Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 22

 

 

Л.М, Ц.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.М, Ц.С нарт холбогдох эрүүгийн 1935004510019 дугаартай, 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргал илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор Х.Энхтуул, хохирогч Л.О, шүүгдэгч Л.М, Ц.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.

Шүүгдэгч: М ургийн овогт Л-ийн М, 1964 оны 12 сарын 28-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн Ургамал сумын .. багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: ИП64122870.

Шүүгдэгч: А ургийн овогт Ц-ийн С, 1969 оны 7 сарын 30-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймгийн Ургамал сумын ... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:...

Шүүгдэгч Л.М, Ц.С нар бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу 98-48 ЗАА улсын дугаартай Mitsubishi minicab загварын автомашин ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Хар хуруу гэх газраас хохирогч Л.Огийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлж 852.500 /найман зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Мэргэн ургийн овогт Лхагвадоржийн Мөнхнастыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч А ургийн овогт Ц-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, А ургийн овогт Ц-ийн С-ыг цагаатгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Мад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.С-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь: шүүгдэгч Л.М, Ц.С нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу 98-48 ЗАА улсын дугаартай Mitsubishi minicab маркын авто машин ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Хар хуруу гэх газраас хохирогч Л.Огийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлж 852.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Ц.С нь тухайн үед шүүгдэгч Л.Мтай явж байсан бөгөөд шүүгдэгч Ц.С болон Л.М нарын хооронд хулгайлсан мотоциклийг зарж борлуулж, түүнээс олсон орлогыг хуваан авах талаар харилцан тохирсон, мөн шүүгдэгч Л.Мыг хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Завхан аймгийн Ургамал сумын эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дүгээр тодорхойлолтоор шүүгдэгч Ц.С нь “...2018 онд баруун талын түнхний хугарлаар хагалгаанд орж хадуулсан хадаастай, ...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр халтирч унаснаас баруун гарын бугалга ясны доод хэсэг сэлтэрч шуу нь хугарсан” нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ нь шүүгдэгч Ц.Сыг тухайн мотоциклийг ачиж буулгахад оролцох боломжгүй гэдгийг нотолж байна...” гэх дүгнэлтийг хийж, шүүгдэгчийн цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.С 2018 онд баруун талын түнхний хугарлаар хагалгаанд орж хадуулсан хадаастай, ...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр халтирч унаснаас баруун гарын бугалга ясны доод хэсэг сэлтэрч шуу хугарсан нь энэ гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцох боломжгүй, мөн хулгайлсан мотоциклийг зарж борлуулж, түүнээс олсон орлогыг хуваан авах талаар харилцсан тохирсон, мөн шүүгдэгч Л.Мыг хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, субъектив дүгнэлт болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч Л.М нь 98-48 ЗАА улсын дугаартай Mitsubishi minicab маркын авто машины тэвшин дээр шүүгдэгч Ц.Сыг оролцуулахгүйгээр хохирогч Л.Огийн эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг ганцаараа ачих бололцоотой эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Л.М, Ц.С нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн хамтран оролцогчид байна. Шүүгдэгч Ц.Сын мэдүүлэг, өвчний түүхийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөртөө болон бусдад ашигтай мэдүүлэг өгч байгаа нь хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэж буй эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүгдэгчийн хөл, гараа хугалсан нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцох боломжгүй байсан гэх дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасныг ноцтой зөрчиж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Л.М, Ц.С нарт холбогдох 1935004510019 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М, Ц.С нарыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.М-ыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Сд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Л.О нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын, 852.500 төгрөгийн үнэ бүхий мотоциклио 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Хар хуруу“ гэх газар замын дагуу бензин дууссан шалтгаанаар орхиж явсан,

Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой үл таних эрэгтэй хүний гуйлтаар түүнээс 100.000  төгрөгийн хөлс авч, Завхан аймгийн Ургамал сумын төвөөс  Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт байрлах “Морьтын гуанз” гэх газар хүргэж өгөхөөр Ц.Сын хамт явсан, 

“Морьтын гуанз”-аас Ургамал сум уруу буцаж явахдаа замын дэргэд байсан  мотоциклтэй таарч, Л.М нь уг мотоциклийг өөрийн жолоодож явсан 98-48 ЗАА улсын дугаартай Mitsubishi minicab маркийн автомашинд ачиж, Завхан аймгийн Ургамал сумын төвөөс 5 км зайд байрлах малын гэртээ авч ирсэн,

хохирогч Л.О өөрийн мотоциклийг хайж сураглан явж, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд байх Л.Мын гэрээс очиж авсан зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.М нь зам дагуу орхисон байсан мотоциклийг бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр машиндаа ачиж, гэртээ авчирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх ба хэргийн үйл баримт болон хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, шүүгдэгч Л.Мын гэм буруугийн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурорын “Ц.С нь Л.М-тай бүлэглэн хохирогч Л.О-гийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй гэх эсэргүүцлийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судлавал:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Ц.Сд холбогдох хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй“ гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчим болон хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой Завхан аймгийн Ургамал сумын төвөөс Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт байрлах “Морьтын гуанз” уруу хүн хүргэж өгөхөөр явахдаа Ц.С-ыг ханьсаж дагуулж явсан байх бөгөөд мотоцикль хулгайлах гэмт хэрэг гарах цаг хугацаанд Ц.С нь Л.Мтай хамт явж байсан нь тогтоогдож байх боловч уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх үндэслэл бүхий нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Л.М яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...тэгээд би Санжжавт “энэ манай нөгөө дүүгийн захиад байсан мотоцикль байх, ачаад явъя” гэж хэлсэн.Тэгэхэд Санжжав надад “би хавирах биш дээ, та өөрөө ачдаг юм байлгүй, би хөл муутай юм чинь ачиж чадахгүй” гэж хэлсэн юм.Тэгээд би машинаасаа ганцаараа буугаад тухайн замын хажууд байсан мотоциклийг түлхээд өөрийн унаж явсан машины тэвшийг буулгаж, эхлээд мотоциклийн гарнаас өргөөд тэвшин дээр хэвтээ чигээр нь өргөж гаргасан, тэгээд арын хэсгийг нь өргөж тэвшин дээр гаргасан. Тухайн үед Ц.С нь машины кабинаас огт бууж ирээгүй, мотоциклийг өргөлцөж ачилцаагүй юм” гэж,

шүүгдэгч Ц.С яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...тэгээд Мөнхнаст ах зогсоод “манай нутгийн дүү Занабаяр адуу хайж яваад мотоциклио орхичихсон гэсэн” гэж хэлээд машин дээрээ ачсан юм. Би тухайн үед машинаас буугаагүй бөгөөд миний баруун гар хугарсан тул сойлттой байсан, мөн миний баруун талын хөлний түнх мултарч хадуулсан  байсан учраас таягтай явж байсан, би элэгний хагалгаанд орсон учир хүнд  юм өргөдөггүй тул машинаас бууж ачилцаагүй” гэж тус тус мэдүүлсэн байх ба тэдний мэдүүлгийг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт байхгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Сын биеийн эрүүл мэндийн байдлын талаархи нотлох баримтууд хэрэгт авагдсан байх ба тэрээр 2018 онд баруун түнхний хугарлын улмаас  хагалгаанд орж хадуулсан хадаастай, 2019 он 06 дугаар сарын 21-нд элэгний хатуурал буюу цирроз өвчний улмаас хагалгаанд орсон, 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хальтирч унаснаас баруун гарын бугалга ясны доод хэсэг сэлтэрч, шуу нь хугарсан зэрэг гэмтэл бэртэлтэй, элэгний өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээний дэглэм баримталдаг,  хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан зэрэг нөхцөл байдал нь хэргийн 140-158 дугаар хуудсанд  авагдсан Завхан аймгийн Ургамал сумын эрүүл мэндийн төвийн дарга Д.Адъяагийн тодорхойлолт, 2019-05-28-ны өдрийн комьпютерт томографийн шинжилгээ, Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн “эмнэлгийн дүгнэлт”, эмгэг судлалын дүгнэлт, Ц.Сын өвчний түүх, түнхний үений болон баруун гарын тохой, шуу, бугалга ясны рентген зураг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Шүүгдэгч Ц.С нь Л.Мыг замын дэргэд байсан мотоциклийг ачиж байгааг мэдэж байсан боловч түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг лавтай сайн ойлгож мэдэж байсан болон уг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нотолгоо, баримт хэрэгт авагдаагүй байна. Тэрээр “хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй” гэх үндэслэлээ, нэгдүгээрт: Л.М нь замын дэргэд байсан мотоциклийг хараад машинаа зогсоож “манай нутгийн дүү Занабаяр адуу хайж яваад мотоциклио орхичихсон гэсэн ” гэж хэлээд машинаасаа буугаад мотоциклийг ачсан тул хулгай хийж байна гэж бодоогүй, хоёрдугаарт : “мотоциклийг машин дээр ачихад би оролцоогүй, учир нь тухайн үед биеийн эрүүл мэндийн хувьд юм өргөх, дамжлах, ачих чадваргүй байсан гэдгээ өөрийн өвчний түүх, эмчилгээ, оношилгоо, мэс засал хийлгэсэн баримтуудаа гарган нотолж, гэм буруугүй гэж маргаж байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг няцаасан буюу шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримт сэлт болон шүүгдэгчийн гэм буруугүйд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал байхгүй байна.

Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.М, Ц.С нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн хамтран оролцогч байна ” гэж дүгнэж байгаа боловч Ц.С яг ямар санаа сэдэлт, үйлдлээр хамтран оролцсон болохыг нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл Ц.Сын гэм бурууг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг  үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд таамаг, төсөөлөлд хөтлөгдөн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлгүй болно.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

Шүүгдэгч Л.Мын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр  сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон, нийт 44  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 6.10 дугаар зүйлийн 1дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.М-ын 2020 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ