Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00379

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00379

 

Б.Ц-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03586 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-ийн хариуцагч Э.Б-, Э.С- нарт холбогдуулан гаргасан 8 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би талийгаач С.Э- нь үеэл дүүгийн хөрш амьдардаг байсан. Манаач хийдэг бөгөөд байрны түрээсийн мөнгө хэрэгтэй байна. Дээрээс нь эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан сар шинийн баяр болох гэж байна. Та 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж надад хандсан. Би 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөг, 02 дугаар сарын 17-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг С.Э-ад зээлсэн. 4 000 000 төгрөгийг зээлсний дараа гэрээ байгуулъя гэхэд сар шинийн баяр болж байгаа юм учир баярын дараа больё гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Дорнод аймагт ажил авсан. Ахад нь мөнгө хэрэг болоод байна. Нэмж 3 000 000 төгрөг зээлээч гэхэд нь хамтран зээлдэгч эсвэл барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. С.Э- ах бид 2 гагнуур хийдэг. Хэзээ мөнгө төгрөг орж ирдэг талаар би мэдэх учир та зээлчих гэж хэлсэн. Би автомашинаа барьцаанд тавьж 3 000 000 төгрөг зээлэхээр бэлдсэн нь миний дансны хуулгаар нотлогдоно. Талийгаач С.Э- 1 300 000 төгрөг дансаар өгөөч гэж хэлсэн. Уулзаад гэрээ байгуулж өгье гэж хэлээд үлдсэн мөнгийг бэлнээр өгч гэрээ байгуулсан. Талийгаач С.Э- ах өөрөө амьд байсан бол ийм асуудал үүсэхгүй гэдгийг мэдэж байна. Зээлийн хүүг цаг тухай бүрд нь надад төлж байсан. Би автомашинаа 10 дугаар сар хүртэл барьцаалсан. Танд 2015 оны 10 дугаар сар хүртэл мөнгө зээлж чадахгүй нь 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаатай зээлсэн. Гэтэл 6 дугаар сарын 24-ний өдөр манай хүргэн дүүтэй хамт ажил хийж байхдаа тогонд цохиулж бурхан болсон. 7 дугаар сарын 04-ний өдөр талийгаачийн эхнэр н.Үзмээ над руу ярьж би мөнгийг нь өгнө хүлээж байгаарай гэж хэлсэн. Түүнээс хойш за, өгнө гэж явсаар 10,11 дүгээр сарыг хүргэсэн. Надтай эхний удаа уулзахдаа 200 000 төгрөг өгсөн. 7 000 000 төгрөг зээлсэн талаар мэднэ. Э.Б-тай ярьсан үнэн гэдгийг хүлээн зөвшөөрнө ямар ч байсан зээлийн барагдуулна гэж хэлсэн. Зээлийн хүү тооцох шаардлага байхгүй. Ямар ч байсан авсан мөнгийг нь өгөөрэй. Дүү нь автомашинаа барьцаанд тавьж, зээлсэн гэхэд за ойлголоо гэж байсан. Би мөнгөө авахын тулд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Э.С-, Э.Б-, н.Үзмээ нарт холбогдуулж нэхэмжлэл гаргахад, 3 иргэнээс нэхэмжилж байгаа тул оршин суугаа хаяг тус бүрээр тодорхойлно гэж үзээд хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Э.С- гадаад улс руу явсан тул н.Үзмээ, Э.Б- нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2020 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хаягийг тодруулахаар явсаар өнөөдрийг хүрсэн. Талийгаачийн хашаанд 2, 3 автомашин байсан. Манай дүү талийгаачтай ойрхон ажилладаг байсан тул өв хөрөнгийг хэрхэн авсан талаар лавлагааг гаргуулж ирсэн. Үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн гэрээний хугацааг 3 сараар байгуулсан тул 3 сарын хүү 1 200 000 төгрөг, нийт 8 200 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж буюу Э.Б-аас 4 100 000 төгрөг, Э.С-аас 4 100 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.С-, Э.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 536 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана, 536.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч тайлбартаа талийгаачийг нас барсан өдөр нь мэдсэн талаараа хэлж байна. Мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах байсан. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс өвлөгчид хамаарсан нэхэмжлэлийг гаргах ёстой байсан. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд гаргах байсан байх гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаанд энэ талаарх асуудал, тавьж хүсэлтүүд гаргасан. Нэхэмжлэгч аман байдлаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүхээс энэ шаардлагыг хангасан эсэх баримтыг нотариатын танхимаас гаргуулахад, шаардлага гараагүй талаар баримт бичиг ирсэн. Иймд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 535 дугаар 535.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.С-аас 4 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.Б-ад холбогдох 4 100 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 150 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 82 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар давж заалдах гомдолдоо:

... Хуульд заагдсан үг, үсгийг шууд утгаар нь ойлгож хэрэглэх ёстой. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт талийгаач нас барснаас 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар заасан байх ба мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан ба энэ хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Шүүх арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заажээ. Дээрх хуулийн заалтуудаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт байхгүй атал шүүх ямар ч баримтгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнээд шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамж байхгүй. Хугацаа хэтэрсэн бол шүүх давж заалдах гомдлыг хүлээн авдаггүйтэй адил Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Э.Б-, Э.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б.Ц-, С.Э- нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-гээр 7 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна. /хх33/

 

Нэхэмжлэгч Б.Ц-ийн эзэмшлийн Хаан банкны 5003905636 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар С.Э- нь Б.Ц-т зээлийн гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 250 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 700 000 төгрөгийг зээлийн хүү гэж шилжүүлсэн, нэхэмжлэгч бэлнээр 200 000 төгрөгийг авсан, зээл бүрэн төлөгдөөгүй зэрэг нь тогтоогдсон. /хх 29-32/

 

Зээлдэгч С.Э- 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 10 гудамж, 668а тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, 686 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг түүний хүү Э.С- өвлөн авсан талаарх Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 639 дугаар албан бичиг, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 080, 081 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000298747 дугаар гэрчилгээ хэрэгт авагдсан ба тэрээр эдгээр эд хөрөнгийг өвлөсөн болох нь нотлогдож байна. /хх70-75/

 

Харин талийгаачийн хүү Э.Б- нь М ХХК-д талийгаач С.Э-ын оруулсан хувийг өвлөн авах хүсэлт гаргасныг нотариатч С.Ц- 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилсэн лавлагаа байх боловч өвлөгч эд хөрөнгө хүлээн авсан баримтгүй байна.

 

Өвийг хүлээн авсан өвлөгч Э.С- нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч түүнээс 4 100 000 төгрөг шаардсаныг хангах нь хуулийн уг зохицуулалтад нийцнэ.

 

Харин Э.Б- нь өв хүлээн авсан нь тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт зааснаар 4 100 000 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болно.

 

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэнээс 1 жилийн дотор өвлөгч, эсхүл нотариатч, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гарган хариуг авсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор заажээ.

 

Өвлүүлэгч С.Э- 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, энэ өдөр өв нээгдсэн, үүнээс хойш үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргаагүй боловч мөн зүйлийн 536.2 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Тодруулбал, хуулийн уг зохицуулалт нь сонгох боломжтой, заавал гомдлын шаардлага гаргасан байхыг шаардахгүй.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2016/01246 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2016/05466 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01165 дугаар шийдвэр хэрэгт авагдсанаас үзвэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан буюу 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иймд гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ