Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01188

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01188

 

Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/03128 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2337 дугаар магадлалтай,

 

Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-ийн нэхэмжлэлтэй

Т.Энхбатад холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 286,539 юань буюу 109,970,802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/ нь хариуцагч Т.Энхбатад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 286,539 юань буюу 109,970,802 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/03128 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Энхбатаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 108,019,472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/ -т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхбатаас 698,047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2337 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/03128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Энхбатаас 108,019,472 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Я.Цолмонцэцэгт /Chaolumenqiqige/ олгож, нэхэмжлэлээс 1,951,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 698,047 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,074 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй.

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...нэхэмжлэгчийн барилгын материал зээлээр худалдан авах хэлцлийг хариуцагчтай амаар тохиролцож хийсэн, үүнийгээ зөвшөөрч барилгын материалын жагсаалт гэх баримтад /хх-92/ гарын үсэг зурсан гэх тайлбарыг хариуцагч няцаахгүй байна. хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудад бараа материалыг жагсаалт цаг хугацааны хувьд 2013.08.01, болон 2013.08.15 гэсэн хоёр баримт байдаг бөгөөд тус баримтуудын 2013.08.01-ний өдрийн баримтад хариуцагчийн гарын үсэг байдаг. Гэвч тэрхүү гарын үсэг зурсан баримт нь хятад хэл дээр бичигдсэн бөгөөд иргэн Т.Энхбатыг барилгын ажилтай байхад нь дуудан хятад хэл мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан. Энэ нь 2013.08.01-ний өдрийн баримтын Монгол хэл дээрх орчуулга дээр хариуцагчийн гарын үсэг байхгүй байгаагаар нотлогддог.

Үүнээс гадна 2013.08.15-ны өдрийн Хятад хэл дээрх бараа, материалын жагсаалт болон түүний орчуулга дээр хариуцагчийн гарын үсэг байдаггүй. 2013.08.01-ний өдрийн баримтад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг эцсийн байдлаар тооцож бодсон зүйл байхгүй ба харин 2013.08.15-ны өдрийн баримтад нийт авах мөнгөн дүн хэмээн 286,539 юань хэмээн эцсийн байдлаар бодож гаргасан байдаг. Гэсэн ч хариуцагчийн зүгээс энэхүү баримттай танилцаж гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг өөрөө гаргаж, цуглуулах үүргээ биелүүлээгүй, ...нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримт /хх-91, 92/, түүний орчуулгатай /хх-9. 11/ гэж хэт нэг талыг баримталж хууль зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн ямар баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрхэн үнэлсэн талаарх дүгнэлт огт хийгээгүй байна. Энэ талаарх үүргээ шүүх хангалттай биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудад тухайн 2013.08.01, 2013.08.15-ны өдрийн бараа, бүтээгдэхүүнүүд Монгол Улсын хилийн аль боомтоор хэзээ, хэрхэн нэвтэрсэн болох, түүнийг хариуцагч Т.Энхбат хүлээж авсан эсэх, хүлээж авсан бол хэдэн оны хэдний өдөр, хэдэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан, энэ талаарх баримт үйлдсэн эсэх, бараа, бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлсэн талаарх гаалийн мэдүүлэг байгаа эсэх зэрэг хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөөр нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөөр олж авах боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, нотлох баримт бүрдүүлэх боломжтой, энэ эрхээ эдлээгүй байх тул Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-ээс явуулсан барилгын материал Монгол Улсын хилээр хэзээ нэвтэрсэн, түүнийг хариуцагч Т.Энхбат хүлээн авсан эсэх үйл баримтад дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно гэж учир дутагдалтай дүгнэлт хийсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар Нэхэмжлэгч... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт хариуцагчийн гэм бурууг нотолж түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно хэмээн заасан бөгөөд дээрх баримтуудыг нэхэмжлэгч тал нь гарган өгч нэхэмжлэлээ нотлох шаардлагатай байсан.

4.2 Шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Мөн хариуцагч нь 2014.11.12-ны өдөр Хятад иргэн Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-т... 2015.06.01-ний өдөр төлж барагдуулах болно гэж шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч 2017.12.11-ний өдөр, 2019.08.23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: Хариуцагч Т.Энхбат нь барилгын материалын үнийг 2015.06.01-ний өдөр төлж барагдуулахаа илэрхийлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/ нь 2017.12.04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй... хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь нэхэмжлэгч нь 2013.08.01-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үздэг бөгөөд гэрээний дагуу шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодотгодог. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 4 cap байхаар талууд тохиролцсон хэмээн нэхэмжлэгч тал үздэг боловч энэ нь хүчин төгөлдөр нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.3 дах хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар тус тус заасан бөгөөд 2016.08.01-ний өдөр үндсэн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар байна. Хариуцагчийн зүгээс 2014.11.12-ны өдөр 2015.06.01-ний өдөр төлбөрийг төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн гэх ба баталгаа гаргасантай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шинээр тоологдон Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дэх хэсэгт зааснаар 2018.06.01-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар болсон байна. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс 2017.12.04-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэл гаргасан үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болсон хэмээн үздэг.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан л бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болно хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017.12.11-ний өдрийн 101/32017/21053 дугаар бүхий захирамжийн Захирамжлах хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсгийг удирдлага болгон тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар Тогтоосон журмаар-н дагуу гаргасан нэхэмжлэл гэж үзэх боломжгүй бөгөөд тогтоосон журмын дагуу гаргасан нэхэмжлэл гэдэг нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, хуульд заасан харьяаллын дагуу гаргасан, хуульд заасан аливаа зөрчил агуулаагүй байхыг ойлгодог. Эдгээр үйл баримтуудаас харахад хэргийн үндсэн хөөн хэлэлцэх хугацаа 2018.06.01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Энэ талаар анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.

4.3 Нэхэмжлэгчийн зүгээс 2019.08.22-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан өнөөдрийг хүрээд байна. Гэвч 2019.08.22-ны өдрийн нэхэмжлэлийн орчуулгыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байгаа бөгөөд тухайлбал Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9 дэх хэсэгт баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх гэж заасан. Өөрөөр хэлбэл тус нэхэмжлэлийн орчуулгыг гэрчлүүлж баталгаажуулан хүлээн авах шаардлагатай байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. 7.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. хэмээн заасан байхад хүчин төгөлдөр болоогүй орчуулгыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/ нь хариуцагч Т.Энхбатад холбогдуулан гэрээний үүрэгт 286,539 юань буюу 109,970,802 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр шаардлагын үндэслэлээ ... Боорчи ХХК-ийн агуулахад байсан барилгын материалаас 63,954 юанийн бараа авсан, ...буцааж 18,590 юанийн барааг өгсөн, ... 2013.08 сард Эрээн хотод очиж бараа авсан ба барааны үнэ, зардал 385,685 юань болсон. ... 2014.11.12-нд 188,400 юань буцаан төлсөн, нэмж 20,300 юань зээлсэн, 5000 юанийг хариуцагчийн өмнөөс бусад этгээдэд урьдчилгаанд төлсөн гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2013.08.01-ний өдөр Эрээн хотоос бараа авсан. ... чанаргүй муу бараа явуулсан, ...Боорчи компаниас чанарын шаардлага хангахгүй хуучин бараа өгсөн. ... надаас гологдсон бараагаа ирж авахгүй алга болсон. ... 63,954 юанийн барааг түрээсийн төлбөр сарын 7,500,000 төгрөгөөр төлөхөөр гэрээ байгуулсан. ... 222,585 юанийн бараа нь гаалийн мэдүүлгээр нотлогдоогүй, ийм бараа мэдэхгүй. ... 2015.06.01-ний өдөр 63,954 юанийн барааг зөвшөөрч баталгаа гаргасан. ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариу маргасан байна.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөр төлөхийг зөвшөөрсөн бичвэр дэх гарын хээ хариуцагч Т.Энхбатынх мөн, хөөн хэлэлцэх хугацаа 2017.12.11, 2019.08.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус тус тасалдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсны зэрэгцээ гадаад валютыг төгрөгт хөрвүүлэх тухайн өдрийн албан ханшийн зөрүү 1,951,330 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

8. Талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг давж заалдах шатны шүүхээс зөв тодорхойлж анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь хуульд нийцнэ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээнд зээлээр худалдах худалдан авах гэрээний шинж агуулагдаагүй байна.

 

9. Нэхэмжлэгч Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/ хариуцагч Т.Энхбатад холбогдуулан худалдсан барааны үнэ 286,539 юанийг нэхэмжилж, тэдгээрийн хооронд хоёр удаа худалдах худалдан авах харилцаа үүссэн, эхнийх нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Боорчи ХХК-ийн агуулахад байгаа бараанаас шаардлагатай бараагаа авах, хоёр дахь нь Эрээн хотод худалдан авагч өөрөө очин бараагаа сонгох хэлбэрээр хийгдсэн гэж тайлбарлажээ. Харин хариуцагч Т.Энхбат Боорчи ХХК-ийн агуулахаас авсан бараа материалын төлбөр 63,954 юань болсныг зөвшөөрч байх боловч энэ бараа доголдолтой гэж, Эрээн хотоос түүний худалдан авсан бараа материалыг худалдагч ачуулсан эсэх, нийлүүлсэн бараа материал нь чанарын шаардлага хангасан эсэх асуудлаар маргасан байна.

 

10. Хоёр шатны шүүх дээрх маргааны талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь нийлүүлсэн бараа материалын нэр жагсаасан хуудасны баруун доод буланд Хятад иргэн Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-т 63,954+222,585 юанийг өгөх нь 2015.06 сард төлж барагдуулах болно. Төмөр.Энхбат, 91916714 2014.11.12-нд гэсэн гар бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлж бараа шилжүүлсэн, өр төлөхөө зөвшөөрсөн гэх тайлбараа нотлохыг зорьсон байна. Харин хариуцагч татгалзлын үндэслэл болох барилгын бараа материал хилээр нэвтрээгүй, эсхүл нэвтэрсэн бараа нь доголдолтой, чанарын шаардлага хангаагүй гэх үйл баримтыг нотлох хангалттай баримт хэрэгт бүрдүүлсэнгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч Т.Энхбат нь дээр дурдсан бичвэр бүхий баримтад 2014.11.12-ны өдөр гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2013.08.01 гэж огноотой баримтад гарын үсэг зурсан учир 2013.08.15-ны өдрийн тооцооллыг хүлээн зөвшөөрсөн байх боломжгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй.

 

11. Хариуцагч дээрх бичвэрийг төлбөрийг 2015.06 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар хариуцагч энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг 2015.06.01-ний өдрөөс тоолж эхлэх үндэстэй гэж үзэн нэхэмжлэгч Я.Цолмонцэцэг /Chaolumenqiqige/-ийн шаардлага гарах эрх дуусгавар болсон гэж маргажээ. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч 2017.12.04-ний өдөр анх нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэснийг буруутгахгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79 дүгээр зүйлийн 79.7-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь энэ зүйл, заалтуудаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах тухай харилцааг зохицуулсан бөгөөд энэ нь эрх зөрчигдсөн нөхцөл байдлыг илэрхийлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий этгээдэд хандах үнэн хүсэл зоригтой байсныг хангалттай илтгэсэн байхыг ойлгоно.

 

12. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг монгол хэлээр үйлдэн хятад хэлний орчуулгыг хавсаргасан байх боловч өөрийн биеийн байцаалт, холбогдох баримт бичиг, хятад хэлээр үйлдэн монгол хэл рүү хөрвүүлсэн итгэмжлэлийг зохих журмаар хавсаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа дэмжин оролцсон байх тул нэхэмжлэлийг хятад эх хэлээрээ үйлдэж Монгол хэл рүү хөрвүүлсэн байх ёстой гэх агуулга бүхий татгалзлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр бус орчуулгатай гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхийн найруулгын чанартай алдааг залруулан нэхэмжлэлийн шаардлагаас 1,951,330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хэсгийг шийдвэрт нэмж тусгасан нь хуульд нийцжээ.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2337 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гүрбазарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 01 сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.