Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 122

 

“Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01095/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Н-гэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Г-,

                  Б.Э- нарт холбогдох

“Зээлийн төлбөр нийт 177.144.353,69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н- /онлайнаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбарын захирал С.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Г-, Б.Э- нар нь Х- Б-ны Дархан бизнес төвөөс 2013 оны 9 сарын 20-ны өдөр ЗГ/1918 тоот зээлийн гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай Хөрөнгө оруулалтын зориулалтаар тухайн зээлийн авсан. Зээлдэгч нар нь 2015 оны 4 сарын 06-ны өдөр бизнесийн орлого буурсан тул зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 4 сарын 17-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ
байгуулж гэрээний хугацааг 18 сараар, эргэн төлөлтийн хуваарийг, мөн зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 4 сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилсөн байна.

Зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 4 гудамж, 442 тоот, Ү-2003015937 дугаартай, 466.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17 хороолол, Ардын өргөн чөлөө 4 гудамж, 442 тоот, Э-2003000440 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар 4506503433, 354 м.кв талбайтай Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газар,

Тоног төхөөрөмж, бараа материал жагсаалтаар тус тус барьцаалсан байна.

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 84.930.587,73 төгрөг, хүүгийн төлбөрт 157.743.240,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91.688,8 төгрөг, нийт 242.765.517,26 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 772 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд ийнхүү хандаж байна. Иймээс банк Зээлийн гэрээний 11.6-д заасны дагуу 2020 оны 9 сарын 033-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2020 оны 8 сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах

Үндсэн зээлийн төлбөр 116.060.016,27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 58.577.994,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.480.542,66 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25.800 төгрөг, нийт 177.144.353,69 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг мөнгөн дүнгээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 4 гудамж, 442 тоот, Ү-2003015937 дугаартай, 466.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17 хороолол, Ардын өргөн чөлөө 4 гудамж, 442 тоот, Э-2003000440 улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаар 4506503433, 354 м.кв талбайтай Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, Э-2003000440 улсын бүртгэлийн дугаартай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Г-, Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Г-, Б.Э- нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд бусдын адил бизнес хийж амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн хүсэлт зорилгоор тус банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. Банкны үндсэн зээл болох 200 сая төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч маань өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарласан байна. 42.765.517,26 төгрөгийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж харагдахаар тайлбарлажээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 4-т зааснаар бол хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээр байна. Гэтэл анх авсан зээлийн хүү 211.6 хувь байсан бол 2015 оны 4 сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 22.8 хувийн хүүтэй болгож зээлдэгч нарыг төөрөгдүүслэн мөнгө хүүлэх аргыг банк хэрэглэсэн. Угаасаа зээлийн гэрээний 3.3.4, 3.3.5, 3.3.8, 3.4.1, 3.4.3, 4.1.7, 5.2.25, 2.14.5 эдгээр заалтууд Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байгааг анхааран үзнэ үү.

Зээлдэгчийн эрх гэхэд гэрээнд 2 зүйлээр зохицуулагдаж харин үүрэг нь 33 зүйлээр тогтоогдсон бол банкны хувьд 14 янзын эрх эдэлж 2 үүрэг хүлээж байгаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа илт хууль бусаар ашиглаж байгааг харуулж байна. Зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн дүнгийн 1 хувиар буюу 200 сая төгрөгөөс шимтгэл авч байгааг хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй, харин банкны мөнгө хүүлэх нэг нарийн арга болж ард иргэдийг хохироож байна. Зээл гаргаж өгсөндөө авлигал авч байгаа юм уу, үүнийг Монгол банкнаас 2018 онд хориглосон байх ёстой. Энэ баримтыг шүүхийн журмаар гаргуулан авмаар байна. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байтал яагаад гэрээнд зааснаар бүр тодруулбал гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.9-д зааснаар зээлдүүлэгч болох Х- Б- нь гэрээгээ хүчингүй болгохгүй байгаад байсан бэ? гэдэг асуудал гарна. Энэ бол бас л зээлдэгчийг хохироож мөнгө хүүлэх арга юм. Х- Б- бол гадны хөрөнгө оруулалттай хаана ч байдаг хувьцаат компани болохоос биш дархлагдсан мөнгө хүүлэх ёстой байгууллага биш билээ. Хөрөнгө оруулалтын зээл иргэдэд олгосон бол Банк зээл өгөхөөс гадна бусад үүрэг болох ямар зөвлөгөө туслалцаа үзүүлж яаж хяналт тавьсан бэ гэдгийг нотлох баримт хэрэгт алга байна. Б.Г- нар нь 50 сая төгрөг зээлж аваад амьдарч байсан орон сууцаа зарж төлсөн байдаг. Дээрх хүмүүс найдвартай зээлдэгч нар байсан. Хүний амьдрал баян болохоор энэ хүмүүсийн амьдралд өвчин зовлон тохиолдож эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл үүссэн. Мөн өнөөгийн дэлхий ертөнцөд гараад байгаа корона вирус нь жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст маш их бэрхшээл бизнесийн алдагдлыг бий болгож байгааг эрхэм шүүгч ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн нэг хууль зөрчсөн заалт бол барьцааны гэрээний 2.8.2-т зааснаар өмчлөгч нь бусдад өмч хөрөнгөө шилжүүлэх эрхгүй болж байна. Иймд яагаад ч энэ хариуцагч нар дээрх 177.144.353,69 төгрөгийг төлөх боломжгүй байгаа бөгөөд шүүх зөвхөн хуулийн дагуу үнэн шударгаар шийдвэрлэнэ гэдэгт иргэний хувьд итгэлтэй байна. Зээлийн гэрээ нь хуулиудын олон шаардлагыг зөрчсөн байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Г-, Б.Э- нараас 177.144.353,69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Дархан-Уул аймаг Дархан сум 8-р баг, 17-р хороолол, ардын өргөн чөлөөний 4 дүгээр гудамж 442 тоот, 466,4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Дархан сум 8-р баг, 17-р хороолол, ардын өргөн чөлөөний 4 дүгээр гудамж 442 тоот, нэгж талбарын дугаар 4506503433, 354 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, Э-2003000440 улсын бүртгэлийн дугаартай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.113.872 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.113.872 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1131 дугаар шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гарсан. Энэ шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 24 -ны өдөр шуудангаар илгээснийг хүлээн авсан.

1. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан 177.144.353,69 төгрөгийг хариуцагч Б.Г-, Б.Э- нараас гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийг шүүх бүрэн хангаж Х- Б-ны талд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй болно. Яагаад гэвэл гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр эсхүл барьцаа хөрөнгийн аль нэгээр нь хангах боломжтой байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2 өөр шаардлага гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

2. 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/1918 тоот гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн боловч Банк Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 4-т заагдсан заалтыг ноцтой зөрчсөн. Учир нь Б.Г-, Б.Э- нар нь 200 сая төгрөг аваад 242..765.517,26 төгрөг болгон буцаан төлөлт хийсэн дээр хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч Х- Б- нь гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 20-д дуусгавар болсон гэдгийг шүүгч шийдвэртээ дурдсан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хугацаа сунгасан гэдэг боловч энэ талаар хууль зүйн хүчин төгөлдөр нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дансны хуулгаар хүү нэмэгдсэн болохыг ойлгож тайлбарласныг шууд гэрээ сунгасан баримт мэтээр хүлээн авсан. Энэ байдал нь ИХШХШХуулийн 38 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч баримт байх ёсгүй. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараар маргааныг нэг талд шийдсэн. Эрх зүйн харилцаанд гэрээ дуусгавар болсон бол үүрэг дуусгавар болсон байдаг. Гэрээг дуусгавар болж гэж дүгнэсэн атлаа хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд ямар үүрэгтэй байсныг тодруулаагүй байна. Гэрээ хэзээ дууссан нь тодорхойгүй байна. Хариуцагч нар болох иргэн Б.Г-, Б.Э- 2 тус тусдаа ямар үүрэг хүлээсэн бэ гэдгийг тодруулж тодорхой шийдээгүй байна. Банкны зээлийн бүртгэлийн картад Б.Э-ийн нэр байхгүй мөн нотлох баримтын шаардлага хангаагүй бичгээр гаргасан хуудсыг хууль зүйн хүчин төгөлдөр гэж үнэлсэн нь хуулийг зөрчсөн ноцтой алдаа юмаа.

4.2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ нь үндсэн гэрээнд хийгдсэн нэмэлт өөрчлөлтийг нотлох баримт байхгүй байна.

5. Хариуцагч нар нь төлбөр төлөх чадваргүй болсон гэдгээ 2020 оны 7 дугаар сард хүсэлт гаргасныг нотлох баримтаар гаргаж өгөөд байхад нэхэмжлэгч буюу Банкны зүгээс энэ баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй юм. Энэ нь зээлийн гэрээний хүүг багасгах нөхцөл байж болох байсан. Гэх мэтчилэн нотлох баримтыг бүрэн бүрдээгүй байхад шүүх маргааныг хэт нэг талд шийдвэрлэсэнд бид гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбар хариуцагч Б.Г-, Б.Э- нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр116.060.016,27 төгрөг, зээлийн хүү 58.577.994,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.480.542,66 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25.800 төгрөг нийт 177.144.353,69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэгч банкинд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийтдээ 242.765.517,26 төгрөг төлж зээлийг бүрэн барагдуулсан, банктай байгуулсан зээлийн гэрээ нь хэт нэг тал нь давамгайлсан, гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянав.

Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Б.Г-, Б.Э- нар хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, 200.000.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд тодорхой нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ барьцаалсан байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрт 84.930.578,73 төгрөг, хүүгийн төлбөрт 157.743.240,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 91.688,08 төгрөг нийт 242.765.517,26 төгрөг төлсөн, нэхэмжлэгч тал энэ талаар үгүйсгээгүй бөгөөд хариуцагчдыг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч тал бизнесийн орлого буурсан тул зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 18 сараар сунгасан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан тайлбараар зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр 20-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгчийн шаардах эрх зээлдэгчийн хамгийн сүүлд зээлийн төлбөр төлсөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүсжээ.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн “Зээлийн бүртгэлийн карт”-ыг зээлийн гэрээ сунгагдсан баримт гэж тооцох боломжгүй.

Харин өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээ биш зээлийн барьцааны гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 18, 2019 оны 05 дугаар сарын 09, 2020 оны 03 дугаар сарын19-ний өдрүүдэд тус тус 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Б.Г- зээлийн төлбөрийг барьцаалсан хөрөнгийг зарж борлуулснаар барагдуулах тухай хүсэлт гаргаж байсан болох нь Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын болон хариуцагч Б.Гантулгын хүсэлтээр нотлогдож байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Зээлийн төлбөрийг зээл төлөх хуваарийн дагуу төлнө” 3.3.6-д “Зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг  тус тус хүлээнэ” гэж тус тус зааснаар зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хариуцах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь нотариатын зардал 28.500 төгрөг нэхэмжлэлээр шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан шаардлагад нийцэж байна.

Харин  зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хууль буюу Иргэний хуулийн 153,159, 174, 175 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Барьцааны эрх нь баталгаажуулж буй үндсэн эрхгүйгээр дангаар бие даан хэрэгжих боломжгүй бөгөөд үндсэн шаардлагыг баталгаажуулаад зогсохгүй түүнд хамааралтай дагалдах бусад эрхийг мөн адил баталгаажуулж байдаг.

Иймд хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр, эсхүл барьцаа хөрөнгийн аль нэгээр  хангах боломжтой бөгөөд нэхэмжлэгч тал 2 өөр шаардлага гаргасныг шүүх анхаарч үзээгүй гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх буюу өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх юм.

Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлдэгч нар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн,нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн, хариуцагчдын тус тусдаа хүлээх үүргийг зөв тодорхойлоогүй,зээлийн гэрээний хүүг багасгах боломж байсан гэсэн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.113.872 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

                                                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                                ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА

                                                                                                                                                                       Л.АМАРСАНАА