Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Т.Нансалмаа

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарын Энхмандах, Норжинсүрэнгийн Гансүмбэр нарт холбогдох 201619000843 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 03-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн  хамт Төв аймгийн Жаргалант сумын  Өгөөмөр 2 дугаар багийн Өгөөмөр 2-5 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 02 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Сартуул овгийн Норжинсүрэнгийн Гансүмбэр РД/НМ:80050313/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 30 настай, бүрэн  дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт Төв аймгийн Жаргалант сумын  Өгөөмөр 2 дугаар багийн Салхитын 7-10 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баатарын Энхмандах РД/НМ:87111211/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Гансүмбэр нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн  нутаг ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газарт цахилгаан хөрөө хэрэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3 422 метр/куб нойтон нарс мод бэлтгэн байгаль орчинд 1 570 698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Энхмандах нь 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газраас шүүгдэгч Н.Гансүмбэрийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3 422 метр/куб нойтон нарс модыг Г.Батбаярын эзэмшлийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан кондор” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр Улаанбаатар хот руу тээвэрлэн байгаль орчинд 1 570 698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Гансүмбэр шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 03-нд “Хоолтын ам” гэх газраас 5 ширхэг нойтон нарс мод тайрч 1,90 см-ээр 29 ширхэг болгож бэлтгээд Энхмандахын 30-99 улсын дугаартай “Ниссан кондор”маркийн машинд Улаанбаатар хот руу ачуулсан. Би тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Гэмт хэргийн улмаас учирсан 4 713 000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэв.

 

Шүүгдэгч Н.Гансүмбэрийн  мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Хоолтын ам” гэх газарт 5 ширхэг нойтон нарс мод унагаж 1,9 метрээр хувааж 29 хэсэг болгоод бэлтгэсэн газраа орхисон. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Б.Энхмандахын хамтаар 30-99 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж төмс хучдаг хучлагаар хучиж Б.Энхмандахын хамт ачаад явсан.Тэгээд явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын замын салдаг уулзвар дээр явж байгаад цагдаад баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 66, 71 хуудас/

 

Шүүгдэгч Б.Энхмандах шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө Гансүмбэрийн бэлтгэсэн модыг хоолтын амнаа Батбаярын эзэмшлийн 3099 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэж яваад Төв аймгийн Баянбулаг сумын цагдаад баригдсан. Гэмт хэргийн улмаас 4 713 000 төгрөг гарсныг Гансүмбэр бид хоёр хувааж төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Энхмандахын мөрдөн байцаалтанд өгсөн:2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Хоолтын ам гэх газраас Н.Гансүмбэр гэдэг хүнээс 29 ширхэг бэлтгэсэн нарс модыг би авч ашиглая гээд 30-99 УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэлд 22 цагийн үед ачаад Төв аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотруу орох чиглэлийн салдаг уулзвар дээр замын цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг /хх-ийн 60,71 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын эхээр Энхмандах намрын ажилд машин хэрэг болоод машинаа надад түр өгөөч гэсэн. Би Энхмандахтай 4, 5 жил нөхөрлөж байгаа хүний хувьд Энхмандах архи дарс уухгүй, тохитой томоотой итгэл даадаг хүний хувьд машинаа өгч явуулсан. Тэгээд машинаа өгч явуулчихаад Энхмандахыг таг болчихоор нь яасан юм бол гэж асууж сураглахад зөвшөөрөлгүй мод бэлтгээд машинаа хураалгасан гэж хэлсэн. Тэр машин бол миний амьжиргаагаа залгуулдаг унаа юм гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 10 дугаар  сарын үед Энхмандах манайд ирээд машинаа түр хэрэглүүлээч, төмс ногоо зөөх, өвс хадланд хэрэглээд өгье гэхээр нь өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надруу Энхмандах залгаад таны машиныг мод ачиж яваад хураалгачихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

 

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-12 хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16 хуудас/

 

Гэрч Т.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг эргүүл шалгалт хийгээд явж байхад Төв аймгийн Жаргалант сумын хотруу явахад салдаг уулзвар дээр 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн  үед явж байхаар нь зогсоож шалгахад тэвшийг нь бүтээсэн бүтээлгийг сөхөхөд нойтон мод ачаад явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

Гэрч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтанд өгсөн: 206 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө эргүүл шалгалт хийгээд явж байхад 30-99 УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэл шөнийн 02 цагийн үед явж байхаар зогсоож шалгахад тэвшийг  нь бүтээсэн бүтээлгийг сөхөхөд нойтон мод ачаад явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/

 

Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би нөхрийгөө мод бэлтгэж түүнийгээ Энхмандах хүнд зарах гээд ачиж яваад цагдаад  баригдсан гэдгийг нь нөхөр Н.Гансүмбэрээс гэртээ ирсэн хойно мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

 

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот:

 

-Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарын бэлтгэж тээвэрлэсэн мод нь хэрэглээний мод байна.

 

-Хэргийн материалд байгаа фото зураг болон бусад тайлбаруудаас үзэхэд нойтон мод болох нь батлагдаж байна.

 

-Хууль бусаар бэлтгэсэн 29 ширхэг буюу 3,122 мет/куб модны үнэлгээ:3,422*255000*1,8=1 570 698, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн  49.4.1 дэх хэсэгт заасны дагуу гурав дахин нэмэгдүүлж тооцоход 4 712 094 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 50 хуудас/

 

 Төв аймгийн Батсүмбэр сумын сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ш.Цогтбаатарын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан  Экологи эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 80-81 хуудас/

 

Шүүгдэгч Б.Энхмандахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуудас/

 

Шүүгдэгч Н.Гансүмбэрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77

 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Гансүмбэр нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн  нутаг ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газарт цахилгаан хөрөө хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3 422 метр/куб  нойтон нарс мод бэлтгэж худалдан байгаль орчинд 1 570 698 төгрөгийн бодит хохирол учруулсан, шүүгдэгч Б.Энхмандах нь 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг, ойн бүс бүхий “Хоолтын ам” гэх газраас шүүгдэгч Н.Гансүмбэрийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 3,422 метр/куб нойтон нарс модыг худалдан авч  Г.Батбаярын эзэмшлийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан кондор” маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэн зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр Улаанбаатар хотруу тээвэрлэн байгаль орчинд бага бус хэмжээний буюу 1 570 698 төгрөгийн бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Гансүмбэрийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж худалдсанаас  байгаль орчинд 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Энхмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авч тээвэрлэснээс байгаль орчинд 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарын гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар гэмт хэргийн улмаас учруулсан 4 712 094 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Н.Гансүмбэр нь 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Энхмандах нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох  нь түүний ял шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Гансүмбэр, Б.Энхмандах нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Н.Гансүмбэр, Б.Энхмандах нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Энхмандах нь иргэний нэхэмжлэгч Г.Батбаярын эзэмшлийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийг ногоо хураах, өвс хадлан бэлтгэх зэрэг намрын ажилд хэрэглэх зорилгоор түүнээс гуйж авсан, Г.Батбаяр нь тухайн тээврийн хэрэгслээр Б.Энхмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн болохыг мэдээгүй байх тул уг тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Wanglong” гэсэн бичиг бүхий 80 000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, хууль бусаар бэлтгэсэн 1 570 698 төгрөгөөр үнэлэгдсэн 3,422 мет/куб нойтон нарс модыг улсын орлого болгож, 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийн 01023888 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгч, Г.Батбаярын эзэмшлийн “Ниссан кондор” маркийн 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Энхмандахын гэр бүлийн дундын өмчлөлийн Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Салхитын 7 дугаар гудамжны 10 тоотод байрлах Ү-1414000530 дугаарын гэрчилгээ бүхий 110 м/кв бүхий амины орон сууц 1 ширхэг, Н.Гансүмбэрийн эзэмшлийн 14 инчийн улаан өнгийн телевизор 1 ширхэг, ДДЭШ тв сувгийн станц 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч нар нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сартуул овгийн Норжинсүрэнгийн Гансүмбэрийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсанаас байгаль орчинд бага бус буюу 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг, Боржигон овгийн Баатарын Энхмандахыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан, тээвэрлэснээс байгаль орчинд бага бус буюу 1 570 698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овгийн Норжинсүрэнгийн Гансүмбэр, Боржигон овгийн Баатарын Энхмандах нарыг 1/нэг/ жил, 8 /найм/ сарын  хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт тус бүр оногдуулсан 1/нэг/жил, 8/найм/ сарын   хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт оногдуулсан  1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хорих ялыг ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, /8/ найм/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт  тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт  үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нар нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Г.Батбаярын эзэмшлийн 12 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Ниссан кондор” маркийн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгсэл, Б.Энхмандахын гэр бүлийн дундын өмчлөлийн 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Салхитын 7 дугаар гудамжны 10 тоотод байрлах Ү-1414000530 дугаарын гэрчилгээ бүхий 110 м/кв бүхий амины орон сууц 1 ширхэг, Н.Гансүмбэрийн эзэмшлийн 150 000 төгрөгийн  үнэлгээ бүхий 14 инчийн улаан өнгийн телевизор 1 ширхэг, 150 000 төгрөгийн үнэлгээ бүхий ДДэш тв сувгийн станц 1 ширхэг тус бүрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хууль бусаар бэлтгэсэн 1 570 698 / нэг сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 29 ширхэг, 3,422 мет/куб нойтон нарс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Wanglong” гэсэн бичиг бүхий 80 000 /наян мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг худалдан борлуулж, улсын орлогод оруулахаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн тээврийн хэрэгслийн 01023888 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг  шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

 

9. Энэ хэрэгт Н.Гансүмбэр, Б.Энхмандах нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Гансүмбэр, Б.Энхмандах нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА