Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00757

 

 

 

 

                                              2021        03          10

                     101/ШШ2021/00757

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, “Хаппи Таун”, 0-р байр, 0 тоотод оршин суух Л.Х-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 4/2-р байр, 0 тоот хаягт оршин байрлах “Э г” ХХК-д холбогдох,

 

Дутуу олгосон цалин 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “ г” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр анх хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Түүнээс хойш уг компанид хүний нөөц, нярав, үйлчлэгч гээд бүх ажлыг нь би хийдэг болсон. Миний сарын цалин 500,000 төгрөг байдаг. Тус байгууллага нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх цалинг надад олгоогүй. Иймд миний олгогдоогүй 9 сарын цалин болох нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

       

         Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Х нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх цалинг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа бэлнээр мөнгө авч байсан мөн бараа материал захирлын ширээн дээрээс дур мэдэн авсан. Манай компани Л.Хтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй. Иймд түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй. Л.Х нь 2020 оны 1 дүгээр сард 1 хоног, 2 дугаар сард 22 хоног, 3 дугаар сард 5 хоног, 4 дүгээр сард 1 хоног, 5 дугаар сард 12 хоног, 7 дугаар сард 6 хоног тус тус ажилласан. Манай захирал Солонгос хүн байдаг ба Монгол хэл мэдэхгүй тул өөрийнхөө гар бүртгэлээрээ ажилласан цагийг нь бүртгээд явдаг юм. Нэхэмжлэгч ээлжийн амралт аваагүй, дур мэдэн хөдөө явсан. Мөн компанийн эд хөрөнгөөс дур мэдэн шамшигдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч “Э г” ХХК-д холбогдуулан 2019 оны 11-12 сар, 2020 оны 01-07 дугаар сар хүртэл хугацааны цалин хөлс нийт 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Л.Хтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллуулсан. Байгууллагын бараа бүтээгдэхүүнээс дур мэдэн авч шамшигдуулсан. Түүнд олговол зохих цалин хөлсийг олгосон тул дахин олгох үндэслэлгүй” гэж тайлбарлаж маргасан.

 

Хариуцагч “Э г” ХХК нь нэхэмжлэгч Л.Хыг 2018 онд хүний нөөцийн албан тушаалд авч ажиллуулсан, үүнээс хойш тасралтгүй уг компанид ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 62 дугаар тал/

 

 Энэ хугацаанд хариуцагч “Э г” ХХК нь нэхэмжлэгч Л.Хыг ажилд авсан тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр няравын албан тушаалд томилж, сарын 500,000 төгрөгийн цалинтай ажиллуулсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна. /3, 57 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Учир нь хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргээ гүйцэтгэдэг.

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн ажлын цагийн бүртгэл гэх баримт болон хариуцагчаас гаргасан “...2018 оноос хойш Л.Х нь манай компанид ажилласан. Манай захирал Солонгос хүн байдаг ба Монгол хэл мэдэхгүй тул өөрийнхөө гар бүртгэлээрээ ажилласан цагийг нь бүртгээд явдаг...” гэх тайлбар, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сарын 500,000 төгрөгийн цалингаас тооцож төлсөн үйл баримтыг харьцуулан үзэхэд ажилтан Л.Х нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журмын дагуу цагаа бүртгүүлэх замаар ажил үүргээ гүйцэтгэж, гэрээний үргэлжлэх хугацаанд цалин хөлсийг тогтмол хугацаанд ижил ижил хэмжээгээр авч байсан байна.

 

Хариуцагчаас гаргасан ажилтантай хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсан тул ажилтныг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан тул түүнд цалин хөлс олгохгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргийг ажил олгогчид ногдуулсан ба дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

 

Ажил олгогч “Э г” ХХК нь ажилтан Л.Хын 2019 оны 11-12, 2020 оны 01-09 дүгээр сар хүртэл ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн атлаа ажилтаны цалин хөлсийг олгоогүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас олговол зохих цалин хөлсийг бэлнээр олгодог байсан, цалин хөлсийг бүрэн олгосон гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч Л.Х нь сарын үндсэн цалинг 500,000 төгрөгөөр тооцож, нийт 9 сарын цалинд 4,500,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь ажил олгогчоос ажилтаны сарын цалин 500,000 төгрөгөөс сар бүр 120,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлсөн болох нь тогтоогдсон тул уг мөнгөн хөрөнгийг хасч тооцон, үлдэх цалинг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иймд 1 сарын цалинг 380,000 төгрөг /500,000-120,000/-өөр тооцож, ажилтаны 9 сарын олгогдоогүй цалинд нийт 3,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хуульд заасан хугацааг хэтрүүлсэн буюу 2020 оны 7 сараас өмнөх хугацааны цалинг шаардах эрхээ алдсан байх боловч хариуцагч уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж маргасан.

 

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардах эрхээ алдсантай холбоотойгоор тайлбар гаргаж маргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талуудаас гаргасан тайлбар, татгалзлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч “Э г” ХХК нь нэхэмжлэгч Л.Хыг ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд зүйлийг авч шамшигдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан нь энэ хэрэгт хамааралгүй, үүнтэй холбоотойгоор хохирсон гэж үзвэл тусдаа нэхэмжлэл, гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э г” ХХК-иас 3,420,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Хд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,080,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж Л.Хд олгож, хариуцагч “Э г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69,670 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.БЯМБАЖАРГАЛ