Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1131

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01095/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17 хороолол, Будда 47 тоот хаягт байрлах ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... байр, ... тоотод оршин суух, утас .... , ... регистрийн дугаартай, Х. овогт Б.Г

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... байр, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б. овогт Б.Э нарт холбогдох

 

Зээлийн төлбөр нийт 177 144 353.69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Г.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын захирал С.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Г, Б.Э нар нь Хаан банкны Дархан бизнес төвөөс 2013 оны 9 сарын 20-ны өдөр ...  тоот зээлийн гэрээ байгуулж 200 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай Хөрөнгө оруулалтын зориулалтаар тухайн зээлийн авсан. Зээлдэгч нар нь 2015 оны 4 сарын 06-ны өдөр бизнесийн орлого буурсан тул зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 4 сарын 17-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж гэрээний хугацааг 18 сараар, эргэн төлөлтийн хуваарийг, мөн зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 4 сарын 09ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилсөн байна.

Зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, А өргөн чөлөөний ... гудамж, ... тоот, ... дугаартай, 466.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... хороолол, А өргөн чөлөө ... гудамж, ... тоот, ... улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар ... , 354 м.кв талбайтай Худалаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газар,

Тоног төхөөрөмж, бараа материал жагсаалтаар тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 84 930 587.73 төгрөг, хүүгийн төлбөрт 157 743 240.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91 688.8 төгрөг, нийт 242 765 17.26 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 772 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд ийнхүү хандаж байна. Иймээс банк Зээлийн гэрээний 11.6-д заасны дагуу 2020 оны 9 сарын 033-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2020 оны 8 сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах

Үндсэн зээлийн төлбөр 116 060 016.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 58 577 994.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 480 542.66 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25 800 төгрөг, нийт 177 144 353.69 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг мөнгөн дүнгээр төлж барагдуулаагү тохиолдолд барьцаа хөрөнгө болох  Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, А өргөн чөлөөний ... гудамж, ...тоот, ... дугаартай, 466.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... хороолол, А өргөн чөлөө ... гудамж, ... тоот, ... улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар ... , 354 м.кв талбайтай Худалаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, ...улсын бүртгэлийн дугаартай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

   Хариуцагч Б.Г, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Иргэн Б.Г, Б.Э нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд бусдын адил бизнес хийж амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн хүсэлт зорилгоор тус банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. Банкны үндсэн зээл болох 200 сая төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч маань өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. 42 765 517.26 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж харагдахаар тайлбарлажээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 4-т зааснаар бол хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл анх авсан зээлийн хүү 211.6 хувь байсан бол 2015 оны 4 сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 22.8 хувийн хүүтэй болгож зээлдэгч нарыг төөрөгдүүслэн мөнгө хүүлэх аргыг банк хэрэглэсэн. Угаасаа зээлийн гэрээний 3.3.4, 3.3.5, 3.3.8, 3.4.1, 3.4.3, 4.1.7, 5.2.25, 2.14.5 эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байгааг анхааран үзнэ үү.

Зээлдэгчийн эрх гэхэд гэрээнд 2 зүйлээр зохицуулагдаж харин үүрэг нь 33 зүйлээр тогтоогдсон бол банкны хувьд 14 янзын эрх эдэлж 2 үүрэг хүлээж байгаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа илт хууль бусаар ашиглаж байгааг харуулж байна. Зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн дүнгийн 1 хувиар буюу 200 сая төгрөгөөс шимтгэл авч байгааг хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй, харин банкны мөнгө хүүлэх нэг нарийн арга болж ард иргэдийг хохироож байна. Зээл гаргаж өгсөндөө авилгал авч байгаа юм уу, үүнийг Монгол банкнаас 2018 онд хориглосон байх ёстой. Энэ баримтыг шүүхийн журмаар гаргуулан авмаар байна. Зээлдэгчийхувьд зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байтал яагаад гэрээнд зааснаар бүр тодруулбал гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.9-д зааснаар зээлдүүлэгч болох Хаан банк нь гэрээгээ хүчингүй болгохгүй байгаад байсан бэ? гэдэг асуудал гарна. Энэ бол бас л зээлдэгчийг хохироож мөнгө хүүлэх арга юм. Хаан банк бол гадны хөрөнгө оруулалттай хаана ч байдаг хувьцаат компани болохоос биш дархлагдсан мөнгө хүүлэх ёстой байгууллага биш билээ. Хөрөнгө оруулалтын зээл иргэдэд олгосон бол Банк зээл өгөхөөс гадна бусад үүрэг болох ямар зөвлөгөө туслалцаа үзүүлж яаж хяналт тавьсан бэ гэдгийг нотлох баримт хэрэгт алга байна. Б.Г нар нь 50 сая төгрөг зээлж аваад амьдарч байсан орон сууцаа зарж төлсөн байдаг. Дээрх хүмүүс найдвартай зээлдэгч нар байсан. Хүний амьдрал баян болохоор энэ хүмүүсийн амьдралд өвчин зовлон тохиолдож эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл үүссэн. Мөн өнөөгийн дэлхий ертөнцөд гараад байгаа корона вирус нь

жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст маш их бэрхшээл бизнесийн алдагдлыг бий болгож байгааг эрхэм шүүгч ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн нэг хууль зөрчсөн заалт бол барьцааны гэрээний 2.8.2-т зааснаар өмчлөгч нь бусдад өмч хөрөнгөө шилжүүлэх эрхгүй болж байна. Иймд яагаад ч энэ хариуцагч нар дээрх 177 144 353.69 төгрөгийг төлөх боломжгүй байгаа бөгөөд шүүх зөвхөн хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэнэ гэдэгт иргэний хувьд итгэлтэй байна. Зээлийн гэрээ нь хуулиудын олон шаардлагыг зөрчсөн байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч Б.Г, Б.Э нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 116 060 016,27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 58 577 994,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 480 542,66 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25 800 төгрөг нийт 177 144 353,69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 242 765 517,26 төгрөг төлсөн зээлийг бүрэн төлж барагдуулсан, зээлийн гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний  хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгуулагдсан хууль зөрчиж хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэж маргаж байгаа болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №ЗГ/1918 дугаартай гэрээгээр зээлдэгч Б.Г, Б.Э нар нь хөрөнгө оруулалтын зориулалтаар, 200 000 000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 84 930 578,73 төгрөг, хүүгийн төлбөрт 157 743 240,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91 688,8 төгрөг нийт 242 765 517,26 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн дээрх зээлийн гэрээгээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 1,8 жилээр сунгаж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэрээний хугацаа дууссан гэж тайлбар гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2015 оны 4 сард зээлийн гэрээг сунгахдаа зээлийн жилийн хүүг 22,8 болгож ихэсгэсэн нь үндэслэлгүй гэсэн тайлбараар зээлийн гэрээний хугацааг сунгасан байдал тогтоогдож байна.

Гэвч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

            Хариуцагч нар зээлийн төлбөрийг банкны барьцаанд байсан 3 өрөө орон сууцаа зарж борлуулсан дүнгээс барагдуулж байсан талаар нотлох баримтаар 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд мөн зээлдэгч Б.Г, Б.Э нар нь өөрийн төрсөн хүү Г.Бямбадоржийг хөдөлмөрийн чадвараа 80 хувь, Б.Эийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 70 хувиар алдсан талаарх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг ирүүлсэн байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тайлбар гаргаж хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар

зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.3. Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний нөхцлийн талаар талууд харилцан тохиролцож, зээлийн төлбөрийг зээлдэгч нарын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэний улмаас гэрээ цуцлах саналаа зээлдэгчид хүргүүлж байсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй бөгөөд зээлийн төлбөрийг өөрийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулсан тохиолдолд барагдуулах талаар зээлдэгч талд хүсэлт гаргаж байсан болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн Дархан сумын 8-р багийн Засаг даргын хүсэлт, Б.Гантулгын хүсэлтүүдээр тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 22 дугаар зүйлийн 22 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Б.Г, Б.Э нар нь зээлийн үндсэн зээлийн төлбөр,  зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцах үүрэгтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой зардал буюу нотариатын хөлс 25800 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байна.

 

Талууд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №ЗГ/1918 дугаартай Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор байгуулсан барьцааны гэрээгээр хариуцагч нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ... р цэцэрлэгийн урд байрлах ...м.кв талбайтай, ... эрхийн улсын бүртгэлийн дугаатай, үйлчилгээний зориулалттай барилга, мөн хаягт байрлах 180,0 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газар, Дархан-Уул аймаг, Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ...-р байр ... тоот 39,0 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг барьцаалсан байх бөгөөд барьцаалсан эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ солигдсонтой холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ... , .... дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум ...-р баг, ... р хороолол, 192 мкв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ..., ... дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ардын өргөн чөлөөний ... дүгээр гудамж ... оот, 466,4 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ..., ...дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ардын өргөн чөлөөний .... дүгээр гудамж 442 тоот, 354 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд

заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Г, Б.Э нараас 177 144 353,69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ардын өргөн чөлөөний ... дүгээр гудамж ... тоот, 466,4 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ардын өргөн чөлөөний ... дүгээр гудамж... тоот, нэгж талбарын дугаар ..., 354 мкв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, ...улсын бүртгэлийн дугаартай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 113 872 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 113 872 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА