Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00914

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00914

 

 

 

 

М.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00676 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Эын хариуцагч “Д.Ө.Т ХХК” ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 17 хороо, Эмнэлэг 20 гудамж, ..... тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан объектыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Баянзүрх дүүргийн ..... хороо, Эмнэлэг 20 гудамж, ...... тоот 18649312543412 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 355 м.кв талбай бүхий газар, тус хаягт бүртгэлтэй Ү-2204025650 улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай 54 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлалаар өөрийн эцэг н.Мөнхсайханаас өвлөн авсан. Энэ нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Манай гэр бүл дээрх газар дээр 1998 оноос хойш амьдарч байгаа бөгөөд манай гудамж нь урд талдаа нийтийн ашиглалтын зам, талбайтай ба энэхүү гудамжаар дамжиж хүмүүс гэртээ орж, гардаг. 2011 оноос манай хашааны орц, гарцыг хааж, нийтийн ашиглалтын зам руу гарах гарц дээр “Д.Ө.Т ХХК” ХХК нь байшин барьж эхэлсэн. Бид хөрш айлын газраар дайрч нийтийн ашиглалтын зам руу гарах боломжгүй болсон учраас гэртээ орж, гарч чадахгүй хэмжээнд хүрээд байна.

Хариуцагч нь хөршийн хаалгыг хааж дундын өмчлөлд барилга барихад өөр хүнтэй тохирсон гэж болохгүй. Онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлтэд аюулгүй байдлыг тодорхой заасан.

Иймд Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн ашиглалтын зам руу гарах боломжоор хангаж, Баянзүрх дүүргийн ..... хороо, Эмнэлэг 20 гудамжны ...... тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан объектыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч "Д.Ө.Т ХХК” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Д.Ө.Т ХХК” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий газарт баригдсан барилгын суурь газрыг 2004 онд худалдан авч улмаар 2011 онд өөрийн хөрөнгө оруулалтаар барилга барьж эхлэхэд уг газрын хойд талын хашаа буюу Эмнэлэг 20 гудамжны 633 тоот нь А, Б гэж хуваагдаж хамар хашаа хатгаагүй нэг айлын хашаа байсан. Одоог хүртэл харагдах байдал энэ хэвээр байдаг. Барилга барьснаас хойш А, Б гэж газраа хувааж орц, гарц гаргаж өг гэж манай байгууллагын объектыг албадан чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэлийн Г-2204004564 дугаартай гэрчилгээ авсан гэдгээр нотлогдож байна. Уг 6.89 м өргөнтэй гудамжны төгсгөл хэсгийг манай барилга болон 633 тоот хоёр талаасаа нийлэн сунгаж, талбайг ашигласан байдаг.  Нэхэмжлэл гаргагч ...... тоотын кадастрын хил хязгаар манай барилгаас 3.1З м зайтай байх бөгөөд хашаа татаж хаалга гарц гаргах боломжтой. Мөн 633-Б тоот айл нь гудамжны төгсгөлийн 6.89 метр хашаагаар хааж хаалга хийж мухарлаж уг айлын гарцыг хаасан байна. Хэрэв хөрш 633-Б тоот айл нь өөрийн эзэмшлийн хашааг кадастрын зургийн дагуу татаж байрлуулбал ...... тоотод орц, гарц гаргах боломжтой. Нэхэмжлэгч нь одоо тэнд амьдардаггүй, хашаа бариагүй учир орц гарц гэж байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хариуцагч “Д.Ө.Т ХХК” ХХК-д Баянзүрх дүүрэг, ..... хороо, Эмнэлгийн 20 тоот хаягт байрлах 631 тоот 364 м.кв талбайтай газрын зөвшөөрөгдсөн талбайгаас илүү гарсан өөрийн барилгын хэсгийг чөлөөлж, ...... тоот 355 м.кв газарт орц, гарц гаргахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д.Ө.Т ХХК” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагч нь Баянзүрх дүүргийн ..... хорооны Эмнэлгийн 20 дугаар гудамжны 631 хаягт байрлах Ё.Тын өмчлөлд бүртгэгдсэн газрыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон гэжээ. Гэтэл тухайн газрыг 2005 оноос хойш иргэн Б.Мөнхбаяр өмчилж байгаа. Нэхэмжлэгч нь шүүхэд өөрийн газар руу ...... тоотоор дамжин ордог, одоо дамжин орох боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй. 633 А, Б хаалга нь хоорондоо хашаагаар тусгаарлагдаагүй бөгөөд ...... хаалга нь орц гарц нэвтрэх бүрэн боломжтой байгаа.

Хариуцагч талаас нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн хашааг кадастрын зургийн дагуу бариагүйгээс газар эзэмшигчийн эрх зөрчигдөж байгааг кадастрын зургаар харуулахаар нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

Шүүх маргаж байгаа барилгын тодорхой хэсэг нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хамаарч байх нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар газар өмчлөх эрхээ хамгаалах эрхтэй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй зүйлээр шийдвэрээ үндэслэсэн нь хууль бус байна.

Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан заасан үндэслэлээр хүчингүй болгов.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “Д.Ө.Т ХХК” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ..... хороо, Эмнэлгийн 20 дугаар гудамжны ...... тоот газрын нийтийн эзэмшлийн талбай руу гарах орц, гарцыг чөлөөлж, орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хөршийн хил давуулж барьсан барилга байгууламжийг буулгахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Шүүгчийн захирамж гарган нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атлаа зохигчдын маргааныг шийдвэрлэсэн шийдвэртээ “... нийтийн эдэлбэр болон нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 6.2, 6.2.2, 22 дугаар зүйлийн 22.1.1-г зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Д.Ө.Т ХХК” ХХК-д Баянзүрх дүүргийн ..... хороо, Эмнэлгийн 20 тоот хаягт байрлах 631 тоот 364 м.кв талбайтай газрын зөвшөөрөгдсөн талбайгаас илүү гарсан барилгын хэсгийг чөлөөлж, ...... тоот 355 м.кв газарт орц, гарц гаргахыг даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсгийн заасныг тус тус баримталсан нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан, хуулийн нөхцөл нь өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бус эзэмшигч бодитойгоор эзэмшиж мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэг нь хөрш залгаа газрын эзэмшигч хөршийн хил зөрчин газар дээр барилга барихтай холбоотой шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон юм.

            Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа “Д.Ө.Т ХХК” ХХК нь манай хашааны гаднах талбай буюу нийтийн эзэмшлийн талбайд байшин барьж эхэлсний улмаас өөрийнхөө эзэмшлийн газраас нийтийн эзэмшлийн газар руу орох орц, гарцгүй болсон” гэж, шүүх хуралдааны үеэр “манай өмчлөлийн газарт нэвтэрч барилга барьсан учир уг барилгыг буулгахыг даалгаж өгнө үү ...”  гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргасан байна.

   Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, агуулга, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.

   Хариуцагч тал “анхнаасаа мэдэж байсан, мухар гудамж, 632 тоот нь манайх, урд талын 633 тоот газрыг худалдаж авсан, тэгээд хойд талынхаа айлтай зөвшилцөн тохиролцоод хашаагаа сунгасан” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргасан байна.

   Хэрэгт фото болон газрын зураглал нотлох баримтаар авагдсан боловч эдгээр баримтаар талуудын газар нь хэрхэн зааглагдсан, мөн аль хэсгийн орох, гарах боломжийг хэрхэн хаасан, мөн хөрш залгаа газрын хилийг зөрчиж барилга барьсан гэдэг нь тодорхой бус байна.  Энэ тохиолдолд шүүхээс маргаж буй газарт үзлэг хийж зурагт байгаа нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.

   Мөн хариуцагч талын гаргаж өгсөн гэх  зураг дээр 631 тоот гэх газрын хэсэгт “иргэн Б.М” гэдэг нэр тэмдэглэгдсэн байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 13/8 дугаартай албан бичигт маргааны зүйл болох 631 тоот газрыг иргэн Ё.Тт өмчлүүлсэн агуулга тусгагджээ. /хх-40, 60/

   Хэрвээ бусдын өмчлөлийн газар дээр хариуцагч байгууллага өөрийнхөө барилгыг барьсан гэж үзэж байгаа бол хариуцагч компанийн барьсан барилгатай холбоотой нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхол зөрчигдсөн болохыг өмчлөгч этгээдээс, мөн зохигчдын эрх, ашиг хөндөгдөх эсэх нөхцөл байдлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах нь ач холбогдолтой.

   Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хууль буруу хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй  гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                  Ч.ЦЭНД