Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/01159/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, .... сум, ... баг, ... гудамж,...тоотод оршин суух....овгийн М.Д /РД: ..., утас: .../,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, .. тоотод оршин суух ... овгийн Б.Ж /РД:..., Утас: .../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ...сум, ... баг, ... хороолол, ...байр, ... тоотод оршин суух ... овгийн Б.М/РД:..., Утас: ..../-т холбогдох

 

"…Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирол 18,000,000 төгрөг гаргуулах...” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д, Б.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “... Бид “ЦЦ” ХХК-ийн Н захиралтай ярилцан тохиролцож шилээ солихоор болсон байсан гэвч тэднийх захиалга ихтэй, гэрээ хийсэн цагтаа ажлаа хийж амжихааргүй болсон. Бороо өдөр бүр орж бид тайван үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж шил солих хүн хайсаар шинээр баригдаж байгаа спорт цогцолборын фасад хийж байгаа хүмүүстэй уулзаж ажлаа хийлгэхээр болсон. Тэд хотоос хатаалгатай шил авахад өртөг өндөр гарна бид хуучин хэрэггүй болсон шилний дотор шилийг авч зөвхөн гадна талын ус норсон шилийг шинээр солин вакумжуулж угсарвал зүгээр гэж зөвлөсөн. Ажил гүйцэтгэх хүмүүс маань хот явах боломжгүй тул бүх  орох материалыг манайх гаргахаар тохиролцсон. Тэд хүний хуучин юм сэргээн засварлаж байгаа, дээрээс нь дотор шилийг авч цэвэрлэн дахин вакумжуулж байгаа тул ажлын хөлсөө 5,000,000 төгрөг гэсэн бид сэтгэл санаа тайван ая тухтай байхын тулд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Тэгээд бид 2 материалаа авахаар 08 сарын 02-нд Улаанбаатар хот явсан. Өдөр бүр бороо орж зам муу байсан тул автобусаар хот явсан. Очоод үнэхээр санасныг бодвол маш хүнд байсан хөлсний унаагаар явна гэдэг ажил амжуулахад амаргүй л байлаа. Резин болон бусад материалаа нэг доороос авах гэж хайсаар 2 хоног өнгөрсөн. Ажил гүйцэтгэх хүмүүс маань 6-н хүний бүрэлдэхүүнтэй 08 сарын 16-нд ажлаа эхлүүлэн 19-нд хүлээлгэн өгсөн. Материалын зардалд 3,619,200 төгрөг, ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг, нийт 8,619,200 төгрөгийг Б.М-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2018 онд 18,000,000 шилэн фасад хийлгэхээр М-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд М урьдчилгаа гэж 10,000,000 төгрөг аваад, М ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй араас нь эрэл сураг болж байж ажлаа хийж дуусгасан. Ажлын хөлсны үлдэгдэл төлбөр болох 8,000,000 төгрөгийг цувуулаад 7,800,000 төгрөг М-т өгсөн, 200,000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Гэтэл М-ын хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, борооны ус нэвтэрч байсан. Дахин янзлуулах гэж М-т хэлэхэд очноо гэсэн боловч ирээгүй. Тэгээд янзлуулахаар “ЦЦ” ХК-нд хандахад, энэ ажлыг эхнээс нь дахиж хийх шаардлагатай гэсэн. “ЦЦ” ХК нь ажил ихтай байсан учир манайхыг янзлах боломжгүй болсон. Ингээд Хотоос ирж Дархан-Уул аймгийн спорт цогцолборт ажиллаж байгаа хүмүүстэй манай нөхөр уулзаад янзлуулахаар болсон. Тэр хүмүүс хэлэхдээ өмнө хийсэн ажлыг чанаргүй, шилний хоёр талд байх ёстой резин нь жийргэвчийг хийгээгүй тогтоосон байна. Янзлахын тулд хийсэн бүх шилийг авч дахин хийх шаардлагатай, ажлын хөлс 8-9 сая төгрөг болно гэж хэлсэн. Бид ярилцсаар байгаад бараа материалыг нь авч өгөхөөр болж 5,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Ингээд бүх ажлыг эхнээс нь дахин чанартай сайн хийж гүйцэтгэж дуусаад 5,000,000 төгрөг шилжүүлсэн.  Мөн гадна талын шилнүүдийг шинээр авч тавьсан шилний үнэ 750,000 төгрөг, резин, цавуу зэрэг нь 1,495,000 төгрөг, бараа материал хотоос авчруулсны хөлс 100,000 төгрөг, төмөрийн мөнгө 462,000 төгрөг, тэгээд шатны түрээс болон бусад жижиг материалууд үнэ зэрэг нийлээд нийт 3,619,200 төгрөг болсон. Энэ нь баримтаар харагдаж байгаа. Баримтгүй гарсан зардлуудаа нэхэмжлээгүй. Тиймээс нийт 8,619,200 төгрөгийг хариуцагч талаас гаргуулмаар байна.” гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь анх 18,000,000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 8,619,200 төгрөг болгож багасгасан. Өмгөөлөгчийн хувьд хариуцагч талаас ажлын хөлс 5,000,000 төгрөг, бараа материалын үнэ 3,619,200 төгрөг нийт 8,619,200 төгрөг нэхэмжлэх дээр санал нэг байна. Энэ ажил гүйцэтгэх гэрээ болон бараа материал авсан нотлох баримтууд хавтаст хэрэг авагдсан байгаа. Хоёр тал тохиролцоод ажил гүйцэтгэх гэрээгээ  байгуулан, бараа материалуудаа баримтаар үйлдэн авсан тэгтэл дахин шинжээч томилох ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд “Капитал зууч” ХХК-ний гаргасан үнэлгээг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэсэн байр суурьтай байна. Нэмж хэлэхэд хариуцагч М-ын хийсэн ажлыг дахин засварлахдаа бүх цонх, фасадны резин хийхийн тулд зайлшгүй буулгах шаардлагатай болсон. Иймээс энэ ажил хүчин төгөлдөр гэрэээний дагуу хийгдсэн ажил гэж үзэж байна. М-т 200,000 төгрөг дутуу өгсөн байсныг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ 16,200,000 төгрөгөөр тохиролцсон. Надад урьдчилгаа 11,000,000 төгрөг өгсөн. Ажил хийж гүйцэтгэх ажлын талбай болох 36 м.кв талбайн бараа материал 11,000,000 төгрөгөндөө багтааж хятадаас захиалж авчрана гэдгийг нэхэмжлэгч талуудад хэлсэн байсан. Би худлаа хэлж ажлаа хийхгүй зугтсан зүйл байхгүй. Би нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний тооцоогоор дахин янзлахад 2 хүн цалинжуулаад 3,200,000 төгрөгөөр янзлах боломжтой гэж бодож байсан. Мөн шатны түрээсийн мөнгө 180,000 төгрөг нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэж байгаа хүмүүс өөрсдөө шаттай байх ёстой. Мөн миний хийсэн шилэн фасадны гадна талын хатуу хавтан 750,000 төгрөг, төмөрний үнэ 462,000 төгрөг, нийт 1,392,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүн ч надад өндөр санагдаж байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллага тогтоосон юм чинь зөвшөөрнө. Тиймээс “Капитал зууч” ХХК үнэлгээ хийгээд 4,786,900 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч тал ажлын хөлс 5,000,000 төгрөг, бараа материалын үнэ 3,619,200 төгрөг нийт 8,619,200 төгрөг нэхэмжсэн. Манай тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч М-ын тайлбарыг дэмжиж байна. “Капитал зууч” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Д, Б.Ж нар нь хариуцагч Б.М-аас гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хэргийн 1-3 дугаар хуудас/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмээг багасгаж  10,385,000 төгрөг  /хэргийн 141 дүгээр хуудас/ 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн дүнг 8,619,200 төгрөг  /хэргийн 153 дугаар хуудас/ гэж тодорхойлжээ.

Хариуцагч Б.М дахиж засварласан ажлын хөлс, авсан материал хэт өндөр байна гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Б.М нэхэмжлэгч нараас 1,560,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хэргийн 88 дугаар  хуудас/, шүүх хуралдаанд ажлын хөлсний дутуу 200,000 төгрөг гаргуулахаар багасгасаныг нэхэмжлэгч М.Д хүлээн зөвшөөрсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, мөн зүйлийн 6.5 зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 нэхэмжлэгчийн талд оролцож буй төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзалыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно, 107.3 хариуцагч  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж хуульчилсан.

Өөрөөр  хэлбэл зохигч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрсдийн шаардлага ба татгалзалаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч М.Д, Б.Ж нар нь хариуцагч Б.М-тай харилцан тохиролцон 2018 оны 9 дүгээр сард Дархан сум ... дугаар баг  ... тоотод 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад 38 мкв шилэн фасадыг нийт ажлын өртөг 18,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гүйцэтгүүлсэн, ажлын хөлсийг шилжүүлсэн, хариуцагч Б.М ажлыг хийж гүйцэтгэсэн маргаангүй байна. /хэргийн 7-36 дугаар хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуульчилснаар хариуцагч буюу ажил гүйцэтгэгч Б.М гэрээний зүйл болсон шилэн фасадыг захиалагчид хүлээлгэн өгсөн.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлиийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэснээр хариуцагч Б.М-ын хийж гүйцэтгэсэн шилэн фасад чанарын шаардлага хангаагүйн улмаас борооны улиралд дусаал нэвтрэх, цантах зэрэг доголдол гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд үзлэгийн жрмаар барилга дээр очиж үзсэн, энэ талаар маргахгүй байгаа..

Дээрхи тохиолдолд захиалагч буюу нэхэмжлэгч Б.Д, Б.Ж нарт Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрх үүсчээ.

Хариуцагч Б.М өөрийн хөрөнгөөр уг доголдолыг арилгаж энэ талаар талууд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар өөрийн хөрөнгөөр доголдолыг арилган, холбогдох зардлаа нэхэмжилжээ. /хэргийн 150-199 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч нар барилгын материалд 3,619,200 төгрөг, ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 8,619,200 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. /хэргийн 153 дугаар хуудас/

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4813 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч барилгын материалд 2,348,500 төгрөг, ажлын хөлс 2,438,400 төгрөг, нийт 4,786,900 төгрөг гэжээ. /хэргийн 194-203 дугаар хуудас/

Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.М хэргийн 153 дугаар хуудас дахь 38 м.кв шилэн фасад засварлахад зарцуулсан материалын үнэ болон бусад зардлын тооцооноос ...  хавтан  5 ширхэг 750,000 төгрөг, төмөр 84 мкв 462,000 төгрөг, шат түрээслэх 3 хоногт 180,000 төгрөг, ажлын хөлс 5,000,000 төгрөг гэсэн хэсгийг ... хавтан, төмөрөөр хийх ажил миний хийх ажилд ороогүй, шат түрээслэх шаардлагагүй, ажлын хөлс 720,000 төгрөг байна гэж маргасан тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбоотой нотлох баримтыг үнэлж дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Б.М-ын хийж гүйцэтгэсэн шилэн фасадны дутуу гүйцэтгэсэн болон доголдолтой хэсгийг засах явцад тухайлбал шилийг резинээр холбоогүй, силиконоор тогтоосноос хийсэн банз мод нь борооны усанд норж ашиглах боломжгүй болсон 5 ширхэг хавтан, 84 мкв төмөр авч тэр хэсгийг засан сайжруулсан, ажилласан хүмүүст барилгын  зориулалтын шат байхгүйгээс бусдаас 3 хоног барилгын шат түрээсэлсэн, зөвхөн доголдолтой хэсэг болох 11.68 м.кв хэсгийг шилийг солихоос гадна бусад хэсэгт резин жийргэвч хийх зэргээр шинээр хийж байгаа мэт ажил гүйцэтгэж, баталгаа өгнө гэснээр гэрээ байгуулан ажлын хөлс төлсөн гэж тайлбарлаж байна.

38 м.кв-ын шилэн фасадны 11.68 мкв-д нь шил, фасадны резинийг дахин сольж доголдолыг  өөрийн хөрөнгөөр арилгах нь өмчлөгчийн эрх боловч доголдолыг арилгахад  хэмжээ хязгаар, материалыг хэмнэлттэй,  ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн материалын хэмжээнд солих нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл талуудын тохиролцсноор хариуцагч Б.М-ын гүйцэтгэсэн 38 мкв шилэн фасадны ажил гүйцэтгэхэд орсон банз, модыг өмнөх байдлаас нь буюу   дээрдүүлэн хавтан, төмрөөр солин  засан сайжруулсан атлаа үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлт дээрх материалын үнийг фасадны хүрээ хавтан ширхэг 2,5, үнэ 375,000, төмөр 42 м, үнэ 231,000 төгрөг гэснийг дурьдаж байна.

Нэхэмжлэгч нар шатны түрээс хэрэглэсний зардал 180,000 төгрөг гэж нэхэмжилсэн, шинжээч энэ зардалд 180,000 төгрөг гарна гэж дүгнэсэн боловч / хэргийн 150  дугаар хуудас/ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтад 180,000 төгрөгийг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй тул бодитой гарсан зардалд тооцогдохгүй байна.

Нэхэмжлэгч нар 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ч.А 38 мкв шилэн фасадны гадна дотор резин, унаж гажсан хүрээг сольж засварлах, ус орж засварлах боломжгүй 10 ширхэг шил солих, силиконыг чанартай сайн материалаар гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажлын хөлсийг 5,000,000 төгрөг гэж тохиролцон, ажлын хөлсийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн байна.

Дээрх гэрээгээр дахин засварлах ажлын хөлс 5,000,000 төгрөг байх тохиролцоог хариуцагч 720,000 төгрөг байна гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1  зохигч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотлоогүй байна.

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримттай хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хүсэлт ирүүлэх үедээ болон 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны үед танилцсан, шинжээчийн дүгнэлттэй танилцсан болохыг дурдаж байна.

            Иймд барилгын материалын үнэ болон бусад зардалын тооцоо нийт 3,619,200 төгрөгөөс хавтан 5 ширхэг 750,000 төгрөг, 84 мкв төмөр 462,000 төгрөг, шатны түрээс 180,000 төгрөг, нийт 1,374,000 төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 7,244,600 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Д, Б.Ж нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Коронавируст халдвар Монгол улсын дотоодод тархаж эхэлсэнтэй холбогдуулан МУ-ны Засгийн газар, Улсын болон Нийслэлийн комиссоос гаргасан шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч Б.Ж Улаанбаатар хотод байгаа, ирэх боломжгүй байх тул түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

 Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага 18,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгөөс, нэхэмжлэлийн шаардлагын бууруулсан дүнд ногдлох 152,857 төгрөгийн зөрүү 95,093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчийн 1,560,000 төгрөг гаруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 39,910 төгрөгөөс бууруулсан дүн 200,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 6 650 төгрөгийн зөүү  33,260 төгрөийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэлийн хангагдсан дүн 7,244,600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130,864 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгч нарт, 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэниий хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7,244,600 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Д, Б.Ж нарт олгож, 1,374,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гаргуулах тухай 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.М-ын 200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг хэвээр үлдээж, 95,093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 39,910 төгрөгийг хэвээр үлдээж, 33,260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Б.Мт, нэхэмжлэлийн хангагдсан дүн 7,244,600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130,864 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгч нарт, 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ