Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00184

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00184

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******,*******,астай, УЕ77071568 регистртэй, Онгол овогт Дүгэрээгийн Отгон,

79,600,000 /далан есөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандал, Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Отгон 2014 онд цайны газар нээж ажиллуулах мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлдүүлээч гэх саналыг надад тавьсныг би зөвшөөрч, төрсөн дүүдээ итгэн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, тус өдөр бэлнээр 25,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дансаар 25,000,000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр хоолны газар ажиллуулах гэсэн юм, тохижилт түрээсийн мөнгө хэрэгтэй байна гэхэд нь мөн зөвшөөрч, хамтдаа Бээжин хот руу явж тус хоолны газрын тохижилтын зүйлсийг худалдан авч, түрээс, тохижилтод нийт 55,000,000 төгрөг өөрийн зүгээс дүүдээ өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар банкны орон сууцны зээлийн 8 хувийн лизингт оруулж өгье, нийт 66,47 м.кв талбайтай 2 өрөө орон сууц м.кв-ыг нь 1,880,000 төгрөгөөр тооцоод 124,982,400 төгрөгийн 30 хувийн урьдчилгаа өгөөч гэсний дагуу түүнд 37,500,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр өгсөн. Улмаар зээлсэн мөнгөө буцаан төлөх хугацаа болоход төлөхгүй, холбоо барих нь багассаар 2015 оны сүүлээр надад хэлэхгүйгээр Япон улс руу ажиллаж амьдрахаар хэл сураггүй явсан.

2017 онд эргэн ирсэн тухай мэдээд очиж уулзахад зээлийн хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлээсээ хасуулаад, оронд нь 66,48 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хувь лизингээр надад авч өгөхөөр болж 10,000,000 төгрөг төлөөд, 24 сарын турш 2,500,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг оны эцэст өгнө гэснийг нь би зөвшөөрсөн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би Д.Отгоны санал болгосны дагуу н.Өрнөхбаяртай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Д.Отгон ярьснаараа байрны урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг төлж, цаашид сар бүр 2,500,000 төгрөг төлөх тухай баталгааг худалдагч н.Өрнөхбаярт гаргаж өгснийг нь хүлээн зөвшөөрч, уг байранд манай хүүгийнх гэр бүлээрээ орж өөрсдийн зардлаар тохижуулан засвар хийсэн. Гэвч Д.Отгон нь сар бүр 2,500,000 төгрөгийг миний өмнөөс төлөх үүргээ зөрчиж, 1,000,000 төгрөгийг төлдөг байсан тул н.Өрнөхбаяр нь дутуу төлбөрийг надаас нэхдэг байсан. Байранд ороод удаагүй байхад тус орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байсан учраас бидэнд банкны зүгээс биднийг байрыг чөлөөлөхийг шаардсан мэдэгдлийг удаа дараа ирүүлж шаардсан ба 2020 оны 1 дүгээр сард тус байрнаас бидний гагргасан ба, миний өмнөөс төлсөн 21,000,000 төгрөгийг банк надад буцаан олгосон. Учир нь уг байр 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавигдсан байсныг мэдэлгүй миний бие худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байсан.

Д.Алтантуяа, Д.Отгон нарын хооронд хэд хэдэн удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч тэдгээр гэрээний үүргүүдийг 2017 онд нэгтгэн дүгнэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу өмнөх үүргийг өөр үүргээр сольсон. Тодруулбал: Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх шинэ үүрэг талуудын хооронд бий болсон. Зээлийн гэрээнүүдийг дүгнэж, эдгээр гэрээнүүдийн дагуу Д.Отгоноос Д.Алтантуяад буцаан шилжүүлж өгөх үлдэгдэл 142,500,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг талуудын хооронд үүсэж, уг мөнгийг хэрхэн яаж буцааж төлөх нь талуудын хоорондын тохиролцооны асуудал болно. Талууд харилцан тохиролцож, нийт үлдэгдэл төлбөрт тооцон 124,982,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариуцагч Д.Отгон нь нэхэмжлэгч Д.Алтантуяад шилжүүлж өгөх буюу тухайн орон сууцны төлбөрийг худалдагч тал болох гуравдагч этгээдэд төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Тус орон сууц нэхэмжлэгчид шилжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс талуудын гэрээгээ дүгнэснээр тооцсон үлдэгдэл 142,500,000 төгрөгөөс Д.Отгоны нэхэмжлэгчид төлсөн 62,900,000 төгрөгийг хасан тооцож, үлдэгдэл 79,600,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Тухайн орон сууц одоо Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд шилжсэнээр орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах боломжгүй болсон учир мөнгөн төлбөрөөр тооцож, үлдэгдэл 79,600,000 төгрөгийг өөрийн хөрөнгийг хэмнэх зорилгоор хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 55,000,000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зориулсан мөнгө гэж тайлбарласан нь Д.Отгоны өөрийн бичгээр гаргасан өргөдөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хамтын үйл ажиллагаа биш байсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яг энэ асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Алтантуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ нар нь Д.Отгонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ тухай баримтаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 125 тоот захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гаргасан байдаг. Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан үр дагаврыг бий болгодог тул нэхэмжлэгч Д.Алтантуяа нь нэг асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй гэж ойлгож байна. Д.Отгон нь 2014 оны 3 дугаар сард өөрийн төрсөн эгч Д.Алтантуяа, төрсөн эгч Д.Отгонсүрэн нарын хамтаар Амирлахуй нэрт хийдийн 3 дугаар давхрыг түрээслэн авч, зоогийн газрын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, гурван талаасаа хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч тэдний эхлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа тооцоолж, төсөөлж байсны дагуу явагдаж чадаагүй бөгөөд улмаар алдагдалд орж, бизнесийн үйл ажиллагаа нь зогссон байдаг. Уг үйл ажиллагаанд ганц Д.Алтантуяа хөрөнгө оруулсан биш бөгөөд Д.Отгонсүрэн, Д.Отгон нар мөн адил хэмжээгээр хөрөнгө оруулж, алдагдалтай үйл ажиллагаа явуулсны улмаас дээрх гурван хүн бүгд анх оруулсан хөрөнгөөрөө алдагдал хүлээсэн. Д.Алтантуяа нь Д.Отгонд ямар нэгэн байдлаар мөнгө зээлүүлээгүй бөгөөд түүнд өгсөн гээд байгаа мөнгө нь хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө байсан юм.

Хариуцагч Д.Отгонд зээлдүүлсэн гэх 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь дүү Д.Отгонсүрэнд зээлдүүлж, түүний өмчлөлийн Вива сити хотхон дахь орон сууцыг барьцаалж, хожим нь үүрэг дуусгавар болсныг өөрсдөө хэлцэл хийсэн учир уг мөнгийг Д.Отгонд зээлдүүлсэн гэдэг нь худал болж байна. Харин 55,000,000 төгрөгийн хувьд Д.Алтантуяа, Д.Отгон, Д.Отгонсүрэн нар хамтарч хоолны газар ажиллуулах зорилгоор оруулсан хөрөнгө бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу тэд хариуцлагаа бүгд ижил хэмжээгээр хүлээх ёстой. 2015 оны 37,500,000 төгрөгийг Д.Отгон байрны урьдчилгаанд тооцож авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас 62,900,000 төгрөг хүлээн авсан гэдгийг өөрөө тайлбарладаг ба энэ төлбөрт тухайн 37,500,000 төгрөг орж, буцаан төлсөн байгаа. 2017 онд үүрэг өөрчлөгдсөнөөр өмнөх үүргийг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа ч тухайн орон сууцыг хэзээ, ямар байдлаар шилжүүлэхээр тохирсон байдал нь тодорхой бус байна. Сэжигтнээр байцаалт өгөхдөө сандарсандаа би төлөх ёстой гэж мэдүүлэг өгсөн, гэхдээ сэжигтний мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй. Д.Отгоны цагдаа прокурорт өгсөн мэдүүлгүүд тогтворгүй, нэг байдлаар давтагдсан зүйл байхгүй, байнга давтагдаж байгаа зүйл нь 55,000,000 төгрөг Амирлахуй гэх ресторан хөрөнгө оруулалтаар орсон, Д.Алтантуяа эгч өөрөө орж ирсэн гэх зүйлийг байнга мэдүүлдэг. Тэрийгээ сайхан сэтгэлийн үүднээс буцааж өгье гэж бодсоны үндсэн дээр цагдаад буцааж өгнө гэх мэдүүлгийг өгч байсан. Тэр нь уг хэрэгт хамаарал бүхий нотлох баримт биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Д.Отгонд холбогдуулан 79,600,000 /далан есөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...талуудын хооронд хэд хэдэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан ба 2017 онд өмнөх гэрээний үүргүүдийг нэгтгэн дүгнэж өмнөх үүргийг үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээр сольж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон, ...хариуцагч Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлж, нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Д.Алтантуяа 2019 оны 12 дугаар сард шилжүүлэхээр тохирсон орон сууцнаас албадуулан гарсан учир уг үүрэг биелэгдэх боломжгүй болсноор Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөр 79,900,000 төгрөгийг Д.Отгоноос шаардсан, мөн шүүхээс өмнө нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн иргэний хэрэгтэй уг маргаан хамааралгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.. гэж нэхэмжлэгч тал тайлбарласан.

Харин уг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: ...нэхэмжлэгч 79,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргаж, уг шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой..., Зээлдүүлсэн гэх 50,000,000 төгрөгийг Д.Отгонд бус Д.Отгонсүрэнд зээлийн гэрээ байгуулан зээлдүүлж, уг үүрэг дуусгавар болсон, ...55,000,000 төгрөгийг хамтарч зоогийн газар ажиллуулахад оруулсан хураамж учир төлөх үндэслэлгүй, ...37,500,000 төгрөгийг авсан болохыг зөвшөөрөх ба буцааж төлсөн, ...Эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй.. хэмээн тайлбарлаж хариуцагч тал маргаж байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчлагдсан.

Д.Алтантуяа нь Д.Отгонд холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа: ...2017 онд хийсэн хоорондын тохиролцоогоор Д.Отгон нь Д.Алтантуяад орон сууцны урьдчилгаа 10,000,000 төгрөг өгөх, сар бүр гэрээнд заагдсан графикийн дагуу төлөлт хийж, уг орон сууцыг Д.Алтантуяагийн нэр дээр шилжсэнээр хоорондын төлбөр тооцооны асуудал дуусах байсан. Гэвч Д.Отгон нь 10,000,000 төгрөг төлөөд, графикийн дагуу төлөхгүй, сард 1,000,000 төгрөг төлж, 16,500,000 төгрөгийн дутуу төлөлттэй... цаашид зээлүүлсэн мөнгөө авч, байрны төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай болсон... хэмээн тайлбарлаж, 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 93,214,925 төгрөг шаардсан байна. /хх-33,34/

Улмаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/00125 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-28/

Нэхэмжлэгч Д.Алтантуяа 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх үйл баримтыг мөн дурдаж, төлбөрт тооцохоор тохирсон орон сууц нь бусдын буюу Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлд шилжсэнээр орон сууц чөлөөлөхийг мэдэгдэн, 2020 оны 1 дүгээр сард уг байрнаас гарсан, Д.Отгоны төлсөн 21,000,000 төгрөгийг Д.Алтантуяа авсан, 2017 онд хийгдсэн тохиролцооны дагуу төлбөрт тооцсон орон сууцнаас албадан гарснаар эд хөрөнгө шилжүүлэхийг Д.Отгоноос шаардах боломжгүй болсон учир үлдэгдэл 79,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч ...тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хуульчилсан.

Агуулгын хувьд хоёр нэхэмжлэл талуудын хооронд үүссэн хэд хэдэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой мэт боловч Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар баталсан Д.Алтантуяагийн гаргасан нэхэмжлэлээс өөр, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дээрх иргэний хэрэгт Д.Алтантуяа нь Д.Отгоноос зээлийн гэрээний үүрэг шаардсан бол, 2020 онд дахин гаргасан энэхүү нэхэмжлэлээр талуудын хооронд 2017 онд зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэн дүгнэж хийсэн тохиролцооны дагуу эзэмшиж байсан орон сууцыг өмчлөх эрхгүй болж, чөлөөлснөөр уг үүрэг биелэгдэх боломжгүй болж, орон сууцны төлбөр төлөх үүргээс үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн учир Д.Отгоноос үлдэгдэл төлбөр 79,600,000 төгрөгийг шаардсан байна.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Зохигчид 2014 оны 3 дугаар сараас эхэлсэн гурван удаагийн зээлийн гэрээний харилцаагаа 2017 онд нэгтгэн дүгнэж, эдгээр зээлийн гэрээнүүдийн дагуу төлөгдөөгүй үлдсэн 142,500,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэгт тооцон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД-73 дугаар байрны 67 тоот дахь 2 өрөө орон сууцыг Д.Алтантуяагийн өмчлөлд шилжүүлэх, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ 112,068,000 төгрөгийг хариуцагч Д.Отгоноос орон сууцны худалдагч тал болох О.Өнөрбаярт урьдчилгаа 10,000,000 төгрөг төлж, 24 сарын турш сар бүр 2,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсоноор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсгүүдэд зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж, өмнөх үүргийг өөр үүргээр солихоор талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Ийнхүү талууд өмнөх үүргийг солихоор тохиролцон аман хэлбэрээр хэлцэл хийсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №НРТ17А000 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч Д.Отгоны 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Юу би ич ХХК-д хандан гаргасан өргөдөл, 2017 оны 10 дугаар сараас хойш уг худалдах, худалдан авах гэрээний графикийн дагуу Д.Отгоноос худалдагч талд нийт 21,000,000 төгрөгийн төлбөр төлсөн талаарх зохигчдын гаргасан тайлбар, Д.Отгоны Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх-7, 36, 44, 135, 136/

Д.Алтантуяа нь орон сууцыг худалдагч О.Өрнөхбаяртай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, орон сууцыг шилжүүлэн авахаар тохирч, уг гэрээний дагуу төлбөр 112,068,000 төгрөгийг худалдагч тал О.Өрнөхбаярт төлөх үүргийг Д.Отгон хүлээсэн ба, энэ үүргээс 21,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

Гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд эзэмшилдээ байлгасан боловч, хариуцагч Д.Отгон төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас уг үл хөдлөх эд хөрөнгө Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шилжиж, тус банкнаас орон сууц чөлөөлөхийг удаа дараа шаардсаны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөн, орон сууцны төлбөрт төлөгдсөн байсан 21,000,000 төгрөгийг тэдэнд буцаан олгожээ. /хх 11-15/

Нэхэмжлэгч Д.Алтантуяа хариуцагч Д.Отгоныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, харилцан тохиролцсон хэлцлийн дагуу дээрх орон сууцыг шилжүүлэн авах боломжгүй болсон учир Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөр 79,600,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгийг нөхөн төлбөрт авах зүйл хамаарах ба энэ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс өөрийн эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд тухайн эд хөрөнгийг биетээр буцаан шаардаж авахаас гадна эд хөрөнгөөс олсон орлого, үр шимийг шаардах эрхийг зохицуулсан байна.

Гэтэл тухайн орон сууцыг хариуцагч Д.Отгон нэхэмжлэгч Д.Алтантуяад биетээр шилжүүлэн өгөөгүй, мөн уг орон сууцыг өөрөө бусдаас шилжүүлж аваагүй, Д.Алтантуяагийн О.Өнөрбаяртай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг худалдагч талд төлөх үүрэг хүлээсэн учир энэ нь буцаан шаардах шаардлагад хамаарахгүй.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй заасны дагуу хариуцагч Д.Отгоноос төлөгдөөгүй үлдсэн 79,600,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгоноос 79,600,000 /далан есөн сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтантуяад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 555,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 555,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтантуяад олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА