Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0413

 

 

 

 

                                             Б.Дын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х нар,

Нэхэмжлэгч: Б.Д,

Хариуцагч: Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, Б.У, Б.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 123/2022/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдуулан “Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн

          1 дэх заалтаар:  “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.9, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б.Дыг үүрэгт ажлаас нь халах тухай Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Дыг Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож”,

         2 дахь заалтаар: “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг, уг нөхөн олговрыг олгохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин нөхөн олговрыг тооцож, түүнээс холбогдох татвар, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгаж”,

         3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйн улмаас хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гараагүй.

3.2. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хууль зүйн үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тухайд. Нэхэмжлэгч Б.Д нь Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд Б.Д нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар “удирдлагаас өгсөн үүрэг даалгаварт удаа дараа хайнга хандаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа 3 хоногоос дээш хугацаанд орхиж, албан тушаалын тодорхойлтод заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээсэн.

3.3. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамж гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар “Терийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Дыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.4. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар Сүмбэр сумын Засаг дарга миний бие нэхэмжлэгч Б.Дыг ажлын байран дээр архи уусан талаар бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосон гэж үзэж байна. Учир нь, тухайн үед бид согтолтын зэргийг тогтоох боломжгүй байсан бөгөөд өөрийгөө удирдах чадваргүй, согтуу байгаа гэдэг нь мэдэгдэж, архи үнэртэж байсан. Миний бие цагдаа дуудсан боловч цагдаа ирэхээс өмнө нэхэмжлэгч Б.Дын эхнэр нь ирээд аваад явсан. Тиймээс Б.Дыг ажлын байран дээр ажлын цагаар архи уусан талаар захиргааны зөрчил шалган шийдвэрлэсэн баримт байхгүй хэдий ч бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Дыг архи уусан гэдэг нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд Засаг даргын орлогч Б.Бын өрөөнд түүнтэй хамт архи уусан зөрчил гаргасан болох нь дараах баримтаар тогтоогддог. Үүнд, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлд “... 12.08-нд хоёр дарга архи уусан, үүнийг ёс зүйн хороогоор авч хэлэлцэх, Д дарга сургууль дээр хүртэл согтуу очиж ярьсан байна, Б.Д: Архи уусан нь үнэн, шалтгаан байсан”, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлийн хуралдааны “ ... ЗДТГ-ын дарга Б.Д: ... хагас шил архи ширээн дээр нь байсан надад архи өгч уу гэсэн, ... бид хоёр эхэндээ муудалцаад сүүлдээ эвлэрч хоёулаа Б даргын өрөөнд уусан” гэх тэмдэгдэлийг нэхэмжлэгч Б.Д үнэн, зөв болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Ёс зүйн зөвлөлөөс гарсан шийдвэрт “Ёс зүйн зөвлөлөөр ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэж, бие биетэйгээ муудалцаж харьцсан ч эргээд хоорондоо эвлэрснийг нь харгалзан үзэж хамт олон удирдах албан тушаалтнаасаа уучлалт гуйхыг үүрэг болголоо”, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сүмбэр сумын Засаг дарга, Б.Д нарын уулзалтын тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Т.Мын бичгээр гаргасан гомдол, Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 09/34 тоот захирал Р.Гы мэдэгдэл зэргээр маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө төрийн албан хаагч Б.Д нь ажлын байран дээр, ажлын цагаар архи уусан болох нь тогтоогдсон тул бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.5. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сүмбэр сумын Засаг дарга Д.Б, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Дтай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогч /Сумын Засаг дарга/-ын санаачилгаар “хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил” гэдэгт дараах зөрчлийг ойлгоно”, 4.4.1-т “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар, ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас Б.Д нь ажлын байран дээр, ажлын цагаар архи ууж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэдэг нь бүрэн тогтоогдсон гэж үзэж байна.

3.6. Гэтэл шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг зөрчсөн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг зөрчсөн хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь, Сүмбэр сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу нэхэмжлэгч Б.Дыг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалгах ажиллагааг явуулсан бөгөөд дээр дурдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байранд архидан согтуурч, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн болохыг тогтоосон.

3.7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй тухайд. Шийдвэрийн 12 дахь хэсэгт “... Төрийн албаны тухай хуульд зааснаар шийдвэрлээгүй, зохих ёсоор шалган тогтоогоогүй буюу албан ёсоор шалган шийдвэрлээгүй, албан бусаар бусдын хэлсэн тайлбар, яриаг үндэслэн өөрт төрсөн сэтгэгдлээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул маргаан бүхий актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ёс зүйн зөрчил гаргасан бөгөөд Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлаас гарсан 01 дугаартай тогтоол зэргээр сахилгын зөрчил гаргасан гэдгийг тогтоосон байхад шүүх энэхүү баримтуудыг үнэлэхгүй, хууль бус шийдвэр гаргасан.

3.8. Мөн шийдвэрийн 14 дэх хэсэгт “ ... нэхэмжлэгч Б.Д нь “... бид хоёр эхэндээ муудалцаад сүүлдээ эвлэрч хоёулаа уусан” гэх мэдүүлэг зэргээс сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны “Хөдөлмөрийн дотоод журам”-д заагаагүй хэдий ч тус Ёс зүйн зөвлөлийн 01 тоот тогтоолоор зохих хэмжээний сахилгын шийтгэл хүлээхээр тогтоогдсон, төрийн албаны нийтлэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан болохыг үгүйсгээгүй болно, ... шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийг ямар нэгэн зөрчил гаргаагүй болохыг тогтоосны үндсэн дээр гарч байгаа шийдвэр бус тул шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй” хэмээн утга агуулгын зөрчилдөөнтэй шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, шүүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сүмбэр сумын Засаг даргын Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл буюу нэхэмжлэгч Б.Дын сахилгын зөрчил гаргасныг тогтоосон баримтыг үнэлээгүй мөртлөө “тусгайлсан зохицуулалтын дагуу хуульд зааснаар шийдвэрлээгүй тул зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн удирдах албан тушаалтан Б.Д нь ажлын байранд архидан согтуурсан үйлдэл гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

3.9. Мөн хэрэгт авагдсан Ж.Н, Н.Г, 3.Д нарын гэрчийн мэдүүлэг зэргээр Б.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж нотлох баримтыг үнэлээгүй нь хууль зөрчсөн байна. Иймд, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2023/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталж, хариуцагчийг шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу Б.Дын гаргасан гэх зөрчлийг хууль, журамд зааснаар шалгаж тогтоогоогүй, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг нарийвчлан зохицуулсан хуулийг баримтлаагүй, хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхийг хориглох тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж шийдвэр гаргасан хэмээн буруутгасан. Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Б.Дын гаргасан зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох ажиллагааг хийсний үндсэн дээр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

4.2. Тодруулбал, хариуцагч Б.Дын ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сургуулийн орчинд зүй бус авир гаргаж, бусдыг доромжилж дарамтлах зэргээр төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зөрчлийг гаргасан зэрэг асуудлаар шалгалтын ажиллагаа явуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн зөвлөлд албан бичгээр мэдэгдсэн. Улмаар ёс зүйн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Засаг даргын орлогч Б.Б, Тамгын газрын дарга Б.Д нарын гаргасан зөрчлийг хэлэлцэхэд хоёул гаргасан зөрчлөө хүлээн олноосоо уучлал гуйхаа илэрхийлсэн болох нь хуралдааны зөвшөөрч, хамт тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд нэхэмжлэгч Б.Д ч мөн шүүх хуралдааны явцад ажлын байран дээр архи уусан болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй.

4.3. Ийнхүү 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Д ёс зүйн болоод сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдож, Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл Засаг даргад хүргэгдсэнээр маргаан бүхий акт гарсан. Ёс зүйн зөвлөлийн хурлын тогтоол бичгээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдэж, ийнхүү үйлдэгдэхдээ техникийн алдааны улмаас 12 дугаар сарын 16-ны өдрөөс бус 12 дугаар сарын 27-ны өдрөөр огноолсон болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Ёс зүйн зөвлөлийн дарга Я.Б-У ямар шалтгааны улмаас хуралдаан болсноос 11 хоногийн дараа тогтоол гарсан, тухайн тогтоол хэд хоногт гарах ёстой байсан, хуралдаанаар Б.Б, Б.Д нарт ямар хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн, хуралдааны тэмдэглэлийг Засаг даргад хэзээ хүргүүлсэн, хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал бичгийн хэлбэрт шилжиж тогтоол болоход өөрчлөгдөх боломжтой эсэх талаар маш тодорхой тайлбарлаж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Нэгэнт Ёс зүйн зөвлөлийн хуралдаан болж, шийдвэрээ гаргасан тохиолдолд тогтоол нь хэзээ гарснаас үл хамаарч тухайн зөрчил тогтоогдсон гэж үзэх боломжтой.

4.4. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сургуулийн захирал зэргээс Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан сургуулийн нярав Б.Ү, сургуулийн захирал Р.Г, нийгмийн ажилтан П.М нарын мэдүүлэг зэргээр Б.Д нь сургуулийн орчинд зүй бус авирлаж, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргасан болох нь тогтоогдсон, тухайн асуудлаар Ёс зүйн зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргасан.

4.5. Үүнээс үзэхэд, хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу явуулсан байх тул тэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан тусгай зарчмыг зөрчөөгүй.

4.6. Хариуцагч нь Б.Дыг ажил үүргээ гүйцэтгэх үедээ буюу ажлын байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг дээдлэх үүргээ умартсан, сургуулийн ажилтан П.Мыг удирдлага, багш ажилчид, сурагчдын өмнө доромжилж, хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталж төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зөрчлийг үйлдсэн хэмээн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасныг үгчлэн бичих байдлаар маргаан бүхий захиргааны актын Захирамжлах хэсгийн 1, 3 дахь заалтуудад тодорхой дурдсан.

4.7. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах талаар мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан бөгөөд маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтад үндэслэж гарсан тул Б.Дыг хуульд зааснаас бусад нөхцөлөөр төрийн албанаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй. Нэгэнт маргаан бүхий актад Б.Дыг ямар хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн хэмээн буруутгасан талаар тодорхой дурдаж, тухайн хуулийн зохицуулалтуудыг ч тодорхой бичсэн байхад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх зарчмыг хариуцагч нь зөрчсөн хэмээн дүгнэж буйг буруу.

4.8. “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3.5, 3.3.6 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн албан хаагчийн өмнө зөрчил гаргаж байсан эсэх, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр сахилгын шийтгэлийг ногдуулдаг. Б.Д өмнө нь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байсан. Ийнхүү сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан, мөн гаргасан зөрчлөө ухамсарлаж, байгууллага, хамт олноосоо уучлалт гуйгаагүй байдал нь түүнд ногдуулах сахилгын шийтгэлд нөлөөлсөн. Түүнээс биш “уучлалт гуйсан эсэхээс хамаарч шийтгэлээ харилцан адилгүй ногдуулсан, зөвхөн өөрт төрсөн сэтгэгдлээр шийдвэр гаргасан” зүйл огт байхгүй бөгөөд энэ талаарх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т дурдсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.9. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн зохицуулалт нь шийдвэр гаргагчид эрх олгосон зохицуулалт. Засаг даргын хувьд шийдвэр гаргахдаа дээр дурдсанаар Б.Дыг сахилгын шийтгэлтэй эсэх, гаргасан зөрчлөө ухамсарласан эсэх, байгууллага, хамт олноосоо уучлалт гуйсан эсэх, зөрчлийг давтан гаргасан байдал зэргийг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулсан талаар тайлбарласаар атал адил зөрчил гаргасан 2 хүнд харилцан адилгүй шийтгэл ногдуулсан хэмээн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т дурдаж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.10. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “... хариуцагч Засаг дарга нь энэхүү зөвлөлийн тогтоол шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна” 10-т “... гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, нэхэмжлэгч Б.Дыг шүлхий өвчний хяналтын постод ажиллаж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг эдгээр гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй”, 12-т “... маргааны үйл баримтыг хариуцагч нь ... зохих ёсоор шалган тогтоогоогүй” хэмээн нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй, гаргасан болох нь тогтоогдоогүй мэтээр дүгнэсэн хирнээ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т “... Ёс зүйн зөвлөлийн 01 тоот тогтоолоор зохих хэмжээний сахилгын шийтгэл хүлээхээр тогтоогдсон, төрийн албаны нийтлэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан болохыг үгүйсгээгүй” хэмээн өөр хоорондоо зөрүүтэй, илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

4.11. Ёс зүйн зөвлөлийн хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон, тухайн хуралдаанаар Б.Дыг зөрчил гаргасан болохыг тогтоож, уучлалт гуйхыг үүрэг болгож шийдвэрлэсэн байхад тухайн шийдвэр мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан мэтээр нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Нэгэнт зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн баримтыг зөв буюу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр өөрөөр гарах боломж байсан.

4.12. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-т “... Б.Д нь хүний биед халдсан, гутаан доромжилсон зөрчил гаргасан эсэх асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хандан шийдвэрлүүлсний үндсэн дээр зөрчлийн асуудалд хариуцлага тооцох үндэслэлтэй” хэмээн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулаагүй талаар дүгнэсэн. Гэтэл түүний гаргасан ёс зүйгүй авирласан, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн талаарх асуудал ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн. Хэрвээ Б.Дын хүний биед халдсан, ёс зүйгүй авирласан эсэх үйлдлийг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй хэмээн дүгнэж, хариуцагчийг буруутгаж буй тохиолдолд үүнтэй холбоотой баримтыг шүүх цуглуулах боломжтой байсан.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанд алба хаагчдын ажлын байран дээр архи уусантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан зүйл байгаа эсэхийг шүүх бүрэлдэхүүн хариуцагчаас тодруулсан бөгөөд “архи ууж, дуу чимээ өндөрсөж, хоорондоо маргалдаж байсан тул тэр даруйд цагдаагийн байгууллагад хандсан, цагдаагийн албан хаагч нар ажлын байранд ирэх үед Б.Дыг эхнэр нь ирээд аваад явчихсан байсан” талаар хариулсан. Үүнтэй холбоотой Б.Дын гаргасан зөрчлийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон эсэх талаар тодруулж, холбогдох баримтыг цуглуулах боломж шүүхэд байсан боловч энэ талаарх баримтыг цуглуулаагүй хирнээ шууд хариуцагчийг буруутгах байдлаар дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.13. Иймд, дээрх байдлаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2023/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа. Үүнд:

              3.1. Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар “... Б.Д нь 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө постод хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа, архи ууж, 12 дугаар сарын 08-ны өдөр Засаг даргын орлогчийн өрөөнд үргэлжлүүлэн ууж, хоорондоо марган ажлын байраа орхиж, албан үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй, мөн албан үүргээ биелүүлээгүй зөрчлийн улмаас 2021 оны 07 сарын 29-ны өдрийн Б/15 тоот захирамжаар шийтгэгдсэн боловч 09 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд уг зөрчлийг дахин гаргаж, чөлөө авах зарчмыг баримталдаггүй, цаг бүртгүүлдэггүй, Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гаргасан, сургуулийн нийгмийн ажилтан П.Мыг хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан зөрчил гаргасан гэж үзэж Б.Дыг ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан”, нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр маргаж байна.

              3.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд 48 дугаар зүйлийн 48.1.3-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчийг төрийн албанаас халахаар, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанг ажлаас халах шийдвэр гаргахаар тус тус хуульчилсан..

              3.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” тогтоолын 1.7-д төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ... нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоор, 2019 оны 33 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих үүрэгтэй байна.

              3.4. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/28 дугаар албан бичгээр ирүүлсэн тус сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 8.5-д ажлын байрнаас 50 метр дотор тамхи болон согтууруулах ундаа мөн мансуурах зүйл хэрэглэсэн бол албан хаагчдад захиргааны шийтгэл ногдуулахаар, Б.Дын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр сумын Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.2-т тус тус ажлын байранд архидан согтуурсан, ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах “ноцтой зөрчил” гэж үзэхээр тодорхой тусгажээ.

              3.5. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Д нь дээр дурдсан хууль болон холбогдох журам, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, хууль, журмаар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх “... дурдсан зөрчлийг шалган тогтоосон баримтгүй, хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлээгүй, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй” гэх зэргээр дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна.

              Мөн шүүх “... зохих хэмжээний сахилгын шийтгэл хүлээхээр тогтоогдсон, төрийн албаны нийтлэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан болохыг үгүйсгээгүй” гэсэн атлаа уг зөрчил нь дээр дурдсан хууль тогтоомжид зааснаар ямар хариуцлага, шийтгэл хүлээх талаар болоод гаргасан зөрчилд холбогдох хууль журмын дагуу хэрхэн хариуцлага хүлээлгэхээр заасныг анхаарч үзээгүй байна.

3.6. Тодруулбал, Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлын байрандаа буюу Засаг даргын орлогч Б.Бын өрөөнд түүнтэй хамт “архи уусан” зөрчил гаргасан болох нь Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай хурлын “... 12.08-нд хоёр дарга архи уусан, үүнийг ёс зүйн хороогоор авч хэлэлцэх, Д дарга сургууль дээр хүртэл согтуу очиж ярьсан байна, Б.Д: Архи уусан нь үнэн, шалтгаан байсан” гэх тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлийн хуралдааны “ ... ЗДТГ-ын дарга Б.Д: ... хагас шил архи ширээн дээр нь байсан надад архи өгч уу гэсэн, ... бид хоёр эхэндээ муудалцаад сүүлдээ эвлэрч хоёулаа Б даргын өрөөнд уусан ... ” гэх тэмдэглэлээр тогтоогдсон, нэхэмжлэгч үүнийг үнэн, зөв болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх  бөгөөд Ёс зүйн зөвлөлийн “Ёс зүйн зөвлөлөөр ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэж, бие биетэйгээ муудалцаж харьцсан ч эргээд хоорондоо эвлэрснийг нь харгалзан үзэж хамт олон удирдах албан тушаалтнаасаа уучлалт гуйхыг үүрэг болгосон” 01 дугаартай шийдвэр болон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сүмбэр сумын Засаг дарга, Б.Д нарын уулзалтын тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр П.Мын бичгээр гаргасан гомдол, Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Р.Гы мэдэгдэл, зэргээр зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. Нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг үгүйсгэж тодорхой баримт гаргаж  мэтгэлцээгүй байна.

3.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан, холбогдох хууль, журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ийнхүү хариуцлага тооцохгүй байх нь хууль, журам тэгш хэрэгжих, төрийн албан хаагчид үүрэг хариуцлагаа ухамсарлах, эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандах, хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх, цаашлаад энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь өөрөө хуульд нийцээгүй шийдвэр болно гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

                        3.8. Анхан шатны шүүх “... 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн хуралдаан болж, зөрчлийн талаар хэлэлцсэн тэмдэглэл гаргасан, үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн хурлын 01 дүгээр  тогтоол гарснаас үзвэл ... хариуцагч энэхүү тогтоол шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна” гэх боловч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар Б.Дын “архи уусан” гэх зөрчлийг хэлэлцээд хамт олны удирдах албан тушаалтнаасаа уучлал гуйхыг үүрэг болгож, ийм үйлдэл давтахгүй байхыг сануулж, хурлыг өндөрлөсөн, мөн Ёс зүйн зөвлөлийн дарга, гэрч Я.Б-У-ын мэдүүлгээр 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

                        3.9. Мөн шийдвэрт “... Б.Д архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын сургууль дээр очиж, сургуулийн нийтийн ажилтан П.Мыг доромжлох, дарамтлах зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргасан гэх асуудлаар ямар нэгэн шалган шийдвэрлэсэн баримтгүй, ... П.М уг асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй” гэх байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд байгууллагын Ёс зүйн зөвлөл нь өөрөө тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдын ёс зүйг сахиулах, энэ талаар дүгнэлт гаргах эрх, үүрэгтэй бөгөөд дээр дурдсанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн энэ тохиолдолд П.М холбогдох хуулийн байгууллагад хандах эсэхээс үл хамаараад төрийн албан хаагч зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм.

              3.10. Б.Д нь сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар “... удирдлагаас өгсөн үүрэг даалгаварт удаа дараа хайнга хандаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа 3 өдрөөс дээш хугацаагаар орхиж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр сахилгын “сануулах” шийтгэл оногдуулсан, уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч зохих байгууллагад хандаагүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байна.

              3.11. Хэрэгт авагдсан 11 дүгээр сарын цагийн бүртгэлээр ганц Б.Д бус өөр бусад албан хаагчдын тухайн сарын цагийн бүртгэл бүрэн бүртгэгдээгүй байх тул “... мөн сарын 11, 12-ны өдрүүдэд зөрчил дахин гаргаж, цаг бүртгэлд бүртгүүлдэггүй зэрэг зөрчлууд удаа дараа гаргасан” гэх маргаан бүхий актын 2-т дурдсан зөрчлийг гаргасан гэж шууд үзэх боломжгүй байна.  

              3.12. Дээрх байдлаар нэхэмжлэгч ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь түүний мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч Б/40 дүгээр захирамжийг гаргахдаа зөрчлийг шалгаж, тогтоох ажиллагааг хуульд нийцүүлэн боломжит байдлаар хийсэн бөгөөд шүүх Б/40 дүгээр захирамжийг хууль зөрчөөгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн “...урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дын “Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Х нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН