Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00772

 

“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01410 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1303 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

“НП” ХХК-д холбогдох

7 187 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхдэмбэрэл, хариуцагчийн төлөөлөгч Т.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Т.Отгонпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Богд Жавзандамын гудамж, 40 дүгээр байрыг хариуцагч “НП” ХХК болон Удирдлагын академи, Монголын менежментийн холбоо ТББ, Эвада ХХК, Бизкон ХХК-ууд хамт өмчилдөг. Тус барилгын өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон мөн оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдаж, барилгын гадна фасад, аврах шатны асуудлаар зөвлөлдөн тодорхой хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон. Уг хурлуудын тэмдэглэлд тусгагдсанаар засварын ажлыг манай компани зохион байгуулах үүрэг хүлээсэн ба хариуцагч болон бусад компанид өөрт ногдох талбайн хэмжээгээр төлбөрийг төлөхөөр болсон. Гэтэл хариуцагч “НП” ХХК нь өөрийн өмчлөлийн талбайд ногдох 7 187 940 төгрөгийг төлөхгүй, үндэслэлгүйгээр татгалзсан. Бид ажил гүйцэтгэх гэрээг Солонгоженко ХХК-тай байгуулж, улмаар тус компанид хариуцагчийн өмнөөс 7 187 940 төгрөгийг төлсөн. Уг 5 давхар байрны өмчлөгч нарыг эзэмшдэг талбайг нийт 2 700 м.кв гэж тооцож, гадна фасадыг засварлахад гарсан 59 898 671 төгрөгөөс хариуцагчийн өмчилдөг 324 м.кв талбайд ногдох хэмжээг 7 187 940 төгрөг гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, 1 м.кв талбайн засварын зардал 22 185 төгрөг болсон. Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар 40 дүгээр байрны өмчлөгч нарыг нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээд байгаа боловч аваарын шат болон гадна фасадыг засварлах хуралд оролцсон этгээдүүд тухайн зардлыг хариуцах учиртай. Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид, хамтран өмчилдөг барилгын засвар үйлчилгээг хийх ёстой гэж шийдвэрлэсэн үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ барилгын өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдаж, барилгын гадна фасад, аврах шатны асуудлаар зөвлөлдөж, нэхэмжлэгчид нийт зардал хэд болох, өмчлөгч бүрт ногдох хэмжээг гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Нэхэмжлэгч тал ямар ч үндэслэлгүйгээр 7 187 940 төгрөгийг нэхэмжилж байна. Тус компанийн нэхэмжлэлд дурдсанаар дээрх төлбөрийг Солонгоженко ХХК-нд төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар уг байрыг 11 өмчлөгч эзэмшдэг. Үүнээс хэдэн орон сууцны болон аж ахуйн зориулалтаар ашигладаг талаар тодорхойгүй ба орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа хүн дундын өмчийн ашиглалт, засвартай холбоотой зардлыг төлөхгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй. Гэвч нэхэмжлэгч тал бүх өмчлөгч нарыг хуралд оролцуулаагүй байж эзгүйд нь шийдээд өөр байгууллагаас тэдгээрт ногдох хувийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг 17 104 500 төгрөг гэсэн байхад өмчлөгч нарын өмнөөс 57 898 671 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна. Хэрэв ийм хэмжээний зардал гарсан бол өмчлөгч нарт тайлан тавьж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан акт байх ёстой. Шүүхэд өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Солонгоженко ХХК-руу ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шилжүүлэх ёстой байтал хувь хүн рүү мөнгө шилжүүлсэн, шилжүүлсэн төлбөр нь 59 898 671 төгрөгт хүрэхгүй байна. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01410 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 угаа зүйлийн 108.5.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан хариуцагч “НП” ХХК-нд холбогдох 7 187 940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1303 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01410 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар “НП” ХХК-иас 7 187 940 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгосугай гэж өөрчилж, 2 дах заалын үлдээсүгэй гэснийг үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 130 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бум-Аюуш хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. ...Магадлалын үндэслэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т, 172.2.2-т тус тус заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгч байж хариуцагчаас нэхэмжлэх ёстой байдаг. Мөн нэхэмжлэлийн үндэслэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-т заасан нотлох баримтуудаар нотолсны үндсэн дээр хариуцагчаас шаардах эрхтэй. Гэтэл Хавтаст хэрэгт ““Б”” ХХК-аас дээрх барилгын гадна фасадны ажил хийсэн талаарх нотлох баримтууд 1 ч ширхэг авагдаагүй байдаг бөгөөд барилгын гадна фасадны ажил 59 898 671 төгрөгийн өртөгөөр гүйцэтгэсэн гэсэн баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байдаг. Хавтаст хэрэгт “Б” ХХК-аас Солонгоженко ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон хэн нь тодорхойгүй хүнд 18 646 500 төгрөг төлсөн талаарх нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Дээрх нотлох баримтууд нь барилгын гадна фасадны ажил хийхэд нийт 59 898 671 төгрөгийн зардал “Б” ХХК-аас гаргасан гэдгийг нотолж чадахгүй байхад /жишээ нь барилгын гадна фасадны ажилд хэдэн нэр төрлийн хэдий хэмжээтэй, хэдэн нэр төрлийн барилгын материал орсон түүнийг барилгын материалын ямар байгууллагаас хэдэн төгрөгөөр худалдан авсан, ажлын гүйцэтгэлийг ямар хугацаанд хэнээр хийлгэсэн гэх мэт санхүүгийн анхан шатны баримтууд байх ёстой /Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.2, 40.3-т заасныг бүрэн зөрчиж шүүх байхгүй нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2. Мөн Хариуцагч нь татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн гэдэг байдаг. Хэргийн үйл баримтыг харахад нэхэмжлэгч тал нь гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг манай байгууллагад ноогдох хэмжээнд авахаар нэхэмжилсэн нотлох баримтуудыг үгүйсгэхээр улсын бүртгэлийн газраас тухайн барилгын нийт өмчлөгч нарын мэдээллийг гаргуулж, дээрх нэхэмжлэлд дурдсан хурлын тэмдэглэлд заагдсан нэр бүхий өмчлөгчид нь хурлын тэмдэглэлд дурдсан өмчлөгч нартай хамааралгүй хүмүүс хуралд оролцож шийдвэр гаргасан, барилгын нийт талбайн хэмжээг зөвхөн дотор талбайгаар тооцсон, гэтэл засварын ажил гадна фасадны ажил байсан засварын ажлын талбайн хэмжээг гадна талын фасадны хэмжээгээр тооцох байсан зэрэг татгалзлаа хангалттай нотлох баримтаар нотолсон байсныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг үнэлээгүй орхисонд гомдолтой байна. Нэмж хэлэхэд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал дээр илтгэгч шүүгч Э.Золзаяа нь энэ хэрэгт хувийн сонирхолтой оролцсон гэдэг нь шүүх хуралд та нар нэг ч төгрөг төлөхгүй байна гэж байхгүй хэдийг төлөхийн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биеэс тулган 2 удаа асууж тулгаж байсан нь шүүх хурлын бичлэгээр нотлогдоно. Дээрх үндэслэлүүд байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 178-р зүйл 178.1.3-т магадлалыг бүхэлд хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “НП” ХХК-д холбогдуулан 7 187 940 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс гадна хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс гадна, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

1.Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэг барилгын доторх талбай хэд хэдэн этгээдийн  өмчлөлд байдаг, өмчлөгч тус бүр эд хөрөнгөө дангаар өмчилж, захиран зарцуулах эрхтэй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарыг дундаа хэсгээр эсвэл хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, улмаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг тухайн маргаанд хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш байжээ. Өмчлөгч нарын өмчлөлийн зүйл нь ногдох хэсэг бус дангаар өмчлөх эд хөрөнгө, эд хөрөнгөө захиран зарцуулахад бусад өмчлөгчид мэдэгдэх үүрэг байхгүй тул дундаа хэсгээр эсвэл дундаа хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байв.

2.Өмчлөгч нар өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхтэй боловч өмчлөлийн зүйл нь нэг барилгад байрладаг тул барилгын гадна фасадыг сайжруулах, галын аваарын шат хийх нь нийт өмчлөгч нарт хамааралтай, хамтран шийдвэрлэх зайлшгүй асуудал байна. Барилгын аюулгүй байдлыг хангаж, өнгө үзэмжийг сайжруулснаар өмчлөгч нарын эд хөрөнгийн үнэ цэнэ өсөх тул өмчлөгч бүр зохих зардлыг гаргах шаардлага үүснэ.

Ийнхүү зардлыг хариуцуулахдаа төлбөл зохих ажлын хөлсний ногдох хэсгийг, эсвэл бусдаар ажил гүйцэтгүүлсний зардлын зохих хэсгийг, эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэрэглэвэл зохих хэм хэмжээг сонгох нь зүйтэй байжээ.

3.Монголын менежментийн холбоо, “Б” ХХК, “НП” ХХК, Эвада шүдний эмнэлэг гэх өмчлөгч нар 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Стадион Оргил Зайсангийн гудамж 40 дүгээр барилгын гадна фасад, галын аваарын шатыг засварлах талаар шийдвэр гаргаж, зардлыг төсвийг мэргэжлийн байгууллагаар гаргуулж, өмчлөгч нарт өмчилж буй талбайтай нь дүйцүүлэн хариуцуулахаар тохиролцсон, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байрны зарим өмчлөгч нар хуралдаж, үүнд “НП” ХХК оролцоогүй ба барилгын фасад, аваарын шат хийлгэхэд гарах 81 757 161 төгрөгийн төсвийг санал нэгтэй зөвшөөрсөн, өмчлөгчийн талбайн хэмжээгээр дүйцүүлэн зардлыг хуваахаар тохиролцсон байна.

“НП” ХХК-ийн захирал 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралд оролцсон, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралд оролцоогүй байна.

Дээрх баримтаас үзвэл “НП” ХХК засвар хийхийг зөвшөөрсөн, шийдвэр гаргахад оролцсон, харин төсвийн хэмжээ, уг мөнгийг бодитой зарцуулсан эсэх, өмчлөгч нарт зардлыг хэрхэн хуваасан талаар маргажээ.

4.Тухайн барилгын гадна фасад, галын шат хийгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь ажлын төсвийг шүүхэд гаргаж өгсөн боловч 81 757 161 төгрөгийн зардлыг хэнд хэзээ шилжүүлсэн, зардлыг хэдэн өмчлөгчид хэрхэн хуваарилсан, өмчлөгч нар төлсөн эсэх баримтыг гаргаагүй, шүүх тодруулаагүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх нотолгооны хуваарилалтыг анхаараагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад маргааны талаар шийдвэр гаргах боломжгүй юм.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01410 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1303 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА