Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01254

 

                                          ****, **** нарын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай, 

****, **** нарын нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 8,619,200

төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Материалын тээврийн хөлс 200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй

иргэний  хэргийг 

Нэхэмжлэгч ****, **** нарын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****, **** нар нь ****т холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 8,619,200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, материалын тээврийн хөлс 200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7,244,600 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулан нэхэмжлэгч Б.Дулмаа, **** нарт олгож, 1,374,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ****ын 200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг хэвээр үлдээж, 95,093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,910 төгрөгийг хэвээр үлдээж, 33,260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж ****т, нэхэмжлэлийн хангагдсан дүн 7,244,600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130,864 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулж нэхэмжлэгч нарт, 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ. 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7,244,600 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулан нэхэмжлэгч ****, **** нарт олгож, 1,374,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 4,606,900 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулан нэхэмжлэгч ****, **** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,012,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж, 2 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гаргуулах тухай 106 дугаар зүйлийн 106.5-д... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д... гэж, 3 дахь заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг хэвээр үлдээж, 95,093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,910 төгрөгийг хэвээр үлдээж 33,260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж ****т, нэхэмжлэлийн хангагдсан дүн 7,244,600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 130,864 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулж нэхэмжлэгч нарт, 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгосугай... гэснийг...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгөөс 95,093 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан төлсөн 39,910 төгрөгөөс 33,260 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч ****т тус тус олгож, үлдэх хэсгүүдийг нь төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан дүн 4,606,900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88,660 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулж нэхэмжлэгч нарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүн болох 200,000 төгрөгт ногдох 6,650 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид тус тус олгосугай... гэж тус тус өөрчилж бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, хариуцагч ****ын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, бусад хэсгийг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,934 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч ****, **** нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлал бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй. Анхан шатны шүүх хэдийгээр зарим нэг зүйл дээр санал нэгдээгүй ч анхнаасаа ямар маргаан, хэн нь юу ярьж байсныг биечлэн харж, сонсож удаан хугацаа зарцуулсан тул бодит нөхцөл байдалд бодитой хандаж, үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шийдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ доголдолтой хэсэг нь 11.68 м.кв, доголдолгүй хэсэг нь 26.32 м.кв, доголдолгүй хэсэгт сайжруулалт хийсэн гэж анхан шатны шүүх дээр ч яригдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй дүгнэлт гаргаж шийдсэнд гомдолтой байна. Тийм зүйл байхгүй. Тусгай мэргэжлийн буюу барилгын нарийн мэргэжлийн үнэлгээчин анх доголдлыг тогтоохдоо барилгын хана учраас чанарын шаардлага хангахад, дахин шинээр хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн хана нийтээрээ шаардлага хангахгүй байна гэдгийг бүгд үзэж харсан. Шүүх ч очиж үзлэг шинжилгээг хоёр талыг байлцуулан барилгын шинжээчийн оролцоотой хийсэн. Тэр хана тэр чигээрээ резинэн жийргэвч байхгүй, тусгай силикон дулаалга хийгээгүй учраас салхи бороо, шороо ороод вакум чанараа алдсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч ч хүлээн зөвшөөрч байсан. 11.68 м.кв бол шинээр солигдсон шилний хэмжээ. “Капитал зууч” ХХК нь үнэлгээ гаргахдаа солигдсон шилний үнэлгээ, түүн дээр ажиллахад шаардахад зардлыг тооцоолсон. Нийт засварлагдсан талбай бол бүхэлдээ буюу 38 м.кв тэр чигээрээ резин, дулаалга байхгүй, шилнүүд вакум чанараа алдаад бохирлогдсон байсан. Бусад шилийг солих шаардлагатай гэсэн боловч арчиж цэвэрлээд дахин ашигласан. Хэрэв тэдгээр шилийг дахин ашиглаагүй бол дахиад зардал илүү гарахаар байсан. Бид өөрсдийгөө ч, ****ыг ч бодоод хэмнэх үүднээс 26.32 м.кв шилийг буцаан ашигласан. Ажлын хөлсийг харин ч бид ярьж байж хямдруулсан. Хүний хийсэн зүйлийг тэр чигээр нь буулгаж, арчиж цэвэрлэж, вакумжуулж шинээр хийснээс ч ажиллагаа их орно гэж байсан. Хараад байхад нээрээ тийм байсан. Харин тэр сүүлд хийж өгсөн хүмүүс их хариуцлагатай хүмүүс байсан. Шинээр солиогүй шилнүүдийг тэр хэвээр нь үлдээгээд резин, дулаалга, бэхэлгээ хийвэл наад шилнүүд чинь вакум чанараа алдсан учраас тун удалгүй цан цохиод халтар болно түүнийг хариуцахгүй гэдгээ хэлсэн. Харин арчиж цэвэрлээд вакумжуулаад хийсэн тохиолдолд асуудал гарвал манайхтай хариуцлага тооцож болно гэсэн. Тэр шилнүүд ****ын хийсэн бүтээл учраас түүний л доголдол. Мэргэшсэн хүмүүсийн хийж байгаа нь **** бид 2-оос өөр юм байна лээ. Эхлээд би өөрөө ч ойлголт муутай чанартай гоёмсог барилгатай болно л гэж бодож Б.Мөнх -Алдартай тохирсон, түүний ингэж хийдэг гэж үзүүлсэн шилэн фасад ч их гоё харагдаж байсан, **** ч туршлага муутай байсан юм байна лээ. Өөрөө нэг удаа надад эхлээд сайн мэдэхгүй байсан, одоо ойлгосон засаад өгнө гэж ярьж байсан. Сүүлд судлаад байхад ингэж хийдэг гэж үзүүлсэн барилгын ханыг өөр улсууд хийсэн юм билээ.

4.1. Сайжруулсан гэж яригдах зүйл бол дээд талын хүрээг **** модоор хийсэн. Би тэр модыг нь авч өгсөн. Бас сүүлд судлахад илүү мөнгө надаас авсан байсан. Сүүлд засуулахад ажил хийж байсан хүмүүс модоор хийдэггүй юм. Ийм материалаар хийдэг гээд сольж хийлгэсэн. Энийг өмнөхөөс сайжруулсан гэвэл үнэнд ойрхон. Гэхдээ л ****ын буруугаас болж тийм байдалд хүрсэн, надаас ахиад зардал гарч байгаа юм. Тэр модыг нь ч ахин ашиглах боломжгүй болсон байсан. Анх 18 сая төгрөгөөр тохироод, би үнэ хөлсийг нь өгсөн. Анх ажил эхлэхдээ хийх гэж байгаа хананы хэмжээг ****аар өөрөөр нь хэмжүүлсэн 45 м.кв байна гэсэн. Би түүний хэлснээр л ойлгосон. Доголдол гараад маргаснаас хойш багасаад л хэлээд байгаа. Давж заалдах шатны шүүх 11.68 м.кв ажил хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шинээр сольсон шилний хэмжээг нийт ажил гүйцэтгэсэн талбай гэж буруу дүгнэсэн. Бүх ханыг нураагаад шинээр резин суулгаад буцаагаад бүгдийг дулаалж силикондож, тогтоох ажлыг хэн хийсэн гэж. Ер нь бол бүхэлд нь дахин хийсэн гэсэн үг. н.Анхбаяр гэдэг хүнтэй би 38 м.кв талбайг засаж янзлуулна гэж тохирч гэрээ хийгээд би хөлс мөнгөө төлөөд, тэд хийх ажлаа бүрэн гүйцэт хийсэн. Давж заалдах шатны шүүх доголдолгүй хэсэг гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн. Хана тэр чигээрээ болохгүй байна гэдгийг хариуцагч, нэхэмжлэгч тал 2-уулаа мэдэж байсан. Бүх шилийг буулгаж ахин суулгасан. Харин алийг нь бүрэн солих, буцааж ашиглаж болохыг нь ашигласан гэдгийг ч мэдэж байгаа. “Капитал зууч” ХХК-ийн үнэлснээр 1 м.кв-ийг 180,000 төгрөг гэж байгаа бол 38 м.кв нь 6,840,000 төгрөг болж байна. “Капитал зууч” нь хөрөнгийн үнэлгээ хийдэг байж барилга нарийн мэргэшил шаардсан зүйлд үнэлгээ хийх эрхтэй эсэхийг мэдэхгүй. Дарханд ганцхан “Арлын ам” ХХК барилгын ажлын талаар шинжилгээ дүгнэлт гаргадаг гэж сонссон. Анхан шатны шүүхэд “Капитал зууч” ХХК дутуу тооцсон байна. Ахиад барилгын мэргэшлийн байгууллагаар тооцоо хийлгэж өгөөч гэсэн хүсэлт гаргахад хангаагүй учраас манай зүгээс гомдолтой байсан. Манайх уг хананы доголдлыг засуулахдаа ажлын хөлсийг 5,000,000 төгрөг гэж тохирсон, тэр ажил бол 38 м.кв талбайг засахад зарцуулагдах зардал. 11 м.кв засаад болно гэсэн ойлголт байхгүй юм. Үүнийг хоёр тал хоёулаа сайн мэдэж байгаа. Тэр ханыг бүхэлд /38 м.кв/ янзалсан, харин 11,68 м.кв шилийг нь л шинээр худалдаж авсан юм. ****ын алдаатай ажиллагаанаас болж, сэтгэл санаа, эд материалаар нэлээдгүй хохирсон. Хот хүрээ ирж, очих, цаг зав, ачаа бараа гээд жижиг сажиг болон тооцоонд ороогүй зөндөө зардал байгаа. Барагцаагаар 10 сая гарсан. Шүүхэд үнэн зөв мэдүүлнэ гэсэн атал **** худлаа яриад, ярих болгонд нь тоо өөрчлөгдөөд байдаг. Түүнийг нь шүүх үнэн гэж үзэж, дүгнэсэн. **** анхнаасаа мэдэхгүй, чадахгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд, өөрөө эсхүл чаддаг хүмүүстэй нь яриад янзлаад өгсөн бол би зөвшөөрч байсан. Анхны 10 сая төгрөг авснаасаа эхлээд л худлаа үнэн ярьж удаасан, эцэс сүүлд нь ийм байдалд хүрсэн. Түүнд итгэж ажил хийлгэж 18 сая төгрөгөө зарлагдсан миний буруу болоод, чадахгүй байж хийдэг хүн болж 18 сая төгрөг авсан түүний зөв байхуу. Өөрийг нь засаад өгөөч гэж хувиараа зөндөө хөөцөлдсөн түүнтэй аргаа бараад шүүхэд өгсөн хойноо ч янзлаад өгвөл хамаа алга гэдгийг ч хэлж байсан. 18 сая төгрөг гэдэг бол хөрөнгө /нэмээд 10 гаран сая/, барилга бол тоглоом өрөхтэй ижилгүй хариуцлагатай ажил, банкнаас зээл авч хүүтэй мөнгөн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бүгдийг юман чинээ тоолгүй, увайгүй загнан худлаа ярьсаар яваад байгаа хүн. 11 м.кв-ийг янзаллаа гээд бусад нь бороо шороо ороод онгойгоод байж байх уу. Амьдралгүй шийдвэр гаргаж байна. Барилгын хана шүүдээ. 11 м.кв янзлахад ийм байдаг бол 38 м.кв янзлахад хэд болох нь тодорхой байна. Анхнаасаа л ийм хана хийдэг гэж, хүний хийсэн зүйлийг харуулж, итгэл үнэмшил төрүүлсэн нь худалч гэдэг нь харагдаж байна. Хохирсон хүний эрх ашгийг хохироож, бусдын эрх ашгийг хохироосон хүний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Нэхэмжилсэн бодит зардал 8,619,200 төгрөгөөс 4,012,300 төгрөг хассанд гомдолтой байна. Хариуцагчийн доголдолтой ажил гүйцэтгэлээс болж, засаж залруулахад бодитоор зарцуулагдсан 8,619,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч ****, **** нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “...доголдлыг засуулахдаа бусдад төлсөн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулах...” гэсэн хэсгийг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7,244,600 төгрөгийг ****аас гаргуулан Б.Дулмаа, **** нарт олгож, 1,374,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ****ын 200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 4,606,900 төгрөгийг ****аас гаргуулан ****, **** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 4,012,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гаргуулах тухай 106 дугаар зүйлийн 106.5-д...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д...” гэсэн өөрчлөлтийг оруулсан байна. 

7. Анхан шатны шүүх ****ын 200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарынгомдлын хүрээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн хэдий ч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан, харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг залруулахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаар хангалттай бүрэн дүгнээгүй байна. 

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдаануудыг залруулах боломжтой тул зөвтгөнө. 

9. ****, **** нар “... ****ын хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, борооны ус нэвтэрч байсан. Дахин янзлуулах гэж ****т хэлэхэд очно гэсэн боловч ирээгүй. ...доголдлыг арилгахад бусдад төлсөн ажлын хөлс 5,000,000 төгрөг, шинээр бараа материал авсан үнэ 3,619,200 төгрөг, нийт 8,619,200 төгрөгийг...” гаргуулахаар шаардсаныг хариуцагч бусадтай гэрээ байгуулан дахин засварлуулсан ажлын хөлс, материалын зардлаа хэт өндөр үнээр тооцсон, нэхэмжлэлийн шаардлагаас 4,786,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.   

Нэхэмжлэгч ****, **** нараас **** ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс доголдлыг арилгахад гарсан зардал 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,385,000 төгрөг, дахин 8,619,200 төгрөг болгон багасгажээ. 

10. ****, **** нар ****тай 2018 оны 9 дүгээр сард Дархан сум 6 дугаар баг, Ханжаргалантын 8-2 тоотод 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад 38 м.кв шилэн фасадыг хийж гүйцэтгэх нийт ажлын өртөг 18,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч нар ажлын хөлсийг төлсөн талаар зохигч маргаагүй байна. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Талуудын хооронд ажлын доголдлыг арилгахад гарсан зардлын хэмжээ маргааны зүйл болсон байна. 

12. **** Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн “...нэхэмжлэлийн шаардлагаас 4,786,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэх агуулгатай тайлбар, хэрэгт авагдсан Барилга угсралтын “Арлын ам” ХХК-ийн 2020.01.13-ны өдрийн “Фасадын шилэн хийцийг хийхдээ резингүй, цаашид сэргээн засварлах боломжгүй, стандарт чанарын шаардлага хангаагүй, цаашид ашиглах боломжгүй...” гэсэн дүгнэлт зэргийг үндэслэж, ****ын хийж гүйцэтгэсэн шилэн фасад борооны дусаал нэвтрэх, зай завсартай, дулаалга байхгүй, цантах зэрэг доголдол илэрч, чанарын шаардлага хангаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

13. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх”, мөн зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”-ээр захиалагч шаардлага гаргах эрхтэй гэж заасан. 

****, **** нар ****ын гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар түүнд хандсан, түүнчлэн анхан шатны шүүх талууд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч хариуцагч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэгч нар өөрийн хөрөнгөөр доголдлыг арилгасан байна. 

14. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацаандажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаарх гомдлоо гаргажээ. 

Анхан шатны шүүх Дархан сум 6 дугаар баг, Ханжаргалантын 8-2 тоотод 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад хийгдсэн 38 м.кв-ын шилэн фасадын 11.68 м.кв шил, фасадын резинийг дахин сольж доголдлыг өөрийн хөрөнгөөр арилгах нь өмчлөгчийн эрх боловч доголдлыг арилгахад хэмжээ хязгаар, материалыг хэмнэлттэй, ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн материалын хэмжээнд солих нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

15. Нэхэмжлэгч нар ****ын гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулах зорилгоор Ч.Анхбаяртай 38 м.кв шилэн фасадын гадна дотор резин, унаж гажсан хүрээг сольж засварлах, ус орж засварлах боломжгүй 10 ширхэг шил, силиконыг чанартай сайн материалаар сольж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, ажлын хөлс 5,000,000 төгрөгийг 2020.08.18-ны өдөр шилжүүлсэн болох нь 2020.08.15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. 

16. Хариуцагч **** “...ажлын хөлс 5,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, 720,000 төгрөг...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

17. “Капитал зууч” ХХК-ийн 2020.11.12-ны өдрийн үнэлгээний тайланд Дархан сум 6 дугаар баг, Ханжаргалантын 8-2 тоотод 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад хийгдсэн 38 м.кв-ын шилэн фасадын ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахад барилгын материалд 2,348,500 төгрөг, ажлын хөлс 2,438,400 төгрөг, нийт 4,786,900 төгрөг гэж тусгагдсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага барилгын материалын үнэ болон бусад зардлын тооцоо нийт 3,619,200 төгрөгөөс хавтан 5 ширхэг 750,000 төгрөг болон 84 м.кв төмөр 462,000 төгрөгийн зардал гарсаныг нэхэмжлэгч нар нотолж чадаагүй, шатны түрээс 180,000 төгрөгийг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хангах боломжгүй гэж дүгнэсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, “Капитал зууч” ХХК-ийн 2020.11.12-ны өдрийн үнэлгээний тайлангийн барилгын материалд 2,348,500 төгрөг гэсэн дүгнэлтээс 111,300 зөрүүтэй ч их биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин анхан шатны шүүх барилгын материалын үнэ 3,619,200 төгрөгөөс дээрх нотлогдоогүй нийт 1,392,000 төгрөгийг хасаж тооцохдоо тооцооллын алдаа гаргасан, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгөнө.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шийдвэртээ хуулийн нэр томьёог буруу бичсэнийг залруулсан нь зөв болжээ. 

18. Иймд дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ****, **** нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “...доголдлыг засуулахдаа бусдад төлсөн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулах...” гэсэн хэсгийг энэ тогтоолын 13-17 дугаарт дүгнэсэн үндэслэлээр хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар 7,227,200 төгрөгийг хариуцагч ****аас гаргуулан нэхэмжлэгч ****, **** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,392,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гаргуулах тухай 106 дугаар зүйлийн 106.5-д...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д...” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан төлсөн 39,910 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 130,585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****, **** нарт, нэхэмжлэгч нараас 3,325 төгрөгийг гаргуулж ****т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****, **** нарын гомдлын зарим хэргийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                                    ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА 

 Б.МӨНХТУЯА 

 П.ЗОЛЗАЯА 

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ