Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

Д.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч

Н.Дд холбогдох иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Дд холбогдох ,

 “Ажлын хөлс 7.103.680 төгрөг гаргуулах тухай” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Д.Маас ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12.658.200 төгрөг гаргуулах” “Д.Мтай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг /онлайнаар/ нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Миний бие Д.М нь хамт ажилладаг барилгын ажилчдын хамт иргэн, албан байгууллагын байр, орон сууцыг шинээр барих, засварлах зэрэг барилгын ажил хийдэг. Би Н.Дтэй 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хүрэнбулаг багийн 11 хороололд 2 давхар хувийн байшинг нь барилга барих талаар улсаас тогтоосон норм норматив, жишиг үнэлгээ дээр үндэслэн барилга угсралтыг 1м2 38.000 төгрөг, өрлөгийн ажлыг 1 м3 30.000 төгрөг, парпетны ажлыг 1м2 12.000 төгрөг, тулгуур төмрийг 1 ширхгийг хоногийн 80 төгрөгөөр ашиглахаар

тус тус амаар тохиролцож, барилгын ажил гүйцэтгэхээр аман хэлцэл, гэрээ байгуулж, барилгыг барьж эхэлсэн юм. Ажил гүйцэтгэх талаар гэрээний загварыг би Н.Дд өгөөд чи энэ гэрээг бөглөөд бичээд аваад ир, хоёулаа гэрээгээ байгуулъя гэхэд Н.Д за яахав ээ ах, гэрээгүй байсан ч болно ш дээ гэж хэлээд гэрээгээ бичгээр байгуулаагүй амаар тохиролцсон юм. Тухайн байшингийн суурь цутгах, 1 дүгээр давхар, 2 дугаар давхрын ажил бол нормын дагуу адилхан үнэлгээтэй байдаг юм. Нэг үгээр хэлбэл суурь цутгах, 1, 2 дугаар давхрууд тус бүрдээ 4.786.480 төгрөгийн ажлын хөлсөөр баригдана гэсэн үг юм. Эдгээр ажлаас гадна дээврийн парпет, 1 давхрын гадна ханын өрлөгийн ажлуудыг нэмж хийсэн эдгээр нь тус тусдаа үнэлгээтэй ба дээр дурдсан 3 ажилд хамаарахгүй ажлууд байгаа юм. Би Н.Дгээс ямар нэгэн байдлаар илүү мөнгө төгрөг нэхээгүй, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт буюу Барилга хот байгуулалтын сайдын тушаалд заасны дагуу жишиг үнийг бага зэрэг буулгаж Н.Дтэй харилцан тохиролцож ажлын хөлсийг тохирсон. Н.Д бид хоёр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар Н.Дгийн өөрийнх нь материалаар гэрээнд заасан барилгын ажил гүйцэтгэх, Н.Д уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр болсон. Эвлэрүүлэн зуучлалд Н.Д 21 хоногийн дотор барилга барьж өгнө гэчхээд 2 сар болсон, би өргөдлийг хүлээн зөвшөөрөхгүй, намайг луйвардсан гэх мэтээр хэлсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ямар ч барилга барихад суурь цутгаснаас хойш заавал 14-21 хоног буюу цутгасан бетоныг бүрэн хатаж дуустал хүлээх ёстой, мөн Н.Д 1 дүгээр давхрын цутгалтын хамгаалалтын хавтанг авч дээд давхартаа ашиглана гэсэн тул 1 дүгээр давхрын бетоныг бүрэн хатаж дуустал хүлээх ёстой, 2 дугаар давхрын бетоныг хатсаны дараа дараагийн ажлыг нь хийх ёстой гэх мэтчилэн хуульд дүрэмд заасан норм нормативыг баримталж барилгыг барина. Түүнээс биш хугацаанаас өмнө амжуулах зорилгоор яарч барилгын ажлыг чанаргүй муу хийвэл ажил гүйцэтгэсэн хувь хүн компани хариуцлага хүлээнэ. Түүнчлэн тухайн үед бороо болон бусад байгалийн үзэгдлийн үед барилгын ажил хийхгүй, зогсоодог зэрэг шалтгаан бол байсан. Би барилга барьсан үеийн ажлын явцыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. 2019 оны 07 дугаар сарын 26-наас 31-ний хооронд барилгын суурь цутгасан, цутгалтын бетоныг Очир төвөөс зуурмагийг 1 удаа авсан. 2019 оны 08 сарын 06-ны өдөр шалны цутгалтыг хийхдээ мөн Очир төвөөс бетон зуурмаг авсан, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1 давхрын цутгалтыг хийсэн мөн Очир төвөөс бетон зуурмаг авсан. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бетон зуурмаг Очир төвөөс авч 2 давхрын цутгалт хийсэн, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бетон зуурмаг Очир төвөөс авч парпетны цутгалтыг тус тус хийсэн. Шаардлагатай тохиолдолд би хүсэлт гаргаж Очир төвөөс авсан бетон зуурмагийн талаар тодорхойлолт авна, Н.Д Очир төвд ажилладаг найз Баасанбат гэх залуутай хуйвалдаж Очир төвөөс бетон зуурмагийг хэмжээг нь багасгаж гаргадаг байсан, энэ нь цаад компанидаа нэлээн их алдагдал дагуулдаг юм. Магадгүй Очир төв ч гэсэн буруутай этгээдүүдээс өөрсдөө хохирлоо нэхэмжлэх байх. Би тохирсон хугацаандаа, чанартай, сайн барилга барьж өгч Н.Дгийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлсэн, Н.Дгийн өмнө өөрийнхөө хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн, гэтэл Н.Д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, надад өгөх ёстой ажлын хөлсөө барилгын ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөөгүй. Тухайн үед Н.Д банкнаас зээл аваад өгнө, хүйтрэхээс өмнө зээл авмаар байна гээд яриад байсан тул би зээлээ авчхаад надад мөнгөө өгөх юм байна гэж бодоод хүлээгээд байсан юм.Би байшингийн суурийн ажил болон 1 дүгээр давхрын ажлыг дуусгасны дараа Н.Дтэй тооцоо нийлж 9.572.960 төгрөгийн ажил хийсэн байсан ба Н.Д надад урьд нь 2.680.000 өгсөн байсан сүүлд Хаан банкны 5217069165 тоот данснаасаа 6.892.960 төгрөгийг шилжүүлсэн нийтдээ 9.572.960 төгрөгийг төлсөн. 2 дугаар давхар 4.786.480 төгрөгийн ажлын хөлсөөр баригдах байсан ба энэ төлбөрөөс Н.Д надад 2.150.000 өгсөн ба одоо үлдэгдэл 2.636.480 төгрөгийг өгөөгүй байгаа юм. Би Н.Дгийн барилга барьж байхдаа Ганбаа /албан ёсны нэрийг нь мэдэхгүй байна/ гэдэг хүнд өөрийнхөө барилгын тулгуурыг ашиглуулж төлбөрөө авч байсан ба Н.Д надад би хаанаас тулгуур хайх вэ та хүмүүст тулгуураа төлбөртэй ашиглуулдаг юм чинь таны тулгуурыг аваад би төлбөрийг нь төлөөд манай барилга дээр ашиглая гэсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 364 ширхэг тулгуурыг өдрийн 29.120 төгрөгөөр 60 хоног авч хэрэглэсэн төлбөрт 1.747.200 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 323 тулгуураа авсан ба үлдэгдэл 41 ширхэг тулгуурыг Н.Дд үлдээсэн байснаа саяхан авсан түүний түрээсийн төлбөр нь 400.000 төгрөгийг нэмээд нийтдээ 2.147.200 төгрөгийг Н.Дгээс гаргуулах ёстой. Би хүмүүст тулгуур төмрөө байнга ашиглуулж төлбөрийг нь цаг тухай бүрт нь авдаг байсан юм. Мөн барилгын дээврийн парпетыг хийхэд ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг, 1 дүгээр давхрын гадна ханын өрлөгт 820.000 төгрөгийн ажлын хөлсийг өгөхөөр тохирсон боловч өгөөгүй нийтдээ 2.320.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Би Н.Дгээс 2 давхрын ажлын хөлсний үлдэгдэл болох 2,636,480 төгрөг дээр тулгуур төмрийн түрээс 2.147.200 төгрөг, мөн дээврийн парпет, гадна ханын өрлөгийн ажлын хөлс болох 2.320.000 төгрөгийг тус тус нэмээд нийтдээ 7.103.680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би хариуцагч Н.Дгээс гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Н.Дгийн бариулсан барилга нь суурьтайгаа 3 давхар барилга гэж тооцогдоно, каркасан барилга тул яаж ч бодсон гэсэн 21 хоногт багтааж барина гэж *******, Д.М нь барилгын инженер мэргэжилтэй хүн болохоор маш сайн мэдэж доод суурь, 1, 2 дугаар давхруудыг заавал цутгаж, цутгасан зуурмаг бүрэн хатсаны дараа дараа дараагийн ажлыг хийдэг барилгын норм норматив байгаа түүний дагуу л ажлаа хийсэн. Мөн 1 дүгээр давхрыг цутгахад арматурын төмөр ******* тул Н.Дгийн буруутай үйлдлээс болж хэдэн хоног саатсан, бороо их орж ажил саатсан зэрэг шалтгаанууд байсан түүнээс биш Д.Мын буруутай үйлдлээс болж ажил саатаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Аливаа хүн өөрийнхөө барилгыг бариулахдаа туслах материал, орцыг өөрийнхөө зардлаар л бий болгож төлдөг, түүнээс биш ажил гүйцэтгэгч ямар нэгэн түрээсийн төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл бол *******, тиймээс хэв хашмал, хэв хашмалын урт богино дэгээ, урт трубо булан төмөр зэргийг түрээсэлсэн төлбөрийг Н.Д өөрөө л төлнө. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Д.М би хариуцагч Н.Дгээс гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би Монгол Улсын барилгын коллежийг иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр 2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр төгссөн тул надад барилгын инженерийн бакалаврын зэргийг олгосон, дипломын дугаар нь D200315632. Би өөрөө Цонхлон хайрхан ХХК-тай, өөрийн гэсэн барилгын ажилчид, багаж хэрэгсэлтэй, барилгын компани, анх Н.Дтэй уулзаж ажил хийх гэрээг байгуулах гэхэд Н.Д за ах яах юм бэ та бид хоёр нэг нэгнээ мэддэг хүмүүс гайгүй биз дээ гээд ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй. Одоо бодоод байхад Н.Д сүүлдээ бусдын ажил хөдөлмөрийг үгүйсгэж, хийсэн ажлыг хийгээгүй болгож хөлс хөдөлмөрийг минь шударга бусаар ашиглах гэсэн санаа зорилгын үүднээс гэрээ байгуулаагүй юм байна гэж дүгнэж байна. Бид хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаад би зохих ёсоор ажлаа гүйцэтгээд ажлын үр дүнг буюу барилгыг хүлээлгэж өгсөн, харин Н.Д энд заасан ёсоор хөдөлмөрийн хөлс төлбөрөө өгөөгүй мөртлөө өнөөдөр яасан гэж амаар байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Бид хоёрын хооронд гэрээ хэлцэл маань хийгдээд өнөөдөр Н.Дгийн амьдарч байгаа барилга нүдэн дээр ил байсаар байхад ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл *******. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байвал хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Би 5 давхар хүртэл барилга барих эрхийн бичиг, зөвшөөрөлтэй албан ёсны инженер хүн, тэгэхээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй, ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулахыг хуульд тусгайлан заагаагүй тул аман хэлбэрээр байгуулж болно. Иймд Н.Дгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Доёджавын Мөнхбатын надад холбогдуулан гаргасан 7,103,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй гардан авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг дараах үндэслэлээр гаргаж байна. Д.Мыг би өмнө таньдаггүй байсан ба Д.М нь өөрийгөө танилцуулахдаа би барилга барих зөвшөөрөлтэй барилгын ажлыг мундаг сайн хийдэг гэж хэлсэн. Миний бие тухайн үед нь түүнд итгээд үнэхээр барилгын мэргэжлийн хүн юм байна гэж бодсон. Түүний нэхэмжлэлд барилга угсралтыг 1 м.кв 38 000 төгрөг, өрлөгийн ажлыг 1 м/3 30 000 төгрөг, парпетны ажпыг 1 м2 12 000 төгрөг, тулгуур төмрийг 1 ширхгийг хоногийн 80 төгрөгөөр тус тус ашиглахаар тохиролцсон гэжээ. Энэ нь үндэслэлгүй худал зүйл юм. Учир нь түүнээс миний бие тулгуур төмрийг түрээсэлж авах талаар огт тохиролцоогүй, өрлөгийн ажлыг мөн 1 м3 30 000 төгрөгөөр хийлгэхээр тохиолцоогүй, парпетны ажлыг 1 м2 12 0000 төгрөг тус тус хийлгэхээр тус тус тохиролцоогүй. Зөвхөн барилгын угсралтын ажил буюу карказ цутгах ажлыг 1 м2 38 000 төгрөгөөр хийхээр тохирч энэхүү угсралтын буюу карказны ажилд түүний ярьж буй парпет, 1 давхраас 2 давхар луу шат, хаалганы довжоо хийх ажлууд тус тус багтахаар тохиролцон. Энэхүү ажлыг хийх хугацааг 21 хоногт багтаан хийнэ гэж тэр хэлсэн бөгөөд би ч, 21 хоногт багтаан хийх хугацааг зөвшөөрч тохиролцсон. Гэтэл ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас би тулгуур төмөр, хэв хашмал /пун/, хэв хашмалын тугжээ /пин/, урт богино дэгээ төмөр, турбанууд түрээсэлж авсан төлбөр нэмэгдэж илүү төлбөр төлсөн. Би түүнээс тулгуур төмөр. түрээсэлж аваагүй өөр газраас хэв хашмал /пун/, хэв хашмалын түгжээ /пин/, урт богино дэгээ төмөр, турбанууд зэргийг түрээслэн авсан тэрээр өөрийнхөө тулгуур төмрийг өөрөө гаргаж тохиролцсон ажлаа хийхээр тохиролцсон юм. Иймээс тулгуур төмрийг надад түрээслүүлсэн талаар мөнгө нэхэмжлэх эрх *******. Түүний цутгасан ажил нь маш их доголдолтой бөгөөд ажлын үр дүнгийн доголдлыг засах талаар шаардлага тавьсан боловч үүргээ огт биелүүлдэггүй. Түүний хийсэн ажлын үр дүнгийн доголдол нь миний өмчлөлийн газар дээр барих ёстой барилгыг бусдын газар луу хэтрүүлэн оруулж барьсан. Энэ асуудлаас болж миний бие бусдад өр төлбөрт орсон. Иймээс би сөрөг нэхэмжлэл гаргаж төлбөрөө нэхнэ. Би түүнд ажлын хөлсөнд 2019 оны 07 дугаар сарын 22-нд 1.000.000 төгрөг, 07 сарын 26-нд 100.000 төгрөг, 08 дугаар сарын 07-нд 1.620.000 төгрөг, 08 сарын 08-нд 200.000 төгрөг, 08 дугаар сарын 12-нд 400.000 төгрөг, 08 дугаар 14-нд 750.000 төгрөг, 08 дугаар сарын 28-нд 6.892.960 төгрөг, 09 дүгээр сарын 09-нд 1.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 13-нд 1.500.000 төгрөг, 09 дүгээр сарын 18-нд 100.000 төгрөг, 09 дүгээр сарын 26-нд 150.000 төгрөг нийт 13.712.960 төгрөг төлсөн. Иймд миний бие түүнд төлөх төлбөргүй харин ч авлага авах ёстой иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож миний авах мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Н.Д нь Д.Мтай 2019 оны 07 дугаар 09-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулан гүйцэтгэх ажлаар Хүрэнбулаг багийн 11 хороололд байрлах 2 давхар хувийн орон сууцыг бариулахаар болж урьдчилгаа 500.000 төгрөгийг тус өдрөө Д.Мын 5120001636 тоот дандсан шилжүүлсэн. Анх бид хоёрын хооронд тус орон сууцны гүйцэтгэх ажлын хугацааг 7 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэлх 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл Д.М нь гүйцэтгэх ажлын хугацааг 81 хоногоор сунгаж 10 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх ёстой ажлаа орхиж явсан. Ийнхүү хийж гүйцэтгэх ёстой хугацаанаас 60 хоногоор хэтрүүлснээс болж надад 11.986.200 төгрөгийн хохирол үүссэн. Дээрх хохирол нь хэв хашмал /Пун/ 60 ширхэг өдрийн 300 төгрөг, 256 ширхэг 330 төгрөгөөр, хэв хашмалын түгжээ /Пэн/ 3.200 ширхэг өдрийн 20 төгрөгөөр, урт дэгээ 240 ширхэг богино 100 ширхэг дэгээг тус тус өдрийн 20 төгрөгөөр, урт турбо 34 ширхэг өдрийн 100 төгрөг, богино турбо 88 ширхэг өдрийн 100 төгрөг, булан төмөр 20 ширхэг өдрийн 500 төгрөг зэрэг материалыг түрээсэлснээс үүдэлтэй хохирол юм. Мөн сүүлд нь 168 ширхэг тулаас төмрийг өдрийн 100 төгрөгөөр Ууганбаяр гэх хүнээс 40 хоногоор авч түрээсэлсэн. Иймд Д.Маас ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа хэтэрснээс үүссэн 11.986.200 төгрөг, сүүлд түрээсэлсэн 168 ширхэг тулаас төмрийн мөнгө 672.000 төгрөг нийт 12.658.200 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би Н.Дтэй 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хүрэн булаг багийн 11 дүгээр хороололд 2 давхар хувийн байшинг нь барилга барих талаар улсаас тогтоосон норм норматив, жишиг үнэлгээ дээр үндэслэн барилга угсралтыг 1 мкв 38.000 төгрөг өрлөгийн ажлыг 1 мкуб 30.000 төгрөг, парпетны ажлыг 1 м кв 12.000 төгрөг.....тохиролцож, барилгын ажил гүйцэтгэхээр аман хэлцэл, гэрээ байгуулж, барилгыг барьж эхэлсэн гэжээ. Бидний хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн нь үнэн. Энэ талаар огт маргаан ******* харин парпетны ажлыг 1 мкв 12.000 төгрөгөөр, өрлөгийн ажлыг 1 мкб-ыг 30.000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь худал юм. Парпетны ажлыг угсралтын ажилтайгаа хамтад нь хийнэ, довжоо, шат, мөн багтана, өрлөгийн ажлыг 1 м.кубыг /19 ширхэг блок тавих/ 18.000 төгрөгөөр тохиролцсон. Анх барилга угсралтын ажил хийлгэх талаар уулзахад өөрийгөө барилгын тусгай зөвшөөрөлтэй гэж танилцуулж байсан ба тэр талаарх баримтыг нь үзье гэхэд баталгаатай юуг нь үздэг юм гэж хэлж байсан. Гэтэл барилга угсралтын ажил эхлэн явагдаж байх үеэс түүний хийсэн ажлын доголдол илэрч эхэлсэн. Тодруулбал арматор төмрийг хазгай хийх, хэмжээ алдаж буруу тайрч миний мөнгөөр авсан материалыг үрэгдүүлэх зэргээр намайг хохироож эхэлсэн. Сүүлд Д.Мын талаар сонсоход хүмүүст өөрийгөө тусгай зөвшөөрөлтэй гэж танилцуулж муу барилга барьж өгч хохироосоор ирсэн юм байна лээ. Миний Б.Мөнхбатаар бариулсан орон сууц нь 2 давхар 243 мкв орон сууц бөгөөд Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан бага төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна. Улмаар уг бага төвөгшилтэй барилга угсралтын ажлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14, 15.14.6 -т зааснаар тусгай зөвшөөрөл авсан этгээд хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл Б.Мөнхбат нь тусгай зөвшөөрөлгүйгээр намайг хуурч миний бага төвөгшилтэй барилгыг барьснаас болж би хохирч байна. Тодруулбал Б.Мөнхбат нь барилга угсралтын ажлыг хийхдээ миний эзэмшлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум Хүрэн булаг баг, 11 дүгээр хороолол А хэсэг 10 тоот хаягт байрлан 270 метр кв газраас гаргаж зүүн бусдын эзэмшлийн газар луу 50 см орчим, газрын доорх сууриараа 1 метр гаран хил давуулж барьсан. Үүнийг би ажлын доголдол гэж ойлгож байна. Учир нь уг барилгын экскиз зураг, ажлын зурагт тус тус газрын хаана нь ямар байрлалаар барих талаар тодорхой тусгасан байгааг харсаар байж мэргэжлийн тусгай зөвшөөрөлгүйн /мэргэжлийн бус хүн/ улмаас ийм алдаа гаргасан. Иймд Д.Мтай амаар хэлбэрээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 353 дугаар зүйлийн 353.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мын үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Н.Дгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.609 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 287.690 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт  “нэхэмжлэгч нь тохирсон хугацаандаа чанартай сайн барилаг барьж өгч, хариуцагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлсэн гэж байгаа боловч нэхэмжлэгч нь ажлын үр дүнг  хүлээлгэж өгөөгүй, Нэхэмжлэгч Д.М нь ажлын үр дүнг хүлээлгэн өгч, одоо Н.Д нь ажлын үр дүн буюу барилгадаа амьдарч байгаа нь тогтоогдож, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.4-д зааcан эрх үүрэг үүссэн. Энэ эрх үүргийн талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан бөгөөд тайлбарлахдаа нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх гэдэг нь ажлын үр дүнг захиалагч ямар нэгэн саадгүйгээр хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлэхийг ойлгодог. Барилга захиалсан этгээд барилгын чанарын талаар ямар нэгэн гомдол гаргалгүй, барьсан байшинд эд хогшлоо нүүлгэн оруулан амьдарч эхэлсэн бол ажлын үр дүнг хүлээн авсанд тооцдог. Н.Д нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсан ба одоо уг барилгыг ашиглаж амьдар байгаа, ямар нэгэн гомдол гаргаагүй, Д.Мтай хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид ажлын хөлс шаардах эрх үүссэн байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “барилгыг бусдын газар луу хэтрүүлэн оруулж барьсан болох нь шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна” гэж үндэслэх хэсэгт дүгнэжээ. Захиалагч, ажил гүйцэтгэгч нарын хэнийх нь буруутай үйлдлээс болж барилга бусдын газар луу орсон болохыг анхан шатны шүүх бодитой дүгнээгүй. Учир нь Н.Д анхан шатны шүүх хуралдаан дээр би өөрөө барилгынхаа гадна талын цэгийг хатгаж энэ цэг дотор барилга барих талаар Д.Мад хэлсэн гэж тайлбарласан. Тэгэхээр захиалагч Н.Дгийн хатгаж өгсөн газар, цэг хатгасан хэмжээнд, түүний захиалгаар барилгыг барьсан, Д.М бусдын газар луу оруулж барьсан гэх доголдлын бурууг хүлээх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т “ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол энэ хуулийн 352.2.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гээж заасан. Н.Д нь газар эзэмшүүлэх гэрээнд  100м2 барилга барих байсан боловч барилгын хэмжээг дур мэдэн хэтрүүлж барьсан, түүнчлэн хашааны баруун талд хүүхдийн тоглоомын талбай гаргаж авах шалтгааны улмаас барилгынхаа 4 цэгийг хашааны зүүн талдаа шахаж өөрөө цэгээ гаргаж хатгасан нь хариуцагчийн бусдын эзэмшил газар луу барилга нэвтэрч баригдаж байгаагаа өөрөө маш сайн мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн  үйлдэл гэж үзэхээр байна. Тус гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.5-д “бусдын газар эзэмших, ашиглахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх” үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч Н.Д нь гэрээ болон  хуульд заасан үүргээ үл биелүүлэн зөрчиж, бусдын газар луу барилгаа нэвтрүүлэн бариулсан нь Н.Д нь барилгаа эрхийн доголдолтой гэдгээ өөрөө маш сайн мэдэж байсныг харуулж байна. Гомдлын шаардлага гаргах эрх доголдлын талаар мэдсэн эхлэн тоологддог. Доголдлын талаар мэдсэн атлаа эг эрхээ хэрэгжүүлээгүй эд хөрөнгийг хүлээн авсан захиалагчийг гомдлын шаардлага гаргах эрхээс татгалзсан гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийхгүйгээр ажил гүйцэтгэгчийг буюу нэхэмжлэгч Д.Мыг энэ доголдолд хүргэсэн буруутай мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатын шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч нь парпетны ажлыг 1м2 12.000 төгрөг, өрлөгийн ажлыг 1м3 30.000 төгрөгөөр тулгуур төмрийг 1 ширхгийг нь хоногийн 80.000 төгрөгөөр ашиглахаар тус тус амаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа ч бичгийн баримтаар нотлогдохгүй байна” гэжээ. Д.М, Н.Д нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн энэ талаар зохигчид маргаагүй, суурь цутгах, 1.2 дугаар давхрын ажлын үнэ хөлс нь тус бүрдээ 4.786.480 төгрөгөөр тооцож хийхээр тохирсон болох нь хариуцагчийн тайлбар, Д.М руу шилжүүлсэн мөнгөний баримтаар тогтоогдож байна. Ажил гүйцэтгэх гэрээний нэг зүйл нь парпетны ажлыг 1 м2 12.000 төгрөг, өрлөгийн ажлыг 1 м3  30.000 төгрөгөөр хийх нөхцөл байсан. Энэ нөхцөлийг 2 тал харилцан тохиролцож гэрээг амаар байгуулсан. Парпет гэдэг нь барилгын дээврийн илүү гарсан хүрээ ба 2 давхрын цутгалтын дараа хийгддэг тусдаа бие даасан ажил. Барилгын парпетны ажлыг үнэ хөлсгүйгээр хийнэ гэж огт *******. Өрлөгийн ажлыг мөн ийм нөхцөлтэйгөөр тохирсон. Гэтэл зөвхөн бичгээр гэрээ байгуулагдаагүй байдлыг хариуцагч ашиглаж өнөөдөр бусдын хий сэн ажлыг үнэгүйдүүлж өөртөө давуу байдал бий болгож байна. Н.Д нь Д.Мын тулгуур төмрийг түрээсэлж байсан газраас нь авхуулж барилга дээрээ түрээсийн төлбөрийг нь төлөөд ашилъя гэсэн хүсэлтийн дагуу Д.М тулгуур төмрөө түрээслүүлсэн. Хэдийгээр энэ 2-ны хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй боловч Н.Д нь тулгуур төмрийн түрээслэх байсан төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Тиймээс Д.М тулгуур төмөр ашиглуулсны түрээсийн төлбөр шаардах эрхтэй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг дээр тайлбарласнаас харахад Н.Д нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох боломжтой тул хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан. Д.М ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнгээ хүлээлгэн өгчихсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д заасан эрхийн доголдлын хувьд хариуцагч Н.Д энэ доголдлын талаар өөрөө маш сайн мэдэж байсан мөртлөө шаардлага гаргаагүй тул шаардах эрхээ хуульд заасны дагуу алдсан. Д.М нь хийсэн ажлынхаа хөлсийг хуульд заасны дагуу шаардах эрхтэй бам Н.Д нь нэгэнт хүлээн авсан ажлын үр дүнд тохирсон ажлын хөлсөө төлөх үүрэгтэй. Харин Д.М нь өөрийн дансанд орж ирээгүйн улмаас мэдээгүй байсан 540.000 төгрөгийг Н.Дгийн гаргаж гаргаж өгсөн баримтын дагуу үндсэн нэхэмжилж буй 7.103.680 төгрөгөөс хасаж 6.553.680 төгрөгийг нэхэмжилж байгаагаа шүүх бүрэлдэхүүнд тайлбарласан. Н.Д 2 дугаар давхрын ажлын хөлсний дутуу 2.626.480 төгрөгөөс 540.000 төгрөгийг хасаад 1.500.000 төгрөг, 1 дүгээр давхрын гадна ханын өрлөгт 820.000 төгрөг, тулгуур төмрийн түрээс 2.147.200 төгрөг нийтдээ 6.553.680 төгрөгийг Д.Мад өгөх ёстой. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Д.М Ажлын хөлс 7.103.680 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Д “Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12.658.200 төгрөг гаргуулах” “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

         Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

        Нэхэмжлэгч Д.М Хүрэнбулаг багийн 11 хороололд 2 давхар хувийн байшин барих, барилгын  суурь цутгах, дээврийн парпет,  өрлөг хийх зэрэг  ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч хөлс төлөх үүрэг хүлээсэн ба  шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

          Нэхэмжлэгч Д.М “...барилга угсралтыг 1м/кв- 38.000 төгрөг, өрлөгийн ажлыг 1 м/куб- 30.000 төгрөг, парпетны ажлыг 1м/кв- 12.000 төгрөг, тулгуур төмрийг 1 ширхэгийг хоногийн 80 төгрөгөөр ашиглахаар тус тус тохиролцож, барилгын ажил гүйцэтгэхээр аман хэлцэл хийж, барилгыг барьж эхэлсэн юм. Тухайн байшингийн суурь цутгах, 1 дүгээр давхар, 2 дугаар давхрын ажил бол нормын дагуу адилхан үнэлгээтэй байдаг юм. Нэг үгээр хэлбэл суурь цутгах, 1, 2 дугаар давхрууд тус бүрдээ 4.786.480 төгрөгийн ажлын хөлсөөр баригдана” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

          Нэхэмжлэгч нь тухайн барилгын суурь цутгах, 1, 2 давхрын барилгын хана  барих, дээврийн парпет, 1 давхрын гадна ханын өрлөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн, хариуцагч Дамдинсүрэн ажлын хөлсөнд тооцож  13.712.960 төгрөг төлсөн болох нь тогтоогджээ.

          Зохигчдын гаргасан тайлбараар үзэхэд талууд барилгын ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээнээс доогуур хөлс буюу барилга угсралтын ажлыг   38.000 төгрөг гэж  харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д заасантай нийцсэн  байна.

Харин шүүх нэхэмжлэгч Д.Мыг дээврийн парпетийн ажлыг 1 м/кв –

12.000 төгрөгөөр, өрлөгийн ажлыг 30.000 төгрөгөөр, тулгуур төмрийг 1 ширхгийг хоногийн 80 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон болохоо нотолж чадаагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй өөрөөр хэлбэл  тухайн  барилгын ажлын хөлсийг тусад нь үнэлж  тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй болно.  

              Сөрөг нэхэмжлэлийн тухайд:  хариуцагч Н.Д “Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12.658.200 төгрөг гаргуулах” “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

           Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар  гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулагдсан.

         Нэхэмжлэгч Д.М тухайн барилгыг барихдаа бусдын болон нийтийн эзэмшлийн газарт оруулан барьсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч түүний буруутай үйл ажиллагаанаас эсхүл нэхэмжлэгчийн  ажлын туршлага, чадваргүйгээс болсон гэж үзэх боломжгүй, хариуцагч өөрөө ажлын үр дүнг хэзээ хүлээн авсан нь тодорхой бус байна.

Түүнчлэн хариуцагч Н.Д нь барилгын ажлын хөлсийг төлсөн боловч тэрээр  нэхэмжлэгч тухайн барилгын ажлыг тохиролцсон хугацаандаа хийж  гүйцэтгээгүй, ажлаа дутуу хийж гүйцэтгэснээс 12.658.200 төгрөгийн хохирол учирсан болохоо нотолж чадаагүй, нэхэмжлэгч амаар байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Дээрх байдлуудаас үзэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нотлох чиг үүргийг зохигчдын хэн хэнд нь хүлээлгэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын гаргасан “...540.000 төгрөгийг Н.Дгийн гаргаж өгсөн баримтын дагуу үндсэн нэхэмжилж буй 7.103.680 төгрөгөөс хасаж 6.553.680 төгрөгийг нэхэмжилж байгаагаа шүүх бүрэлдэхүүнд тайлбарласан. Н.Д 2 дугаар давхрын ажлын хөлсний дутуу 2.626.480 төгрөгөөс 540.000 төгрөгийг хасаад 1.500.000 төгрөг, 1 дүгээр давхрын гадна ханын өрлөгт 820.000 төгрөг, тулгуур төмрийн түрээс 2.147.200 төгрөг нийтдээ 6.553.680 төгрөгийг Д.Мад өгөх ёстой” гэх  давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

        Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн удирдлага хэсэгт бичээгүй атлаа тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхой бичээгүй байх тул шийдвэрийн 1 дэх заалтанд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/01224 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343.1., 346.1., 353.2.-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын “Ажлын хөлс 7.103.680 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Н.Дгийн “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай, “Ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн хохирол 12.658.200 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 119.969 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ