Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/00675

 


 

2021 03 03

101/ШШ2021/00675

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н ХХК-д холбогдох

 

7,187,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Т.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч Н ХХК нар нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах /Богд Жавзандамбын гудамжны 40 дүгээр байр/ оффисын барилгын хамтран өмчлөгчид юм. Тус барилга нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд гадна фасадын шохой ховхорч унасан, өнгө будаг муудаж гандсан, мөн галын болон бусад болзошгүй аюул ослын үед барилгыг барих үед галаас аврах шат хийгдээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас 2018 оны 08 дугаар сарын 23-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тус барилгыг өмчлөгч компаниуд хуралдаж зөрчлийг арилгах асуудлыг шийдвэрлэхээр болсон. 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018-2 дугаар протокол, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018-3 дугаар хуралдаанаар өмчлөгч компаниуд барилгын засварын ажил хийх, зардал мөнгийг хувь тэнцүүлэн гаргахаар тохиролцсон. Барилгын гадна фасадын ажлын төсөв нь 59,898,671 төгрөг болсон. Н ХХК нь 1 м.кв-ын үнийг 22,185 төгрөгөөр тооцон 324 м.кв талбайн гадна фасадын үнэд 7,187,940 төгрөгийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Барилгын засварын ажлыг Б ХХК нь хийж гүйцэтгүүлэхээр өмчлөгч компаниудтай тохиролцсон. Засварын ажлыг Б ХХК нь ******* ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Ф/3-18/1 дугаар бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн бүх төлбөр тооцоог Н ХХК болон бусад өмчлөгч компаниудын өмнөөс Б ХХК нь бүрэн төлсөн. Одоогийн байдлаар дээрх ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд өмчлөгч бусад компаниуд төлбөрөө бүрэн төлсөн. Харин Н ХХК нь өмчлөгчийн хувиар өөрт ногдох хэсгийн төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрөө төлж барагдуулах, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж бичгээр мэдэгдсэн. Гэвч Н ХХК нь элдэв шалтаг тоочиж үүргээ биелүүлэхгүй багагүй хугацаа өнгөрлөө. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар хураамж бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ноогдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 487.12-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасны дагуу хариуцагч Н ХХК-аас 7,187,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгоно уу.

"Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодрууллаа. Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч  Н ХХК нар нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд Жавзандамбын гудамжны 40 дүгээр байрладаг. Тус барилга нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд гадна фасадын шохой ховхорч, өнгө будаг гандаж муудсан мөн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц.А-ын галын аваарын шат хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийн дагуу галын ослын аваарын шат хийх шаардлагатай болсон. 2018.08.09, 2018.08.23-ны өдрүүдэд Удирдлагын академийн дэд захирал Б.Баясгалан, "*******' ХХК-ийн захирал Л.*******, Н ХХК-ийн захирал Т.Ө, ******* шүдний эмнэлгийн захирал Г.А нар хуралдаж тус барилгад засварын ажил хийлгэхээр болсон. Барилгын гадна фасад, аваарын шат хийлгэх төсөв 81,757,161 төгрөг, гадна ажилд 59,898,061 төгрөгийн төсвөөр хийлгэхийг хуралдаанд оролцогч нар санал нэгтэй зөвшөөрсөн. Б ХХК-с ******* ХХК-ний төлөөлөгч Jon Choi Hun /Жон Чол ажлын хөлсний төлбөрийг төлсөн. Мөн барилгын гадна фасадын засварт ашиглахаар худалдан авсан материалуудын баримтыг хавтас хэрэгт хавсаргасан. Уг барилгын 1 давхар нь 540 м.кв буюу нийт 5 давхар нь 2700 м.кв талбайтай. Гадна фасадын зардал болох 59,898,6717 : 2700 м.кв= 22,185 төгрөг буюу өмчлөгч нар өөрт ногдох талбайн 1 м.кв-ын үнийг 22,185 төгрөгөөр тооцон доорх графикийн дагуу ө төлөхөөр болсон.

Байгууллагын нэр

Хэмжээ м2

1 м2-н үнэ /₮/

Фасадын зардал /₮/

А/шатны зардал /₮/

Нийт

Төлбөр төлсөн баримт

1

Б ХХК

750

22,185

16,638,750

5,464,623

22,103,373

 

2

Монголын менежментийн холбоо ТББ

330

22,185

7,321,050

5,464,623

12,785,673

ММХ ТББ-н Оффисын байр хөлслүүлэх, хөлслөх гэрээний 2.1-т заасан төлбөрөөр тооцон суутгасан

3

Удирдлагын академи

540

22,185

11,979,900

5,464,623

17,444,523

ХХБ-ны 2019.01.25-ны өдрийн дансны хуулга /11,979,900₮/

4

Бизкон ХХК

360

22,185

7,986,600

5,464,623

13,450,223

Төлбөрөө төлсөн тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн

5

******* ХХК

396

22,185

8,785,260

 

8,785,260

Төлбөрөө төлсөн тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн

6

Н ХХК

324

22,185

7,187,940

 

7,187,940

 

7

Нийт

2700

 

59,899,500

21,858,492

 

 

Өмчлөлийн зүйл нь нэг барилгад байрладаг тул барилгын гадна фасадыг сайжруулах, галын аваарын шат хийх нь нийт өмчлөгч нарт хамааралтай, хамтран шийдвэрлэх зайлшгүй асуудал. Барилгын аюулгүй байдлыг хангаж, өнгө үзэмжийг сайжруулснаар өмчлөгч нарын эд хөрөнгийн үнэ цэнэ өсөх тул өмчлөгч бүр зохих гаргах нь зүйтэй юм. Н ХХК нь 1 давхрын өөрт ногдох 324 м.кв х 22,185₮ =7,187,940 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 496 дугаар зүйлийн Хэннэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу Н ХХК-с 7,187,940 /долоон сая нэг зуун наян долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигч нь 40-р байранд байрладаг. Энэ байшин нь гадна тал муудаж, улсын байцаагчийн шаардлагаар засвар хийх болсон. 2018.8.9, 23-нд уг байрны хүмүүс хуралдаж засвар хийхээр тохирсон. Нийт төсөв 87 сая бөгөөд гадна фасад нь 59 сая болохыг бүгд зөвшөөрсөн. Улмаар ******* ХХК-д төлбөр төлсөн. Мөн материалын баримтыг өгсөн. Гадна фасадын 59 саяыг нийт талбайд хуваагаад бодсон. Улмаар нэхэмжлэлийн шаардлага тодруулахад хэрхэн төлөх талаар бичсэн байгаа юм. Ийм хариуцагч нь 324 м.кв-д 7 сая төлөхөөр байгаа юм. Нэг барилгад байдаг тул засвар нь нийт өмчлөгчид хамааралтай юм. Иймд өмчлөгч нар зохих зардлыг гаргах ёстой. Иймд 7 187 940 төгрөгийг төлөхгүй хохироож байх тул 496.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Засвар хийх явцад зөвшөөрөхгүй талаар мэдэгдээгүй гэв.

 

Хариуцагч Н ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанид холбогдуулан гаргасан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2018-2 дугаар хурлын протокол, 2018 оны 08 дугаар сарын 23-ны 2018-3 хурлын протоколоор тус тус өмчлөгч компаниуд барилгын засварын ажлыг хийх, зардал мөнгийг хувь тэнцүүлэн гаргахаар тохиролцсон. Барилгын гадна фасадын ажлын төсөв нь 59.898.671 төгрөг болсон. Манай Новапартнерс нь 1 м.кв-ын үнийг 22.185 төгрөгөөр тооцон 324 м.кв талбайн гадна фасадын үнэд 7,187,940 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл 2018 оны 08-р сарын 09-ны өдрийн "барилгын өмч эзэмшигчдийн уулзалтын протокол-оор өмчлөгч компаниуд оффисын барилгын гадна фасад муудсан тул гадна фасадаа засварлах, галын аваарын шат хийх мэдэгдэл өгч байгаатай холбогдуулан уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцэх, бороо их хэмжээгээр орж хөрсний ус дээшилж байгаагаас үүдэн барилгын суурийн давхарт их хэмжээний ус хуримлагдан цахилгааны аюулгүй байдал алдагдсан учир ерөнхий шит өндөрлөх болон усыг зайлуулах зэрэг асуудлуудыг яаж хэн хариуцаж шийдвэрлэх талаар уулзалт хийсэн. Энэ уулзалтад зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал байсан учир санал нийлж миний бие нь гарын үсэг зурсан. Харин нэхэмжлэлд дурдсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2018- дугаартай барилгын өмч эзэмшигчдийн хамтарсан хурлаар (Ирц 100% байгаагүй болно) дээрх барилгын засварын ажлын нийт зардлыг хэлэлцэхдээ гадна фасадын засварын ажлын нийт хөлсийг юунд үндэслэж, ямар нотлох баримтаар зардлын нийт дүнг гаргасан нь тодорхойгүй байх тул миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг саналаа хэлээд гарын үсэг зурахаас татгалзсан. Үүнээс хойш Б ХХК нь барилгын засварын ажлыг өмчлөгч нарын нэг болох миний зөвшөөрөл олгогдоогүй байхад сайн дураараа гүйцэтгэсэн бөгөөд ямар ч ажлын зураг, төсөв, зарцуулалтын тооцоог тайлагналгүйгээр үндэслэлгүйгээр манай компаниас 7 187 940 төгрөгийг нэхэмжилж байна гэж миний бие үзэж байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед хурлын гол зорилго нь зоорийн давхарт ус дүүрснээр цахилгааны шитийг өндөрлөх зорилготой байсан. Энэ үед гадна фасад засах уу гэж л ярьж байсан. Гадна фасадын ажил дээр үнэлгээ гаргах ёстой. Гэтэл ингэхгүйгээр үнэлгээг өндөр тавиад байна. Гадуур м.кв нь 30 000 төгрөг байхад 22 мянга гэж байх боловч бодит байдалд 64 м.кв болж байна. Манайх бол 112 м.кв л талбай гадна талдаа байгаа юм. Эдний нэхэмжилж байгаа мөнгө хэт өндөр байна. Фасад янзлах гол зорилго нь нэхэмжлэгч нь өөрийн байрыг гадаадын компанид л түрээслэх зорилготой байсан. Минийхээр 3 сая төгрөгөөс хэтрэх ёсгүй. Уг барилгад хэд хэдэн өмчлөгч байдаг. Тухайн үед гадна фасад муудсан зүйл байгаагүй. Хуралд оролцох шаардлага нь доор тунасан усны асуудал байсан бөгөөд гадна фасад янзлах талаар шаардлага байгаагүй. Би зөвхөн доод талыг янзлах талаар л хуралд оролцсон гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтран өмчилдөг барилгыг зассан талаар маргахгүй. Харин хурлаар өмчлөгч бүрд ногдох төлбөрийг гаргахыг үүрэг болгосон. Гэтэл хариуцагчийн эзгүйд төлбөрийг шийдээд нэхсэн. Яагаад фасадын засварын зардал 59 сая болсон талаар тайлбарлаагүй. Гэтэл энэ талаар тайлан тавиагүй. Мөн тооцоолол буруу байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж барилгын гадна талын засварын зардалд 7,187,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н ХХК нь засвар хийсэн эсэх талаар маргаагүй боловч засвар хийх болон гарах зардлын талаар зөвшөөрөөгүй, гарсан зардлын талаар тайлан гараагүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Богд Жавзан дамба гудамж, 40 байр хаягт байрлах барилга дотор тус тусдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 7/3457 дугаар албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээнүүдийн хуулбар, зохигчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 76, 55, 82, 53, 87 дугаар тал/

 

Хариуцагч нь уг барилгын гадна талд засвар хийх талаар тохиролцоогүй гэж маргасан боловч энэхүү тайлбар нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн уулзалтын тэмдэглэлээр үгүйсгэгдсэн. /хэргийн 7-8 дугаар тал/ Тодруулбал, уг уулзалтаар барилгын гадна талд засвар хийхээр тохиролцож, уг ажлыг зохион байгуулахыг Б ХХК-д даалгаж, улмаар хариуцагчийн төлөөлөгч үүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн хариуцагч нь барилгын гадна талд засвар хийгдсэн эсэх талаар маргаагүй.

 

Үүний дараа нэхэмжлэгч Б ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /хэргийн 10-11 дүгээр тал/

Гэрээний 2.1-д зааснаар засварт шаардлагатай материалыг захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Б ХХК бүрэн хариуцах, 3.1-д зааснаар ажлын нийт хөлс 17,104,500 төгрөг байхаар тохиролцсон байна.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр маргаж буй барилгын гадна талын засварын ажлын нийт төсвийг 59,898,671 төгрөг гэж зохиолгожээ. /хэргийн 31-34 дүгээр тал/

 

Зохигчид нэг барилгад тус тус үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байх тул уг эд хөрөнгийг засан сайжруулсан зардлыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэсгээр хуваан хариуцах үүрэгтэй. Улмаар нэхэмжлэгч нь засварын ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, төлбөр төлсөн гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хариуцагчийн өмчилж буй хэсэгт хамаарах төлбөрийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шаардаж буй мөнгөн төлбөрийг засварын материал болон ажлын хөлс хамтдаа багтсан гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох журамтай.

 

Нэхэмжлэгч нь барилгын өмчлөгч нарт ногдох зардлыг өмчилж буй талбайтай харьцуулан гаргасан гэж тайлбарласан бол хариуцагч нь хэвтээ тэнхлэг дэх талбайн хэмжээг босоо тэнхлэг дэх талбайг тооцох боломжгүй гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгчийн энэхүү харьцуулан тооцсон тооцооллыг буруутгах боломжгүй. Учир барилгын гадна хананы талбайн хэмжээ нь дотор шалны талбайн хэмжээтэй шууд хамааралтай. Иймд барилгын өмчлөгч нарын өмчлөлийн талбайд засварын зардлыг хувь тэнцүүлэн тооцох нь зөв юм.

 

Засварын ажлын хөлсний талаар: Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч, гүйцэтгэгч нар ажлын хөлсийг 17,104,500 төгрөг гэж тохиролцсон. Харин баримтаар нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,146,500 төгрөг, нийт 18,646,500 төгрөг төлсөн байна. /хэргийн 111-114 дүгээр тал/

Гэвч дээрх ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэх ажлын болон төлөх хөлсний талаар нэмэлт оруулсан баримтгүй байх тул хариуцагчид ногдох төлбөрийг гэрээний үнийг дүнгээс тооцох нь зүйтэй. Учир нь захиалагч нь гүйцэтгэгчид илүү төлбөр төлсөн нь хариуцагчид хамааралгүй юм.

 

Материалын зардал болон бусад төлбөрийн талаар: Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Барилгын хөгжлийн төв төлсөн 489,000 төгрөг нь дээрх төсвийг зохиолгосон ажлын хөлс гэж тайлбарласан. Гэвч цаг хугацааны хувьд энэ нь тохирохгүй байгаа бөгөөд гүйлгээний утга зөрүүтэй тул маргаж буй барилгын засварын ажилд хамааралтай гэж үзэх боломжгүй. /хэргийн 183 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн төлбөрт төлсөн 1,200,000 төгрөгийг засварт зориулж өргөгч цамхаг түрээсэлсэн гэж тайлбарласан. Гэвч энэ талаар гэрээ байхгүй, түүнчлэн засварын ажлыг өөр этгээд гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээнд энэ талаар тусгагдаагүй тул энэхүү төлбөр нь маргаж буй засварын ажилд хамааралтай гэж үзэхгүй. /хэргийн 184 дүгээр тал/

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 27 болон 10-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар төлсөн нийт 49,000 төгрөг нь гүйлгээний утгад вагоны ажилчдаас суутгасан, ачааны хөлс төлбөр гэж бичигдсэн тул энэхүү засварын ажлын материалд хамааралтай гэж үзэхээргүй байна. Тодруулбал, засварын ажлын материалыг БНХАУ-с худалдан авсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй. /хэргийн 185 дугаар тал/

Түүнчлэн хэргийн 186-189 дүгээр талд байх төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтад дурдсанаар гүйлгээний утга болон мөнгө хүлээн авагч нь засварын ажилтай хамааралтай гэж үзэх боломжгүй байна.

Мөн хэргийн 211-230 дугаар талд байх баримтуудын төлбөр төлөгч, худалдан авсан гэх барааны нэр, төлбөрийн зориулалт зэрэг нь дээрх засварын ажилд хамааралтай гэдгийг нотлохгүй байна.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь засварын ажлын материалд хэдэн төгрөгийн зардал гарсан болохыг хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй бөгөөд нотлох хангалттай хугацаа өнгөрсөн байна.

 

Үүнээс гадна дээр дурдсан засварын ажлын төсвийг зохиосон гэх этгээд нь тусгай зөвшөөрөлтэй буюу барилгын төсөв зохиох эрхтэй гэдэг нь нотлогдоогүй, мөн уг төсвийн дагуу ажил гүйцэтгэгдсэн гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй тул энэхүү төсвийн дагуу зардал гарсан гэж үзэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр маргаж буй засварт хариуцагчаас нийт 17,104,500 төгрөгийн зардал гаргасан гэж үзлээ.

 

Хариуцагч нь бусад өмчлөгч нар төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан. Гэвч барилгын засварын ажлын зардлаас бусад өмчлөгч нар өөрт ногдох хэсгийг төлсөн эсэх нь энэ маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах бөгөөд бусад өмчлөгч төлбөр төлөөгүй байх нь хариуцагчийг төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Зохигчид тодорхой хэсгийг тус тус өмчилдөг 40 дүгээр байранд нийт 10 этгээд 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 7/3457 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 76-77 дугаар тал/

Улмаар уг байрны өмчлөгч Монголын менежментийн холбоо нь 330 м.кв болон 324 м.кв, Б ХХК нь 540 м.кв, Ш.Ариунлхагва нь 180 м.кв, Ш.Энхцэцэг нь 68.29 м.кв, Н ХХК нь 324 м.кв, Ш.Яруусайхан нь 18 м.кв, ******* ХХК нь 216 м.кв, Ц.Бум-Эрдэнэ, Ш.Батзаяа нар нь 79.35 м.кв, С.Пүрэвдорж нь 52.86 м.кв, Бизкон аудит ХХК нь 360 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг болох нь холбогдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 78-108 дугаар тал/

Үүнээс үзвэл уг барилгыг өмчлөгч нарын өмчлөлийн талбай нь нийт 2,492.5 м.кв тул баримтаар тогтоогдсон 17,104,500 төгрөг нь 1 м.кв-д 6,862.39 төгрөг ногдоно. Улмаар хариуцагчийн өмчлөлийн 324 м.кв-т ногдох төлбөр нь 2,223,414.36 төгрөг юм.

 

Иймд хариуцагчаас 2,223,414.36 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 4,964,525.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Н ХХК-с 2,223,414.36 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,964,525.64 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,524.63 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 43 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД