Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01248

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01248

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01578 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 85,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК- ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1578 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 85,050,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 382,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 878,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 85,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тогтоох хэсэгтээ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа зөрчиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүүд 85,050,000 төгрөг, нийт 130,050,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.08.24-ний өдрийн 1578 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ ... 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 85,050,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулсан. Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг магадлалын тогтоох хэсэгт огт тусгаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

4.2. ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, шүүхээс зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж тус тус

 
  Text Box: ( к

дүгнэсэн бөгөөд гагцхүү зээлдэгч нь ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж дүгнэсэн атал зээлийн шаардах эрхийн хугацаа дууссан үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр барьцааны зүйлийг хэрхэх талаар огт шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаартай тогтоолын 2 дахь хэсгийн 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарласнаас үзэхэд гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч нь үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хүү төлөх үүрэгтэй тул энэхүү хуулийн тайлбараар зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг үндэслэн уг гэрээний дагуу авсан 45,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атал уг гэрээний хугацаанд хамаарах зээлийн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зээлийн гэрээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу гэж үзэж байна. Зээлдэгч ******* нь гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь тогтоогдоогүй, шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод байвал зээлдэгч нар нь үндэслэлгүй хөрөнгөжөөд, зээлдүүлэгч нь дампуураад дуусах нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл тус бүрт хийсэн дүгнэлтүүд нь зөв атлаа үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаж буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан 2017.09.05-ны өдрийн ЗГ2017/114 тоот Зээлийн гэрээ-ний дагуу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,050,000 төгрөг гаргуулж, БГ2017/114 тоот Барьцааны гэрээ-ний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар дурдаж түүний хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарласан ба хариуцагч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлын хууль зүй үндэслэлийг тайлбарлан нотолж, мэтгэлцсэн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг тодруулж, зөв тогтоож хэргийг шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлээс хальж нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд дурдаагүй, маргаагүй хууль зүйн үндэслэл буюу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуульчлан тогтоосон нь иргэний эрх зүйн харилцааны тогтвортой, тодорхой байх шинж чанарт нөлөөлөхөөс гадна гэрээний сахилга батыг бэхжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тавих талуудын өөрсдийн хяналтыг сайжруулах ач холбогдолтой талаар тайлбарласан байдаг ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2 дахь хэсэгт Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийн талаар дүгнээд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаагүй хэрнээ хууль буруу хэрэглэж байгаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2022/01306 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... 2017.09.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, ...үндсэн төлбөрт 45,000,000 төгрөг, 54 сарын хүүгийн төлбөрт 85,050,000 төгрөг шаардана. ... барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулна гэж тайлбарлаж байх бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 2017.09.05-ны өдөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. ... зээлийн гэрээний зөрчил гаргасан байхад нэг ч удаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, ... хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн боловч эрхээ хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ... 2021.09.05-нд гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш зургаан сарын дараа шүүхэд хандсан гэж дүгнэн зээлийн ба барьцааны гэрээний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч гэрээний үндсэн төлбөрийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэстэй тул иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 45,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх шаардлага болох 85,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх барьцааны шаардлагын талаар тухайлсан дүгнэлт хийгээгүй, магадлалын тогтоох хэсэгт энэ талаар дурдаагүй.

 

10. Талууд 2017.09.05-ны өдөр ЗГ2017/114 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, тус гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, Москвагийн гудамж, 21 байр 128 тоотод байрлах 66.41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 2017.09.05-ны өдөр БГ2017/114 дугаартай барьцааны гэрээг байгуулсан, тус хэрэг маргааныг анхан шатны шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацаанд зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй тухайд тус тус маргаагүй байна.

 

11. Хоёр шатны шүүх дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ болохыг зөв тодорхойлсон байна.

 

12. Хариуцагч тал нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар өгөх үеэс эхлэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хөөн хэлэлцэх хугацаатай холбон тайлбарлажээ. Тодруулбал, зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ сунгагдаж байгаагүй, гэрээний үүрэг зөрчигдсөнийг зээлдүүлэгч мэдэж байсан боловч хариуцагч *******ас зээлийн төлбөрийг шаардаж байгаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа 2018.09.05-ны өдрөөс эхлэн тоологдож 2021.09.05-ны өдөр дууссан гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудал байх ба хоёр шатны шүүхэд мэтгэлцээн энэ хүрээнд өрнөжээ.

 

13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд хариуцагчийн тайлбарлаж буй дээрх зарчмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдлын талаар, эсхүл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт заасанчлан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Тус хэрэг маргааны хувьд нэхэмжлэгч энэ талаар аливаа баримт хэрэгт бүрдүүлээгүй байх ба тэрээр хөөн хэлэлцэх хугацааны үндэслэлээр татгалзсан хариуцагчийн тайлбартай танилцсан үеэс эхлэн энэ талаар баримт бүрдүүлж мэтгэлцэх боломжтой байжээ.

 

14. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний тухайд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүх нэгэнт зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол тухайн гэрээнээс үүссэн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх зарчмын хүрээнд үргэлжлүүлэн шаардах агуулгаар хуулийг тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан ... үүрэг хожим дуусгавар болсон гэх ойлголтод гэрээний үүрэг хөөн хэлэлцэх хугацааны үндсэн дээр дуусгавар болохыг хамааруулан ойлгох үндэслэлгүй. Гэрээний шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжих шаардлагаас тухайлан ялгасан нь гэрээний харилцаанд сайн дураар чөлөөтэй оролцож, төрөл, агуулга, хариуцлагыг талууд өөрсдөө тогтоох гэрээний чөлөөт байдлын зарчимтай холбоотой. Иймд эдгээр шаардах эрхийн хооронд хооронд ялгаа үгүй мэт тайлбарлах нь хувийн эрх зүйн тодорхой институтэд хөөн хэлэлцэх тусгай хугацаа тогтоох хуулийн зохицуулалтын ач холбогдлыг бүдгэрүүлж, ойлгомжтой хэм хэмжээнд хоёрдмол утга үүсгэх, хууль тодорхой байх зарчмыг алдагдуулах нөхцөл бүрдэнэ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүйн харилцааны тогтвортой, тодорхой байх шинж чанарт нөлөөлөхөөс гадна гэрээний сахилга батыг бэхжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тавих талуудын өөрсдийн хяналтыг сайжруулах ач холбогдлыг анхаараагүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна.

 

15. Нэхэмжлэгч зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд холбогдох хоёр шаардлага гаргасан байх ба анхан шатны шүүх хоёр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний шаардлагад холбогдох хууль зүйн дүгнэлтийг өгч шийдвэрлэсэн байх боловч хоёр дахь шаардлага болох барьцааны гэрээний асуудлыг шийдвэрлэлгүй орхижээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдол үндэслэлтэй.

Зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор үндсэн үүрэгтэй салшгүй шинж бүхий барьцааны шаардлагыг дуусгавар болгох үндэслэл болно. Иймд энэ үндэслэлээр барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

16. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын давж заалдах шатны шүүхээс ... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг магадлалын тогтоох хэсэгт огт тусгаагүй гэх агуулга бүхий гомдол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн гаргасан давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01578 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.09.30-ны өдөр төлсөн 583,200 төгрөг, хариуцагч А.Цэрэнлхагвын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.10.03-ны өдөр төлсөн 382,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.