Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01235

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01235

 

 

Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

 

Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй

Н.Дамдинсүрэнд холбогдох

 

Ажлын хөлс 7,103,680 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.Мөнхбатаас ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12,658,200 төгрөг гаргуулах тухай Д.Мөнхбаттай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхбат, өмгөөлөгч Д.Баасанжав, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Н.Дамдинсүрэнд холбогдуулан ажлын хөлс 7,103,680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12,658,200 төгрөг гаргуулах, Д.Мөнхбаттай 2019.07.09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 353 дугаар зүйлийн 353.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхбатын үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Н.Дамдинсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,609 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,690 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343.1, 346.1, 353.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбатын Ажлын хөлс 7,103,680 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н.Дамдинсүрэнгийн 2019.07.09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12,658,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана гэж заасныг зөрчин нэхэмжлэгч Д.Мөнхбатын нэхэмжлэлийн гол үндэслэлийг дурдахгүй, товчилж буюу хасаж бичжээ. Тухайлбал магадлалын эхний нүүрт 80 төгрөгөөр ашиглахаар гэж төгсөөд арын нүүр бичвэргүй байх ба 2 дахь хуудасны өгүүлбэр нь үүргээ сайн биелүүлсэн гэж эхэлсэн байгаа нь нэхэмжлэлийн гол үндэслэл хэсгүүдийг хасч ойлгомжгүй байдлаар бичсэн байна.

Магадлалд ... нэхэмжлэгч Д.Мөнхбатыг дээврийн парпетын ажлыг 1 м.кв 12,000 төгрөгөөр, өрлөгийн ажлыг 30,000 төгрөгөөр, тулгуур төмрийг 1 ширхгийг хоногийн 80 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон болохоо нотолж чадаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй өөрөөр хэлбэл тухайн барилгын ажлын хөлсийг тусад нь үнэлж тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй болно гэжээ. Өнөөдөр Монгол улсад зах зээлийн эдийн засаг хөгжөөд олон жил болсон бүх үйл ажиллагаа үнэ төлбөртэй явагддаг. Яагаад Д.Мөнхбат парпет, өрлөгийн ажил зэргийг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх ёстой гэж хэн ч энгийнээр бодсон барилгын ажил хийхэд үнэ төлбөргүй ажил гэж байхгүй. Тэр бүү хэл шавар зуурах, ус зөөх ажлууд хүртэл өөрийн гэсэн үнэ тарифтай байдаг. Нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа суурь, нэг, хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажлууд нэг адил үнэлгээтэй буюу 4,786,480 төгрөгөөр үнэлэгдэж хийгдсэн болох нь тодорхой байгаа, энэ нь 1 дүгээр давхрын ажлыг дууссаны дараа Н.Дамдинсүрэн, Д.Мөнхбат нар тооцоо нийлээд үлдэгдэл хөлсөө 2019.08.28-ны өдөр 6,892,960 төгрөгийг төлсөн нь энэ ажлын үнэлгээг давхар нотолж байгаа юм. Учир нь суурь, нэгдүгээр давхар хоёрын ажил 9,572,960 төгрөг болно. Үүнээс урьд нь Н.Дамдинсүрэн 2,680,000 төгрөгийг өгчихсөн байсан тул хасаад 6,892,960 төгрөгийг өгсөн. Хоёрдугаар давхрын ажил мөн л 4,786,480 төгрөгөөр хийгдэх байсан ба Н.Дамдинсүрэн 2,150,000 төгрөг өгсөн, өөр хүмүүс рүү шилжүүлсэн 540,000 төгрөгийг нэмээд 2,690,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Тэгэхээр 4,786,480 төгрөгөөс 2,690,000 төгрөгийг хасахаар 2,096,480 төгрөгийг 2 дугаар давхрын ажлын хөлсөнд төлөөгүй байгаа юм. Өөр төлбөр төлөгдөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ байдалд үнэлэлт өгч суурь, 1, 2 дугаар давхрын бетон цутгалтын ажлын хөлсийг хүртэл дутуу өгсөн гэдэгт дүгнэлт хийгээгүй.Тэгэхээр 2 давхрын бетон цутгалтын ажлын хөлс дутуу байхад Д.Мөнхбат дахиад үнэ төлбөргүйгээр парпет, гадна ханын өрлөг хийж өгөхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр энэ хоёрын дунд ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаагүй байдлыг хариуцагч ашиглаж бусдын хийсэн ажлын хөлс хөдөлмөрийг үгүйсгэж байгаа нь харамсалтай.

Магадлалд нэхэмжлэгч Д.Мөнхбат тухайн барилгыг барихдаа бусдын болон нийтийн эзэмшлийн газарт оруулан барьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч түүний буруутай үйл ажиллагаанаас эсхүл нэхэмжлэгчийн ажлын туршлага, чадваргүйгээс болсон гэж үзэх боломжгүй, хариуцагч өөрөө ажлын үр дүнг хэзээ хүлээн авсан нь тодорхой бус байна гэжээ. Тэгэхээр Н.Дамдинсүрэн өөрийн эзэмшил газартаа хүүхдийн тоглоомын талбай, саравч зэргийг барих зай гаргахын тулд өөрөө хүсэж, барилга барих газраа өөрөө кадастрын хүмүүсээр хатгуулсан гэдгээ 2 шатны шүүх хурал дээр тайлбарласан. Н.Дамдинсүрэнгийн хатгасан цэгийн дотор барилга барьсан нь Д.Мөнхбатын буруутай үйлдэл биш харин ч бусдын эзэмшил газар гэдэг байдлаар Н.Дамдинсүрэн өөрөө хүсэж зориудаар байшингийн суурийг өөрөө хатгаж тэмдэглэж өгч барилгаа бариулсан нь тодорхой байдаг. Н.Дамдинсүрэнгийн энэ үйлдэл нь өөрийнх нь буруутай үйлдэл, барилга барьж байгаа ямар ч хүн барилгынхаа зургийг хараад, захиалагчийн зааж өгсөн газарт барилгаа барихаас биш газрын албаны мэргэжилтэн шиг энэ газар бусдын газар байна энэ нь нийтийн эзэмшлийн газар байна гэж хараад тогтоох боломж байхгүй. Хариуцагч ажлын үр дүнг суурь, нэг, хоёр дугаар давхрын цутгалтыг дуусгаад, парпет, гадна ханын өрлөгийг өрсний дараа Д.Мөнхбатаас ажлын үр дүнгээ хүлээн авсан. Бусад барилгын өнгөлгөө, засварын ажпаа өөр хүнээр хийлгүүлээд одоо байрандаа амьдарч байгаа.

Магадлалд хариуцагч Н.Дамдинсүрэн барилгын ажлын хөлсийг төлсөн боловч гэжээ. Дээр тайлбарласнаас харахад Н.Дамдинсүрэн ажлын хөлсөө төлж барагдуулаагүй байгаа тул энэ дүгнэлт нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн нэхэмжлэгч амаар байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч ажлаа зохих ёсоор гүйцэтгээд байхад захиалагчийг гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг даалгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байхад хангахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Мөнхбатыг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэсэн мөртлөө ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Н.Дамдинсүрэнг үүргээ биелүүлээгүй гэж үзэж ажлын хөлс төлөхийг даалгах ёстой байсан мөртлөө дүгнэлтийнхээ үндэслэл хэсгээ буруу тайлбарласан гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхдээ аман гэрээ, бичгийн гэрээ хоёрын ялгаатай зүйлийг огт анхаарч үзээгүй, Иргэний хуулийн 343, 344, 346, 348 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал аман гэрээ нь гэрээ байгуулагч талуудын хооронд амаар яригдаж тохиролцсон тохиролцоо байдаг тул дараа нь аман гэрээний нөхцөлийг аль нэг тал нь өөрт ашигтайгаар эргүүлэх, тайлбарлах боломжтой байдаг бол харин бичгээр байгуулсан гэрээ нь 2 хувь үйлдэж гэрээний талуудад очдог тул бичгээр байгуулсан гэрээний нөхцөл өөрчлөгдөх боломжгүй байдаг. Үүнийг хариуцагч Н.Дамдинсүрэн ашиглаж өнөөдөр парпет, ханын өрлөгийг үнэ төлбөргүй хийж өгнө гэсэн гэж тайлбарлаж байгааг 2 шатны шүүх зөв гэж үзэж, дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Ажил хийсэн хүн ажлынхаа хөлсийг л авна гэж нэхэмжлэл гаргасан, түүнээс биш энэ хүнээс хүү, алданги нэмж тооцно илүү мөнгө төгрөг авна гэж нэхэмжлээгүй, аливаа зүйлд үнэнч, шударга хандаж байх хэрэгтэй гэдгийг ойлгох байх гэж найдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч Д.Мөнхбат нь хариуцагч Н.Дамдинсүрэнд холбогдуулан ажлын хөлс 7,103,680 төгрөг (ажлын хөлсний үлдэгдэл 2,636,480 төгрөг, дээврийн парпет, гадна хананы өрлөгийн ажлын хөлс 2,320,000 төгрөг, тулгуур төмрийн түрээс 2,147,200 төгрөг) гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...2019.07.20-ны өдөр... хариуцагчийн материалаар ... хоёр давхар хувийн байшин барьж гүйцэтгэхээр тохирсон. ... суурь цутгах, нэг, хоёрдугаар давхрын ажлын хөлсийг тус бүр 4,786,480 төгрөгөөр тооцсон. ... 2019.08.06-нд шалны цутгалт, 2019.08.25-нд нэгдүгээр давхрын цутгалт, ... 2019.09.07-нд хоёрдугаар давхрын цутгалт, 2019.09.20-ны өдөр парпетны цутгалт хийсэн. ... суурь ба нэгдүгээр давхрын ажлын хөлсөнд 9,572,960 төгрөг, хоёрдугаар давхрын ажлын хөлсөнд 2,150,000 төгрөг тус тус хүлээн авсан. Хоёрдугаар давхрын ажлын хөлсний үлдэгдэл 2,636,480 төгрөг, дээврийн парпетны ажлын хөлс 1,500,000 төгрөг, нэгдүгээр давхрын ханын өрлөг 820,000 төгрөг, 364 ширхэг тулгуур төмөр ашигласны төлбөр 1,747,200 төгрөг, ... 41 тулгуур төмрийг үргэлжлүүлэн ашигласны төлбөр 400,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарласан байна.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... барилгын угсралтын ажил буюу карказ цутгах ажил (энэхүү угсралтын буюу карказын ажилд шат, хаалганы довжоо хийх, парпетны ажлууд тус тус багтах)-ыг 1 м.кв-ыг нь 38,000 төгрөгөөр, 21 хоногт багтаан хийхээр тохирсон. ... ажлын хөлсөнд нийт 13,712,960 төгрөг төлсөн. ... ажлаа хугацаанд хийгээгүй. ... хийсэн ажлууд нь доголдолтой. ... тулгуур төмрөө өөрөө гаргаж ажил хийхээр тохирсон тул тулгуур төмрийн түрээсийн төлбөр үндэслэлгүй. гэж маргасан байна.

 

8. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан барилга барих тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй байгуулсан тул тэдгээрийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, гэрээг үндэслэн түүнд шилжүүлсэн 11,986,200 төгрөг, гэрээт ажлаа дутуу доголдолтой хийснээс учирсан хохиролд 672,000 төгрөг, нийт 12,658,200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрөн, ... ажлын хүрээ хязгаараас харвал 21 хоногт багтаах боломжгүй. ... нэг ба хоёрдугаар давхрыг цутгаж хатааж дууссаны дараа дараагийн давхрыг барина. ... Арматур төмөр байхгүй ажил саатсан, бороо орсон. ... захиалагч тал түрээс зэрэг зардлыг хариуцах ёстой. Иймд хэв хашмал, урт богино дэгээ, булан төмөр, труба түрээсэлсэн төлбөрөө захиалагч өөрөө хариуцна. гэж хариу маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх боловч гүйцэтгэгч нь ажлын үр дүнг доголдолгүй шилжүүлсэн талаар акт үйлдээгүй, шинжээчийн дүгнэлтээр эзэмшил газрын хил хязгаарыг 45 см-аар давуулсан нь тогтоогдсон, парпетны ажлыг м.кв-ыг 12,000 төгрөг, өрлөгийн ажлыг м.кб-ыг 30,000 төгрөг, тулгуур төмрийг нэгж үнэ 80 төгрөгөөр түрээслэхээр буюу тулгуур төмрийг нэхэмжлэгч өөрөө гаргаж хариуцагч үнийг төлөхөөр тохирсон нь тогтоогдоогүй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, ... ажил гүйцэтгэх хугацаа тодорхой биш, материалын хувьд бетон зуурмагийг нэхэмжлэгч өөрөө гаргасан, тулгуур, хэв хашмал, хэв хашмалын түгжээ, урт богино дэгээ, урт богино труба төмрийг хариуцагч гаргахаар тохирсон гэж үзэн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдэл болон хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулсан байна.

 

10. Талууд 2019.07.20-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11 хороололд хоёр давхар хувийн байшин барих, захиалагч тал хөлс төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтын тухайд маргаагүй. Харин хариуцагч буюу захиалагч Н.Дамдинсүрэн нь ажил гүйцэтгэгч Д.Мөнхбаттай дээрх тохиролцоог хийсэн, тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн, зохих хэмжээний ажил хүлээн авсан талаар тайлбарлаж байгаа боловч ажил гүйцэтгэгч нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй гэх агуулгаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн маргасан байна.

 

Түүнчлэн зохигч гэрээний гол нөхцөл болох ажлын цар хүрээ нь суурь, нэг, хоёрдугаар давхрын цутгалт, ханын өрлөг, дээврийн парпет, шат, довжоо, хаалганы ажил болох талаар маргаагүй боловч эдгээр ажлын үнэлгээг нийт дүнгээр, эсхүл ажлын үе шат, хэсэг тус бүрээр тусгайлан тохирсон эсэх асуудлаар маргаантай байна. Захиалагч буюу хариуцагч Н.Дамдинсүрэн ажлын хөлсийг нэг м.кв-ыг нь 38,000 төгрөгөөр тохирсон, нэг м.кв ажил гэдэгт цутгалт, өрлөг, хаалга, довжоо, дээврийн ажлууд бүхэлдээ багтана гэсэн байх бол нэхэмжлэгч ажлын хөлсийг барилга угсралт (1м2 38,000 төгрөг), өрлөг (1 мЗ 30,000 төгрөг), парпет (1м2 12,000 төгрөг) тус бүрээр ялгамжтай тогтоосон гэж маргасан. Улмаар хариуцагч Н.Дамдинсүрэн нэхэмжлэгчид ажлын хөлс 13,712,960 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч Д.Мөнхбат ажлын хөлсөнд 9,572,960 төгрөг хүлээн авсан гэж тус тус тайлбарласан байна.

 

Зохигч барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг гэх мэт түүхий эд, материалыг захиалагчийн зардлаар хийж гүйцэтгэхээр тохирсон талаар маргаагүй боловч ажил гүйцэтгэхэд шаардлагатай тулгуур, хэв хашмал, хэв хашмалын түгжээ, урт богино дэгээ, урт богино труба төмрийг аль тал хариуцан гаргах талаар маргаантай байна. Энэ маргаантай асуудлыг хэрхэн дүгнэхээс хамаарч зохигчийн хооронд түрээсийн харилцаа үүссэн эсэх нь тодорхойлогдохоор байна.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн үндсэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн байх боловч уг гэрээний гол нөхцөлийн тухайд, тодруулбал дээр дурдсан маргаантай асуудлаар мэтгэлцээнийг бүрэн өрнүүлээгүй, үйл баримтыг төлчихсөн байгаа болон хоёр тал бие биеэсээ нэхэмжилж буй ажлын хөлстэй харьцуулан дүгнээгүй, маргааныг зөв чиглүүлээгүйгээс хэрэгт нотлох баримт бүрэн цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд үүссэн барилгын ажил гүйцэтгэх харилцаанд эн тэргүүнд тогтоогдсон байвал зохих ажлын цар хүрээ буюу талбайн хэмжээ, ажлын үр дүн, талуудын үндсэн тохироо буюу түлхүүр гардуулах нөхцөл, эсхүл тодорхой үе шатны ажлын гүйцэтгэл хангагдсан байх нөхцөлийн алин болох, эдгээр нөхцөл байдлаас шалтгаалсан ажлын хөлсний тохиролцоо зэргийг тодорхой тогтоож, хэргийн үйл баримтыг зөв дарааллаар дүгнэн, нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэвэл зохино.

12. Дээр дурдсанчлан, маргаантай харилцааг цэгцтэй, зөв тогтоогоогүй нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар хангалтгүй мэтгэлцэх, холбогдох нотлох баримт дутуу бүрдэх, улмаар шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болоход нөлөөлжээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч Д.Мөнхбатын нэхэмжлэлийн гол үндэслэлийг дурдахгүй, товчилж буюу хасаж бичсэн, мэтгэлцүүлээгүй, хэргийн гол үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй гэх үндсэн агуулга бүхий гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гомдлын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлал, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.