Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2022/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д,

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, гэрч Б.Х, Я.Б, Ж.Н, Б.М, Ц.О, Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д нь Сүмбэр сумын Засаг даргад холбогдуулан Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.Дагважамц нь Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 1 сарын 02-ны өдрийн Б/01 тоот захирамжаар Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон.

Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар Төрийн албан хаагчийн зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргээ зөрчиж 12 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө постод хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа, архи ууж, 12 сарын 8-ны өдөр Засаг даргын орлогчийн өрөөнд үргэлжлүүлэн ууж хоорондоо марган ажлын байраа орхиж, албан үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй зөрчлийн улмаас 2021 оны 7 сарын 29-ны өдрийн Б/15 тоот захирамжаар шийтгэгдсэн боловч 9 сарын 13, 11 сарын 11, 12-ны өдрүүдэд уг зөрчлийг дахин гаргаж, чөлөө авах зарчмыг баримталдаггүй, цаг бүртгүүлдэггүй, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гаргасан, сургуулийн нийгмийн ажилтан П.Майдарыг хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Б.Дагважамцыг ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 1 сарын 03-ны өдөр хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие 2018 оны 1 сарын 02-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Б/01 тоот захирамжаар Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож, тасралтгүй 4 жил ажиллахаа албан үүргээ нэр төртэй биелүүлж, үр дүнгийн гэрээг жил тутам А үнэлгээтэйгээр дүгнүүлж ирсэн. Өнгөрсөн 2020 оны 10 сард болсон орон нутгийн сонгуулиар ИТХ-д нэр дэвшээд олонхын саналаар дэмжигдээгүй боловч намын томилгоогоор Д.Батбилэг гэгч нь сумын Засаг даргаар томилогдож ирсэн. Тэрээр томилогдон ирэхдээ төрийн албан хаагчдыг уруу татан улс төржүүлж, өөрийгөө дэмжүүлж хууль бусаар гарын үсэг цуглуулсан баримт байдаг. Энэ баримтыг үзвэл сумын ЗДТГ-ын ажил уналтын байдалд хүрсэн байгаа тул захирах, захирагдах ес, байгууллагуудад намын бодлого хэрэгжүүлэх асуудал өөр намын бодлогоор ажилтан мэргэжилтнүүдийг хангаж байгаа зэрэг байдлуудыг цэгцэлж, тууштай ажиллаж цэвэрлэгээ хийх, ...намын ахмад гишүүн Д.Батбилэгийг сумын Засаг даргаар тэтгэвэрт ортол нь ажиллуулж..." гэсэн баримтад төрийн албан хаагчдаар гарын үсэг зуруулах үед би түүнд гарын үсэг зураагүй билээ. Д.Батбилэг нь өмнө тус сумын ИТХ-ын дарга байхдаа төрийн албаны томилгоо хийх бүрт хувийн сонирхлоор хандаж манай намын хүн мөн, биш, болно, болохгүй гэх байдлаар хууль бусаар нөлөөлөхөөр оролддог байсныг миний бие төрийн албаны хуулийг баримтлан эсэргүүцдэг байсан нь бидний дунд хувийн таарамжгүй харьцаа үүсэхэд нөлөөлсөн. Үүнээс шалтгаалаад тэрээр сумын Засаг дарга болмогцоо надтай хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлж чамайг зайлуулна, эсвэл чи мэргэжилтэн болбол бол гэдэг дарамтыг удаа дараа үзүүлж байсан нь бусад хүмүүсийн тайлбар мэдүүлгээр нотлогдоно. 2019 оны 11 сарын үед ковидийн халдварт цар тахал эхлэх үед сумын Засаг дарга Д.Батбилэг Улаанбаатар хотоос ирэхэд нь миний бие сумын онцгой байдлын шуурхай штабыг ахалж байсны хувьд 7 хоног гэрийн тусгаарлалтад байхыг шаардахад чам шиг юм надад заахгүй, би засаг даргынхаа ажлыг авах гэж байна гэж хүч түрэн дарамталж орон маргааш өглөө нь Тамгын газрын байранд биеэр ирж ажлаа хүлээж авсан зэрэг нь төрийн хууль тогтоомж шийдвэрийг эхнээсээ үл ойшоосон хувь хүний ёс суртахуун, сахилга батгүйгээр аашилж байсан нь төрийн албан хаагч болж төлөвшөөгүй, аливаа асуудалд байнга хувийн ашиг сонирхол, өс хонзонгийн сэдлээр ханддагийн илрэл юм. Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжаар намайг үүрэгт ажлаас халах тухай захирамж гаргасан. Энэ захирамж нь дараах байдлаар хуульд хууль бус байна:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэсэн. Уг хуулийн зохицуулалт нь албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зохицуулалт байгаа атал ажлаас халаад байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 37.6-д заасны дагуу хууль эрх зүйн зөрчилтэй, хууль бус акт болно. 2.Засгийн газрын 2018 оны 8 сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.7-д төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэснийг захирамждаа үндэслэл болгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахад чиглэсэн туйлын тодорхой зохицуулалт биш байна. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр өгсөн хариуцлага тооцох үүрэг, мөн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Р.Гэрэлсайханы 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 09/34 тоот мэдэгдэл зэрэг баримтуудыг үндэслэн ажлаас халах тухай захирамжид дурдсан, эдгээр баримтуудыг надад мэдэгдээгүй.Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажил үүрэгтэй нь хамааралгүйгээр өөр үндэслэлээр ажлаас халахыг хориглох тухай заалтыг зөрчжээ. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлүүдэд хамаарахгүй. Тодруулбал дээрх үйлдэл нь зөрчил, гэмт хэргийн шинжтэй байсан гэж үзвэл энэ нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байхыг шаардахаар байна. Гэтэл энэ талаар холбогдох хуулийн байгууллага, албан тушаалтан шалган шийдвэрлэсэн асуудал огт байхгүй. Коронавируст халдвар /ковид-18/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах нь төрөөс энэ цаг үед баримтлах бодлогыг хуульчилсан, Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 42.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн нь энэхүү актыг хүчингүй болгох үндэслэл мөн. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан зарчмыг баримтлаагүй. Засаг дарга Б/40 тоот захирамжийг гаргахдаа надад мэдэгдээгүй. Миний бие 2021 оны 12 сарын 22, 23, 24-ний өдрүүдэд бүтэн ажлаа гүйцэтгэж байхад намайг халж байгаа тухайг огтоос мэдэгдээгүй байж байгаад 2021 оны 12 сарын 24-ний өдөр манай эхнэр гэнэт өвдөлт өгч яаралтай сумын эмнэлэгт очиход эмэгтэйчүүдийн эмч үзлэг хийгээд дутуу төрдөг байсан учраас эрсдэлтэй бүлэгт хамааруулж яаралтай аймгийн эмнэлэг рүү явахыг мэдэгдсэний дагуу миний бие ажил дээрээ очиж Засаг даргад энэ тухайгаа мэдэгдэж чөлөө хүсэх гэтэл засаг дарга ажлын байрандаа байгаагүй тул ажлынхандаа хэлээд түлхүүрээ нягтлан Ө.Эрдэнэ-Очирт үлдээгээд шууд аймгийн эмнэлэгт очиж эхнэрээ хэвтүүлсэн. Ингээд 2021 оны 12 сарын 26-ны өдөр буюу Ням гаригт Засаг дарга Д.Батбилэгийн 99905125 дугаарын утас руу 10 цаг 13 минутад залгаж 1 дэх өдрийн буюу 27-ны чөлөө хүсэхэд эхнэр хүүхдэдээ санаа тавь, тэгээ гэсэн. Ингээд тухайн шөнөө эхнэр маань төрсөн учраас 2 дахь өдөр ажилдаа очиж чадаагүй, 29-ний өдөр Улс тунхагласны баярын амралтын өдөр байсан. 30 буюу Пүрэв гаригийн өдөр ажилдаа очиход бүгд Засаг даргын өрөөнд цугласан байсан. Ингээд баярын хурал орой монита задлаад тарцгаасан. Энэ үед намайг ажлаас халсан тухай хэн ч юу ч яриагүй, би өөрийгөө ажлаас халагдах тухай мэдээгүй. Ингээд баярын амралтын өдрүүд үргэлжлээд даавууны 7 хоногоо эдлэхээр гэртээ байж байтал 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн даваа гаригийн орой манай хууль эрх зүйн мэргэжилтэн Ж.Нямлхагва манай эхнэр лүү яриад захирамж өгөх гэсэн юм, жижүүрээр өгүүлье гээд 19:49 минутад манай гэрт ирж эхнэрт маань намайг ажлаас халах захирамжийг өгөөд явсан байсан. Энэ үеэс би намайг аль 2021 оны 12 сарын 22-ны өдөр ажлаас халахаар шийдвэрлэсэн атлаа үүнээс хойш ажиллуулж байсан гэдгийг мэдсэн. Тус захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д зааснаар захиргааны актыг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах, этгээд болон хугацааг заагаагүй. Түүнчлэн уг захирамжийн 3-т 2021 оны 12 сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас халсугай гэсэн байгаагаас үзвэл ажил хүлээлцэх боломжит хугацааг багтаасан байх тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ны 33 дугаар тогтоолын 19-д ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн захирамжид тухайн ажилтны ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцон, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж сүүлчийн өдрийг тогтооно гэсэнтэй зөрчилдөж байгаа. Иймд Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж,нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Засаг дарга Ёс зүйн зөвлөлд Б.Дагважамцын асуудлаар хуралд гэсэн үүрэг өгсөн гэж өөрөө хэллээ. Гэтэл Ёс зүйн зөвлөлийн хурлын тогтоол нь Б.Дагважамцыг халсан өдрөөс хойш 5 хоногийн дараа гарсан байна. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т зааснаар 20 хувиар 6 сарын хугацаанд арга хэмжээ авах тухай заалтыг барьсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох тухай заасан. Тухайлсан заалт бүр дээр дагаж мөрдөх хугацааг заасан. Төрийн албаны тухай хуулийн 77.1, 57.2.2-т заасан заалтуудад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө гэж тодорхой заасан. Төрийн албаны тухай нэмэлт өөрчлөлт орсон тус хууль бүхэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байсан хууль. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т заасан заалтын доор 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт орсон гэсэн болохоос хүчин төгөлдөр болсон гэсэн, тус зүйл заалт дээр Хөдөлмөрийн тухай хуультай буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөнө гэсэн, бие даасан хууль дээр байхгүй. Захиргааны акт эрх зүйн зөрчилтэй болохыг нотолж байна. Захиргааны акт нь толгой хэсэгтэй, Б.Дагважамцыг үүрэгт ажлаас халах тухай гэж байгаа. Дагаж мөрдөгдөж байгаа, хүчин төгөлдөр болсон Tөрийн албаны тухай хууль Төрийн жинхэнэ албан хаагчид авах ёстой арга хэмжээ нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т зааснаар 20 хувиар арга хэмжээ авах заалтыг барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн халах заалттай зөрчилдөж байгаа буюу эрх зүйн зөрчилтэй акт учир захиргааны хууль бус акт. Архидан согтуурсан гэсэн нь акт гарах гол үндэслэл болсон. Зөрчлийг шалган шийдвэрлэх Ёс зүйн зөвлөлийн хурал хуралдсан боловч ямар нэгэн байдлаар шалган шийдвэрлэсэн нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хоёр тал нэг нь чи архи уусан, нөгөөх нь уугаагүй гэдэг тохиолдолд нотлох баримтаар хэргийг шийдвэрлэнэ. Гэтэл Б.Дагважамцыг ажлын байранд согтуу байсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Согтуурсан мансуурсан бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох журам гэж байгаа. Амьсгалаар 0.2 хувь, цусан дахь агууламжаар 0.5 хувиар спирт тогтоогдох юм бол согтуу гэж үзнэ. Тус хүн гуйвж дайвсан, өөрийн ухаан мэдрэлгүй болсон, бодитой логик холбоотой, согтсон байгаа үйлдлийг нотолсон гэрч өнөөдөр байхгүй. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.4.4-т өмнө ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан гэдэгт хамааралгүй. Өмнө нь архидан согтуурсантай холбоотой арга хэмжээ авагдсан талаар байхгүй. Энэ удаа согтуу байсныг нотлох зүйл хавтаст хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.4.1-т aжлын байр нь ажлын болон ажлын бус цагаар, албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон тохиолдолд тус арга хэмжээг авах ёстой байсан. Гэтэл тогтоосон шалган шийдвэрлэсэн ажиллагаа нэг ч байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 38.3 дахь хэсэгт захиргааны актын зохицуулалт нь Захиргааны актын зорилт, агуулгад нийцсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 39.1 дэх хэсэгт захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна гэж заасан байхад захирамж нь үүрэгт ажлаас халах тухай гэсэн хэрнээ цалингийн 20 хувиар 6 сарын хугацаанд арга хэмжээ авах тухай заалтыг барьсан. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлах ёстой. Гэрчүүдийн мэдүүлснээр тогтмол болдог шуурхай хурал дээр мэдэгдэх ажиллагаа хийсэн гэж ярьдаг. Гэтэл шуурхай дээр Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа буюу мэдэгдэх ажиллагаа биш, ажилчдын нэгдсэн шуурхай дээр өөрийг нь мэдэх сонсох ёстой субъект байхгүй байхад мэдэгдэх ажиллагаа хийснийг хийсэн гэж тооцохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан. Сонссон талаар, буцаагаад тайлбар өгсөн талаар гарын үсэгтэй бичиг баримт хэрэгт байхгүй. Хүн төрж байгаа бодитой байгаа нөхцөл байдлаа, эмнэлгийн асуудал хэнд ч үүсдэг. Тус нөхцөл байдлаа хэлж байхад хүнийг халах гэж байгаа бол хуулийн дагуу нотлох баримтын хүрээнд халах ёстой байсан. Ёс зүйн зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр дээр ажлаас нь хал гэсэн үг үсэг байхгүй. Ёс зүйн зөвлөл хуралд гэсэн үүрэг өгсөн хэр нь тэдний шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй вэ. Яагаад ажлаас халсны дараа тогтоол шийдвэр нь гарч исэн бэ. Тогтоол гарахаас өмнө яагаад халсан бэ. Тус асуудлууд нь анхнаасаа нэхэмжлэгчийг ажлаас халах гэсэн санаа байна гэдэг хардлага харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т заасныг хийгдээгүй тохиолдолд сонсох ажиллагаа явуулсан гэж тооцохгүй. Тушаалын үндэслэл болгосон архидан согтуурсан, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр пост дээр согтуу байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч ажил хийсэн гэдгээ гэрэл зургаар, нотлох баримтаар өгсөн. Орлогч дарга, гэрчээр асуугдсан хүн өөрсдөө архи бариад ирэхэд нь би хөөгөөд явуулсан. Архи уусан зүйл байхгүй гэдгээ тайлбарласан. Өөрөө архи уугаагүй гэж байгаа бол шалгаж тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг байсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын өдөр байгаагүй. Хуваарийн дагуу амрах ёстой байсан өдөр. Тушаалын үндэслэх хэсэгт заасан зүйлүүдийг шалгасан бодит нөхцөл байдал байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж хуулиар тодорхойлсон. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.1 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах үүрэг, гүйцэтгэх талаар журамласан. Сахилгын шийтгэл ногдуулах бодит байдлыг тогтоох шалгалт явуулах үүргийг захиргааны байгууллага зайлшгүй хүлээсэн. Тухайн зөрчлийг баримтжуулж эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд танилцуулан сонсох ажиллагаа хийгдэх хуулийн зохицуулалттай байхад, уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан журмын дагуу уг актыг гаргах гэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар гаргаж өгөх боломж олгоогүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр Б.Дагважамц өөрөө байсан гэж хэлсэн, өөрөө ч байснаа хүлээн зөвшөөрдөг. Хурлаас хамт олноосоо уучлалт гуйхыг үүрэг болгосон. Тус асуудал дууссан гэж нэхэмжлэгч ойлгоод явж байсан. Ажлаас халагдсанаа мэдэхгүй санхүүгийн олон баримт дээр гарын үсэг зураад ажлаа хийж байсан. Пост дээр архи уусныг хэн ч хараагүй. Орлогч даргатай архи уусан гэдэг үндэслэлүүд нь байгууллагад ямар ноцтой хор хохирол учруулсан бэ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.6-д шалгалтаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг тогтоосон бол зөрчил гаргагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна гэдэг заалтыг зөрчиж тус зөрчлийн үндэслэлийн талаар урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдээгүй. Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх зөрчил гаргахад хүргэсэн байдал, үр дагавар, албан хаагчийн ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүрэг болон үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын чиг хамаарал, өмнө зөрчил гаргаж байсан эсэх, нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Өмнө нь архидан согтуурсан талаар ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй. Тус нөхцөл байдал, хавтаст хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар болон хууль зүйн дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Б.Дагважамцыг ажлаас халах тухай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дугаар Сүмбэр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Б.Дагважамцыг эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Батбилэг шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дагважамц нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалыг эрхэлдэг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б/40 дугаартай захирамж гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" тогтоолын 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Дагважамцыг төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Б.Дагважамц нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг дээдлэх тухай Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан үүргээ умартан албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа архидан согтуурч, ажлын байраа орхин албан үүргээ гүйцэтгэлгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан. Тодруулбал, Төв аймгийн Сүмбэр суманд малын гоц халдварт шүлхий өвчний онц байдлын хорио цээр тогтоосон үед буюу 2021 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Холбоо толгойн постод хариуцлагатай жижүүрээр ажиллах хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сумын Засаг даргын орлогч Б.Бямбацогтын хамт ажлын байранд буюу түүний ажлын өрөөнд архидан согтуурч, хоорондоо маргаан үүсгэн зөрчил гаргасан. Тухайн өдөр Б.Дагважамц, Б.Бямбацогт нарыг ажлын байранд архидан согтуурч, хоорондоо муудалцан орилж хашхиран ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл гаргаж байсныг миний бие газар дээр нь шалгаж тогтоосон бөгөөд тухайн асуудлыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон байгууллагын шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх талаар саналыг зөвлөлд хүргүүлсэн. Ёс зүйн зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Б.Дагважамц. Б.Бямбацогт нарыг ажлын байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн бие биетэйгээ муудалцан ёс зүй, сахилгын зөрчил гаргасан болохыг тогтоож, хамт олон болон удирдах албан тушаалтнаас уучлал гуйхыг үүрэг болгосон. Засгийн газрын 2018 оны 258 дугаар Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" тогтоолын 1.7-д "төрийн албан хаагч ... ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх ... тохиолдолд хариуцлага тооцох", Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.1.4-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх..., Хөдөлмөрийн гэрээний 4.4.1-д "ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар, албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон" гэснийг тус тус зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь байгууллагын шуурхай хуралдааны болон Ёс зүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон тул түүнд "төрийн албанаас халах" сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Мөн Б.Дагважамц нь өмнө нь зөрчил гаргаж, түүнд сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар "сануулах" сахилгын шийтгэл ногдуулж байсан. Гэвч тэрээр өмнө гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарлан залруулалгүй ахин 2021 оны 09 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд байгууллагын удирдлагаас чөлөө, зөвшөөрөл авалгүй ажил тасалсан, албан байгууллагын цагийн бүртгэлд бүртгүүлэлгүй өмнө гаргасан зөрчлийг давтан гаргасан. Энэ нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам"-ын 3.4.4-т "өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан;". 3.4.5-д "хэд хэдэн зөрчил гаргасан" гэж зааснаар түүнд ногдуулах сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болсон. Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Р.Гэрэлсайханаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг даргад ирүүлсэн 09/34 дүгээр албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл зэргээр Б.Дагважамц нь сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гаргасан, сургуулийн нийгмийн ажилтан П.Майдарыг хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. 48.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.Дагважамцад "төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан... Б.Дагнажамцын гаргасан сахилгын зөрчлийг сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн хурлаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцүүлж, түүнд гаргасан зөрчлийнхөө талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож, тэмдэглэл үйлдсэн бөгөөд тэрээр тухайн тэмдэглэлтэй танилцаж, гарын үсгээ зурсан байна. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөх болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халах тушаал гарсан талаар биечлэн танилцуулж, тэмдэглэл үйлдсэн боловч тэрээр тухайн шийдвэрийг эс зөвшөөрч уулзалтыг орхин гарсан байна. Тиймээс хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийн эрхийг хангах талаарх Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмын зөрчсөн хэмээн буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд үгүйсгэгдэнэ. Иймд, хариуцагчийн гаргасан захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зарчимд нийцсэний зэрэгцээ Б.Дагважамцын гаргасан зөрчлийг нотлох баримтал үндэслэн тогтоож, хууль, журамд нийцсэн шийтгэлийг ногдуулсан байх тул нэхэмжлэгч Б.Дагважамцын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хүрэлтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Дагважамцын ажлаас чөлөөлсөн тушаал дээр дурдсан зөрчлүүд хангалттай нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан этгээдүүдийн тайлбар, хэргийн материалд авагдсан баримтуудаар Б.Дагважамц нь 12 дугаар сарын 07-ны өдөр Холбоо толгойн постод хариуцлагатай эргүүлээр гарч байх үедээ орлогч дарга болон, аймгаас ирсэн төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэнтэй хамтдаа нийлж 1 шил архи уусан. 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байранд архи уусан гэдэг үйл баримт тогтоогдсон. 09 дүгээр сарын 13-ны өдөр болон, 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд ажил тасалсан, уг зөрчлийг дахин давтан гаргаж зөвшөөрөл авахгүй, цагийн бүртгэлд бүртгүүлээгүй зөрчлийг дахин давтан гаргасан. Төрийн албан хаагчийн хориглох үйлдлүүдийг гаргасан. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 11.2.1 болон сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тус тус зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлуудаар хангалттай нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас дахин зөрчил гаргаагүй гэж тайлбарласан. Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ижил төрлийн зөрчил гаргаж байсныг тогтоогоогүй, өмнө архи уугаагүй байхад дахин тус асуудлаар шийтгэл хүлээлгэж байгаа буруу гэж тайлбарласан. Захирамжийн 2 дахь хэсэгт тус үгийг дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.1-т давтан гаргасан зөрчлүүдийн хооронд байх хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс хэтрээгүй байна гэж заасан. 2021 оны 07 дугаар сард ажил тасалсан, чөлөө зөвшөөрөл аваагүй гэдэг асуудлаар сахилгын шийтгэл хүлээсэн. Тухайн зөрчил гаргасан үйл баримттай маргаагүй. Удирдлага болгосон Засгийн газрын тогтоолууд, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол гэж заасан болохоос, согтуурсан, согтуураагүй, гуйвсан, гуйваагүй гэдэг тал дээр дүгнэлт хийх шаардлага байхгүй. Архи уусан бол хариуцлага хүлээлгэх үүргийг Монгол улсын Засгийн газраас бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. Тус үүргийн дагуу хариуцлага ногдуулж байгаа арга хэмжээ.. Гэрчээр асуугдсан Ёс зүйн зөвлөлийн ахлах Я.Бат-Ундрал гэх хүн тогтоол гарах үед өмнөх хурлаас гарсан шийдвэр өөрчлөгдөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Гэвч хуульд өөрчлөлт оруулахдаа Улсын Их хурлаас дахин хууль баталдаг. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталдаг. Тус хууль 2021 оны 07 дугаар сард батлагдсан. 06 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Маргаан бүхий акт дээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг удирдлага болгосон нь зөв шийдвэр. Б.Дагважамц гэдэг хүн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралд өөрөө оролцсон. Тус хуралд архи уусан, хамт олноос уучлалт гуйна, хурлын шийдвэртэй танилцаж байна, хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан Ёс зүйн зөвлөл хуралдсаны үр дүн нь Б.Дагважамц гэдэг хүн ноцтой зөрчил гаргасан эсэх дээр дүгнэлт хийдэг. Тус этгээдэд хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан байдаг. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга захирамж гаргаж шийтгэл ногдуулсан. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны болон, үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.4, 3.1.1, 3.1.4.Д, 3.1.7 А-д заасан ёс зүйн шаардлагыг биелүүлэх нь Төрийн захиргааны болон, үйлчилгээний албан хаагчдыг үүрэг. Согтуурсан эсэхийг тогтоосноос үл хамааран, маргаан бүхий актад дурдсан Б.Дагважамц гэх иргэний гаргасан зөрчил үгүйсгэгдэхгүй. Ажил хүлээлцэх боломжит хугацааг маргаан бүхий актад дурдаагүй гэх асуудлууд нь Б.Дагважамц гэх иргэний гаргасан зөрчлийг үгүйсгэх хэмжээний нөхцөл байдлыг бий болгохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

   Гэрч Б.Мөнхчулуун шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Засаг даргын Б/40 захирамжийг 01 дүгээр сарын 03-ны өдөр орой 19 цаг 30 минутад хууль эрх зүйн ажилтан Ж.Нямлхагва та үүнийг өгөөч гэсэн. Тэгээд гэр бүлийн хүнд тань өгсөн. Засаг даргын Тамгын газар 3 жижүүртэй, өглөө хэдэн цагт ирсэн, өдөр хэдэн цагт ажилд явсан, цайнаас хэдэн цагт ирсэн, орой хэдэн цагт ажлаас гарсан гэдэг байдлаар цаг бүртгэдэг, цагийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бол ажилдаа ирээгүй гэсэн үг, чөлөө авсан тохиолдолд бид нарт мэдэгддэг гэв.

Гэрч Ж.Нямлхагва шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Б/40 захирамжийг 2021 оны 12 дугаар сарын 22 өдөр үдээс хойш танилцаж хянасан, Засаг дарга захирамжийн төслийг боловсруулаад би хянасан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын шуурхай Засаг даргын өрөөнд болсон. Тэр шуурхайгаар Засаг дарга Тамгын газрын ажил сул байна, ажлын байранд Засаг даргын орлогч н.Бямбацогт, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Дагважамц архидан согтуурсан, Б.Дагважамц нь архидан согтуурсны дараа Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд ажлын байран дээр нь хэл амаар доромжилсон гэж хэлсэн. Б.Дагважамцад сонсох ажиллагаа хийхийг даалгасан. Би шуурхай тараад Б.Дагважамцын өөрийнх нь утас уруу залгаж сонсох ажиллагаа хийж байгаа талаар мэдэгдсэн, Б.Дагважамц өөрөө ирж уулзана гэж хэлсэн. 22-ны өдөр захирамж үдээс хойш гарсан, та үдээс өмнө ирж ирж Засаг даргатай уулзсан. Захирамж бол Засаг даргад байсан. Би захирамжийг зөвхөн хянасан. 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байран дээр тус хоёр албан хаагч архи уусан гэж би хүнээс сонссон, би тэр өдөр ажил дээр ирээгүй байсан. 12 дугаар сарын 07-ны орой Холбоо толгойн пост дээр би байсан, тэр малын тоонд явсан, орой ирээд пост уруу очсон, 19-20 цагийн үед Б.Дагважамц даргатай хамт тэнд байсан бүх хүн уусан уусан. Тамгын газрын дарга, орлогч дарга хоёрын хооронд үл ойлголцол үүссэн, тэндээс би 23 цаг өнгөрөөгөөд явсан. Орлогч дарга, Тамгын дарга нарын ажлын байран дээр архи уусан талаар ёс зүйн зөвлөл хуралдсан гэв.

   Гэрч Б.Хашбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Засаг дарга, Тамгын газрын дарга нарын уулзалтын тэмдэглэлийг Засаг дарга Б.Дагважамцыг орж ирэхээр тэмдэглэл хөтөлнө шүү гэж хэлсэн. Намайг орох гэж байтал нэг хүн яаралтай юм канондуулна гэж хэлээд тэр үед нь гараад өрөөнөөс үргэлжлүүлээд тэмдэглэлийг хөтөлсөн, тэр үед зайлшгүй шаардлага гарсан, өрөөнөөс сонсогдож байсан. Хоёр даргыг учраа олог гээд орхиод гарсан. Сонсогдоод байсан учир үргэлжлүүлээд хөтөлсөн. Захирамжийн дугаарыг 22-ны өдөр ажил тарахын өмнө захирамжийн төслийг аваад гаргасан, дугаарын бүртгэлийг би бүртгэсэн гэв.

   Гэрч Я.Бат-Ундрал шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлийн дарга, Б.Дагважамцын асуудлаар ёс зүйн зөвлөл хуралдсан, Ёс зүйн зөвлөлөөс уучлалт гуйлгахыг үүрэг хурал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон. Ёс зүйн зөвлөл 16-ны өдөр хуралдаад, манай ёс зүйн зөвлөлийн гишүүн н.Болормаа жилийн эцсийн тайлан гээд ажилдаа явсан. Би бас өөр ажилтай байсан, тэгээд хоорондоо зөрөлдөж байгаад 27-ны өдөр гарсан. Хуулийн хугацаанд 14 хоногийн дотор гарсан, Хурлаас гарсан шийдвэр өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөх боломж байхгүй. Бид ажилтай байсан учир Засаг дарга тогтоол нь одоог хүртэл гараагүй байна, тогтоолоо явуул гэж хэлсэн, 27-ны өдөр тогтоол гараад Засаг даргад өгсөн. Тэмдэглэлээ 17, 18-ны аль нэг өдөр би өөрөө өгсөн. Малын тооны дараагийн үе байсан учир иргэд их байсан, иргэдийн зарим нь орж ирээд хэлсэн. Ёс зүйн зөвлөлийн н.Болормааг Б.Дагважамц дарга орж зураг ав гэж хэлсэн. н.Болормаа гарч ирэхдээ Б.Дагважамц дарга архи хундагалж өгсөн. Би уусангүй. Тэр хоёр архи ууж байна гэж хэлсэн гэв.

   Гэрч Гэрч Ц.Очирхуяг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ковидын үеийн шуурхай штабын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, 2022 оны 12 дугаар сарын 22-нд таныг халагдсан гэдгийг мэдээгүй, 12 сарын 24-ний өдрийн үдээс хойш утсаар ярьсан.Үүрэг өгөөгүй. Гэр бүлийн хүн нь төрөх гэж байна, хөгшин чинь лаа чүдэнз хүргэж өгчхөөд явчхаад ирэх үү гэж гуйсан гэв.

Гэрч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Захирамж танилцуулагдсан, 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил хүлээлцэх комисстой цуг тушаал орж ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халагдсан тушаал, захирамж гарсныг мэдэж байсан. 12 дугаар сарын 15-ны өдрөөр цалингаа бодож дуусга гэж сангийн яамнаас заавар ирсэн. Үүний дагуу Б.Дагважамц даргын цалинг бүтэн олгосон. Ажил хүлээлцэх комиссын тушаал ирээгүй, ажил хүлээлцээгүй байсан учир аудитаас асуугаад хэнээр гарын үсгээ зуруулах вэ гэж хэлсэн. 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөрөө аймаг уруу төвлөрүүлэх ёстой буюу, зайлшгүй хийгдэх ёстой гүйлгээ байсан. Гүйлгээ тухай бүрд Б.Дагважамц даргад мэдээлж байсан, эхнэр нь төрж байсан учир аймагт байсан. Дарга очоод зураад өгнө гэж тохиролцсон. 30-ны өдөр байгууллага дээр арга хэмжээтэй байсан, түүнд Б.Дагважамц дарга ирсэн, тэр үед гарын үсэг зурж өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Б.Дагважамцын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна хэмээн дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг дараах үндэслэлээр хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасныг үндэслэн ажлаас халсан захиргааны акт нь хуулийн зүйл заалтыг зөрчсөн, Захиргааны Ерөнхий хуулийн 37.6-д зааснаар хууль эрх зүйн зөрчилтэй, хууль бус акт,

2.Засгийн газрын 2018 оны 8 сарын 22-ны өдрийн Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.7-д заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахад чиглэсэн туйлын тодорхой зохицуулалт биш,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр өгсөн хариуцлага тооцох үүрэг, мөн Ерөнхий боловсролын сургуулийн захирал Р.Гэрэлсайханы 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 09/34 тоот мэдэгдэл зэрэг баримтуудыг захирамжид дурдсан, эдгээр баримтуудыг надад мэдэгдээгүй, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлүүдэд хамаарахгүй. Дээрх үйлдэл нь зөрчил, гэмт хэргийн шинжтэй байсан талаар холбогдох хуулийн байгууллага, албан тушаалтан шалган шийдвэрлэсэн асуудал огт байхгүй. Архидан согтуурсан зүйл байхгүй, ажил таслаагүй,

4. Коронавируст халдвар /ковид-18/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т ...ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх... гэж төрөөс энэ цаг үед баримтлах бодлогыг хуульчилсан, Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 42.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн,

5. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар Засаг дарга Б/40 тоот захирамжийг гаргахдаа надад мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д зааснаар захиргааны актыг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах, этгээд болон хугацааг заагаагүй, захирамжийн 3-т 2021 оны 12 сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас халсугай гэсэн нь ажил хүлээлцэх боломжит хугацааг багтаасан байх тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 19-д заасантай зөрчилдсөн зэрэг үндэслэлээр маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Нэхэмжлэгч Б.Дагважамц нь Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 1 сарын 02-ны өдрийн Б/01 тоот захирамжаар Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Нэхэмжлэгч Б.Дагважамц нь Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаварт удаа дараа хайнга хандаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа 3 өдрөөс дээш хугацаагаар орхиж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд тухайн захирамжид гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Дагважамц нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд буюу тус сумын Засаг даргын орлогч Б.Бямбацогтын өрөөнд түүнтэй хамт архи уусан зөрчил гаргасан болох нь Засаг даргын Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэлд ТД: архи уусан нь үнэн гэсэн, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...ЗДТГ-ын дарга Б.Дагважамц: миний хувьд тэр өдөр өглөө цахим хуралтай байсан ирээд өрөөндөө сууж байтал орлогч дарга усаар дуудаж өрөөнд ороод ир гэсэн, би өрөөнд нь ороход архи уучихсан ууртай байсан, хагас шил архи ширээн дээр нь байсан. Надад архи өгч уу гэсэн. Бид 2 эхэндээ муудалцаад эвлэрч, 2-уулаа Бямбацогт даргын өрөөнд уусан....Ёс зүйн зөвлөлөөс гарсан шийдвэр: Ёс зүйн зөвлөлөөр ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэж, бие биетэйгээ муудалцаж харьцсан ч эргээд хоорондоо эвлэрснийг нь харгалзан үзэж хамт олон удирдах албан тушаалтнаасаа уучлалт гуйхыг үүрэг болголоо гэсэн бичгийн нотлох баримт, гэрч Я.Бат-Ундралын Тухайн өдөр малын тооны дараагийн үе байсан учир иргэд их байсан. Иргэдийн зарим нь орж ирээд хэлсэн. Ёс зүйн зөвлөлийн н.Болормаа Б.Дагважамц дарга орж зураг ав гэж хэлсэн. н.Болормаа гарч ирэхдээ Б.Дагважамц дарга архи хундагалж өгсөн. Би уусангүй. Тэр хоёр архи ууж байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай тусгай зарчим баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтална гэж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ. 37.1.1. төрийн албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.1. сануулах, 48.1.2. албан тушаалын цалинг 6 сар хүртэл хугацаагаар20 хүртэл хувиар бууруулах, 48.1.3. төрийн албанаас халах, 48.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална. гэж,

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд Төрийн албаны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 48.1.4.төрийн албанаас халах, 6 дугаар зүйлд Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж,

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 48.1.4.төрийн албанаас халах гэж заасан өөрчлөлтүүд нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 2.2-т албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн ...байгууллагын хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно, 2.4.1-д гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар гаргуулах гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай" тогтоолын 1.7-д "  төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа ...нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэж, 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1-д Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй: 3.1.4.д. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, ...дэг журмыг сахих, 4.1-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ, 6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (цаашид Ёс зүйн зөвлөл гэх) төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана. 6.3. Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхын ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана гэж тус тус заасан байна.

5. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль,Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу нэхэмжлэгч Б.Дагважамцыг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах ажиллагааг явуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Дагважамц нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд согтууруулах ундаа хэрэглэж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. 2021 оны 12 сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанаас халах гэж заасныг үндэслэн Б.Дагважамцыг албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

6. Маргаан бүхий захиргааны актад заасан Б.Дагважамц 2021 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Холбоо толгойн постод хариуцлагатай жижүүрээр ажиллах хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2021 оны 9 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд чөлөө аваагүй, бүртгүүлдэггүй, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гаргасан, сургуулийн нийгмийн ажилтан П.Майдарыг хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан зөрчил гаргасан зэрэг нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг эдгээр зөрчлийг гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д С сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН