Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00755

 

 

 

 

                                              2021        03          10

                     101/ШШ2021/00755

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Ц.О-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 203 дугаар байр, 0  тоотод оршин суух, С.Ж,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 203 дугаар байр, 0  тоотод оршин суух, О.Г нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болон хохиролд нийт 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагч С.Ж, О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Р” ХХК-иар дамуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 201 тоотод байрлах 110,51 м.кв байрыг үзээд таалагдсан тул зээлээр авахаа илэрхийлсэн. Хариуцагч нар төлбөрөө 2 хуваагаад урьдчилгаанд нь 1,000,000 төгрөгийг ч гэсэн төлчих гэсэн. Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байрны түлхүүрийг авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр засвар хийж эхэлсэн. Зээлийн төлбөр цар тахлаас болж мөн зээл судлагдаж байна гэж хойшилсон. Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөгийг О.Гийн дансаар дамжуулан өгсөн. Он гарсны дараа 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр карентин сулраад ажил эхлэхээр нь би зээлээ хөөцөлдсөн боловч зээл судлагдаж дуусаагүй гэж байсан. Дундуур нь хариуцагч нартай уулзаж учир байдлаа хэлж байсан. Би бичгээр гэрээ байгуулаагүй, байрыг авахдаа С.Жтай уулзсан. Хариуцагч С.Ж надад төлбөрөө О.Гийн дансанд хий гэж дансыг нь өгөхөөр нь хийсэн боловч О.Г “Би чамайг 10,000,000 төгрөг хий гэж хэлээгүй” гэсэн тул С.Жтай дахин ярихад “Ямарч асуудалгүй, би эхнэртээ хэлчихсэн” гэж над руу мессеж бичсэн. Зээл хойшлогдсон тул хариуцагч нар надад та нарын зээл үнэн худал нь мэдэхгүй байна байрыг сулла гэсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14 цагт би байрыг сулласан. Тэгэхдээ том тавилгуудаа авч чадаагүй үлдээхэд С.Ж “Одоохондоо би байрыг зарах гээд хүмүүс үзүүлж байгаа учраас дараа нь авч болно” гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хариуцагч нар “Remax one” гэх оффистой зуучлалын гэрээ хийсэн байсан. Би байрны засварт 3,500,000 төгрөг, урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгсөн. Иймд хариуцагч нараас 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Бид өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 0 тоотод байрлах 110,51 м.кв орон сууцаа 1 м.кв-г нь 2,300,000 төгрөгөөр зарахаар “Р” ХХК-д хандсан байсан. Гэтэл нэхэмжлэгч Ц.О нь “Р” ХХК-ийн ажилтан н.Л гэх хүнтэй уулзсан. Надад байрны маш олон санал орж байсан боловч бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул 2,150,000 төгрөг болтол нь хямдруулж нэхэмжлэгчид нийт 238,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, байрандаа оруулсан. Ц.О нь  2019 оны 12 дугаар сарын 10-нд түлхүүр гардан авсан. Орон сууцны төлбөрийг эхний 50 хувийг 12 сардаа багтаан, үлдэх 50 хувийг 2020 оны 01 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон.Түүнд байраа өгснөөс болж манай гэр бүлийн уур амьсгал муудаж эхэлсэн. Учир нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүйгээс манай эхнэр ямар хүнд байраа зарсан юм бэ гэх асуудал үүсгэсэн. Нэхэмжлэгч рүү би яриад ядаж урьдчилгаа 1,000,000 төгрөг ч гэсэн хийгээчээ гэж хэлээд урьдчилгаанд 10,000,000 төгрөг эхнэрийнхээ данс руу шилжүүлүүлсэн. Сүүлдээ Ц.О утсаа авахгүй, утас нь дандаа солигддог болсон. Гэтэл байрны мөнгө, ашиглалтын зардлаа төлөлгүй алга болсон. Байрандаа очихоор түүний нөхөр нь гэх хүн байдаг боловч юу ч мэдэхгүй гэдэг. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би түлхүүрээ авсан боловч хэрэглээний зүйлээс бусад тавилгаа авахгүй байсан. Би өөрөө очиж төлбөрийг төлж байж цахилгаанаа залгуулсан. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр том тавилгуудаа авахаар болсон боловч портерт нь багтахгүй байсан тул би өөрөө зөөгөөд машинд нь ачиж өгөөд явуулсан. Засвар гэх зүйл нь манай хуучин байснаас дор зүйл хийсэн байсан. Би тэдэнд дахиад тохиролцох боломж өгсөн боловч биднээр тоголж, нялх хүүхэдтэй биднийг дагуулаад ийш тийшээ авч яваад сүүлдээ хоол идэх гээд яваад өгсөн. Нэхэмжлэгчийг байрандаа оруулахгүйгээр нь сарын төлбөрөөр нь өөр хүмүүст түрээслэх боломж байсан. Манай байрны анхны зураг, засвар хийгдсэн гэх зураг нь маш их ялгаатай байгаа. Бид Ц.О-ийг төлбөр төлөхийг 2020 оны 04 дүгээр сар хүртэл хүлээсэн. Гэвч ямар ч төлбөр төлөөгүй тул бид байрнаас гарахыг шаардсан. Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эд хогшилоо аваад бүрэн гарсан.

  Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байранд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй амьдарсан. Хэрвээ бид энэ хугацаанд орон сууцаа бусдад түрээслүүлсэн байсан бол үүнээс илүү мөнгө олох боломжтой байсан. Удахгүй төлбөрөө төлнө гэж хуурч, олон сар байранд амьдарч, биднийг хохироочихоод  үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна. Урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг 2019 оны 12 сарын 10-наас 2020 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд нэг сарын 1,800,000 төгрөгөөр тооцон түрээсийн зардалд 9,000,000 төгрөг суутгуулна. Дээрх хугацаанд амьдрахдаа байрны ашиглалт болон СӨХ-ын зардал, цахилгааны төлбөрийг төлөөгүй байсан. Сөх-ын төлбөрт 1,050,950 төгрөг, цахилгааны төлбөрт 163,873 төгрөгийг тус тус суутгуулна. Мөн шинээр төрсөн хүүхэддээ авсан байсан 160,000 төгрөгийн үнэ бүхий ванныг шавар зуурч хэрэглэх боломжгүй болгосон тул уг мөнгийг мөн суутгуулна гэв.

 

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор манай Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 0 тоотод байрлах 110,51 м.кв байрыг авъя гэж бидэнд хандсан. Нийт 238,000,000 төгрөгөөр худалдан авах тохирч, 2019 оны 12 дугаар сарын 10-нд түлхүүр гардан авсан. Төлбөрийг эхний 50 хувийг 12 сардаа багтаан, үлдэх 50 хувийг 2020 оны 01 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон. Бид нэхэмжлэгчид итгээд гэрээг бичгээр хийлгүйгээр байраа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нар байраа авсан тул засах эсэх нь тэдний асуудал. Түүнээс биш байрыг засаад суугаач гэсэн тохиролцоо бидэнд байгаагүй. Засварын үед нь би очиход Ц.О маш сэтгэл ханамжтай байж байсан. Би хүүхдэдээ хэрэглэх гээд авсан байсан нярайн ваннд шавар зуурчихсан байсан. Энэ талаар түүнээс асуухад “уучлаарай, би шинээр авч өгнө, засвар хийх гэсэн чинь ямар ч сав байхгүй болохоор ашиглачихлаа” гэж хэлсэн. Нэхэмжлэгч байрандаа ороод 7 хоночихсон хэрнээ тохиролцоогоо огт биелүүлэхгүй байсан. Би нэхэмжлэгчтэй ярихад “Таны зөв, би мөнгийг өгье. Одоохондоо урьдчилгаа өгчихье” гэж хэлэхээр нь би үгүй, ярьж тохирсон зүйлээ л өг гэж хэлсэн. Гэтэл миний дансанд урьдчилгаа 10,000,000 төгрөг орж ирэхэд нь би нэхэмжлэгч рүү яриад анхнаасаа ярьж тохирсон 100,000,000 гаруй төгрөгөө л төл гэж хэлээд хугацаа өгсөн ч огт төлөөгүй. Тухайн үед сууц өмчлөгчдийн холбооноос байнга цахилгааны төлбөрөө төлөөч гэж бидэн рүү залгадаг байсан. Гэтэл өнөөдөр өөрсдийн дураар хийсэн засвар гэх зүйлээ яагаад биднээс нэхэж байгаа юм бэ. 5 сарын ашиглалтын зардлаа төлөөгүй амьдарсан байсныг нь бид нөхөж төлсөн. Байраа зарахын тулд зар тавих гэхээр хүний ор, гудас, тавилга гэх мэт зүйлүүд байсан учраас хүнд үзүүлж болохгүй байсан тул үүнийгээ аваарай гэж хэлэхээр утсаа салгаад байдаг. Нэхэмжлэгчийн эгч гэх хүн “Би олон даргыг танина, надад удахгүй тэдэн төгрөг өгнө” гэж л хэлээд байдаг. Манай байранд орохдоо 2 хүн л байсан чинь гарахдаа аав, ээж гэх мэт олон хүмүүс байсан. Манай нөхөр тавилгуудыг нь өргөж өгөөд гаргасан. Бид одоо байгаа байраа ипотекийн зээлээр авсан, сард 1,450,000 төгрөг төлдөг. Кристал таунд байрлах байрыг зээлээр авсан байсныг суллаад зээлээ төлсөн. Тэгээд бизнесээ өргөжүүлэхийн тулд бэлэн мөнгөөр зарах гэж байсан. Өвлийн улиралд манай байранд ирж суучихаад бидний бизнест садаа болсон. Бид баян цатгалан хүмүүс биш, 4 хүүхэдтэй том нь 18 настай бага нь 1 настай. Манай байранд өвлийн туршид төлбөр төлөхгүй үнэгүй амьдарчихаад, одоо мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг Ц.О-ийн амьдарсан хугацааны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд суутгана гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч С.Ж, О.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болон хохиролд нийт 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...орон сууц худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн. Мөн орон сууцанд 3,500,000 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө болон засвар хийсэн мөнгөн хөрөнгийг буцаан” гаргуулна гэж,

 

Хариуцагч нар нь татгалзлын үндэслэлээ “...орон сууцны төлбөр төлөхийг 5 сарын турш хүлээсэн. Хангалттай хугацаа олгосон боловч төлбөрөө төлөөгүй тул гэрээ цуцлагдсан. Энэ хугацаанд бидний орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч байсан тул 10,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгана. Орон сууцанд засвар хийх зөвшөөрөл аваагүй. Өөрөө хүсч засвар хийсэн байсан. Уг хийсэн гэх засвар нь орон сууцны чанар байдлыг дээрдүүлсэн зүйлгүй байсан” гэж  тус тус тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үл  хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр худалдагч С.Ж, О.Г нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 0 тоотод байрлах 110,51 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Ц.О нь орон сууцны үнэд 238,000,000 төгрөгийг  2019 оны 12 дугаар сард 50 хувь, 2020 оны 01 дүгээр сард үлдэх 50 хувийг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримтад хэн аль нь маргаагүй.   

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Мөн талууд орон сууцны төлбөрийг төлж дууссаны дараа худалдагч С.Ж, О.Г нар нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Ц.Од шилжүүлэхээр тохиролцсон болох нь тэдгээрийн гаргасан тайлбараар тогтоогдсон.Талуудын дээрх тохиролцоо нь   Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохироцсон бол ийнхүү үнийг  бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцжээ.

 

Худалдан авагч Ц.О нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээний зүйл болох орон сууцыг эзэмшилдээ авч, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл амьдарсан, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг бүрэн чөлөөлж өгсөн үйл баримтын талаар талууд мөн тайлбарласан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Уг үүргээ худалдан авагч Ц.О нь биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацаа буюу 2019 оны 12 дугаар сард 50 хувь, 2020 оны 01 дүгээр сард үлдэх 50 хувийг төлөх үүргээ зөрчжээ.

 

Худалдагч С.Ж, О.Г нараас худалдан авагч Ц.О-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэмэлт хугацаа олгосон байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.

 

Иймд худалдагч нараас худалдагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гаргаагүй байх тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээний талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаан өгөх журамтай.

 

Зохигчдын тайлбараар худалдан авагч Ц.О нь орон сууцны эзэмшлийг худалдагч С.Ж, О.Г нарт буцаан шилжүүлсэн, мөн гэрээний урьдчилгаа төлбөрт худалдан авагч нь 10,000,000 төгрөгийг худалдагч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч С.Ж, О.Г нараас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл буюу түүний гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлээгүйтэй холбоотойгоор цуцлагдсан байх боловч хариуцагч нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд хариуцагч нараас гаргасан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд буюу түрээсийн төлбөр болон орон сууцны ашиглалтын зардалд суутгуулна гэх тайлбар үндэслэлгүй, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар үүргийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцанд 3,500,000 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн гэж уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Тэрээр маргааны зүйл болох орон сууцны обойг сольж, таазанд шинээр эмульс хийх ажлыг иргэн Ч.П-аар гүйцэтгүүлсэн гэх боловч уг иргэнд ажлын хөлс төлсөн талаархи баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй. Ч.П-аас гаргасан тодорхойлолтод “...дансаар авсан мөнгөө хавсаргав” гэх боловч уг иргэнд ажлын хөлс дансаар шилжүүлсэнтэй холбоотой баримтгүй байна. 

 

Мөн барилгын материалын зардалд нийт 1,994,500 төгрөг гарсан гэх 2 хуудас бүхий зарлагын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаагаас гадна уг зарлагын баримтад бичигдсэн барилгын материалыг маргааны зүйл болох орон сууцанд ашигласан болох нь тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй байхдаа гэрээний зүйл болох орон сууцны обой болон таазыг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх замаар буюу өнгө болон будгийг өөрчилжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдахад  хариуцагч нар буруугүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь засварын зардал шаардсан нь үндэслэлгүй тул түүний 3,500,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ж, О.Г нараас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгож, нэхэмжлэлээс 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БЯМБАЖАРГАЛ