Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/00676

 

 

2021 03 03

101/ШШ2021/00676

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Д.Ө.Т ХХК-д холбогдох

 

.... тоотод байрлах газрын орц гарцыг хаасан объектыг албадан чөлөөлж, орц гарц гаргахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ....үл  хөдлөх хөрөнгийг өв залгамжлалаар өөрийн эцэг /нас барсан/ М-ээс өвлөн авч хууль ёсны өмчлөгч болсон. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ....дугаартай 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийн ..... тоот гэрчилгээ, хувийн сууцны зориулалттай 54 м.кв үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн улсын бүртгэлийн ..... тоот бүртгэлтэй улсын бүртгэлийн .... дугаартай гэрчилгээгээр нотлогддог. Манай гэр бүл дээрх өөрийн өмчлөлийн газар дээрээ 1998 оноос хойш амьдарч байгаа бөгөөд манай гудамж нь ертөнцийн зүгээр урд талдаа нийтийн ашиглалтын зам, талбайтай ба энэхүү гудамжаар дамжиж хүмүүс гэртээ орж, гардаг. Манайх тухайн гудамжны сүүлийн айл учраас өөрийн хашааны хаалгаа хааж хөрш 633-Б хаягт байрлах хөрш айлын газраар дамжиж нийтийн ашиглалтын зам уруу гарч байсан бөгөөд 2011 оноос манай хашааны орц, гарцыг хааж, нийтийн ашиглалтын зам уруу гарах гарц дээр Д.Ө ХХК нь байшин барьж эхэлсэн. Тухайн үед нь хашааны орц, гарцыг хааж байшин барьж болохгүй тухай аман байдлаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч үл тоож, байшингаа үргэлжлүүлэн барьсан бөгөөд одоо үйлчилгээний зориулалтаар тухайн объектыг ашиглаж байна. Бидэнд байгаа кадастрын зургаас шүүж үзэхэд манай хашааны хаалганы гаднах талбай нийтийн эзэмшлийн гудамж байх боловч бодит байдал дээр Д.Ө ХХК-ийн үйлчилгээний зориулалттай объект манай орц, гарцыг хааж баригдсан байгаа юм. Бид хөрш айлын газраар дайрч нийтийн ашиглалтын зам уруу гарах боломжгүй болсон учраас гэртээ орж, гарч чадахгүй хэмжээнд хүрээд байна. Иймд иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасны дагуу биднийг нийтийн ашиглалтын зам уруу гарах боломжоор хангаж, ......тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан объектыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч "Д.Ө ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг газар дээр 1998 оноос хойш амьдарч байна. Улмаар 636б-р дамжиж ордог байсан. Одоо дамжих боломжгүй болсон тул орц гарц гаргаж өгөхийг даалгахыг хүсэж байна. Нийт эзэмшлийн талбай уруу орц гарцыг чөлөөлөх хүсэлтэй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн ойлголт буруу байна. Энэ нь мухар гудамж биш. Энэ нь кадастраар харагдана. А болон Б нь тусдаа өмчийн газар юм. Иргэний хуулийн 135.4 зааснаар хөршийн эрх гэж байдаг. Энэ эрхийн дагуу буулгахыг шаардах эрхтэй. Хариуцагчийн төлөөлөгч нь шунаад байна гэж байна. Гэтэл хөршийн хаалгыг хааж дундын өмчлөлд барилга барихад өөр хүнтэй тохирсон гэж болохгүй. Онцгой байдлын дүгнэлт аюулгүй байдлыг тодорхой заасан. Бид хуульд заасан эрхээ ярьж байгаа бөгөөд бид мөн үнэ нэмж зарах гэсэн зүйлгүй гэв.

 

Хариуцагч Д.Ө.Т ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, .... тоотод байрлах Дөрвөн-Өлзий Трейд ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Дөрвөн Өлзий Авто Плаза-ын барилга нь иргэн М.Э-ын эзэмшлийн .... тоот газрын орц гарцыг хаасан тул нээж өгнө үү хэмээх нэхэмжлэл гаргасан байна. Д.Ө.Т ХХК-ийн захирал Б.П миний бие уг барилгын суурь газрыг 2004 онд худалдан авч улмаар 2011 онд өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан. 2011 онд барилга эхлэхэд уг барилгын газрын хойд талын хашаа буюу Эмнэлэг 20 гудамжны ....тоот нь А, Б гэж хуваагдаж хамар хашаа хатгаагүй нэг айлын хашаа байсан. Одоог хүртэл харагдах байдал энэ хэвээр байдаг. Барилга барьснаас хойш А, Б гэж газраа хувааж орц, гарц гаргаж өг гэж манай байгууллагын объектыг албадан чөлөөлж өгнө үү? гэсэн нь зүйд нийцэхгүй байна. Энэ нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсанаар 2015 оны 10 сарын 13-ны өдрийн бүртгэлийн Г-..... дугаартай гэрчилгээ авсан гэдгээр нотлогдож байна. Уг 6.89м өргөнтэй гудмын төгсгөл хэсгийг манай барилга болон 633 тоот хоёр талаасаа нийлэн сунгаж, талбайг ашигласан байдаг. Одоогийн байдлаар манай барилгын арын хэсгээр нэхэмжлэл гаргагч 633-А тоотын кадастрын хил хязгаар манай барилгаас 3.1З м зайтай байх бөгөөд хашаа татаж хаалга гарц гаргах боломж байна. Мөн 633-Б тоот айл нь гудмын төгсгөлийн 6.89 метр хашаагаар хааж хаалга хийж уг гудмыг мухарлаж уг айлын гарцыг хаасан байна. Хэрэв хөрш 633-Б тоот айл нь өөрийн эзэмшлийн хашааг кадастрын зургийн дагуу татаж байрлуулбал 633-А тоотод орц, гарц гарах боломж бүрэн байна. Үүнийг хавсралт зургаас харж болно. Бид Эмнэлэг 20-р гудамжны 633-А тоот газрыг нэхэмжлэгч талтай 2019 онд 26 сая төгрөгөөр худалдан авах хэлэлцээрт хүрээд үл хөдлөхийн 1%-ийн татварыг манайхаар төлүүлэх шаардлага тавихад бид хүлээн зөвшөөрөөгүй тул наймаа буцсан. Харин одоо бодит ханшаар худалдан авах хүсэлтэй байгааг илэрхийлж байна. Нэхэмжлэгч тал нь хариуцагчаар Д.Ө ХХК-ийг оруулсан байсан бөгөөд Д.Ө ХХК нь нэхэмжлэгч талтай газрын аливаа маргаагүй болно гэдгийг хавсаргасан газрын кадастрын зургаас харж болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь дундын газар нь манай үндсэн хаалга байсан мухар гудамж юм. Би урд талын айлыг худалдаж авсан тул тохиролцоод 2005 онд барилга барьсан. Хаалгыг нь таглаагүй. Манайхаас 2-3 метр затай байгаа юм. Эдний газар уруу ороогүй дундын өмчлөлийн газрыг чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тэнд амьдардаггүй, хашаа бариагүй байж орц гарц гэж байхгүй. Мухар гудамж юм. Анх тохирсон 26 саяыг нэмэх гэж л ингэж байна. Мухар гудамж нь миний хаалга байсан ба сүүлд урд талдаа хаалга гаргасан. Би эзэмшилд нь ороогүй. Анхнаасаа манай захын нэг талын хананд шунаад байгаа юм. Хажуу талын а, б нь ах дүү 2 юм. 2005 онд хэрэлдээд хашаагаа тасалсан юм. Хоорондоо хэрэлдээд над уруу дайрсан юм. Нийтийн эзэмшлийн талбайг 3 хувааж авсан. Нэг хаалгатай 2 айл юм. Кадастрын зургаар мухар гудамж гэдэг тогтоогдоно. Бид дундын эзэмшлийн газрыг хоорондоо яриад хувааж авч болно гэж бодож байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, орц, гарц гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нийтийн эдэлбэр газрын талаар бусад газрын өмчлөгч нартай тохиролцсон, нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хамааралгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн ... тоот хаягт байрлах ....тоот газрын өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн ..... тоот гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. /хэргийн 5-8 дугаар тал/

Харин хариуцагч нь мөн хаягт байрлах 631 тоот Ё.Т-ын өмчлөлд бүртгэгдсэн газрыг эзэмшиж байгаа болох нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 /2021/ оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/8 дугаар албан тоот, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 60 дугаар тал/

Хариуцагч нь дээрх 631 тоот газрын зөвшөөрөгдсөн хэмжээг хэтрүүлж, өөрөөр хэлбэл нийтийн эдэлбэр болон нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт үл хөдлөх эд хөрөнгө барьсан болох нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 /2021/ оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/8 дугаар албан тоот, Оргил хүч ХХК-ний үйлдсэн солбицлын зураг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан бусад газрын өмчлөгч нартай ярилцаад нийтийн эдэлбэр газар оролцуулж барьсан гэх тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 60, 39 дүгээр тал/

Ийнхүү нийтийн эдэлбэр болон нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 22 дугаар зүйлийн 22.1.1-г зөрчжээ.

Мөн уг барилга баригдсанаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж,болзошгүй гал түймрийн гамшиг осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх, аврах болон гал унтраах, шуурхай албаны автомашин байрлуулах, орж гарах хөдөлгөөн хийх зэрэгт саад учруулах, цаг хугацаа алдах, ихээхэн хэмжээний хохирол учрах эрсдэл бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн болох нь Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байна. /хэргийн 85-86 дугаар тал/

Эдгээр нөхцөл нь бусад хөрш залгаа газар өмчлөгч нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан эрхийг зөрчиж, улмаар хариуцагч нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.7-д өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх гэсний зөрчсөн байна.

Түүнчлэн маргаж буй барилгын тодорхой хэсэг нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хамаарч байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар газар өмчлөх эрхээ хамгаалуулах эрхтэй.

 

Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хариуцагч Д.Ө.Т ХХК-д Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн .... тоот хаягт байрлах ...тоот 364 м.кв талбайтай газрын зөвшөөрөгдсөн талбайгаас илүү гарсан өөрийн барилгын хэсгийг чөлөөлж, ....тоот 355 м.кв газарт орц, гарц гаргахыг даалгасугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө.Т ХХК-с 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД