Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03586

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03586

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хоороо, Наадамчдын гудамж 102-43 тоотод оршин суух, Сайнбаярынхан ургийн овогтой Болдбаатарын Цэрэнхишиг /РД:НФ75111009/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 10 дугаар гудамж, 668 тоотод оршин суух, Цагаан азарга ургийн овогтой Энхбатын Бөхбат /РД:УЕ87110515/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7/3-24 тоотод оршин суух, Цагаан азаргат ургийн овогтой Энхбатын Сүхбат /РД:УД90100911/ нарт холбогдох,

 

8,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэнхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, хариуцагч Э.Сүхбат, Э.Бөхбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэрэнхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач С.Энхбатын талаар мэддэг байсан. Намайг өмнө үеэл дүүгийндээ очиход хөрш амьдардаг байсан. Манаач хийдэг байсан. Надад хандаж Манай захирлын хүү Э.Сүхбат байр түрээсэлдэг байрны түрээсийн мөнгө хэрэгтэй байна. Дээрээс нь эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан сар шинийн баяр болох гэж байна. Та 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж надад хандсан. Би 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 02 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг С.Энхбатад зээлсэн. 4,000,000 төгрөгийг зээлсний дараа гэрээ байгуулъя гэхэд ...сар шинийн баяр болж байгаа юм учир баярын дараа больё... гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Дорнод аймагт ажил авсан. Ахад нь мөнгө хэрэг болоод байна. Нэмж 3,000,000 төгрөг зээлээч гэхэд нь хамтран зээлдэгч эсвэл барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед ах нь эхнэр хүүхдээсээ салсан. Бага хүү Э.Сүхбат ээжтэйгээ амьдардаг, том хүү Э.Бөхбат эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдардаг. Ах нь ганцаараа байдаг. Энэ талаар чи мэдэж байгаа биз дээ гэж тайлбарласан. Өөрийн үеэл н.Сарангуагаас ядаж 2 хүүхдийн 1 хамтран зээлдэгчээр орж болохгүй юм уу? гэж асуухад би энд 4 жилийн хугацаанд амьдарч, аж ахуйн хашаанд нь манаач хийгээд хамаг ажлын нугалж өгч байхад Э.Сүхбат гэдэг хүү нь ээжтэйгээ тусдаа амьдардаг, хамтран зээлдэгчээр хүүхдийг нь оролцуулах боломж байхгүй Хишгээ эгчээ эхнэр нь байхгүй, 2 хүүхэд нь хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй. Хавар болж байгаа учир ажил эхэлсэн. С.Энхбат ах бид 2 гагнуур хийж хамаг ажлаа хийдэг. Хэзээ мөнгө төгрөг орж ирдэг талаар би мэдэх учир та зээлчих гэж хэлсэн. Би автомашинаа барьцаанд тавьж 3,000,000 төгрөг зээлэхээр бэлдсэн нь миний дансны хуулгаар нотлогдоно. Талийгаач С.Энхбат 1,300,000 төгрөг дансаар өгөөч гэж хэлсэн. Уулзаад гэрээ байгуулж өгье гэж хэлээд үлдсэн мөнгийг бэлнээр өгч гэрээ байгуулсан. Талийгаач С.Энхбат ах өөрөө амьд байсан бол ийм асуудал үүсэхгүй гэдгийг мэдэж байна. Зээлийн хүүг цаг тухай бүрд нь надад төлж байсан. Би автомашинаа 10 дугаар сар хүртэл барьцаалсан. Танд 2015 оны 10 дугаар сар хүртэл мөнгө зээлж чадахгүй нь 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлье, таны ажил эргэж буцаад асуудал болчих вий гэж санаа зовж гэрээний хугацааг 08 дугаар сарын 24-ний өдрийг дуустал байгуулсан. Гэтэл 06 дугаар сарын 24-ний өдөр манай хүргэн дүүтэй хамт ажил хийж байхдаа тогонд цохиулж бурхан болсон. Мөнгө зээлсэн хүн маань бурхан болчихлоо одоо яана гэхэд манай дүү хашаанд нь компани машин тэрэг, аж ахуйн машин зэрэг байгаа. Би хардаг гэж хэлсэн учир авах юмтай хүнд мөнгөө өгсөн гэж бодож харьцангуй тайван байсан. 07 дугаар сарын 04-ний өдөр талийгаачийн эхнэр н.Үзмээ над руу ярьж бурхан болсон хүний ясыг өндөлзүүлж яах вэ, эгч нь өгнө. Чи намайг хүлээж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед би тэгнэ, манай дүү нар бас цалин хөлсөө аваагүй байгаа. Талийгаачид манай дүү нар 4, 5 жил тусалж, хашаанд нь хамт амьдарч, хамаг ажлын нугалдаг байсан талаар та нар мэдэж байгаа учир санаа зовохгүй байгаа тухайгаа хэлсэн. Түүнээс хойш за, өгнө гэж явсаар 10 ,11 дүгээр сарыг хүргэсэн. Надтай эхний удаа уулзахдаа 200,000 төгрөг өгсөн. 7,000,000 төгрөг зээлсэн талаар мэднэ. Э.Бөхбаттай ярьсан үнэн гэдгийг хүлээн зөвшөөрнө ямар ч байсан зээлийн барагдуулна гэж хэлсэн. Зээлийн хүү тооцох шаардлага байхгүй. Ямар ч байсан авсан мөнгийг нь өгөөрэй. Дүү нь автомашинаа барьцаанд тавьж, зээлсэн гэхэд за ойлголоо гэж байсан. Намар нь Э.Сүхбат гадаад улс руу явсан талаар сонсоод танай хүүхэд гадаад явсан гэж байна. Мөнгөө яасан бэ? гэхэд өгнөө гэж байсан. Удалгүй манай дүү нарыг хашаанаасаа хөөж явуулсан. Би мөнгөө авахын тулд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Э.Сүхбат, Э.Бөхбат, н.Үзмээ нарт холбогдуулж нэхэмжлэл гаргахад, 3 иргэнээс нэхэмжилж байгаа тул оршин суугаа хаяг тус бүрээр тодорхойлно гэж үзээд хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Э.Сүхбат гадаад улс руу явсан тул н.Үзмээ, Э.Бөхбат нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2020 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хаягийг тодруулахаар явсаар өнөөдрийг хүрсэн. Талийгаачийн хашаанд 2, 3 автомашин байсан. Манай дүү талийгаачтай ойрхон ажилладаг байсан тул өв хөрөнгийг хэрхэн авсан талаар лавлагааг гаргуулж ирсэн. Үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааг 3 сараар байгуулсан тул 3 сарын хүү 1,200,000 төгрөг, нийт 8,200,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж буюу Э.Бөхбатаас 4,100,000 төгрөг, Э.Сүхбатаас 4,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Сүхбат, Э.Бөхбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гомдлын шаардлага гаргах хугацааны тухай асуудал байдаг. Давж заалдах гомдол гаргахад шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргана. 15 дах хоногоос эхлээд ямар ч тохиолдолд гомдлыг шүүх хүлээж авдаггүй. Ганц тохиолдол байдаг нь хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт байвал хугацаа сэргээх боломжтой. Үүнтэй адилхан Иргэний хуулийн 536 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гэж ойлгогдож байна. 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана 536.2-д Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч тайлбартаа талийгаачийг нас барсан өдөр нь мэдсэн талаараа хэлж байна. Мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах байсан. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс өвлөгчид хамаарсан нэхэмжлэлийг гаргах ёстой байсан. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд гаргах байсан байх гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаанд энэ талаарх асуудал, тавьж хүсэлтүүд гаргасан. Нэхэмжлэгч аман байдлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүхээс энэ шаардлагыг хангасан эсэх баримтыг Нотариатын танхимаас гаргуулахад, шаардлага гараагүй талаар баримт бичиг ирсэн. Иймд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Цэрэнхишиг нь хариуцагч Э.Бөхбатад холбогдуулан өвлөгчөөс өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэгт 8,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Э.Сүхбатыг татаж, өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 8,200,000 төгрөгт тооцож, өвлөгч авагч нараас тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч Э.Бөхбатаас 4,100,000 төгрөг, хариуцагч Э.Сүхбатаас 4,100,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Э.Бөхбат, Э.Сүхбат нар нэхэмжлэгч Б.Цэрэнхишигийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч Э.Бөхбат өв хүлээн аваагүй тул үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй гэж маргажээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Цэрэнхишиг, С.Энхбат нарын 2015 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 5003905636 тоот данс эзэмшигч Б.Цэрэнхишигийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар Б.Цэрэнхишиг, С.Энхбат нарын хооронд 2015 оны 05 сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээгээр тохирсон мөнгө хүлээн авсан бол зээлдэгч нь зээлдүүлэгчид зээл, зээлийн гэрээгээр тохирсон хүүг төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны 5003905636 тоот данс эзэмшигч Б.Цэрэнхишигийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар С.Энхбат нь Б.Цэрэнхишигт зээлийн гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгийг зээлийн хүү гэж шилжүүлсэн, нэхэмжлэгч бэлнээр 200,000 төгрөгийг авсан гэж тайлбарласан зэргээс дүгнэвэл С.Энхбат нь зээлийн гэрээний дагуу Б.Цэрэнхишигт зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 950,000 төгрөг нийт 7,950,000 төгрөг төлөх үүргийг гүйцэтгээгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Гэвч С.Энхбат 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх бөгөөд 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 10 гудамж, 668а тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, 9,50,000 төгрөгийн үнэлгээтэй, 686 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Э.Сүхбат нь өвлөн авсан болох нь Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 639 дугаар албан бичиг, 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 080, 081 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгөл өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000298747 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 10 гудамж, 668а тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000543463 дугаар гэрчилгээтэй, 686 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 639 дугаар албан бичигт Э.Бөхбат Мандарваат ХХК-д нас барагч С.Энхбатын оруулсан хувийг Э.Бөхбат өв хүлээн авах хүсэлт гаргасныг нотартатч С.Цэнд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилсэн лавлагааг байх боловч өвлөгч эд хөрөнгө хүлээн авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлагаа Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасны дагуу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана. Хэрэв дээрх хугацаанд нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргаагүй бол мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т заасны дагуу дээрх гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан өдрөөс хойш, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ы өдрийн 183/ШЗ2016/01246 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2016/05466 дугаартай, Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01165 дугаар шийдвэр зэргээр нэхэмжлэгч Б.Цэрэнхишиг нь Э.Бөхбат, Э.Сүхбат, н.Үзмээ нарт холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 8,200,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байх тул өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчийн гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535 дугаар зүйлийн 535.2-т заасны дагуу өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх бөгөөд хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас тус тус 4,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр хуульд заасны дагуу хариуцагч хариуцагч Э.Сүхбат 4,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цэрэнхишигт өгөх үүрэг хүлээнэ. Харин хариуцагч Э.Бөхбат өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Э.Сүхбатаас 4,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэнхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Бөхбатад холбогдох 4,100,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 535 дугаар 535.2-т зааснаар хариуцагч Э.Сүхбатаас 4,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэнхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Бөхбатад холбогдох 4,100,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэнхишигээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,150 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Сүхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 82,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР