Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 19

 

З.Б-д холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой, З.Б-д холбогдох эрүүгийн 135004690230 дугаартай, 1 хавтас хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Болормаа, Д.Бунжаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа, Д.Бунжаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1963 оны 6 дугаар сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн ...тоотод оршин суух, Б овогт З-ын Б.

Шүүгдэгч З.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39... тоотод байрлах иргэн Б.Мын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт хулгайлж, нийт 238.095 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт З-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа, Д.Бунжаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх З.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах, иргэн Б.М-ын гэрээс "Самсунг" загварын 32 инчийн зурагт хулгайлж, бусдад 238.095 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон боловч З.Бын үйлдэлд “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх талын объектив шинж тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Тодруулбал З.Б нь хохирогч Б.М-ын гэрт анхнаасаа хулгай хийх зорилгоор очсон эсэх нь тогтоогдоогүй, түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарьш 08-ны өдөр тухайн цаг хугацаанд хохирогч Б.Мын гэр цоожгүй, онгорхой байсан болох нь шүүгдэгч З.Б болон хохирогч Б.М, гэрч Б.Б нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл З.Б нь хохирогч Б.Мын гэр цоожгүй байгааг урьдаас мэдэж, хулгай хийхээр төлөвлөж хууль бусаар нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Шүүгдэгч З.Быг хохирогч Б.Мын гэрт оршин суугчийн зөвшөөрлөөр нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэхэд тухайн орон байр цоожтой байсан эсэх, хаалга хаалттай, онгорхой байсан зэрэг нь хамаарахгүй” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт төдийгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал гэж үзэж байна.

Хэдийгээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг хэсэг нь орон байрны халдашгүй байдал мөн боловч хүн амьдрах зориулалт бүхий монгол гэр нь эрт дээр үеэс нүүдэлчин Монгол угсаатны уламжлал, ёс заншил, соёлыг агуулсан, өвөрмөц онцлог бүхий эсгий сууц юм. Өөрөөр хэлбэл монгол гэрийн хаалгыг цоожилж хамгаалаагүй тохиолдолд гаднаас ирсэн хэн боловч гэрийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээр хаалгыг нь татаад алхавчийг нь давж нэвтрэн орох боломжтой байдаг. Энэ нь нүүдэлчин монголчуудын дунд тогтсон, хуульчлах шаардлагагүй, уламжлалт заншлын хэм хэмжээ юм. Ингэж монголчуудын дунд тогтсон заншлаар цоожгүй байсан хаалгыг онгойлгож, хүн амьдрах зориулалт бүхий гэрт уламжлалт аргаар нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж хүндрүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй бөгөөд монгол гэрийн хаалга цоожгүй байсан тохиолдолд заавал оршин суугчийн зөвшөөрлөөр нэвтрэх талаар хуульчлагдсан зүйл байхгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 13.6-д “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг зүйлчилсэн ба уг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг объектив талын нэг шинж нь “оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтрэх” үйлдэл юм.

Үүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хүндрүүлэх шинжтэй төсөөтэй хэрэглэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Б.Мын гэрт оршин суугчийн зөвшөөрлөөр нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан үндэслэл гэж үзэж байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжид тухайн орон байр цоожтой байсан эсэх, хаалттай байсан, эсхүл онгорхой байсан эсэх нь хамааралтай, чухал ач холбогдолтой төдийгүй, уг гэмт хэргийн гол хүндрүүлэх шинж юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тухайн орон байранд хууль бусаар нэвтрэхийн тулд ямар нэгэн идэвхтэй, хууль бус үйлдлийг хийсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч З.Б нь хохирогч Б.Мын өмчлөлийн 32 инчийн өнгөт зурагтыг хууль бусаар авахын тулд хохирогчийн гэрт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалгыг эвдэх, цонхыг нь хагалах, тооно, өрхөөр нь дамжиж орох, хаалганы түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах зэргээр идэвхтэй үйлдлийг хийгээгүй, нууц далд аргаар сэм орсон зэрэг асуудал нотлогдоогүй байна. Үнэхээр З.Б нь анхнаасаа хохирогч Б.Мын гэрээс хулгай хийх зорилготой байсан бол өдрийн цагаар биш шөнө оройн цагаар, хүнд харагдахгүйгээр нэвтрэх байсан ба тэднийд малгайгаа тайлж тухлахгүй байсан байх гэж үзэж байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч З.Б нь анхнаасаа хохирогч Б.Мын гэрт хулгай хийх зорилгоор очиж, тэдний монгол гэрт хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэл нотлогдоогүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хулгайлах гэмт хэргийн улмаас 238.095 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнд хамаарч байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, З.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: З.Б нь бусдын орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн эрхэд халдсан үйлдэл тогтоогдож байгаа тул зүйлчлэл нь тохирсон гэж үзэж байна. Мөн гэрийн хаалга цоожгүй байсан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар  сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа, Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, Б.Болормаа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн З.Бд холбогдох эрүүгийн 1935004690230 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн прокурорын газраас З.Быг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах иргэн Б.Мын гэрээс “Самсунг” загварын, 32 инчийн зурагт хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

З.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй, хууль зүйн үндэслэлтэй  тогтоож чадаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ уг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэн, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах ёстой бөгөөд энэхүү ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй тохиолдолд шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүйд хүрнэ.

         Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш мал амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэж заажээ.

З.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч   ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хохирогчийн хулгайд алдсан гэх зурагтад үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгийн  тэмдэглэл /хх-ийн 04-р тал/ хэрэгт авагдсан байна.

Үзлэгийн тэмдэглэлд: “ Үзлэгийн явцад Samsung А 30 загварын гар утсаар _ кадр зураг бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов” гэж бичсэн байх боловч уг гэрэл зургаа хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар үзлэгийн ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлсэн бол хэрэгт хавсаргах ёстой.

Дээрхи ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг бүрэн гүйцэт бэхжүүлээгүйгээс гэмт хэргийн объект болох зурагтны  шинж байдлыг тодорхойлсон /хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн, ямар төрөл, загвартай болох, эдэлгээний шинж байдал буюу хуучин шинэ, эвдрэл гэмтэл гэх мэт/ нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна. Тодруулбал : мөрдөгч эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжилгээ хийлгэхдээ шинжилгээний объектын талаархи мэдээлэл агуулсан баримт материал болох зурагтад үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжээчид хүргүүлээгүй нь шинжилгээний үр дүн буюу үнэлгээ бодитой гарах нөхцлийг бүрдүүлээгүй гэж үзнэ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна”, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжилгээ хийх үед оролцогчийн эрхийг тодорхойлсон ба үүнд: 1. Шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, 2. Шинжээчид нэмэлт асуулт тавих, 3. Шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, 4. Мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, 5.Шинжээчийн дүгнэлттэй танилцах гэж заасан,

мөн хуулийн 27.7 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт : “Шинжээчийн дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна. Шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлгийг оролцогчид танилцуулсан, энэ үед оролцогчоос тавьсан хүсэлт, асуулт, хариултын талаар тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 416 дугаартай дүгнэлтийг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.2, 27.7 дугаар зүйлд тус тус заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. 

Мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Шинжээч томилох шийдвэрт ....шинжилгээний обьектын талаархи мэдээллийг тусгана гэж заасныг зөрчсөн байна.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах шаардлагатай байна.

Хохирогч Б.М 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор  “...Тухайн үед манай гэрт хар өнгийн, зуны шляпан малгай байсан юм.Тэгээд манай гэрийн ойролцоо байх камерыг шүүж үзсэн боловч манай гэрийн ойр орчмын хэсэг нь харагдаагүй” гэх  мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгийн дагуу хаана байрлах, ямар камерийг хэн, хэзээ шүүж үзсэн талаархи эх сурвалжийг нягтлаагүй, мөн энэ хэргийг цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсыг үндэслэж, шалгах ажиллагаа эхлүүлсэн байх бөгөөд хохирогч Цагдаагийн байгууллагад хэзээ, хэрхэн хандсан, гомдол мэдээлэл гаргасан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч  өөрийн зурагт алга болсныг мэдсэн даруйдаа яагаад цагдаагийн байгууллагад хандаагүй зэргийг тодруулах нь зүйтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дээрхи мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах“ тухай давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Б-д холбогдох эрүүгийн 1935004690230 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 3, мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан З.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг прокурорт очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ