Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00210

 

 

 

 

 

 

 

  

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00210 Улаанбаатар хот

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, G and D центр 207 тоот хаягт байрлах, **************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баягол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 104, 46 тоот хаягт байрлах,**************-д холбогдох, 

Түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* /түрээслүүлэгч/ болон Их Соёмбо Алтай ХХК /түрээслэгч/ нар нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 19/06 тоот Хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ-г байгуулсан ба энэхүү гэрээгээр НХҮ -441 маркийн хайгуулын өрөм болон Зил -31 маркийн машиныг 2019 оны 04 сарын 30-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар түрээслүүлсэн юм. Гэрээ байгуулсан өдөр дээрх өрөм болон 3ил-131 машиныг түрээслэгч талд хүлээлгэн өгсөн ба гэрээний хугацаа дууссан боловч түрээсийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй, түрээсийн төлбөрөө ч бүрэн төлөөгүй ашиглаж байгаад 2019 оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хашаанд нь авч ирж тавьсан гэж утасаар мэдэгдсэн юм. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч 2,000.000 төгрөг төлсөн. Гэрээ хийсэн 2019 оны 4 сарын 30-наас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд нийт 20,000,000 төгрөг төлөхөөс 2,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 18,000,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч Их Соёмбо Алтай ХХК-аас ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөгийг гаргуулж, *******-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* болон Их Соёмбо алтай ХХК нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 19/06 тоот Хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр НХҮ-44 маркийн хайгуулын өрөм болон Зил-31 маркийн машиныг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өдрөөс 30 хонгийн хугацаагаар түрээслүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаар талууд түрээсийн машин механизмыг хүлээлгэн өгнө. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч 2,000,000 төгрөг төлсөн. Гэрээнд заасны дагуу 3,000,000 төгрөг төлөөгүй, гэрээ 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа үргэлжлэх ёстой байсан боловч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу 4 сарын түрээсийн төлбөр төлөх үүрэг хариуцсан. Хамгийн сүүлд актаар Зил-31 машиныг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хашаанд нь авч ирээд тавьсан шүү гэж утсаар мэдэгдсэн болохоор түрээсийн хугацааг тасалсан. Энэ 4 сарын хугацаагаар ашигласан тул гэрээнд заасан нэг сарын 5,000,000 төгрөгийг нэмээд түүнээс хойш 3 сарын хугацааг тооцож түрээсийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Талуудын хоорондоо Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй тул шаардлагыг биелүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хайгуулын өрөм түрээслэх гэрээ байгуулсан тал дээр маргах зүйл байхгүй. Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэх эд хөрөнгийг албан ёсоор хүлээж аваагүй. Яагаад гэвэл хоёр компанийн удирдлагууд энэ гэрээ байгуулахаас өмнө энэ чиглэлээр олон жил хамтран ажилласан. Түрээслүүлж байгаа эд хөрөнгийг хариуцагч компанийн захирал н.Бөхбаатар гэдэг хүн өөрөө засаж янзалж явдаг байсан харилцаатай байсан тухайн үед хариуцагч компани гэрээ байгуулсны дараа эд хөрөнгөө аваарай гэсний дагуу авч ирээд үзтэл харамсалтай нь ажил хийхэд техникийн шаардлага хангахгүй байдалд хүрсэн. Гэрээний хугацаа дуусахтай зэрэгцээд хүлээлгэж өгсөн байдаг. Гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан цааш сунгасан зүйл байхгүй. Гэрээгээр тохирсон төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч гэрээний бусад хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгснийг баталж чадахгүй байгаа учраас нэг сарын гэрээний дагуу байгуулсан 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг өгсөн тал дээр нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй, тийм учраас гэрээгээр тохирсон 5,000,000 төгрөгөөс нэг сарын хугацаанд ашигласан 2,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 3,000,0000 төгрөгийг төлнө. Бусад хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл хүлээлгэж өгсөн байхад 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн гэх нотлох баримт байхгүй үндэслэлгүй тайлбар хэлж байна. Бид нар хоорондоо акт баримт үйлдэж чадаагүй. Нэг сарын хугацаанд техникийн шаардлага хангаагүй учраас буцаагаад өгсөн. Бид зориулалтын дагуу гүйцэд ашиглаж чадаагүй, их хэмжээний алдангид орсон учраас үлдсэн төлбөрийг түрээсийн төлбөрөө өгч чадаагүй. Өнөөдрийн нотлох баримтын хэмжээнд нэг сарын гэрээний дагуу 5,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг өгөх боломжтой гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-иас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 19/06 дугаартай Хайгуулын өрөм түрээслэх гэрээ-ний дагуу НХҮ-44t маркийн хайгуулын өрөм, Зил-131 автомашиныг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд түрээслэн ашигласны төлбөрт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч түрээсийн зүйлийг 30 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээний хугацааг сунгаагүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш түрээсийн техник ажиллахгүй болсон. Түрээсийн зүйлийг гэрээгээр тохиролцсон ёсоор буцааж өгсөн учир түрээсийн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг хасч, үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөч байна. Үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-тай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 19/06 дугаартай Хайгуулын өрөм түрээслэх гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр ******* нь НХҮ-44t маркийн хайгуулын өрөм, Зил-131 маркийн автомашиныг*******-д түрээслэн ашиглуулахаар шилжүүлэх,******* нь 30 хоногийн төлбөрт 5,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Талууд гэрээг хүсэл зоригийн дагуу, хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.  

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний 3.1 дэх заалт, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасны дагуу түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Хэрэв гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн зүйлийг буцаан өгөөгүй бол мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг түрээслэгчээс шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь түрээсийн зүйлийг гэрээгээр тохиролцсон хугацаанд ашиглаж, буцаан өгсөн, түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш ажиллахгүй болсон, гэрээг нөхөж байгуулсан гэж тайлбарласан боловч энэ талаарх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримгүй байна.

 

Зохигч гэрээний хугацаанд төлөх 5,000,000 төгрөгийн төлбөрөөс хариуцагч 2,000,000 төгрөг төлөгдөж, 3,000,000 төгрөг төлөгдөөгүй байгаад маргаангүй байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад хариуцагч түрээсийн зүйлийг буцааж өгөөгүй байх тул хэтэрсэн хугацааны төлбөр буюу 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн зүйлийг ашигласны төлбөрт 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч*******-иас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасны дагуу хариуцагч*******-иас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР