Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 26

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Б-эд холбогдох эрүүгийн 1935004350250 дугаартай, 2 хавтас хэргийг шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Ц-ын Б, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ...баг, Тэрэм хадад оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:...

Шүүгдэгч Ц.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшлийн барилга, газрыг “Д-У” ХХК-д зарна гэж итгүүлэн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 30’000’000 төгрөг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-эд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба хэргийг хянан шийдвэрлэх явцад ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй боловч Ц.Бэд оногдуулсан ялын хэмжээг багасгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдсон ба гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг богино хугацаанд хохирогчид төлж барагдуулсан тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг арилсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд 1954 онд төрсөн, 66 настай, өндөр настан бөгөөд анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, одоогийн байдлаар тэтгэврээс өөр орлогогүй, даралт харвасан, бөөрний уйланхайн хавдар зэргээс шалтгаалан байнгын эмчилгээ хийлгэж байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан нэг сая төгрөгийн торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч З.Батсүхийн хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:”Анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Бэд холбогдох эрүүгийн 1935004350250 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо” төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа  тус төрийн бус байгууллагын эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга болон газрыг худалдан борлуулахаар “Дэвшил-Увс” ХХК-ийн захирал Д.О, түүний эхнэр С.Оюунцог нартай тохиролцон, тэднээс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр уг барилга, газрын үнийн урьдчилгаа болгон 30 сая төгрөгийг иргэн Д.Дугармаа гэгчийн Хаан банкны 5804095552 тоот дансанд шилжүүлэн авсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн “Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо” ТББ-ын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тус холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарахаар тус төрийн бус байгууллагын дүрмээр зохицуулсан байх ба Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр уг барилга, газрын үнийн урьдчилгаа болгон 30 сая төгрөгийг авч байх тухайн цаг хугацаанд удирдах зөвлөлөөс холбооны барилга болон газрыг худалдан борлуулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байсан нь хэрэгт авагдсан гэрч Г.Х , Ц.Б, Н.Д нарын мэдүүлгээр нотлогдсон.

Гэтэл шүүгдэгч Ц.Б нь тус төрийн бус байгууллагын захирлын хувьд өөрт нь эрх олгогдоогүй, түүнчлэн эрх бүхий төлөөлөн удирдах зөвлөлөөс холбооны барилга, газрыг захиран зарцуулах шийдвэр гараагүй байхад хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар өөрөөр хэлбэл, Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Увс аймгийн “Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо” ТББ-ын эзэмшлийн барилга, газрыг худалдан борлуулах талаар ТУЗ-ын шийдвэр гарсан мэтээр ойлгуулан бусдын хөрөнгийг хууль бусаар өөртөө авч, бусдад төлөх өр төлбөртөө өгсөн нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “ хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг хангасан байх бөгөөд хэргийн үйл баримт болон гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан “ хохирогч нараас авсан мөнгөөр Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшлийн байрыг засварлахад зарцуулсан” гэх тайлбар нь түүнийг гэм буруугүйд тооцох болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, учир нь тус төрийн бус байгууллагын хөрөнгийг дангаараа буюу ТУЗ-ын шийдвэргүйгээр зарцуулах эрхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, нөгөөтэйгүүр шүүгдэгч нь хохирогч Д.Оаас барилгын урьдчилгаа төлбөрт авсан 30.000.000 /гучин сая/ төгрөгөө Увс аймгийн Завхан сумын харъяат Д.Доржсүрэн гэгчид тэмээний ноосны үнэд өгөх өрөндөө шилжүүлсэн болох нь гэрч Д.Доржсүрэн, Д.Дугармаа нарын мэдүүлгээр тогтоогдсон тул түүний тайлбарыг шүүхээс хүлээн авах боломжгүй.  

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нар давж заалдах шатны шүүхэд “Ц.Б нь 66 настай, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, одоогийн байдлаар тэтгэврээс өөр орлогогүй, даралт харвах болон бөөрний уйланхайн хавдар зэрэг өвчний байдлаас шалтгаалан байнгын эмчилгээ хийлгэж байгаа тул торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хөнгөн ял болох торгуулийн ялыг сонгож, торгуулийн хэмжээг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тогтоосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх ба шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг хөнгөрүүлэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн өмгөөлөгч Б.Болормаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  “торгох ялыг хөнгөрүүлэх боломжгүй бол торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү“ гэх тайлбарын хүлээн авах боломжгүй. Учир нь: шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох үндэслэл буюу шүүгдэгчийн тэтгэвэр болон бусад орлогын хэмжээг  тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх, эсхүл торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхийг хүссэн“ шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АЛТАН

 

ШҮҮГЧИД                                                                 Н.ТУЯА

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ