Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0044

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ад нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 863 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 863 дугаар шийдвэрээр: “1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль /2003 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан “Худалдаа хөгжлийн банкны 2007 оны 6516 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй “Loyalty /лоялти/” үгэн барааны тэмдэг, түүнийг бүртгэсэн бүртгэл, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай тушаалын хавсралтын “Х х б” ХХК-д барааны тэмдэг олгосон хэсгийг тус тус хүчингүй болгох” “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК“ “ХасЛоялти” бүртгэгдээгүй барааны тэмдэг, нэрийг саадгүй үргэлжлүүлэн ашиглах, шаардлагатай гэж үзвэл бүртгүүлэх зэрэг боломжийг хангах зорилгоор зохих шийдвэр, захиргааны актуудыг гаргах, өөрчлөх, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...Уг барааны тэмдэг 2007 оны анхдагч огноотой бөгөөд тухайн үед “Loyalty /лоялти/” гэсэн үг нь банк санхүүгийн салбарт түгээмэл хэрэглээний хэллэг болоогүй байсан төдийгүй барааны тэмдгийг авах үед мөрдөж байсан хуулийн шаардлагыг ханган бүртгэсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.” гэж дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй бөгөөд Хас банкны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас зөрүүтэйгээр бодит байдлыг дүгнэсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь Хавтаст хэрэгт авагдсан сонины хуудас, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хасбанк болон Худалдаа хөгжлийн банк болон Мобиком зэрэг байгууллагууд “Лоялти” хөтөлбөрийн талаар нийтэд түгээмэл хэллэг болгон ашиглаж байсныг харгалзаж үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг шаардлагад нийцэхгүй байгаа юм.

Дээр дурдсан байдлаар анхан шатны шүүх дүгнэлт хийснээс улбаалан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...уг барааны тэмдгийг бүртгэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл байгаагүй тул 7177 дугаар мэдүүлэгтэй “Loyalty /лоялти/” барааны тэмдгийг бүртгэсэн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмчийн газрын шийдвэр, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тушаал тус тус хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Учир нь 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүчингүй болсонд тооцсон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3-д ”бараа, үйлчилгээний төрөл, бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил буюу төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар бол” барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар хуульчилсан байсан. Энэ байдлаараа тухайн үед Хасбанк, Мобиком, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас Хасбанк, Мобиком зэрэг компаниуд зэрэг Лоялти нэршил бүхий бүтээгдэхүүнийг бүртгүүлээгүй байсан боловч нийтэд түгээмэл байдлаар хэрэглэж байсныг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал нотлох баримтад тулгуурлалгүй дүгнэлт, хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн амаар өгсөн тайлбараар “тухайн үед Лоялти гэдэг үгийг хүмүүс мэддэггүй байсан” гэх боловч Шүүхэд гаргаж өгсөн сонингийн тайлбар, өмнөх хэрэгт гаргаж өгсөн тайлбар зэргээр олон нийтэд, хэвлэл мэдээллийг хэрэгслээр түгээсэн болон нь нотлогдсоор байхад, мөн өмнө нь анхан шатны шүүх яг одоо байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн атлаа адил хууль зүйн үндэслэлээр хоёр өөр шийдвэр гаргаж байгааг зөвтгөх тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Нийлэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 863 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаж, хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

“Х х б” ХХК-аас 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авч, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай /2003 оны/ хуульд заасны дагуу шүүлт хийж, барааны тэмдгийг бүртгэх боломжтой гэж үзсэн, улмаар Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тушаалд хамруулж, “Х х б” ХХК-д “Loyalty /Лоялти/” барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “нийтэд түгээмэл болсон тэмдэг” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тухайн салбарт нийтэд танил болсон тэмдгийг хэлэхээр тодорхойлсон бөгөөд “Х х б” ХХК-ийн мэдүүлгийн дагуу шүүлт хийхэд  “Loyalty /Лоялти/” гэх үг 2007 онд Монгол Улсад нийтэд түгээмэл болоогүй байжээ.

Иймээс “Х х б” ХХК-д “Loyalty /Лоялти/” барааны тэмдгийг бүртгэж, баталгаажуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсад “Loyalty /Лоялти/” гэх үг тухайн интернетийн орчин болон нийтэд түгээмэл хэрэглэгдэж, танил болсон байсан нь тогтоогдохгүй байхаас гадна Олон улсын худалдааны байгууллагын сайтад байршуулснаар тухайн үг 2007 оноос бус 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс нийтэд илэрхий нэршил, үйл баримт болсон нь анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын  http://web2.wipo.int/classifications/nice/nicepub/en/fr/edition-20170101/taxonomy/ сайтаас тодорхой харагдаж байна.

Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ниццийн хэлэлцээрт нэгдэн орсныг 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр соёрхон баталснаар Монгол Улс “тусгай холбоо байгуулж, барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний нэгдмэл ангиллыг хүлээн зөвшөөрөх” үүргийг хүлээжээ.

Тиймээс “Loyalty /Лоялти/” барааны тэмдгийг бүртгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй “Х б” ХХК “Lady Loyalty“ нэршлээр төлбөрийн болон урамшууллын сурталчилгааг өдөр тутмын сонинд 2006 онд “Х х б” ХХК-тай нэгэн адил нийтлүүлж байсныг тухайн нэр томьёог нийтэд түгээмэл болгосон гэх үндэслэл болохгүйгээс гадна барааны тэмдгийг бүртгэж баталгаажуулсан хариуцагчийн үйлдлээс шалтгаалж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 863 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР