Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00725

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00757 дугаар шийдвэртэй, Л.Х-ын нэхэмжлэлтэй “ЭГ” ХХК-д холбогдох, дутуу олгосон цалин 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Х-, түүний өмгөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЭГ” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Түүнээс хойш уг компанид хүний нөөц, нярав, үйлчлэгч гээд бүх ажлыг хийдэг болсон. Миний сарын үндсэн цалин 500 000 төгрөг ба тус байгууллага нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэлх цалин хөлс олгоогүй. Иймд олгогдоогүй 9 сарын цалин болох нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа бэлнээр мөнгө авч байсан, мөн бараа материалыг дур мэдэн авсан. Манай компани Л.Х-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болохоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Иймд түүнийг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй.

Л.Х- нь 2020 оны 01 дүгээр сард 1 хоног, 02 дугаар сард 22 хоног, 03 дугаар сард 5 хоног, 04 дүгээр сард 1 хоног, 05 дугаар сард 12 хоног, 07 дугаар сард 6 хоног тус тус ажилласан. Манай захирал Солонгос хүн, монгол хэл мэдэхгүй тул өөрийнхөө гар бүртгэлээр ажилласан цагийг бүртгээд явдаг. Нэхэмжлэгч ээлжийн амралт аваагүй, дур мэдэн хөдөө явсан. Мөн компанийн эд хөрөнгөөс дур мэдэн шамшигдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭГ” ХХК-иас 3 420 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Х-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,080,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж Л.Х-д олгож, хариуцагч “ЭГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 69 670 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчаас нотлох баримтаар цуглуулж өгсөн ажлын цагийн бүртгэл гэх баримт болон хариуцагчаас гаргасан...” гэж дурдсан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын цагийн бүртгэл, цалингийн тооцоо болон нэхэмжлэгч Л.Х-д олгосон цалин хөлсний талаарх баримтыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх тус баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн эсэх талаараа шийдвэртээ дурдаагүй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, аль нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн иш үндэс болгосон талаар тусгах байтал энэ талаар дурдалгүй шүүхийн шийдвэрийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хуульд заасан хугацааг хэтрүүлсэн буюу 2020 оны 07 сараас өмнөх хугацааны цалинг шаардах эрхээ алдсан..” гэж дүгнэсэн атлаа хариуцагч энэ талаар маргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь өөрөө шүүх хэргийг тал бүрээс бүрэн бодитойгоор үнэлж хэргийг шийдвэрлэх зарчим алдагдаж байна. Шүүх зөвхөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар маргасан гэдэг үндэслэлээр энэ заалтыг хэрэглэхгүй байгаа нь хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх зарчмыг зөрчиж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 11 сараас 2020 оны 07 сарын цалин олгоогүй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх Л.Х-ын нийгмийн даатгал төлөгдсөн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлсэн талаараа тайлбарлаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Х- нь хариуцагч “ЭГ” ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Х- нь “ЭГ” ХХК-д 2018 оноос хүний нөөцийн албан тушаалд, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нярвын албан тушаалд ажиллаж байсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. /хх57/

 

Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт гэх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Л.Х-ын нийгмийн даатгалын дэвтрийн 2019, 2020 оны хуулбар баримтуудад сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 500 000 төгрөг гэж, ажил олгогчоос шимтгэл төлөгдсөн байдлыг 2019 оны 10 сараас 2020 оны 09 сар хүртэл хугацаанд төлөгдсөн гэж тус тус тодорхойлсон, нийгмийн даатгалын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх3, 57/

 

Нэхэмжлэгч “2019 оны 11 сараас 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд цалин хөлс олгоогүй” гэж маргаж байгаа нөхцөлд хариуцагч “уг хугацааны цалин хөлсийг олгосон” гэх тайлбар татгалзлалаа гомдлоор авч хэлэлцэх ажиллагааны хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлор үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. 

 

Иймд Л.Х- нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул “ЭГ” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл хугацааны олговор 3 420 000 төгрөгийг гаргуулж Л.Х-д олгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа алдсантай холбоотойгоор хариуцагч тайлбар гарган маргаангүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Хариуцагч “ЭГ” ХХК нь 2020 оны 09 дүгээр сар дуустал нэхэмжлэгч Л.Х-ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, түүнчлэн нэхэмжлэгчийг 2020 оны 07 сард ажлаас халсан баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай гомдлыг шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 670 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА