Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2020/00696/и |
Дугаар | 1254 |
Огноо | 2020-12-15 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 1254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00696/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р хороолол, ...-р байр, ...тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Б.Б. нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... хэсэг, ... гудамж, .. тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Г.М холбогдох
2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Б.Б 58 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, гэрч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Б миний бие П.Э гэж 10 жилийн найзаасаа анх мөнгөний шаардлага гарч 2018 оны 01 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай 16 000 000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Үүнээсээ 2018 оны 02 сарын 18-ны өдөр 7 000 000 төгрөгийг нь, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг тус тус өгсөн. Мөн сар бүр хүүг нь тохирсон хэмжээгээр хугацаандаа өгч ирсэн. Тус зээлийн гэрээний мөнгөнөөс 5 000 000 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд үүнээс хойш гэрээ сунгагдаагүй, дахин шинэ гэрээ хийгдээгүй гэтэл П.Э нь өмнөх үлдэгдэл дээр хүү тооцож, мөн дахин нэмж мөнгө зээлж байсан. Гэтэл 2020 оны 3 сараас эхлээд чиний мөнгөний тооцоо 50 000 000 төгрөг болсон одоо удахгүй өг, эсвэл байрыг чинь авна гэх зэргээр дарамтлах болсон. Миний бие дэлхий нийтээр тархаад буй цар тахал болсон Ковид 19 вирусын улмаас ажил төрөл зогсож орлогогүй болсон тул дээрх мөнгийг төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 2020 оны 04 сарын 23-ны өдөр чи манай нөхөр Г.Мтай 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн гэж зээлийн гэрээ хийж нотариатаар орж баталгаажуул гэж дарамталж хэл амаар доромжилж манай нөхөр Ш.Б бид хоёрыг шахах болсон. Гаргаад өгөх мөнгө байхгүй байсан тул арга буюу хэл ам, шахалт дарамтаас нь айж миний бие П.Эгийн нөхөр Г.Мтай 50 000 000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээ хийсэн. П.Э бид хоёрын дунд мөнгөний тооцоо байгаа хэдий ч 50 000 000 төгрөгийн тооцоо байхгүй, би түүнд өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны данснаас П.Эгийн данс руу л гэхэд 22 470 000 төгрөг төлсөн байдаг. Мөн хаан банкаар болон бэлнээр өгсөн мөнгө ч байгаа, тийм болохоор 50 000 000 төгрөг гэж гаргасан тооцоо анхнаасаа огт үндэслэлгүй юм. Гэрээ байгуулсныхаа дараа удаа дараа гэрт Г.М, П.Э нар орж ирж, мөн утсаар, чатаар, цахим захидалаар байнга мөнгө нэхэж дарамтлах болсон бөгөөд зээлийн гэрээний дагуу төлөлт хийхийг шаардаж иргэн миний эрхийг зөрчөөд байна. Иймд бодит байдал дээр П.Э бид хоёрын хооронд үүссэн харилцааг Г.Мын нэр дээр гэрээ болгож хүч хэрэглэж, хууран мэхэлж хийсэн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Б миний бие П.Этай 10 жилийн сургуульд хамт сурч байсан одоо ******* холбоонд үзмэрч хийдэг юм. Б.Б нь эхнэр бид хоёртой танилын хувьд ойр дотно харьцаж байсан юм. Б.Б нь 2018 оны 01 сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлдүүлээч гэсний дагуу эхнэр П.Этай зээлийн гэрээ хийж 16 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй бичгийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн зээлж аваад уг мөнгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулж байсан бөгөөд уг зээлийн төлөөгүй үлдэгдэл 5 сая төгрөг үлдсэн байсан юм. Зээлсэн мөнгөө төлж бидний итгэлийг олсон тул эхнэр, бид хоёр Б.Бд итгэж дахин мөнгө зээлье гэхэд нь гэрээ хийлгүй, 2018 оны 11 сарын 30-ны өдөр Г.М миний эзэмшлийн хаан банк дахь ... тоот данснаас Б.Бийн хаан банк дахь ... тоот данс руу 10 000 000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж уг 10 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг Б.Бтэй хамт ажилладаг ******* гэдэг лам залуу зээлж авсан юм. Б.Б нь машин авах гээд хүнээс 20 сая төгрөг зээлсэн чинь нэхээд байна, чи мөнгө олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь манай эхнэр П.Э 2020 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн танил Ч гэдэг эмэгтэйгээс 20 сая төгрөг зээлж, Б.Бд мөнгө зээлдүүлсэн, ******* салоны эзэн Ц гэдэг эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн. Б.Б болон түүнтэй хамт ******* холбоонд ажилладаг О, түүний нөхөр А, лам ******* нар нь эхнэр, бид хоёроос ... Та хоёр банкнаас мөнгө байнга зээлж бизнес хийдэг найдвартай зээлдэгч юм чинь бидэнд банкнаас мөнгө зээлээд өгөөч Та хоёрын бизнес эхлэнгүүт бид буцаагаад өгнө гэж гуйгаад байхаар нь эхнэр, бид хоёр урьд нь мөнгө зээлээд буцааж төлж байсан болохоор итгээд 2019 оны 09 сарын 27-ны өдөр *******банкнаас 140 сая төгрөгийн бизнесийн зээл авч 9 сарын 28-ны өдөр 37 000 000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Энэ 37 сая төгрөг өгөхдөө бид хоёр сарын 5 хувийн хүүтэй өглөө, 3 сарын 27-ны өдөр мөнгөө буцааж авна шүү гэж Б.Бтэй амаар ярилцаж тохирсон. Б.Б нь чи 20 000 000 төгрөгийг нь мөнгө зээлсэн Чдээ аваачаад өгчих би үлдэх 17 сая төгрөгөөс ломбардад өрөө төлж эд зүйлээ авъя гээд ******* их ломбард руу мөнгийг аваад явсан. Эхнэр бид хоёр барилгын материалын наймаа хийдэг бөгөөд хавар 3 сарын сүүлээр ажил эхэлдэг болохоор энэ хүмүүст 3 сарын 27-ны өдөр мөнгөө буцааж авна шүү гэдгийг хатуу хэлж сануулж өгсөн. О, түүний нөхөр А нар нь зээлийг буцаан төлөх хугацаа болоход бэлэн мөнгө байхгүй байсан тул орон сууцаа өрөндөө өгч бид зөрүү мөнгийг төлж өр авлагаа дуусгасан. Лам азаа нь авсан 2 сая төгрөгөө төлж дуусгасан болно. Энэ хүмүүс биднийг банкнаас зээл аваад өгөөч гэж гуйгаагүй бол бидэнд тухайн үед банкнаас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхад О, А, лам *******, Б.Б нар хамт явж байсан тул энэ хүмүүс Б.Б биднээс 37 сая төгрөг авсныг мэдэж байгаа болно. Б.Б нь 2020 оны 02 сарыг дуустал 5 хувийн хүү 2 500 000 төгрөгийг ******* банк дахь ... тоот дансанд бэлэн бусаар төлж байгаад 2020 оны 3 сард 1 750 000 төгрөг төлж үндсэн зээл төлөх хугацаа болоход би короно вирус гараад орлогогүй болчихлоо мөнгийг чинь төлж чадахгүй гэхэд нь бид хоёр тэгвэл нотариатаар орж гэрээ хийе гэхэд Б.Б зөвшөөрч бид хамт нотариат орж 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сар тутам 4 хувийн хүүтэй зээлсэн гэрээ хийсэн. Гэтэл Б.Б нь сүүлд бэлнээр авсан 37 000 000 төгрөгийг бэлнээр авсан баримт үйлдээгүйг далимдуулж аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 50 000 000 төгрөг зээлсэн гэрээг хүчингүй болгуулахаар биднийг гүжирдэж луйвар хийх гэж байгаад бид маш их гомдолтой байна. Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урьд зээлсэн 16 000 000
төгрөгөөс 5 сая төгрөгийн үлдэгдэл байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Урьдах зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг дээр 2018 оны 11 сарын 30-ны өдөр дансаар бэлэн бусаар авсан 8 сая төгрөг, 2019 оны 09 сарын 28-ныы өдөр бэлнээр авсан 37 000 000 төгрөг, энэ бүгд нийлээд 50 сая төгрөг болсныг энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрч нотариатаар орж гэрээ хийсэн юм. Б.Б нь биднээс 50 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн утасны ярианы бичлэг, өөрийнх нь бичсэн мессеж, мөнгө авсныг гэрчлэх гэрчүүд, банкны дансны хуулга байгаа тул энэ бүхнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Б.Б нь бидний бизнесийн эргэлтийн мөнгийг худлаа залилан авснаас болж бид банкны зээлээ төлөх чадваргүй болж өөрийн эзэмшлийн приус 30 суудлын автомашин, хоёр монгол гэрээ зарж дүүгээрээ цалингийн зээл авахуулж, хүнээс сарын 6 хувийн хүүтэй мөнгө зээлж банкны зээлээ чадан ядан төлж байна. Б.Б нь зээлийн гэрээг нөхөж хийсэн, мөнгийг бэлнээр авснаа дамилдуулж Г.М нараас зээлсэн мөнгөө төлөхгүйн тулд заль мэх гаргаж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан маш их гомдолтой байгаа тул би сөрөг нэхэмжлэл гаргах болно гэв.
Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Б.Б нь 2018 оны 01 сарын 11-ний өдөр мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлдүүлээч гэсний дагуу эхнэр П.Этай зээлийн гэрээ хийж 16 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй бичгийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн зээлж аваад уг мөнгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулж байсан бөгөөд уг зээлийн төлөөгүй үлдэгдэл 5 сая төгрөг үлдсэн байсан юм. Зээлсэн мөнгөө төлж бидний итгэлийг олсон тул эхнэр, бид хоёр Б.Бд итгэж дахин мөнгө зээлье гэхэд нь гэрээ хийлгүй, 2018 оны 11 сарын 30-ны өдөр Г.М миний эзэмшлийн хаан банк дахь ... тоот данснаас Б.Бийн хаан банк дахь ... тоот данс руу 10 000 000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж уг 10 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг Б.Бтэй хамт ажилладаг ******* гэдэг лам залуу зээлж авсан юм. Б.Б нь машин авах гээд хүнээс 20 сая төгрөг зээлсэн чинь нэхээд байна, чи мөнгө олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь манай эхнэр П.Э 2020 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн танил Ч гэдэг эмэгтэйгээс 20 сая төгрөг зээлж, Б.Бд мөнгө зээлдүүлсэн, ******* салоны эзэн Ц гэдэг эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн. Б.Б болон түүнтэй хамт ******* холбоонд ажилладаг О, түүний нөхөр А, лам ******* нар нь эхнэр, бид хоёроос ... Та хоёр банкнаас мөнгө байнга зээлж бизнес хийдэг найдвартай зээлдэгч юм чинь бидэнд банкнаас мөнгө зээлээд өгөөч Та хоёрын бизнес эхлэнгүүт бид буцаагаад өгнө гэж гуйгаад байхаар нь эхнэр, бид хоёр урьд нь мөнгө зээлээд буцааж төлж байсан болохоор итгээд 2019 оны 09 сарын 27-ны өдөр *******банкнаас 140 сая төгрөгийн бизнесийн зээл авч 9 сарын 28-ны өдөр 37 000 000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Энэ 37 сая төгрөг өгөхдөө бид хоёр сарын 5 хувийн хүүтэй өглөө, 3 сарын 27-ны өдөр мөнгөө буцааж авна шүү гэж Б.Бтэй амаар ярилцаж тохирсон. Б.Б нь чи 20 000 000 төгрөгийг нь мөнгө зээлсэн Чдээ аваачаад өгчих би үлдэх 17 сая төгрөгөөс ломбардад өрөө төлж эд зүйлээ авъя гээд ******* их ломбард руу мөнгийг аваад явсан. Эхнэр бид хоёр барилгын материалын наймаа хийдэг бөгөөд хавар 3 сарын сүүлээр ажил эхэлдэг болохоор энэ хүмүүст 3 сарын 27-ны өдөр мөнгөө буцааж авна шүү гэдгийг хатуу хэлж сануулж өгсөн. О, түүний нөхөр А нар нь зээлийг буцаан төлөх хугацаа болоход бэлэн мөнгө байхгүй байсан тул орон сууцаа өрөндөө өгч бид зөрүү мөнгийг төлж өр авлагаа дуусгасан. Лам азаа нь авсан 2 сая төгрөгөө төлж дуусгасан болно. Энэ хүмүүс биднийг банкнаас зээл аваад өгөөч гэж гуйгаагүй бол бидэнд тухайн үед банкнаас мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхад О, А, лам *******, Б.Б нар хамт явж байсан тул энэ хүмүүс Б.Б биднээс 37 сая төгрөг авсныг мэдэж байгаа болно. Б.Б нь 2020 оны 02 сарыг дуустал 5 хувийн хүү 2 500 000 төгрөгийг ******* банк дахь ... тоот дансанд бэлэн бусаар төлж байгаад 2020 оны 3 сард 1 750 000 төгрөг төлж үндсэн зээл төлөх хугацаа болоход би короно вирус гараад орлогогүй болчихлоо мөнгийг чинь төлж чадахгүй гэхэд нь бид хоёр тэгвэл нотариатаар орж гэрээ хийе гэхэд Б.Б зөвшөөрч бид хамт нотариат орж 50 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сар тутам 4 хувийн хүүтэй зээлсэн гэрээ хийсэн. Б.Б вирус гараад миний орлого буурчихлаа, чи хүүгээ 4 хувь болгоод бууруулаад өгөөч гэж гуйхаар нь гэрээ хийхдээ хүүг нь 4 хувь болгон бууруулсан юм. Б.Б нь сүүлд бэлнээр авсан 37 сая төгрөгийг бэлнээр авсан баримт үйлдээгүйг далимдуулж
аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж 50 сая төгрөг зээлсэн гэрээг хүчингүй болгуулахаар биднийг гүжирдэж луйвар хийх гэж байгаад бид маш их гомдолтой байна. Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ урьд зээлсэн 16 сая төгрөгөөс 5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Урьдах зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг дээр 2018 оны 11 сарын 30-ны өдөр дансаар бэлэн бусаар авсан 8 сая төгрөг, 2019 оны 09 сарын 28-ныы өдөр бэлнээр авсан 37 000 000 төгрөг энэ бүгд нийлээд 50 сая төгрөг болсныг энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрч нотариатаар орж гэрээ хийсэн юм. Миний зүгээс Б.Бийг дарамталсан, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй. Б.Б тооцоо хийгээд хоёр тал хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн юм. Б.Б нь биднээс 50 сая төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн утасны ярианы бичлэг, өөрийнх нь бичсэн мессеж, мөнгө авсныг гэрчлэх гэрчүүд, банкны дансны хуулга байгаа тул энэ бүхнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно. Б.Б нь бидний бизнесийн эргэлтийн мөнгийг худлаа залилан авснаас болж бид банкны зээлээ төлөх чадваргүй болж өөрийн эзэмшлийн приус 30 суудлын автомашин, хоёр монгол гэрээ зарж дүүгээрээ цалингийн зээл авахуулж, хүнээс сарын 6 хувийн хүүтэй мөнгө зээлж банкны зээлээ чадан ядан төлж байна. Б.Б нь зээлийн гэрээг нөхөж хийсэн, мөнгийг бэлнээр авснаа дамилдуулж Г.М нараас зээлсэн мөнгөө төлөхгүйн тулд заль мэх гаргаж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан маш их гомдолтой байгаа тул Г.М миний бие Б.Бээс зээлдүүлсэн 50 000 000 төгрөг дээр зээлийн гэрээний дагуу 2020 оны 4,5,6,7 сарын хүү 50 000 000 төгрөгөөс сар тутам 4 хувиар тооцож 8 000 000 төгрөг, нийт 58 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Г.Мтай ямар ч зээлийн гэрээний үүргийн харилцаанд ороогүй, Г.Маас нэг ч төгрөг зээлж авч байгаагүй. Харин түүний эхнэр П.Этай тодорхой хугацаанд хүүтэй болон хүүгүй байдлаар зээлийн гэрээ байгуулж, мөн аман гэрээгээр мөнгө зээлж авч байсан. би тус зээлсэн мөнгөө цаг тухайд нь төлсөөр нийтдээ 28 139 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Тиймээс Г.Мтай ямар ч зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй учир ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хариуцагч Г.М сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй Г.Мын нэхэмжлэлд дурдсан нэр бүхий хүмүүс энэ мөнгөний асуудалд ямар ч хамааралгүй. ******* салоны эзэн гэх Ц гэх эмэгтэй мөнгөнд ямар ч хамааралгүй хүн юм. Харин Ц гэдэг эмэгтэй дээр П.Э биеэрээ очиж ... чи 20 сая төгрөг *******ээс авсан гээд гэрчлээд өгөөч, би чамд мөнгө өгьеэ гэж хэлсэн гэж сонссон. Г.Мын сөрөг нэхэмжлэлдээ бичснээр ******* холбооны эзэн А ах болон миний бие банкнаас мөнгө зээлээд өгөөч гэж хэзээ ч хэлээгүй. Зээлийн харилцааны асуудал Г.Мд огтхон ч хамаагүй. Мөнгөний асуудлаар би Г.Мтай харьцаж байгаа ч үгүй. 2020 оны 4 сард П.Э манайд ирээд ... нотариат оръё, орохоос нааш гарахгүй хоносон ч яахав” гэж сүрдүүлсээр нотариат дагуулж явсан юм. Тэгээд П.Э намайг өөрийн нөхөр болох Г.Мтай нотариатаар 50 000 000 төгрөг зээлсэн мэт гэрээ хийлгэсэн. Тиймээс миний бие тус хуурамч, шахалт дарамтад оруулж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Уг гэрээнд 50 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байдаг. Гэтэл бодит байдал дээр уг гэрээ байгуулагдаагүй байдаг. Тухайн өдөр нэг тал нь 50 сая төгрөг бэлнээр болон бэлэн бусаар өгөөгүй, нөгөө тал авсан зүйл байдаггүй. Харин 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Б Этай 16 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцон гэрээ хийсэн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Этай тооцооны асуудал бол байгаа. Энийг хүлээн зөвшөөрч байгаа. Г.Маас бол нэг ч төгрөг аваагүй. Гэтэл хариуцагч тал 2020 оны 03 дугаар сараас эхлэн үлдэгдэл мөнгө 50 сая төгрөг болсон гэх яриа яригдаж, Г.М гэх хүн энэ харилцаанд оролцсон. Зээлсэн мөнгөө өг, өгөхгүй бол байрыг чинь авна, машиныг чинь авна, гэрээс чинь гарахгүй гэх мэтээр дарамт
шахалт үзүүлсэн. Б.Б энэ бүх дарамтаас болж аргагүйн эрхэнд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Г.М гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл тухайн үед зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйл хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл, 60 дугаар зүйл хүч хэрэглэж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх тул 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлагад Э бид хоёрын хооронд үүсэн харилцааг Г.Мын нэр дээр гэрээ болгож хүч хэрэглэж хууран мэхэлж хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэсэн байна. Энэ шаардлага нь өөрөө тодорхой бус байна. Хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж харж байна. Тэгвэл яаж хуурч мэхэлсэн юм бэ. Энэ талаараа дурдсангүй. Мөн хүч хэрэглэсэн гэсэн байна. Хэн хэнд хүч хэрэглэсэн гэдгийг ямар баримтаар нотолгоогоор тогтоогдсон гэдгээ хэлэхгүй байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар нотлох баримт байгааг хэлэхгүй байна. Хариуцагч нэхэмжлэгчийг маш хуурам ч этгээд гэдгийг нотлох баримттайгаар сөрөг нэхэмжлэл, болон хариу тайлбартаа тодорхой бичиж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. хх-26 талд авагдсан хариуцагч Г.Мын хаан банкны дансы хуулга 11 дүгээр сарын 30-ний өдөр Г.Мын хаан банкны ... данснаас Бийн ... тоот данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн баримт шүүхэд өгсөн байгаа. Б Г.Мөнзулаас нэг ч төгрөг аваагүй гэж хэлсэн тайлбар нь дээрх баримтаар худлаа болж байгаа юм. 10 сая төгрөг бэлэн бусаар авсан байж нэг ч төрөг аваагүй. Бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж тайлбар гаргаж өгсөн. Энэ байдлаас нь харахад Б худлаа ярьдаг гэдэг нь харагдаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 23 ны өдөр гэрээ хийсэн ч тухайн өдөр 50 сая төгрөг аваагүй гэж байна. Хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 23 өдрөө энэ 50 сая төгрөгийг өгөөгүй гэдгээ өөрөө хэлдэг. 50 сая төгрөг нь урд авсан мөнгө. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Эгийн Бд зээлсэн 16 сая төгрөгийн үлдэгдэл мөнгө 5 сая төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Мын эзэмшлийн данснаас Бийн данс руу шилжүүлсэн 10 сая төгрөг, үүнээс ******* ламын авсан 2 сая төгрөгийг хасаад үлдсэн 8 сая төгрөг энэ бүгд нийлээд 13 сая төгрөг болж байгаа юм. Г.М Э нар нь ******* банкнаас 140 сая төгрөгийн зээл аваад 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 37 сая төгрөгийг Бд бэлнээр авчирч өгсөн. Энэ бүгд нийлээд 50 сая төгрөг болж байгаа юм. Б.Б яг хэдэн төгрөг авснаа мэдэхгүй, санахгүй байна гэсэн зүйл яриад байгаа хэдий ч хариуцагч Г.М болон Б нарын хооронд зээлийн харилцаа үүсэн гэдэг нь маш олон баримтаар нотлогдож байгаа. Үүний нэг нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Б Цагдаагийн газар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө Би Эг сайн танина, бид хоёр арван жилийн найзууд байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би Эгаас 16 сая төгрөг 6 хувийн хүүтэй зээлээд 1 сарын дараа зээлсэн мөнгөнөөсөө 7 сая төгрөгийг Эд буцааж өгөөд үлдэгдэл 9 сая төгрөгийн хүү сарын 480,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлсөн. 2019 оны 02 сард 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2019 оны 09 сард байхаа би Эгаас 20 сая төгрөг 5 хувийн хүүтэй авсан. Э хүнд
мөнгө зээлээд үлдсэн мөнгөө надад үлдээгээд явдаг байсан. Би Эгаас яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Э М 2 манай гэрт ирээд зээлсэн мөнгөө өг гэж дарамтлаад байсан. Би Эд зээлсэн мөнгөний хүү 2,500,000 сая төгрөгийг 6 сар төлсөн гэж мэдүүлсэн байна. 50 сая төгрөг зээлээгүй юм бол яагаад зээлийн хүү 2,500,000 төгрөг төлж байгаа юм бэ? Энэ төлөөд байгаа 2,500,000 төгрөгийн талаар нэхэмжлэгч тал баталж чадсангүй. Э Бтэй нэг ангид сурдаг байсан болохоор мөн М Э 2 бизнес эрхэлдэг Бээр үйлчлүүлдэг байсан тул итгээд мөнгө өгсөн. 2018 онд бас мөнгө зээлэхэд эргүүлээд төлсөн учраас итгээд Б мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь ******* банкнаас 140,000,000 төгрөг зээлсэн өдрөө буюу 09 дүгээр сарын 28-ний өдөр 37 сая төгрөгийг нь Бд М өөрөө тоолж өгсөн гэж хэлдэг. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын сүсэг бишрэл, итгэлийг нь ашигласан гэж харагдаж байна. Өмнөх зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг, Мын данснаас шилжүүлсэн 10 сая төгрөгийн 8 сая төгрөг, сүүлд бэлнээр авсан 37 сая төгрөг нийт 50 сая төгрөг болж байгаа юм. Үүнийг нотлох баримт болох 2-3 удаа утсаар ярьсан бичлэг байгаа. Нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Уг бичлэгт 20 сая төгрөг өгнө. Үлдсэн 30 сая төгрөгийг цувуулаад төлнө гэх яриа бичигдсэн байгаа. Дээрээс нь 50 сая төгрөг дээрээ хүү төлөөд явж байсан талаарх баримт, О гэх хүний том ууттай мөнгө М Б руу бариад орсон гэх мэдүүлэг байгаа. 37 сая төгрөг зээлсэн гэх өдөр Б мөнгийг манай өрөөнд авах нь эвгүй юм гээд 2 дугаар эмнэлгийн урд талын зогсоолд ирээд машин дотор М өөрөө тоолоод өгсөн гэх гэрч Эгийн мэдүүлэг байгаа. Эг мөн гэрчээр дуудсан байгаа. Б нь хүнээс мөнгө авчхаад аваагүй гэж байгаа нь шударга бус хариуцагч хандаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Бд хариуцагчийг хүч хэрэглэсэн, хуурсан гэж хэлж байна. Ямар нотлох баримтаар тэгж хэлж байгаа юм бэ. Харин ч Бийн өөрийнх нь хэлсэн, бичсэн зурвас байгаа. Хүч хэрэглэсэн зүйл ерөөсөө байхгүй. Б, нөхөртэйгөө хамт М , Э нартай хамт нотариат орж гэрээ хийсэн байдаг. Хүүхдүүд нь хүртэл энэ талаар хэлдэг. Хүч хэрэглэсэн гэх баримт хэрэгт байхгүй. Хууран мэхэлсэн гэсэн баримт мөн тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зээлийн гэрээний зүйл шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдаагүй гэж хэлж байна. Зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлээгүй, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, 196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэсэн заалтыг барьж байх шиг байна. Тухайн өдөр мөнгө шилжүүлээгүй. Нийт авсан мөнгө нь 50 сая төгрөг болж байгаа. Өмнө авсан мөнгөн дээрээ нөхөн гэрээ хийсэн гэдгээ бид хэлсэн байгаа. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино , хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн заалт байгаа. Б хүү төлөөд, үүргээ гүйцэтгэж байгаа нь үүрэг гүйцэтгэгч үүргийг зөвшөөрсөн гэдгээр нь гэрээ хүчин төгөлдөр гэж тооцож болох үндэслэл гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн яг аль заалтыг барьж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаагаа дурдсангүй. Нэхэмжлэгч тал нотлох баримт гэж 2 зээлийн гэрээ л өгсөн. Хууран мэхэлж гэрээ хийсэн гэдгээ ямар нотлох баримтаар нотолж байгаа нь тодорхой биш. Харин М хангалттай нотлох баримт гаргаж өгч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Мд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч 58 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Хариуцагч нь гэрээ байгуулахдаа хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин урьд өмнө хийсэн хэлцлийн дагуу зээлсэн мөнгийг хүүгийн хамт 50 сая төгрөг болсныг нэхэмжлэгч зөвшөөрч хэлцэл хийсэн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Г.Мд холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрхийг итгэмжлэлээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Сод олгосон байх бөгөөд итгэмжлэлийн дагуу Б.С нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.М, зээлдэгч Б.Бд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар, 50 000 000 /тавь/ төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгч, зээлийн төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг аваагүй өмнө нь хариуцагчийн эхнэр П.Этай 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 16 сая төгрөгийн зээл авсан түүнтэй холбоотой тооцооны асуудал байгаа гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд хариуцагч Г.М, П.Э нар гэр бүлийн гишүүд бөгөөд арилжааны банкин дахь дансны хамтран эзэмшигчид тул хэн аль нь зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарласан болно.
Зохигчид нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээгээр зээлийн төлбөр 50 сая төгрөгийг шилжүүлээгүй гэдэгт хэн аль нь маргаагүй бөгөөд өмнө байгуулсан гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж нэхэмжлэгч Б.Б түүний гэр бүлийнхэнд дарамт шахалт үзүүлж байсан тул энэ байдлаас түр ч гэсэн гарч тайван амьдрах зорилгоор гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан гэж тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Б, Б.С нараас гэрчийн мэдүүлэг авахуулж, нотлох баримтаар СД бичлэг, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч байсан баримт зэргийг ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан гэрч Б.Сын ... 2020 оны 3 сараас хойш Э нь өдөр бүр Б рүү залгаж дарамталж утасны цаанаас байнгын харааж, манай гэр бүлийг доромжилдог, ...Э, М нар манай гэрт 2-3 удаа ирсэн, нэг ирэхэд нь би цагдаад дуудлага өгч байсан, ...гэрт орж ирээд өндөр дуугаар харааж, дайрч эхэлсэн, ...манай гэрээс гар гэсэн шаардлага тавихад гарахгүй, ...мөнгөө өг, тэгэхгүй бол гэрт чинь хононо гээд байсан ...М, Э нар ээж рүү байнга утсаар ярьж дарамтлах бүрт ээжийн бие муудаж, хоол идэхгүй болсноос болж ходоод өвдөж, сэтгэл санааны байдлаас болж даралт нь ихсэх, зүрхний хэм нь тогтворгүй болсон гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Бы ... 2 удаа дуудлага өгсөн, 2 дуудлагад хоёуланд нь цагдаа ирсэн, дараагийн дуудлагад Эгийн ээж, ээжийнх нь дүү хоёр орж ирсэн. Энэ нь манайх нийтийн байранд амьдардаг, ямар ч шийдэлд хүрээгүй байтал орж ирээд хашгичаад байдаг учраас цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн бүртгэлд С ...хэрүүл маргаан болоод гэсэн агуулгаар дуудлага өгсөн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан СД бичлэгт ...П.Эгийн ээж, дүү нар Б.Бийн гэрт байсан талаар бичлэг зэрэг баримтуудаар хэлцэл хийгч нэг талыг нөгөө тал хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч
этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 60.2-т хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэжээ.
Хэлцэл нь талуудын хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргах эрх бөгөөд хэлцэл хийгч этгээдэд дээрх хүсэл зоригийн эсрэг хэлцэл хийхээс өөр аргагүй
байдалд хүргэсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Бд дээрх дарамт, шахалтыг үзүүлсэний улмаас өмнө өөр этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн талаар бодит баримтад тулгуурлан тооцох боломжийг олгохгүйгээр гэрээ хэлцэл хийсэн байдал тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч нь 58 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр П.Этай гэрээ байгуулан 16 сая төгрөгийг зээлсэн, одоо түүний үлдэгдэл 5 сая төгрөг, ...мөн М миний эзэмшлийн Хаан банкны данснаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийг шилжүүлснээс 2 сая төгрөгийг лам ******* зээлж авсан. Үүний үлдэгдэл 8 сая төгрөг, ...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүнээс машин авах гээд хүнээс 20 сая төгрөг зээлсэн байсан нэхээд байна мөнгө олж өгөөч гэхээр нь манай эхнэр П.Э өөрийн танил Ч гэдэг эмэгтэйгээс 20 сая төгрөг зээлж өгсөн, ...2020 оны 9 дүгээр сарын 28-нд ******* банкнаас 140 сая төгрөгийн зээл авч үүнээс 37 сая төгрөгийг Б.Бд бэлнээр зээлдүүлсэн, тухайн үед Б.Б нь ломбарданд хамаг үнэтэй бүхнээ тавьсан авах шаардлагатай байна гээд гуйгаад байхаар нь 37 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгөхдөө сарын 5 хувийн хүүтэй өглөө, 3 сарын 27-нд мөнгөө буцааж авна шүү гэхэд Б.Б чи 20 сая төгрөгийг нь мөнгө зээлсөн Чд аваачиж өгчих би үлдэх 17 сая төгрөгнөөс ломбарданд өрөө төлж эд зүйлээ авья гээд ******* их Ломбард руу орсон. Б.Б нь 2020 оны 2 сарыг дуустал 50 сая төгрөгийн 5 хувийн хүүг 2 500 000 төгрөгөөр төлсөн. Корона вирус гарчихлаа хүүгээ буулгаач гэхээр нь би хүүг нь 4 хувь болгож бууруулсан. Иймд 50 сая төгрөг дээр зээлийн гэрээний дагуу 2020 оны 4-7 сарын хүү 4 хувиар тооцож 8 сая төгрөг, нийт 58 сая төгрөг гэж тодорхойлж байна.
Хэрэгт хариуцагч талаас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр П.Э, Б.Б нар харилцан тохиролцож 16 сая төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр, бэлнээр олгосон байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж өгөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг тооцож төлүүлэхээр тохиролцжээ.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн ... тоот харилцах данснаас Пүрэвжав Э, М Гэрэлмаа, Пүрэвжавын Энхамгалан нарын эзэмшлийн Төрийн банкны дансанд зээлийн төлбөрийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, П.Эгийн ******* банкны дансанд 2019 оны 10 дугаар сарын 23 наас 2020 оны 1 дүгээр сарын 25-ны хооронд шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан Пүрэвжав Э, М Гэрэлмаа, Пүрэвжавын Энхамгалан нарын эзэмшлийн Төрийн банк дахь дансны хуулгууд, Б.Бийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгуудаар тогтоогдож байна. /хх-ийн 286-137, 165-196 дугаарт авагдсан дансны хуулгууд/
Мөн Г.Мын эзэмшлийн Хаан банкан дахь ... дугаарын данснаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Бийн эзэмшлийн Хаан банкны ... дугаар дансанд Маас 6% зээл агуулгатайгаар 10 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь Г.Мын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дээрх дансны эзэмшигч нь Б.Б гэсэн Хаан банкны тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 26-27/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд... хариуцагч Г.М, П.Э нар гэр бүл болоод 23 жил болж байна, данс, тооцоо нэг байдаг, арилжааны банкин дахь харилцах дансыг хамтран эзэмшдэг, энэ нь тэдний дундын хөрөнгө тул хэн аль нь шаардах эрхтэй гэж тайлбар гаргаж, хэрэгт нотлох баримтаар гэрлэлтийн гэрчилгээний хуулга, Хаан, *******, Төрийн банкны дансыг хамтран эзэмшдэг гэсэн тодорхойлолт ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч П.Э энэ талаар давхар тайлбар гаргаж мэдүүлсэн болно.
Гэвч хариуцагч Г.М нь 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б, П.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг болон 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр П.Э өөрийн танил Ч гэдэг эмэгтэйгээс 20 сая төгрөг зээлж Б.Бд өгсөн гэсэн зээлийн төлбөр, 37 сая төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн гэсэн зээлийн төлбөрийг шаардах эрхгүй байна.
Учир нь зээлийн гэрээ нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай байна, мөн хариуцагч Г.М нь арилжааны банкин дахь зээлийн дансны хамтран эзэмшигч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлж авсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Хэдийгээр хариуцагч Г.М, П.Э нар нь гэр бүлийн гишүүд болох нь түүний ирүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрч П.Эгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байх боловч түүнийг төлөөлөн шаардах эрхийг олж авсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.М нарын хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон тул хариуцагч Г.М нь дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй бөгөөд харин түүнээс өмнө байгуулсан гэрээний дагуу шаардах эрх нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай тул 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50 сая төгрөг түүний хүү 8 сая төгрөг нийт 58 сая төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Зохигч талуудаас хэрэгт холбогдуулан нотлох баримтаар ирүүлсэн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал, гэрч Г.Оийн мэдүүлэг, гэрч Цогзолмаагийн мэдүүлэг, П.Эгийн ******* банкны дансны хуулга, зарлагын мэдүүлэг нь тухайн хэрэгт хамааралгүй, өмнө авсан зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.М нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Мын нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан гаргасан 58 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448 000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА