нэгэнт өөрт нь хадгалагдаж байхад өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд орон сууцны өмчлөх эрх хариуцагчид шилжсэн эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
10. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын гаргасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхив.
11. Анхан шатны шүүх Э.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хэлэлцүүлэх захирамжийг 2020.09.18-ны өдөр гаргасан боловч хэргийн материалыг 2020.09.02-ны өдөр хариуцагчид танилцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцах журмыг анхаараагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2427 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,351,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.