Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 49

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Л.М, Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт Л-ийн М, А овогт Ц-ийн С нарт холбогдох 1935004510019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М ургийн овогт Л-ийн М 1964 оны 12 сарын 28-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн Ургамал сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: ..................

А ургийн овогт Ц-ийн С 1969 оны 7 сарын 30-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 1, Завхан аймгийн Ургамал сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.М, Ц.С нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм буюу 98-48 ЗАА улсын дугаартай митцубиши миникаб загварын автомашин ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Хар хуруу гэх газраас хохирогч Л.О-гийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хулгайлж 852’500 /найман зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004510019 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Л.О-гийн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед Цагаанхайрхан сумын нутаг Морьт гэх газраас өөрийнхөө эзэмшлийн Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклоор үхрүүдээ тууж явтал миний мотоциклийн бензин нь дуусаад Хар хуруу гэх газар мотоциклоо замаас гаргаж үлдээгээд явсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед босож бензин аваад мотоцикл үлдээсэн газар очтол миний мотоцикл байхгүй байсан. Тухайн газар жижиг тэнхлэгтэй автомашины дугуйны мөр байсан ба тухайн үед би мотоциклийг минь хулгайлж машинд ачаад явсан байна гэж бодоод Морьтын гуанз дээр очиж Б гэдэг ахаас танайхаар ямар машинууд явж өнгөрсөн юм бэ, ачааны жижиг машин явж өнгөрсөн үү гэж асуухад Б ах өчигдөр орой буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Завхан аймгийн Ургамал сумаас 3 эрэгтэй хүн жижиг цагаан өнгийн ачааны машинтай ирсэн. Нэг нь хотоос аймгийн төв рүү явж байгаа автобусанд сууж Улаангомын төв орсон. Хоёр нь манайхаас хоол идчихээд ...Ургамал сум руу буцаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ...М гэдэг залуугийн хамт мотоциклоор Завхан аймгийн Ургамал сум орж тухайн машиныг сураглахад 98-48 ЗАА гэсэн улсын дугаартай жижиг цагаан өнгийн ачааны автомашин байсан ба жолоочийг нь М гэдэг хүн байсан. Тэгээд тухайн автомашин барьж явсан гэх М гэдэг хүний гэрийг заалгаж аваад очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд М бид хоёр Ургамал сумын төвд байдаг гүүрэн дээр ирж нөгөө автомашиныг хүлээгээд сууж байтал орой 17 цагийн үед 98-48 ЗАА гэсэн дугаартай жижиг цагаан өнгийн автомашин ирж байхаар нь зогсоож “та яагаад хүний мотоцикл ачаад аваад явдаг юм бэ, би мотоциклоо авъя, буцаагаад хариу авсан газарт нь хүргэж өг” гэж хэлэхэд ах нь эзгүй байхаар нь ачаад аваад явсан юм, одоо хүргэж өгөх боломжгүй, дахин нааш цааш явах далимаар хүргээд өгье, чиний мотоциклийг айлын гадна аваачиж тавьсан гэж М бид хоёрыг нэг айлын гадна дагуулж очиход миний мотоцикл Ургамал сумын төвөөс захдуу голын цаана байдаг нэг айлын гадан байсан. Тэгээд би мотоциклоо М гэдэг хүнээс буцаагаад авч М бид хоёр буцаад Морьт руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

2. Гэрч Г.Э-ын “...би 2019 оны 10 дугаар сарын 22-нд Завхан аймгийн Насан туршийн боловсролын сургалтанд яваад 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны шөнө 2 цагийн үед гэртээ ирэхэд манайд нөхөр М гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд өглөө босоход манай гэрийн хашаанд улаан хүрэн өнгийн хуучин мотоцикл байсан. ...2019 оны 10 сарын 27-ны өдөр ...би М хаачсан юм бол гээд гэрээс гарахад манай гэрийн ард хажуудаа үл таних 2 хүнтэй мотоцикл янзлаад байх шиг байсан. Би ...ОО руу орчхоод гараад ирэхэд мотоцикл асаад нөгөө 2 хүнтэй за уучлаарай ах нь эзэнгүй байхаар хэрэггүй юм байх гээд орхисон юм байна гэж бодсон юм гэж хэлээд ярилцаад тэр хоёр хүн яваад өгсөн юм. Тэгээд би гэрт ороод нөхрөөсөө ямар учиртай хүмүүс юм, яасан мотоцикл юм гэж асуухад 2019 оны 10 дугаар сарын 24-ны орой хаанаас ирж байгаа ямар хүн нь мэдэхгүй үл таних залуу орж ирээд намайг Морьтын гуанз дээр хүргээд өгөөч тэндээс унаанд суух гэсэн юм гэж манай гэрт 2 цаг орчим манай нөхөр Мыг гуйж сууж байтал манайхаар хааяа нэг орж гарч байдаг С гэх хөл муутай залуу ...орж ирэхээр нь манай нөхөр Сыг хань болоод хамт яваад ирээч гэж гуйсан. Тэгээд С зөвшөөрөөд манай нөхөр М болон үл таних залуугийн хамт гурвуулаа манай нөхрийн амьжиргаа цагаан гээд жижиг ачааны машинаар яваад Морьтын гуанз дээр тухайн хүнийг буулгачхаад гуанз ороод С-ын хамт хоол захиалаад сууж байтал үл таних залуу хоолоо идэж дуусчхаад гарч зам тосон гээд гараад удаагүй буцаж орж ирээд Увс аймаг явах машин олчихлоо гэж хэлээд манай нөхөрт баярлалаа ах гээд тэр залуу яваад өгсөн гэж хэлсэн. ...Тэгээд буцаад явж байгаад шөнө өөр замаар орчихсон байсан гэсэн. Тэгээд замд улаан хүрэн өнгийн эзэнгүй мотоцикл байхаар нь ойр хавьд хүн байгаа юм байна гээд хайхад хүн байхгүй эзгүй хээр газар мотоциклоос өөр зүйл байгаагүй гэсэн. Тэгээд хэрэггүй гээд эзгүй хээр газар байгаа юм байна гэж бодоод өөрөө ганцаараа ачаад аваад ирсэн гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

3. Гэрч Р.М-ын “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай багийн малчин Л.О ирж хоёулаа Ургамал сум орчхоод ирье, миний мотоцикл алга болчихлоо гэхээр нь би зөвшөөрөөд миний мотоциклоор хоёулаа Ургамал сум орсон. Тэгээд О бид хоёр Ургамал сумаас жижиг ачааны автомашинтай айл байдаг эсэхийг сураглаж тухайн машинтай ...айлыг олж авсан ба 98-48 ЗАА гэсэн дугаартай машин байсан. Ургамал сумын төвд тийм жижиг ачааны автомашин ганцхан байдаг гэдгийг мэдсэн. Тэгээд тухайн машиныг хайж очоод эзэнтэйн уулзаж О мотоциклоо буцааж авсан. Тухайн жолооч нь бор царайтай, настай хүн байсан. Замд эзгүй байхаар нь аваад явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

4. Гэрч Ц.Б-ийн “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орой 21 цагийн үед манай гэрт жижиг ачааны автомашинтай хүмүүс ирсэн ба өөрсдийгөө Завхан аймгийн Ургамал сумаас явж байна гэж хэлсэн. Би тухайн автомашины дугаарыг хараагүй бөгөөд тэр хүн цуйван хийлгэж идээд нэг хүнээ Улаангом сум руу дайж явуулсан. Тэгээд орой 22 цаг болж байхад нөгөө хоёр хүн буцаад Ургамал сум руу гараад явсан. Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай багийн малчин О над руу утсаар ярьж “өчигдөр миний мотоцикл алга боллоо, бензин нь дуусаад замын хажууд тавьсан байсан юмаа, өчигдөр танайхаар ямар машинууд ирсэн юм бэ” гэж асуухаар нь Завхан аймгийн Ургамал сумаас хүмүүс ирж хоол идчихээд Улаангом сум руу хүн дайгаад буцаад явсан гэж хэлсэн. Тэгээд Л.О тэр өдөр Ургамал сум руу М гэдэг залуугийн хамт явж мотоциклоо олж аваад ирсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх- ийн 30-31 дүгээр хуудас/,

5. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн “2017 оны 5 сараас хойш ашигласан Мустанг-5 загварын мотоцикл 2019 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймагт 852’500 /найман зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 391 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг Хар хуруу гэх газраас хохирогч Л.О-гийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын, 852’500 /найман зуун тавин хоёр мянга таван зуун/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч 98-48 ЗАА улсын дугаартай митцубиши миникаб загварын автомашинаар тээвэрлэсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай нутгийн хүн Занабаяр мотоциклоо хэд хоногийн өмнө хөдөө орхисон гэдгийг дуулсан. Тэгээд тэр замд байсан мотоциклыг тэр залуугийнх байх гээд ачаад явсан...” гэх мэдүүлэг нь хохирогч Л.О-гийн “...“та яагаад хүний мотоцикл ачаад аваад явдаг юм бэ, би мотоциклоо авъя, буцаагаад хариу авсан газарт нь хүргэж өг” гэж хэлэхэд ах нь эзгүй байхаар нь ачаад аваад явсан юм...” гэх, гэрч Г.Э-ын “...Тэгээд замд улаан хүрэн өнгийн эзэнгүй мотоцикл байхаар нь ойр хавьд хүн байгаа юм байна гээд хайхад хүн байхгүй эзгүй хээр газар мотоциклоос өөр зүйл байгаагүй гэсэн. Тэгээд хэрэггүй гээд эзгүй хээр газар байгаа юм байна гэж бодоод өөрөө ганцаараа ачаад аваад ирсэн гэсэн юм...” гэх, гэрч Р.Мын “...Замд эзгүй байхаар нь аваад явчихлаа гэж хэлж байсан...” гэх, гэрч Б.З-ын “...Л.М, Ц.С нар нь намайг ногоон цэнхэр өнгийн хятад турбо мотоциклтой гэдгийг мэдэх байх. Би уг мотоциклийг 2 гаруй жил унаж ашиглаж байгаа...” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч Л.М-ын өмгөөлөгч Д.Д-ийн “Л.М эзэмшлийн тал дээр төөрөгдсөн. Иймд хулгайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлээр зүйлчилж, шийдвэрлэж өгнө үү” саналыг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл эзэнгүй эд юмсыг олсон этгээд эрх бүхий байгууллага буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлснээр гээгдэл эд хөрөнгө болох бөгөөд өмчлөгчийн ашиглалтад хамгаалалтад байгаагүй эд зүйлс бүхнийг гээгдэл хөрөнгө гэж үзэхгүй юм.

Шүүгдэгч Л.М-ын хохирогч Л.О-гийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 загварын 852’500 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн тухайн мотоциклыг 98-48 ЗАА улсын дугаартай митцубиши миникаб загварын автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч Л.М нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь тухайн үед шүүгдэгч Л.М-тай явж байсан бөгөөд шүүгдэгч Ц.С болон Л.М нарын хооронд хулгайлсан мотоциклийг зарж борлуулж, түүнээс олсон орлогыг хувааж авах талаар харилцан тохирсон, мөн шүүгдэгч Л.М-ыг гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Завхан аймгийн Ургамал сумын эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтоор шүүгдэгч Ц.С нь “...2018 онд баруун талын түнхний хугарлаар хагалгаанд орж хадуулсан хадаастай. ...2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр халтирч унаснаас  баруун гарын бугалга ясны доод хэсэг сэлтэрч, шуу нь хугарсан” нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ нь шүүгдэгч Ц.С нь тухайн мотоциклийг ачиж, буулгахад оролцох боломжгүй гэдгийг нотолж байна.

Улсын яллагчийн “...Л.М-ын хийж байгаа хулгайн мотоциклыг авч байгааг Ц.С мэдэж байсан. Энэ үйлдлээрээ хулгайн хэрэгт хамтран оролцсон...” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэг үйлдэж байхыг буюу хууль бус үйлдлийг мэдэж байснаар тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн улсын яллагчийн “энэ хэргийг бүлэглэн үйлдсэн талаарх хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, цаашид нэмж хийх ажиллагаа байхгүй” гэх тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоосон үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.С гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Л.О-гийн “...Би мотоциклоо буцааж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч М.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/, Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 105 дугаартай албан бичиг, тодорхойлолт /хх-ийн 98-102 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.М нь эхнэрийн хамт Завхан аймгийн Ургамал сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан М.Ө-ын эзэмшлийн 98-48 ЗАА улсын дугаартай митцубиши миникаб машины үнэ болох 980’000 төгрөгийг шүүгдэгч Л.М-аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, М.Ө-ын эзэмшлийн 98-48 ЗАА улсын дугаартай митцубиши миникаб машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.9 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт Л-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч А ургийн овогт Ц-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, А ургийн овогт Ц-ийн С-ыг цагаатгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Л.Мад оногдуулсан 1 жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 98-48 ЗАА улсын дугаартай Митцубиши миникаб загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 980’000 төгрөгийг ялтан Л.М-аас гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С, ялтан Л.М нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.С, ялтан Л.М нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ц.С нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХЗАЯА