Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 32

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ц-ын Б-д холбогдох 1935004350250 дугаартай  эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Ц-ын Б, 1954 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Тэрэм хадад оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын  холбооны газрыг Дэвшил-Увс ХХК-д зарна гэж итгүүлэн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 30’000’000 төгрөг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004350250 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн “...2018 оны 8 дугаар сарын эхээр миний нөхөр Д.О надад “Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Ц.Б над руу утсаар ярилаа. Ц.Б надтай утсаар ярихдаа Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны газар барилгыг зарах гэсэн юм. Танай компани уг газар барилгыг худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би та надтай ирээд уулзаач гээд хэлчихлээ” гэж хэлсэн. Тэрний дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Ц.Б манай компани оффис дээр ирж миний нөхөр Д.О бид хоёртой уулзсан. Тэр үед Ц.Б “Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны газар барилгыг зарах гэсэн юм. Танай компани уг газар барилгыг худалдаж авах уу, хэрэв худалдаж авах бол урьдчилгаа болгож 30’000’000 /гучин сая/ төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед би Бээс танайд уг газрыг зарах эрх байгаа юм уу, хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухад Ц.Б Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны тэргүүлэгч гишүүд байдаг. Манай тэргүүлэгч гишүүд нь хуралдаад 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Удирдах зөвлөгөөнөөс Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны Увс аймгийн 7 дугаар багийн нутагт байрлах газар барилгыг зарах шийдвэр гаргасан. Уг шийдвэр дээр одоогийн байдлаар удирдах зөвлөлийн хоёр хүн гарын үсэг зурсан байгаа. Дутуу хүмүүс нь гарын үсэг зурчихна. Газрын хэмжээг шинээр тогтоож, кадастрын зураг хийлгэх гэж байгаа. Шинээр газрын хэмжээ тогтоож кадастрын зураг хийлгэхээр газрын хэмжээ томорно. Газар барилгыг нийлүүлээд 200’000’000 /хоёр зуун сая/ төгрөгөөр худалдан гэж хэлсэн. Би Бээс яг аль газар бэ, ямар талбайтай газар бэ гэж асуухад Ц.Б Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны газар уг газарт барилгын ар талын талбайн газар болно, урд талын талбайн газар бүхэлд хамаарна гэж хэлсэн. Тухайн үед би Ц.Б-ийн зарах гэж байгаа газрыг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын зүүн тал, Увс нуур төвийн баруун талын газрыг зарах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн үед Ц.Б зарах газрынхаа нийт талбайн хэмжээг хэлж байсан боловч, одоо би санахгүй байна. Миний нөхөр Д.О бид хоёр Ц.Б-ийн санал болгосон газар барилгыг худалдаж авъя гэж шийдээд Ц.Б-ийн хүссэн урьдчилгаа 30’000’000 /гучин сая/ төгрөгийг бэлнээр өгөх болсон. Тухайн үед Ц.Б нь “танай компани надад урьдчилгаа болгож 30’000’000 төгрөгөө Д.Д гэдэг хүний Хаан банкны 5804095552 дугаарын данс руу шилжүүлж өгөөч” гэж хэлсэн. ...Улмаар би өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5800588788 дугаарын данснаас, Хаан банкны 5804095552 дугаарын данс руу 30’000’000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/,

2. Гэрч Г.Х-ын “...Би Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн ажилтай. Би энэ ажлыг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж байна. ...Манай Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо нь 2012 онд холбооны дүрмээ баталсан байдаг. Уг дүрэмд Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг холбооны удирдах зөвлөлд олгосон. Тийм болохоор Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эд хөрөнгийг удирдах зөвлөлөөс захиран зарцуулах эрхтэй.   Тэрнээс өмнө Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах талаар Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөл болон бага хурлаас ямар нэгэн шийдвэр, тогтоол гарч байгаагүй. Харин өмнөх онуудад /2012-2018 оны хооронд/ Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Ц.Б болон удирдах зөвлөлийн гишүүдээс Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах талаар санал гардаг байсан боловч уг саналыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

3. Гэрч  Ц.Б-гийн “...Би Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн ажилтай. Би энэ ажлыг 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж байна. ...2019 оны 07 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ манай Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөл хуралдсан. Уг хуралд холбооны тэргүүн Ц.Б, удирдах зөвлөлийн гишүүн Д, Х болон миний бие оролцсон. ...Удирдах зөвлөлийн хурлаар Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах талаар хэлэлцсэн. Уг газар, барилгын зарах санаачилгыг холбооны тэргүүн Ц.Б дарга гаргаж, удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Уг асуудлыг хэлэлцээд хуралд оролцсон 4 гишүүний 100 хувийн саналаар холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах тогтоол гаргасан. Тэрнээс өмнө Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах талаар Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөл болон бага хурлаас ямар нэгэн шийдвэр, тогтоол гарч байгаагүй. Би өмнө нь уг газар, барилгыг зарах талаар ямар нэгэн зүйл сонсож байгаагүй. Намайг Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаанд буюу 2008 оноос 2018 оныг дуустал Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах талаар холбооны удирдах зөвлөлийн шийдвэр гарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,

4. Гэрч  Н.Д-гийн “...Би Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн ажилтай. Би энэ ажлыг 2017 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хийж байна. ...Намайг Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 6 дугаар сараас 2018 оны дуустал Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны эзэмшил, өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах талаар холбооны удирдах зөвлөлөөс шийдвэр гарч байгаагүй. Зөвхөн 2019 оны 07 дугаар сард болсон удирдах зөвлөлийн хурлаар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах газар, барилгыг зарах шийдвэр гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

5. Гэрч Д.Д-гийн “...2018 оны 4 дүгээр сарын үед Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Ц.Б надтай уулзаад “би энэ жил Эрдэнэт хотын ноосны үйлдвэрт тэмээний ноос нийлүүлэхээр гэрээ хийсэн. Та энэ жил цуглуулсан ноосоо Эрдэнэт хотын ноосны үйлдвэрт нийлүүлээрэй. Би таньд мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. ...Би нийт 8,5 тонн гаруй тэмээний ноос цуглуулаад 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цуглуулсан ноосоо ачааны автомашинд ачуулаад Эрдэнэт хотын ноосны үйлдвэр лүү явуулсан. Миний цуглуулсан ноос 100 гаруй сая төгрөгийн үнэтэй ноос болсон. Намайг ноос цуглуулж байх хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ...дарга Ц.Б нь надад ноос цуглуулах мөнгө өгч байсан. ...Би Ц.Б-ийн өгсөн мөнгөн дээр хувиасаа 30 сая төгрөг гаргаж тэмээний ноос цуглуулж аваад Эрдэнэт хотын ноосны үйлдвэр лүү явуулсан. Би ноосоо Эрдэнэт хотын ноосны үйлдвэрт тушаасныхаа дараа Увс аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга Ц.Б-ээс өөрийн зүгээс гаргасан 30 сая төгрөгийг нэхэмжилсэн. Ц.Б нь миний хувиасаа гаргасан 30 сая төгрөгийг өгөлгүй 2 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд би энэ хугацаанд 30 сая төгрөгөө Ц.Б-ээс нэхэмжилж байсан. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б нь миний нэхэмжилж байсан 30 сая төгрөгийг миний эхнэр Д.Д-гийн дансаар шилжүүлсэн байсан. Тухайн үед Ц.Б нь уг 30 сая төгрөгийг хаанаас, хэнээс авсан юу гэж хэлсэн авсан талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/,

6. Гэрч Д.Д-гийн “...Миний нөхөр Д.Д нь нийт цуглуулсан ноосоо Ц.Б-тэй хийсэн тохиролцооныхоо дагуу Эрдэнэт хотын ноосны үйлдвэрт нийлүүлсэн. Ноосоо нийлүүлснийхээ дараа хувийн зүгээс гаргасан 30 сая төгрөгийг Ц.Бээс нэхэмжилсэн. Улмаар Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Д.Д бид хоёрын хувиасаа гаргаж ноос худалдаж авсан мөнгө болох 30 сая төгрөгийг Хаан банкны 5804095552 дугаарын дансаар шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 дугаар хуудас/,

7. Гэрч Ц.О-ын “...Би Дэвшил Увс ХХК-ийн захирал ажилтай. ...Тухайн үед Б нь “манай удирдах зөвлөлийн гишүүд хуралдаад Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны Увс аймгийн 7 дугаар багийн нутагт байрлах газар, барилгыг зарах шийдвэр гаргасан” гэж хэлээд нэг бичиг үзүүлж байсан. Тэр бичиг дээр бичигдсэн зүйлийг одоо би тодорхой санахгүй байна. Ямар ч байсан газар зарах тухай утгатай бичиг байсан санагдаж байна. Бичиг дээр 2 хүний гарын үсэг зурж, хоршоологчдын холбооны тэмдэг дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн139-140 дүгээр хуудас/,

8. Гэрч Д.Д-гийн Хаан банкны 5804095552 депозит дансны хуулга /хх-ийн 103 дугаар хуудас/,

9. Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны бага хурлын “...Бага хурлаас гаргасан шийдвэр: 1. Хамтын ажиллагааг сайжруулах, цаашид ажил зохион талаар тогтоол гаргав. 2. ХААҮХ 8-р их хуралд 8 төлөөлөгч сонгов. 3. Татварыг 180-240 төгрөгөөр батлав” гэх тэмдэглэл /хх-ийн 90-93 дугаар хуудас/,

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-оос гаргаж өгсөн “Аймгийн ХАА-н Хоршоологчдын холбооны засварт зарцуулсан 30.0 сая төгрөгийг Дэвшил-Увс ХХК-иас урьдчилгаагаар авч Д-гийн дансанд хийв. Холбооны барилга, газрыг зарж борлуулах, солих шийдвэр 2018.05.28-ны өдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас гарсан юм. Газрын хэмжээг шинээр тогтоож кадастрын зураглал хийлгэж Дэвшил-Увс ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцов. Холбооны тэргүүн Ц.Б. 2018.08.07. Утас:99728954” гэх тодорхойлолт /хх-ийн150 дугаар хуудас/,

11. Криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 19/96 дугаартай “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-оос гаргаж өгсөн “2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б-ийн бичиж өгсөн тодорхойлолт” гэх баримт дээр бичигдсэн бичгийн хэв нь иргэн Ц.Б-ээс харьцуулах шинжилгээнд зориулж авсан 5 хуудас хэв загваруудын бичгийн хэвтэй тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн165-171 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын  холбооны эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тус төрийн бус байгууллагын дүрмийн 29 дүгээр зүйлийн м-д зааснаар удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарч байна.

Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны удирдах зөвлөл нь 2018 онд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах тус холбооны барилга, газрыг зарах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болох нь гэрч Г.Х, Ц.Б, Н.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Бэд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Хөдөө аж ахуйн хоршоологчдын  холбооны барилга, газрыг зарах эрх олгогдоогүй, энэ талаар удирдах зөвлөлөөс шийдвэр гараагүй байна.

Гэтэл шүүгдэгч Ц.Б нь Дэвшил Увс ХХК-ийн захирал Ц.О, түүний эхнэр С.Оюунцог нарт тус барилга, газрыг зарах шийдвэр гарсан, өөрт нь эрх олгосон гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 30’000’000 төгрөгийг иргэн Д.Д-гийн Хаан банкны 5804095552 тоот дансанд шилжүүлэн авсан байна. Тодруулбал шүүгдэгч Ц.Б нь Дэвшил Увс ХХК-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Д.Д, Д.Д нарт 30’000’000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Ц.Б-ийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах тус холбооны барилга, газрыг зарна гэж Дэвшил Увс ХХК-иас 30’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ц.Бийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Дэвшил Увс ХХК-нд 30’000’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар үлэмж хэмжээний хохирол учирсан байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн “...Ц.Б нь манай “Дэвшил Увс” ХХК-д учирсан 30’000’000 /гучин сая/ төгрөгийн хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Ц.Б нь 26 сая төгрөгийг дансаар шилжүүлж, 4 сая төгрөгийг бэлэн мөнгөөр хүлээлгэн өгсөн. Одоо манай компанид нөхөн төлөгдөөгүй ямар нэгэн хохирол байхгүй...” /хх-ийн 126 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Н.Б /хх-ийн 144-145 дугаар хуудас/, Х.О /хх-ийн 146 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 202 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1’000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА