Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ын Б-д холбогдох 1935004690230 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн  тоотод оршин суух Б овогт З-ын Б.

                   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч З.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах иргэн Б.М-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт хулгайлж нийт 238.095 төгрөг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч З.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах иргэн Б.М-ын гэрээс “Самсунг” загварын 32 инчийн зурагтыг авсан  болох нь:

  1. Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаангом сумын 7 дугаар багт байрлах хашаандаа нүүж очсон юм. Тэгээд 7 дугаар багт байрлах гэртээ цахилгаан холбуулаагүй байсан болохоор 5 дугаар багт байдаг гэртээ түр амьдарч байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ очиж тавилгаа янзалчихаад орой болж гэртээ харих гэхэд манай гэрийн цоож нь олдоогүй болохоор нь гэрээ цоожлохгүй хаалгыг нь хаачихаад явсан юм. Маргааш өглөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө манай эхнэр 10 цагийн үед 7 дугаар багт байрлах гэрт очоод надруу залгаад “Гэрт байсан зурагт алга. Яасан юм бол” гэж асуухаар нь би араас нь гэртээ очиход манай гэрт байсан “Самсунг” загварын 32 инчийн зурагт алга болчихсон байсан. Тухайн үед манай гэрт хар өнгийн зуны шляпан малгай байсан юм. Тэгээд манай гэрийн ойролцоо байх камерыг шүүж үзсэн боловч манай гэрийн ойр орчмын хэсэг нь харагдаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай хороололд амьдардаг З.Б нь Хот тохижуулах газрын үүдэнд таарахаар нь би “Таны малгай манай гэрт байна. Та миний зурагт авч ирж өг” гэхэд “Танай зурагт манайд байна. Би авчихсан юм уучлаарай ахын дүү” гэж хэлэхээр нь би эхнэр лүүгээ залгаад “Манай зурагтыг манай хороололын З.Б авчихсан юм байна. Сая надтай таарахаар нь таны малгай манай гэрт байна. Та манай зурагт авч ирж өг гэхэд уучлаарай ах нь хүргээд өгнө гэж хэллээ” гэж хэлэхэд манай эхнэр З.Бын гэрээс очиж зурагтаа авч ирсэн юм. Тухайн зурагтыг 2019 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос 250.000 төгрөгөөр авч байсан юм. Манай гэр тухайн үед цоожгүй байсан. Би цоожлох гэсэн боловч цоож нь олдоогүй. Манай хороололд урд өмнө хулгай гарч байгаагүй болохоор нь гайгүй байх гэж бодоод цоожлоогүй юм. З.Б нь урд өмнө тэр малгайтайгаа манай хажуугаар явж байсан болохоор нь З.Б-ын малгай гэдгийг би мэдсэн юм. Би З.Баас зурагтаа буцааж авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр З.Бтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэр өдөр З.Бтай уулзаагүй юм. З.Б болон түүний эхнэр Х.Ж нар болон манай эхнэр Б.Б бид нарын хооронд ямар нэгэн өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй.” гэх  мэдүүлэг /хх-ийн 6-7, 62-63-р талд/,

2. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 07-нд намайг Б.М-ын гэрт очиход зүүн талын орны хажууд бор өнгийн хайрцагтай хар өнгийн зурагт байсан юм. Би Б.М-ын гэрт 17 цагийн үед очоод Б.М-ын хамт тавилгаа янзлангаа 0.75 литрийн “Ерөөл” гэх нэртэй архи хувааж уучихаад гэрлүүгээ яваад өгсөн юм. Б.М гэртээ ганцаараа үлдсэн юм. Намайг Б.М-тай хамт архиа хувааж уучихаад гарч байхад зурагт зүүн орон дээр байсан юм. Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Б.М надруу ярьж “Манай зурагт алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Гэрийнхээ ойролцоо байдаг камерыг шүүх үзээрэй. Өчигдөр байсан биз дээ” гэж хэлсэн юм. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.М миний утас руу залгаж “Зурагтаа олчихлоо манай хороололын З.Б гэдэг хүн авчихсан байна. Би зурагтаа буцаагаад авчихлаа” гэж хэлсэн юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 65-66-р тал/, 

3. Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө гэртээ очиход манай гэрт зүүн талын орон дээр хэвтүүлээд тавьчихсан байсан зурагт байхгүй болохоор нөхрөөсөө асуухад манай нөхөр “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрийн хаяа булхаар очоод байж байгаад буцаад гарах гэтэл гэрийн түлхүүр цоож олдоогүй учраас гэрийн хаалга хаагаад гараад явсан” гэж надад хэлсэн юм. Тухайн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр оройны 19 цагийн орчим архи уучихсан байдалтай орж ирээд хоолоо идээд унтаад өгсөн юм. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М над руу залгаад “Манай зурагт Б-н гэрт байна гэнэ. Очоод авчих” гэхээр нь би очиж авсан.  Гэрт нь очиход З.Б ганцаараа байсан юм. Би “Яагаад манай зурагт танайд байгаа юм бэ?” гэж асуухад З.Б “Ах нь аваад гэртээ ирчихсэн байна. Уучлаарай гэж хэлсэн” юм. Өөрйнхөө зурагтыг хайрцаг нь дээр байсан утасны дугаараар нь таньсан юм. Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал оройны 20 цагийн орчим З.Б гэх хүн манайд ганцаараа орж ирээд “Ахдаа манай эхнэртэй өр авлагтай , надад өөрөө зурагтаа өгөөд гаргасан гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч” гэж надаас гуйсан юм. Тухайн үед “Би үнэн зөвөөр мэдүүлэг өгчихсөн. Одоо надад тодорхойлолт хийж өгөх шаардлага байхгүй. Та Б.М-р хийлгээд авчих” гэж хэлэхэд “Та хоёрт ямар ч ялгаа байхгүй. Далайд ус нэмэр гэгчээр ах нь гуйж байна. Манай өмгөөлөгч Д.Бунжаа чамайг гуйгаад хийлгээд ир гэж надад хэлсэн юм. Энэ тодорхойлолтыг цагдаа шүүхэд өгөхгүй өмгөөлөгч аваад ир гэсэн” гээд 1-2 цагийн орчим намайг гуйгаад байсан юм. Тэгээд би хөгшин настай хүн удаан гуйж байна гээд хуурамч худлаа тодорхойлолт хийж өгөөд явуулсан юм. Урьд нь би эрүүгийн мөрдөгч дэслэгч Д гэх мөрдөгч дээр ирж мэдүүлэг өгөхөөс өмнө З.Б нь “Ахдаа энэ хэрэг дээр нэг туслаач” гээд гуйгаад байсан юм. Тэрнээс хойш гудамжинд таарах болгондоо намайг гуйдаг болсон юм. Манай нөхөр Б.М бид хоёр З.Б болон түүний эхнэр нарт өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй юм.” гэх  мэдүүлэг /хх-ийн 9, 10-11, 64-р тал/, 

4. Гэрч Х.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед юу ч мэдээгүй юм. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр З.Б нь “Цагдаа орчихоод ирлээ” гэхээр нь энэ талаар мэдсэн.  Тухайн 32 инчийн зурагтыг З.Б гэрт хэзээ хаанаас авч ирсэн, хэзээ хэн ирээд авч явсан талаар юу ч мэдэхгүй би хараагүй юм. Би З.Б болон Б.М нарыг хамт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан үгүйг мэдэхгүй байна. Манай гэрт Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж орж ирж байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч  З.Б нь хохирогч Б.М-ын монгол гэрээс 32 инчийн зурагт нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Б-ын нууц далд аргаар авсан хохирогч Б.М-ын “Самсунг” загварын 32 инчийн зурагт нь 238.095 төгрөгийн үнэтэй болох нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 416 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р тал/-ээр тогтоогдсон тул  энэ гэмт хэргийн улмаас 238.095 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

            Монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр бөгөөд Прокуророос хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Б мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б.М гэх айлын хашааны хаалга нь онгорхой байхаар хашаа руу нь ороход Б.М-ын гэрийн хаалга нь онгорхой байсан гэр лүү нь яваад ороход Б.М нь голын орон дээр ганцаараа хэвтэж байсан. Б.М намайг орон дээр хэвт гэхээр би хэвтэж байгаад унтчихсан байсан юм. Би сэрэхэд гэрт хүн байхгүй болохоор нь зурагтыг нь аваад гарсан.”

-   Би зүүн талын орон дээр унтаж байтал хэн нэгэн босоорой гээд намайг дуудаад байсан сэрээд хартал Б.М-ын эхнэр Б.Б гэх эмэгтэй намайг дуудаж байсан юм. Тэгээд би босоод Б.Б-ээс “Би ганц шил архи уучихмаар байна. Мөнгө байна уу?” гэхэд Б.Б нь мөнгө байхгүй гэхээр нь “Манай эхнэр Х.Ж та хоёрын хооронд мөнгөний өглөг, авлагын асуудал байгаа зурагт ав гэсэн юм биш үү?” гэхэд Б.Б нь “Зурагт аваад яв” гэж надад хэлэхээр би 20 цагийн орчим Б.М-ын эзэмшлийн зурагтыг гэр лүүгээ авч явсан юм” гэх зэргээр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгч байгаа  нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа “Монгол гэрт хэн ч орж, гарах эрхтэй учраас шүүгдэгч З.Б-ыг хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй байна” гэж мэтгэлцсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн нэг хэсэг нь орон байрны халдашгүй байдал юм. Монгол гэрт хэн боловч орж, гарах боломжтой боловч оршин суугчийн зөвшөөрлөөр орох ёстой бөгөөд зөвшөөрөлгүйгээр орох нь орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэх үндэслэл болно.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч З.Б-ыг хохирогч Б.М-ын гэрт оршин суугчийн зөвшөөрлөөр нэвтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогтогүй бөгөөд орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрэхэд тухайн орон байр цоожтой байсан эсэх, хаалга хаалттай, онгорхой байсан зэрэг нь хамаарахгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус зааснаар 300.000 төгрөг хүртэл хэмжээг бага хэмжээний хохиролд хамаарна.

Энэ гэмт хэргийн улмаас 238.095 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээний хохиролд хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: -“Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж тодорхойлсоны дагуу энэ үйлдэл нь гэмт хэрэг болно.

Иймд шүүгдэгч З.Б-ыг  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.М-ын “мөрдөн байцаалтын шатанд “Би З.Б-аас зурагтаа буцааж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэж  мэдүүлсэн байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч З.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргйг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

шүүгдэгч З.Б-ын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Б.Б-ийн “...Миний аав янз бүрийн ааш, авир гэх зүйл байхгүй. Хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг уусан үедээ ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй юм. Эцэг хүн ямар байх ёстой тийм л байдаг гэж би аавыгаа боддог юм. Хүүхдүүийнхээ ач, зээ нарыг үргэлж харж өгдөг, гэр орондоо тохитой, томоотой илүү дутуу ааш авир гаргаад байдаггүй хүн юм. Сайн хань, сайн аав байж чаддаг гэж би аавыгаа боддог юм. Манай гэр бүлийнхэн хулгай зэлгээ хийж амьдарлаа залгуулж явдаг хүн биш юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, гэрч Х.Ж-ийн “...Би З.Бтай амьдраад 30 жил болж байна. Энэ хугацаанд намайг дарамтлаж зодож цохиж байсан зүйл байхгүй. Сүүлийн үед хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ 4-5 хоног уугаад авчихдаг юм. Уусан үедээ янз бүрийн ааш авир гаргаад байдаггүй мөрөөрөө байдаг юм. Бид хоёр хулгай хийх амьдралтай хүмүүс биш. Манай хоёр охин хоёулаа тусдаа гараад айл гэр болоод нөхөр хүүхэдтэйгээ ажил төрөл хийгээд амьдарч байгаа. Намайг ажилд явсан хойгуур хааяа охины хүүхдүүдийг очиж харж өгдөг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч З.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Иймд шүүгдэгчийн хулгайлж авсан 32 инчийн зурагтын  үнэ болох 238.095 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч З.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 238.095 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Б-д хорих ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт З-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар  хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 238.095 төгрөгийг шүүгдэгч З.Б-аас хурааж улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ГАНСҮХ