Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00665

 

Ц.Оийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00755 дугаар шийдвэртэй, Ц.Оийн хариуцагч С.Ж, О.Г нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болон хохиролд нийт 13 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Ремакс” ХХК-аар дамжуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 201 тоотод байрлах 110,51 м.кв байрыг үзээд таалагдсан тул зээлээр авахаа илэрхийлсэн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байрны түлхүүрийг авч, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр засвар хийж эхэлсэн. Зээлийн төлбөр цар тахлаас болж мөн зээл судлагдаж байна гэж хойшилсон. Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 10 000 000 төгрөгийг О.Гийн дансаар дамжуулан өгсөн. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, байрыг авахдаа С.Жтай уулзсан. Нэхэмжлэгчийн судлагдаж байсан зээлийн хугацаа хойшилсон тул 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 14 цагт байрыг сулласан. Гэвч том тавилгуудаа авч чадаагүй үлдээхэд С.Ж одоохондоо би байрыг зарах гээд хүмүүс үзүүлж байгаа учраас дараа нь авч болно гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч нар  Ремакс гэх оффистой зуучлалын гэрээ хийсэн байсан. Би байрны засварт 3 500 000 төгрөг, урьдчилгаанд 10 000 000 төгрөг өгсөн. Иймд хариуцагч нараас 13 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч С.Ж, О.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 201 тоотод байрлах 110,51 м.кв орон сууцаа 1 м.кв-ыг 2 300 000 төгрөгөөр зарахаар “Ремакс” ХХК-д хандсан. Гэтэл нэхэмжлэгч Ц.Оь нь “Ремакс” ХХК-ийн ажилтан н.Лхагвасүрэн гэх хүнтэй уулзсан. Ингээд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 1 м.кв-ыг 2 150 000 төгрөгөөр нийт 238 000 000 төгрөгөөр харилцан тохирсон. Ц.Оь нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түлхүүр хүлээн авсан. Орон сууцны төлбөрийг эхний 50 хувийг 12 сардаа багтаан, үлдэх 50 хувийг 2020 оны 01 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг О.Гийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түлхүүрээ авсан боловч хэрэглээний зүйлээс бусад тавилгаа авахгүй байсан. 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тавилгаа авахгүй байсан тул бид өөрсдөө ачиж өгсөн. Засвар гэх зүйл нь манай хуучин байснаас дор зүйл хийсэн байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байранд 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй амьдарсан. Иймд уг 5 сарын хугацаанд нэг сарын 1 800 000 төгрөгөөр тооцон түрээсийн зардалд 9 000 000 төгрөг суутгуулна. Дээрх хугацаанд амьдрахдаа байрны ашиглалт болон СӨХ-ны зардал, цахилгааны төлбөрийг төлөөгүй ба СӨХ-ны төлбөрт 1 050 950 төгрөг, цахилгааны төлбөрт 163 873 төгрөгийг тус тус суутгуулна. Мөн шинээр төрсөн хүүхэддээ авсан байсан 160 000 төгрөгийн үнэ бүхий ванныг шавар зуурч хэрэглэх боломжгүй болгосон тул уг мөнгийг мөн суутгуулна гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ж, О.Г нараас 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оьд олгож, нэхэмжлэлээс 3 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцлийг зөвхөн агуулгаар нь дүгнэж хэлбэрийн шаардлагыг орхигдуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд бичгэн хэлбэртэй, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог онцлогтой. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.10-т заасан шаардлагыг хангаагүй. Иймд зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Талуудын хооронд нэгэнт гэрээ байгуулагдаагүй тул гэрээний дагуу шаардах эрхгүй бөгөөд шүүх буруу дүгнэж Иргэний хуулийн гэрээнээс татгалзахтай холбоотой 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заалтаар хариуцагч нараас 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин талуудын хооронд хуулийн дагуу үүрэг үүссэн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүрэг бий болно. Харин орон сууцны түлхүүрийг өгөлцөж авалцсан огноо, эд хөрөнгөө нүүлгэсэн огноо буюу нэхэмжлэгч Ц.Оийн тухайн байранд амьдарсан хугацаан дээр талууд маргаантай тайлбар хэлдэг. Тодруулбал: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “байрнаас гарах үед миний бие тухайн байранд суусан хугацаа болох 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 3 сар 14 хоногийн түрээсийг төлөөд үлдэгдэл мөнгөө буцааж авах хүсэлт өгсөн....”, хариуцагч нарын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт “ Ц.Оь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түлхүүр гардан авсан, 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хавьцаа Ц.Оийн эцэг, эх түүний эд хогшил, тавилгуудыг нүүлгэсэн, нийт 151 хоногийн хугацаанд нэг сарын 1 800 000 төгрөгөөр тооцон түрээсийн зардал 9 000 000 төгрөг, дээрх хугацаанд байрны ашиглалтын болон СӨХ зардал төлөөгүй тул 1 050 950 төгрөг, цахилгааны төлбөрт 163 873 төгрөг, шинээр төрөх хүүхэддээ авсан шинэ ванныг шохой зуурахдаа ашигласан тул 160 000 төгрөгийг тус тус суутгаж тооцох нь зүйтэй. Талуудаас хоорондоо хариуцсан болон зуучлалын хүнтэй цахим захидлуудыг цаасан дээр хэвлэн хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дэх хэсэгт зааснаар дээрх цахим баримтууд нь шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй, тус хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Шүүх тухайн орон сууцанд нэхэмжлэгчийн амьдарсан хугацааг зөв тогтоосон хирнээ тухайн хугацаанд хамаарах орон сууцны ашиглалтын төлбөр, цахилгааны төлбөр, орон сууцны сарын хөлсний талаар дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагч нараас дээрх орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаатай бусдад хөлслүүлсэн байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримт болох хөлслөх гэрээгээ хариу тайлбарын хамт шүүхэд гаргаж өгөхөд шүүгчийн туслах заавал нотариатаар баталгаажуулсан гэрээ авна гэж хариуцагч нарыг төөрөгдүүлэн иргэн Э.Төрболдтой хийсэн гэрээг хүлээн аваагүй байна. Шүүхийн шийдвэрээр засварын зардалд 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Оь нь хариуцагч С.Ж, О.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр болон хохиролд нийт 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.      

            Талууд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах талаар амаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр болгож            10 000 000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлж, хариуцагч талаас орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлж, улмаар үлдэгдэл төлбөр төлөх талаар талууд маргасантай холбоотойгоор нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшилд буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

            Шүүхээс дээрх үйл баримтад хамаарах харилцааг зөв тодорхойлж, түүнтэй холбогдох эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хэлбэр болон агуулгын хувьд хуулиар зохицуулсан шаардлагын дагуу байгуулж, хүчин төгөлдөр болсон эсэх буюу гэрээний үүрэг үүсэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч гэрээ байгуулагдсаны баталгаа болгож хариуцагчид                  10 000 000 төгрөг, мөн нэхэмжлэгчийн эзэмшилд орон сууцыг хариуцагч шилжүүлсэн үйл баримтад үндэслэн эрх зүйн шинжтэй харилцаа болохыг тодруулах шаардлагатай байжээ.

            Дээрх байдлыг тодруулснаар уг харилцаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тодорхойлох юм. Гэтэл анхан шатны шүүхээс зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг буюу эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна. Учир нь талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан зохицуулалтад хамаарах харилцаа үүссэн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

            Түүнчлэн, нэхэмжлэгчээс засварын зардал 3 500 000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа үндэслэл, хариуцагчаас гэрээ болон хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор тухайн хохирол учирсан үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй зөрчил гаргажээ. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн өгсөн 10 000 000 төгрөгөөс өөрт учирсан хохирлыг ямар үндэслэлээр суутгаж авах буюу харилцан тооцуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлоход дээрх үйл баримтуудыг тодруулах нь ач холбогдолтой.

Тодруулбал, нэхэмжлэгч орон сууцыг өөрийн эзэмшилд авсантай холбоотой               3 500 000 төгрөгийн засварын зардал гаргасан, хариуцагч орон сууцны ашиглалттай холбоотой 1 378 696 төгрөгийн зардал гаргасан болон орон сууцыг бусад этгээдэд хөлслөх замаар ашиг олох боломжтой байсан гэх нөхцөл байдалд хамааралтай баримтуудыг зохигчдоос гаргасан боловч үнэлэх боломжгүй байна.

Тухайлбал, хэрэгт талуудын хооронд болон зуучилсан этгээд нарын хооронд цахим хаягаар харилцсан захидлуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүхээс уг цахим хаягт үзлэг хийж, бэхжүүлээгүй учир маргаантай үйл баримтын талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Дээрх баримтуудаар талууд хэдий үеэс эхлэн тухайн орон сууцны эзэмшлийг буцаах буюу гэрээ байгуулах харилцаа дууссан, үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцыг хэзээ чөлөөлж, хүлээлгэж өгсөн, орон сууцыг өөрийн эзэмшилд байлгах үндэслэлгүй болсон гэдгээ нэхэмжлэгч хэзээ мэдсэн зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах юм.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт “...барилгын материалын зардалд нийт 1 994 500 төгрөг гаргасан гэх баримт нь хуулийн шаардлага хангахгүй байгаагаас гадна уг зарлагын баримтад бичигдсэн барилгын материалыг маргааны зүйл болох орон сууцанд ашигласан болох нь тогтоогдохгүй байна.” гэж дүгнэжээ. Хэргийн оролцогчийн гаргаж өгсөн баримт шаардлага хангаагүй тохиолдолд  шүүхээс нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхтэй. Ингэснээр энэ асуудлаар хэргийн оролцогч гомдол гаргах, эсхүл баримтыг зохих ёсоор бүрдүүлэх зэрэг ажиллагаа хийгдэх учиртай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч нарын 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             С.ЭНХТӨР